NBA-ИЙН 30 БАГИЙН ЧАНСАА #4 Уарриорсын задрал эхлэв үү?


YOLO.mn | YOLO.MN
2018-11-15

NBA-ийн шинэ улирал эхлээд нэг сарыг ардаа орхилоо. Жимми Батлерийн солилцоо хийгдэж, Дорнод Бүсийн өрсөлдөөнийг тунчиг сонирхолтой болгов. Чансааны хувьд Даллас, Филаделфиа хоёр таван байр ахисан бол Голдэн Стэйт тэргүүлэгч байр сууриа алдсан долоо хоног болж өнгөрлөө. Бүр ч сонирхолтой нь Дрэймонд Грийн, Кевин Дюрант хоёрын маргаан Аваргуудын задралын эхлэл болсон эсэх дээр дэлхий нийт хэлэлцэж байна. Ингээд шинэ чансаатай танилцана уу:

30. Кливлэнд Кавалиерс (1-11) --- (0)

L vs OKC
L @ CHI

NBA-д тоглож чадах уу гэсэн асуултад рүүки холбогч Секстон амжилттай хариулж, сүүлийн хоёр тоглолтод 17.5 оноо дунджилав. Дамжуулалт өгсөн тоо бага хэдий ч оноо авах тал дээр асуудал алга. Тристан Томпсон сүүлийн гурван тоглолтод 17 оноо, 13 самбар дунджилсаныг дурдах ёстой. Гэхдээ ганц хожилтой Кавалиерс чансааны баян ходоод хэвээр.

Энэ долоо хоногт: vs CHA, @ WAS, @ DET

29. Финикс Санс (2-11) --- (0)

L vs BKN
L vs BOS
L @ NOP
L @ OKC

Кавс байгаагүй бол Финикс баян ходоодод бичигдэхээр муу байна. Бостоны эсрэг хийсэн тоглолтын 4-р үед 14 онооны илүүтэй явсан ч бариулж хожигдов. Гэснээс жил хагасын өмнө драфтын 4 дэх сонголт болсон Жош Жексон бүр л муудсаар. Дундаж минут нь долоогоор буурахаас гадна энэ залуугийн шидэлт унахаасаа өнгөрлөө. Бөмбөг алдалтын хувиар лигт муугаасаа 2-т бичигдэж байна. Ирж буй долоо хоногт хожил авах нь юу л бол.

Энэ долоо хоногт: vs SAS, vs OKC, @ PHI

28. Атланта Хокс  (3-10) --- (0)

L @ CHA
L vs NYK
L vs DET
L @ LAL

Тоглолтын агуулгын хувьд Атланта үзүүштэй байгаа. Трэй Янгийн шидэлтэд эргэлзэх хэрэггүй болсон. Гэхдээ эсрэг баг нь Хоксын эсрэг нэг тоглолтод дунджаар 14 удаа гурваас унагаж байгаа нь хамгаалалт ямар сул байгааг хангалттай илэрхийлнэ. Жон Коллинс бэртлээсээ эргэж ирвэл будагтай талбайн манаачтай болж, бага зэрэг ч гэсэн хамгаалалтыг сайжруулах байх гэж найдъя.

Энэ долоо хоногт: @ GSW, @ DEN, @ IND, vs LAC

27. Нью Йорк Никс (4-10) --- (-1)

W @ ATL
L @ TOR
L vs ORL

Эммануэл Мудией бэртлээс эргэж ирсэнээс хойш Ниликинагийн минут багаслаа. Залуучуудаа хөгжүүлэх зорилготой багийн хувьд тийм ч сайн мэдээ биш байх. Кристапс Порзингис, дасгалжуулагч Дэвид Физдэйл хоёрын дунд бэртэл, эмчилгээтэй нь холбоотой үл ойлголцол үүссэнийг эс тооцвол нам гүм долоо хоног байв.

Энэ долоо хоногт: @ OKC, @ NOP, @ ORL

26. Чикаго Буллс (4-10) --- (-1)

L @ NOP
W vs CLE
L vs DAL

Зак ЛаВины 4 жилийн $78 саяын гэрээ хямдханд тооцогдоод эхэллээ шүү. Оноо авалтаар 4-р байранд бичигдэж байгаа ЛаВин Чикаго Буллсын нүүр царай ганц сарын дотор болж чадав. Зайон Уиллиамсонтой хамт тоглохыг нь харах миний мөрөөдөл боллоо. Жабари Паркер сайн хамгаалж Кавсыг хожив. Гарааны холбогчийн ажлыг Райн Арчидиаконод өгсөн долоо хоног байлаа. Крис Данн, Лаури Маркканен хоёр талбайд гарсан хойно Бухнуудын жинхэнэ потенциал зухуйна шүү дээ.

Энэ долоо хоногт: @ BOS, @ MIL, vs TOR

25. Орландо Мэжик (6-8) --- (-1)

L vs DET
W vs WAS
W @ NYK
L @ WAS

Энэ багийн ирээдүй нь Никола Вучевич яавч биш. Гэвч талбай дээрх тоглолтыг нь харвал тэр мөн гэлтэй. Нэг тоглолтод 17.8 оноо, 10.4 самбар дунджилж, энэ амжилтаараа багаа тэргүүлж байна. Аарон Гордоны хувьд муугүй байгаа ч дараалсан тоглолтуудад тогтмол сайн тоглож чадахгүй байгаа нь эргэлзээ төрүүлсэн хэвээр. Уэс Ивунду гэдэг залуу гараанд гарч, холын зайн шидэлтийг дажгүй сайн хувьтай унагаж байгаа онцлоё.

Энэ долоо хоногт: vs PHI, vs LAL, vs NYK

24. Брүүклин Нэтс (6-8) --- (-1)

W @ PHX
W @ DEN
L @ GSW
L @ MIN

Карис ЛеВөртийн аймшигт бэртэл азаар хөл нь үеэрээ мултарсан, мэс ажилбарт орох шаардлагагүй, энэ улиралд эргэж ирэх боломжтой гэдэг оноштой гарав. Спэнсэр Динуидди, Д’Анжело Рассэлл хоёр тоглолтыг хамтдаа дуусгах шаардлагатай болж байх шиг. Гэхдээ энэ багийн гол нууц хөзөр нь Жоу Харрис байгааг саяхан л анзаарлаа. Мань эр талбай дээрх ашигтай үзүүлэлтээр багаа тэргүүлж байгаагаас гадна лигийг холын зайн шидэлтийн хувиар (57.8%) бас тэргүүлж явна. Хурдан эдгээрэй Карис минь!

Энэ долоо хоногт:  vs MIA, @ WAS, vs LAC

23. Майами Хит (5-8) --- (-2)

W vs SAS
L vs IND
L vs WAS
L vs PHI

Спөрсийг Уайтсайдын гайхалтай тоглолтын (29 оноо, 20 самбар, 9 блок) ачаар хожиж долоо хоногийг сайн эхлүүлсэн ч гурав дарааллаад хожигдлоо. Гол асуудал нь бөмбөг алдалт. Горан Драгичийн бэртэлтэй холбож ч болох. Гэхдээ өнгөрсөн жилийн Майами лав энэ баг биш. Жеймс Жонсон бэртлээс эргэж ирээд үр нөлөөгөө мэлрүүлж, улирлыг эргүүлэхэд нь туслахыг хүлээх үлдэж дээ.

Энэ долоо хоногт: @ BKN, @ IND, vs LAL

22. Даллас Маверикс (5-8) --- (+5)

W vs WAS
L @ UTA
W vs OKC
W @ CHI

Арван есөн настай Лука Дончич энэ багийн лидер нь аль хэдийн болжээ. Дэннис Смиттэй хосолж чадахгүй байгаа ч Лукагийн гарт бөмбөг байгаа тохиолдолд Мавс хожих магадлал илүү өндөр. Өрөө цайруулахаар ирсэн ДеАндрэ Жордан лигийн шилдэг хамгаалагчдын нэг байхаа больсон нь таагүй хэрэг. Өрнөдийн гурван чанга учраа тэднийг хүлээж байна. Юу болохыг харъя.

