ЗАХИДАЛ: Энэ бүхнийг давж гарахад найзад минь туслаач


ССҮТөв | YOLO.MN
2018-11-17

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Энэ бүхнийг давж гарахад найзад минь туслаач  

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Т гэдэг.

Миний хамгийн дотны найз өнгөрсөн жил ЕБС-ээ төгсөөд, энэ хичээлийн жилээс оюутан болсон юм. Улаанбаатарт амьдарч байгаагүй болохоор анх удаа гэрээсээ хол, ганцаараа биеэ авч явах шаардлагатай тулгарч буй нь энэ. Улаанбаатар хотод ойрын хамаатан садан цөөхөн, түшиж тулах, сэтгэлээ нээгээд ярилцах хүнгүй байгаа найзын маань хувьд сэтгэл зүйчийн зөвлөгөө тус болох болов уу хэмээн найдаж энэхүү захидлыг бичлээ.

Найз маань энд ирээд оюутны байранд орсон боловч дээрэлхүү, халгаатай зан авиртай хүмүүстэй нэг өрөөнд хуваарилагдаж таарчээ. Бүтэн нэг хичээлийн жилийг өнгөрүүлэх гэр нь болох учиртай оюутны байр сэтгэл санааны хувьд ийнхүү хүндхэн дарамт болж, түүний зэрэгцээ хичээлийн их ачааллыг давж гарахын тулд нойр хоолоо хасаж хичээсээр хоёр сар гаран хугацаа өнгөрлөө. Улмаар гэрээ, ээж болон дүү нараа санах, бүхий л зүйл төвөгтэй, яршигтай санагдах гэх мэт асуудлуудтай найз маань тулгарч байна. 

Миний хувьд найздаа чин сэтгэлээсээ туслах, чадлаараа дэм болох хүсэлтэй байвч, юу хийх, хэрхэн зөвлөхөө мэдэхгүй байгаа учраас та бүхэнд ийнхүү хандахаар шийдлээ. Найзад маань юу гэж зөвлөх, сэтгэлийн дэм авч, урам зоригтой эхний хичээлийн жилээ давж гарахад нь юу хэрэгтэй вэ? Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Шийдлүүдэд төвлөрөх хэрэгтэй

Сайн уу Т? Найзынхаа төлөө сэтгэл гарган бидэнд хандаж байгаа чамд баярлалаа. Найзын чинь нөхцөл байдлыг сайн ойлголоо. Гэрээсээ хол, ээж дүү нараасаа хол, ганцаараа, дээрэлхүү өрөөний хүүхдүүд, их хичээл гээд нэрлэвэл их асуудал байна. Бидний хувьд энэ бүх асуудлыг найзын чинь төлөө шийдээд, амьдралыг төгс болгож өгч чадахгүй. Гэхдээ бид энэ асуудлуудыг нь ойлгож, хэрхэн даван туулах тал дээр чиглүүлэх зөвлөгөө өгч чадна.

Амьдралд өөрчлөлт гарахад хүмүүс үргэлж таагүй хүлээж авдаг. Учир нь хүн нэгэнт дадсан хэв маяг, хүрээлэлдээ дассан байдаг, мөн шинэ хэв маягтай болоход их хүч зарцуулагддаг учраас. Энэ үед найзынхаа сэтгэл санааг өргөх гэж хүчлэхээс илүү энэ бүх өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхийг зөвлөх хэрэгтэй. Хажууд нь түшиж тулах хүн байна, би ганцаараа биш, найз минь намайг ойлгож байна гэсэн мэдрэмжийг авах нь найзад чинь хангалттай том урам зориг эрч хүч болно.

Мөн хүнд хэцүү байгаа асуудлуудад л ач холбогдол өгөхөөс илүүтэй өөрийн ирсэн зорилго, ирээдүйгээ бодон урам зориг авч, одоо үүсээд буй асуудлаа хэрхэн даван туулах шийдлүүдэд төвлөрөх хэрэгтэй.

Цаг зөв хуваарилалт: Цагийг нь тулгаж, эсвэл хэт хичээн нойр хоолоо хасч хичээл хийх биш, нойроо хоолоо зохицуулан хичээлээ хийх. Нойр муутай, авах ёстой шим тэжээлээ хоолноосоо авч чадахгүй бол хүн бие махбодын хувьд ядрахаас гадна сэтгэл санаа мөн тогтворгүй болдог.

Одоодоо амьдрах: “Ээж, дүү нартайгаа гэртээ байхад гоё байж дээ”, “өнгөрсөн жил өдийд тэгж байж билээ”, “хурдан харих юмсан”, “найзуудаа санаж байна” гэх мэтээр өнгөрсөн рүүгээ аялах нь хүнийг одоогийн нөхцөл байдалдаа бүрэн дүүрэн хүчээ дайчилж, сэтгэл хангалуун амьдрах боломжгүй болгож байдаг. Үүний оронд яг одоо энд өрнөж байгаа амьдралдаа, ангийнхандаа, шинэ найзууддаа анхаарч, эрүүл байж, зорилгоо бодож хичээлээ сайн хийж, өөрийгөө дайчилж хүчтэй байх хэрэгтэй.

Мэргэжлийн зөвлөгөө: Үнэхээр сэтгэл санаа тавгүй, бүх зүйл яршигтай санагдаж, яах учраа олохгүй, амьдралаас залхах бодлууд толгойд бодогдож эхэлбэл мэргэжлийн сэтгэл судлаачтай нүүр тулсан зөвлөгөөнд орохыг зөвлөж байна. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter