BIGBANG хамтлаг тун удахгүй эргэн ирнэ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-12-03

Ази төдийгүй дэлхий дахинд нэр хүндтэй, олон сая фэнтэй BIGBANG хамтлаг 2006 онд үүсгэн байгуулагдсан билээ.

Өмнөд Солонгосын “үндэсний хамтлаг” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн уг хамтлагийн амжилт,  уран бүтээлийн талаар хүн бүр мэдэх биз ээ. Тухайлбал, BIGBANG  хамтлаг 2016 оны “Time 100” санал асуулгад тэргүүлж, “Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий уран бүтээлч” жагсаалтын нэгдүгээр байрын эзэд болсон юм. Харин 2017 оноос тус хамтлаг завсарлага  авсан бөгөөд тус хамтлагийн гишүүд цэргийн албанд морджээ.

Хамтлагийн уран бүтээл завсарласан тул BIGBANG-ийн хамгийн залуу гишүүн Сынри (Seungri)  бие даасан уран бүтээлдээ анхаарал хандуулсан юм. Тэрээр “Youth Arena 2018”-д оролцох үеэрээ 2019 онд цэрэгт явна гэдгээ мэдэгдсэн ба BIGBANG-ийн цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгчээ.

Сынри: “Би ирэх  онд цэрэгт явна. Харин хамтлагийн бусад гишүүд 2019 онд цэргээс халагдана.  Мэдээж, тэд фэнүүддээ шинэ уран бүтээлтэй эргэн ирэхээр яарч байгаа. Тэднийг урлагийн тайзан дээр эргэн ирэх гэж байгаад баяртай байгаа ч надгүйгээр үйл ажиллагаа үргэлжилнэ гэж бодохоор бага зэрэг аймшигтай л санагдаж байна.” гэжээ.

Мөн YG энтэртайментийн захирал Ян Хён Сог (Yang Hyun Suk): “10 гаруй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулна гэдэг бол хамтлагуудын хувьд амар зүйл биш.  Гэхдээ BIGBANG энэ хугацаанд дэлхийн өнцөг булан бүрд танигдсан хамтлаг болж чадсан гэж бодож байна. Би BIGBANG-ийг илүү урт удаан хугацаанд фэнүүдтэйгээ хамт байж, уран бүтээлчийн карьераа битгий зогсоогоосой гэж боддог” хэмээсэн байна. Мөн тэрээр: “BIGBANG-ийн гишүүд цэргээс халагдаад тийм ч удаан завсарлага авахгүй ээ. Хамтлагийн үйл ажиллагааг аль болох хурдан эхлүүлэх болно” гэж мэдэгдлээ.

BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P 2019 оны зургадугаар сарын 27-нд  цэргээс халагдах бол G Dragon 11-р сард,  Тэяан (Taeyang), Дэсон (Daesung) нар 12-р сард тус тус халагдах юм.

#Kpop