Энэ долоо хоногт: vs UTA, vs GSW, @ MEM

21. Вашингтон Уизардс (4-9) --- (+1)

L @ DAL
L @ ORL
W @ MIA
W vs ORL

ЛаВины гэрээ хямд санагдаж эхэлсэн бол Отто Портерийн 4 жилийн $106 саяын гэрээ ахадсан гэдэг нь харагдаад эхэллээ. Энэ багт нэг шилжилт хөдөлгөөн хэрэгтэй. Мело Хьюстоноос хасагдвал авч болох цуу яриа ч гараад амжсан. Скотт Брүүкс Дэнвэрт байхдаа Мелог дасгалжуулж байсан холбоо сүлжээ бий. Гэхдээ улирлаа эргүүлэх алхам нь Кармело биш гэдэг нь тодорхой. Бийлийг үнэ хүргэж зарах уу эсвэл?

Энэ долоо хоногт: vs CLE, vs BKN, vs POR

20. Сакрамэнто Кингс (8-6) --- (-1)

L vs TOR
W vs MIN
L vs LAL
W vs SAS

Кингсийг муу баг биш гэдгийг ойлгуулах гэж би Ялалттай энэ баг дээр алалцсан. Вулвс, Спөрс хоёрыг талбай дээрээ хожсон тоглолт бататгана. Харин залуу багийн туршлага дутмаг байдал Торонто, Лэйкерс хоёр дээр илэрсэн. Тэдний эсрэг амралтгүй тоглосон гэдгийг ч онцлох хэрэгтэй. Де’Аарон Фокс холын зайнаас 40 гаруй хувтай довтолж байгаа бол Уилли Коли-Штайн будагтай талбайд авдаг оноогоор шилдэг 10 дотор бичигдэж байна. Богданович ч эргээд ирлээ. Ирээдүй нь тодорхойлогдсон. Муу баг бол биш ээ.

Энэ долоо хоногт: @ MEM, @ HOU, vs OKC

19. Миннесота Тимбервулвс (5-7) --- (-3)

L @ LAL
L @ SAC
W vs BKN

Жимми Батлерийн солилцооноос хоёр баг хоёулаа л хожсон байх. Гэхдээ хэн нь илүү хожсон бэ гэвэл яах аргагүй Миннесота. Шарич, Ковингтон хоёр энэ багийг плейофф руу чирж чадахыг цаг хугацаа харуулна. Гэхдээ асуудлаа шийднээ гэдэг том амжилт. Дараагийн 11 тоглолтыг 9-ийг нь тэд талбай дээрээ хийнэ. Дэррик Рөүз SG-ийн байрлалд гараанд гараад тэр чигтээ үлдчээсэй. Сайн явааг нь харахаар л өөрийн эрхгүй огшоод байх юм.

Энэ долоо хоногт: vs NOP, vs POR, vs MEM

18. Мэмфис Гриззлис (7-5) --- (+2)

W vs DEN
W vs PHI
L vs UTA

Дэнвэр, Филли хоёрыг талбайдаа хожсон тоглолтуудыг үзсэн бол хуучны яхир Мэмфис эргээд иржээ л гэж бодогдохоор байна. Эмбийд, Йокич хоёрыг хамгаалалтаасаа гаргаж чадаагүй Гасол формоо олж эхэлсэн бол Майк Конли Бүх Од болчих юм шиг л сайн байна. Гаррэт Тэмпл, Шелвин Мак гэсэн хямд гэрээтэй ахмад тоглогчдын үр нөлөө дэндүү их байна. Плейоффын байрлалд яваад л байх шинжтэй шүү.

Энэ долоо хоногт: @ MIL, vs SAC, @ MIN, vs DAL

17. Шарлотт Хорнэтс (7-6) --- (+1)

W vs ATL
L @ PHI
W @ DET

Филли, Бостонтой хийх хоёр тоглолтоос их дүгнэлт бид хийж болно. Гэвч өнөө өглөө Кавсд хожигдсоныг нь харахаар их зүйл хүлээгээд хэрэггүй ч юм шиг. Тэр хожигдол гэхдээ энэ чансаанд хамаарахгүй юм. Жэрэми Лам гараанд гарч, MKG сэлгээнд суусан нь оновчтой шийдвэр байлаа. Гэснээс Батумд юу тохиолдсон юм бол? Шийдвэрлэх үед талбай дээр харагдахаа больж, статистик нь бүх тал дээр урууджээ. Кемба ганцаараа ийм их ачаалал авах нь сайн зүйл биш дээ.

Энэ долоо хоногт: @ CLE, vs PHI, vs BOS

16. Детройт Пистонс (6-6) --- (+1)

W @ ORL
W @ ATL
L vs CHA

Блэйк Гриффин холын зайнаас 40 шахам хувьтай шидэж байна. Карьерийнх нь дээд амжилт. Гол нь Драммонд, Гриффин хоёрыг будагтай талбай руу орох бүрд бусад гурвын нэг нь найдвартай сул. Рэжжи Буллок гүйцэтгэл хамгийн сайтай нь байна. Дорнодыг тэргүүлэгч Торонтогийн талбайд яаж тоглохыг нь харъя.

Энэ долоо хоногт: @ TOR, vs CLE

15. Нью Орлеанс Пэликанс (7-6) --- (+2)

W vs CHI
W vs PHX
W @ TOR

Буллс, Санс гэсэн муу багуудыг талбайдаа хожиж хожигдлын цувралаа зогсоосон Пэликанс Рапторсыг талбайд нь нухаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн том шуугианы нэгийг тарив. Бүр Никола Миротичгүй шүү. Тохиолдлын хожил гэж л дүгнэе. Холбогч Элфрид Пэйтонбэртлээс эргэж ирээгүй байгаа ч учраа олж эхэлсэн нь сайн хэрэг. Нью Орлеансын үндсэн гарааны тавь энэ улиралд хамтдаа талбай дээр 60 минут л тоглосон байна. Гэхдээ энэ хугацаанд тэд өрсөлдөгч багаасаа 49 оноо илүү авчээ.  

Энэ долоо хоногт: @ MIN, vs NYK, vs DEN, vs SAS

14. Лос Анжелес Клипперс (8-5) --- (0)

L @ POR
W vs MIL
W vs GSW

Гилжес-Александр сүүлийн гурван тоглолтод 16.7 оноо дунджилж байна. Бакс, Уарриорсыг зүгээр нэг дундаж баг дарааллаад хожчихгүй л байх. Холын зайн шидэлтийн хувиар лигийн 2-р байранд, харин сэлгээний тоглогчдын авч буй оноогоор лигийг тэргүүлж байна. Спөрсийг маргааш барчихвал 3-0 гэсэн төгс амжилтыг ирж буй долоо хоногт тэд үзүүлэх магадлал өндөр. Топ 10-руу дөхсөөр л.

Энэ долоо хоногт: vs SAS, @ BKN, @ ATL

13. Хьюстон Рокетс (5-7) --- (-4)

L @ OKC
L @ SAS
W vs IND

Мелогийн асуудлыг нуршиж яриад яахав. Багаас хасагдах нь бараг тодорхой боллоо. Харин энэ баг яаж улирлаа эргүүлэх вэ гэдэг л сонирхол татаж байна. Харден, Пол хоёр улирлын турш багаа чирээд хожилд хөтлөөд байна гэдэг худлаа. Эрик Гордоныг солих уу? Энэ багийн уналт Уарриорст л ашигтай шүү дээ. Том солилцоо хийхгүй бол болохгүй нь.

Энэ долоо хоногт: @ DEN, vs GSW, vs SAC

12. Лос Анжелес Лэйкерс (7-6) --- (+1)

W vs MIN
W @ SAC
W vs ATL

Тайсон Чандлер ирж гурван тоглолтод гурвууланд нь чухал үүрэг гүйцэтгэв. Гэхдээ өрсөлдөгчид нь учраа олоогүй явсан Вулвс, амралтгүй тоглосон залуу Кингс, чансааны 28-д бичигдэж байгаа Хокс. Лэйкерсийн фэнүүдийн хувьд нэг их баярлах зүйл биш ээ. Гэснээс ЛеБроны чөлөөт шидэлтийн гүйцэтгэлийн асуудал дахиад хөндөгдөж эхэллээ. Мань хүний сахал бууралтаад, хамгаалалт нь бүр сулраад, насанд дарагдаж эхэлжээ. Уучлаарай, ахмад Чандлер энэ багийн асуудлын хариулт биш шүү. Хөөсрөлд над шиг битгий авт.

Энэ долоо хоногт: vs POR, @ ORL, @ MIA

11. Оклахома Сити Тандер (8-5) --- (+1)

W @ CLE
W vs HOU
L @ DAL
W vs PHX

Уэстбрүүк бэртсэн ч асуудал алга. Шрудер үнэ цэнээ баталж байна. Никс, Санс, Кингс гэсэн гурван чансаа доогуур өрсөлдөгчид хүлээж байна. Расс ч эргэж ирэх дөхсөн. Энэ багийн гол асуудал бол довтолгооны гүйцэтгэл буюу ялангуяа холын зайн шидэлтийн хувь. Гэхдээ энэ асуудлаа хамгаалалтаараа шийдэж, төгсгөлийг сайн тавиад байгаа. Энэ лигт ер нь Бостон, ОКС хоёроос өөр тогтмол сайн хамгаалж байгаа баг алга байна даа.

Энэ долоо хоногт: vs NYK, @ PHX, @ SAC

10. Сан Антонио Спөрс (7-5) --- (-2)

L @ MIA
W vs HOU
L @ SAC

Дэррик Уайт эргээд ирлээ. Холбогчийн асуудал бага зэрэг ч гэсэн шийдэгдлээ. Гэхдээ Майами, Сакраментод очоод хожигдсон Спөрс топ 10-аас гараад явчих дөхлөө. Эхний хоёр долоо хоногт хамгаалалтаар хамгийн сүүлд явсан Спөрс сүүлийн хоёр долоо хоногт лигийг хамгаалалтын рэйтингээр тэргүүлж байна. Сонирхолтой энэ баг дундын зайн шидэлтээр лигийг тэргүүлж байна – нэг тоглолтод дунджаар 26 удаа дундаас шидэж байна. Хоёрт яваа баг 20 хүрэхгүй шахам байна.

Энэ долоо хоногт: @ PHX, @ LAC, vs GSW, @ NOP

9. Бостон Сэлтикс (7-6) --- (-2)

W @ PHX
L @ UTA
L @ POR

Гордон Хэйвард багт нь хэрэгтэй гэвэл сэлгээнээс тоглож болж байна гэсэн мэдэгдлийг хийв. Бодох л зүйл. Бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй ч асуудал нэмэгдсэн нь илт. Брэд Стивэнс тоглолт дуусгах тавтыг хэд хэд өөрчилж үзлээ. Учир олдсонгүй. Тоглолтын эхний хоёр үед энэ баг шиг муу довтолж байгаа баг лигт алга. Өнгөрсөн улиралд бас гарсан л асуудал. Дандаа 10 гаруй оноог барьж хожно гэж юу байхав дээ. Хорфорд, Браун хоёрын шидэлтийн хувьд дэндүү муу байна.

Энэ долоо хоногт: vs CHI, vs TOR, vs UTA, @ CHA

8. Индиана Пэйсерс (8-6) --- (-2)

L vs PHI
W @ MIA
L @ HOU

Бостоны адилаар Индианад ч гэсэн тоглолтыг муу эхлүүлдэг асуудал уламжлал болох нь ээ. Зургаан тоглолтод дараалж эхний үеийг хожигдож дуусгасан статистик байна. Мөн сэлгээнээс Сабонис гарч ирж байж л учраа олдог болж. Гараандаа өөрчлөлт хийгээд үзэх үү?

Энэ долоо хоногт: vs MIA, vs ATL, vs UTA

7. Юта Жазз (7-6) --- (+4)

W vs DAL
W vs BOS
W @ MEM

Жэй Краудер хуучин багаасаа хариугаа авсны дараа ‘намайг явуулдаг нь буруу байсан юм’ гэж томров. Мань эрийн сэлгээнээс үзүүлж буй сайн тоглолтыг харвал маргах хэцүү. Одоо тэд таван хотоор хийх аяллаа Мэмфисийг хожиж сайн эхлүүлсэн. Дорнодын шилдэг гурван баг хүлээж байна даа. Рүди Гобэр будагтай талбайг энэ байдлаараа эзэгнэвэл Бүх Од болох нь ээ.

Энэ долоо хоногт: @ DAL, @ PHI, @ BOS, @ IND

6.  Дэнвэр Наггэтс (9-4) --- (-3)

L @ MEM
L vs BKN
L vs MIL

Магтсан хүүхэн хурим дээрээ унгасан баг нь Дэнвэр байлаа. Мөрри Кайрид шүүмжлүүлсэнээс хойш баг нь явсангүй, гурав дараалж хожигдов. Эхний хоёрт нь сүүлийн мөчид харин сүүлийн тоглолтод Брүүк Лопез гурваас алдахаа мэдэлгүй шидэж галзуурсан. Өнгөрсөн улиралд хамгаалалтаар 23-р байранд жагссан Наггэтс энэ улиралд 4-т явж байна. Энэ бол асар том ахиц. Шалтгаан нь шилжилтийн солигдсон хамгаалалт.

Энэ долоо хоногт: vs HOU, vs ATL, @ NOP, @ MIL

5. Филаделфиа 76ерс (9-6) --- (+5)

W @ IND
W vs CHA
L @ MEM
W @ MIA

Батлерийн эрин үе эхэллээ дээ. Миний байр суурь тодорхой – маш эрсдэлтэй наймаа. Муугаар бодвол Жимми ирэх зун өөр багийг сонгож, Филли Шарич, Ковингтон хоёрыг зүгээр бэлэглэчихсэн гэсэн үг болно. Сайнаар бодвол Филлигийн шинэ гурвал гар нийлж Дорнодыг эзэрхэж, Финалд шалгарна. Энэ гэхдээ магадлал тийм ч их биш. Мелог авах тухай цуу яриа гарсан. Зодог тайлах дөхсөн тэр хүн энэ багийн асуудлыг шийдэхгүй шүү дээ. Лигийн шилдэг 20 тоглогчдоос гурав нь нэг багт тоглож байгаа тохиолдол хоёрхон бий – нэг нь Уарриорс, нөгөө нь одоо ингээд Сиксерс. Ямартай ч улирал маш сонирхолтой боллоо.

Энэ долоо хоногт: @ ORL, vs UTA, @ CHA, vs PHX

4. Милуоки Бакс (10-3) --- (0)

L @ POR
W @ GSW
L @ LAC
W @ DEN

Дөрвөн аялан тоглолтоос хоёр хожно гэдэг ямар ч багийн хувьд чамлахааргүй амжилт. Тийм ч учраас Баксыг өмнөх чансааны байрнаас нь хөдөлгөсөнгүй. Өнгөрсөн жил Бакс холын зайнаас амжилттай хийсэн тоогоор 27-д бичигдэж байсан бол энэ улиралд лигийг тэргүүлж байна. Энэ байдал үргэлжилвэл Майк Буденхоулзер Шилдэг Дасгалжуулагчийн шагналыг авах магадлалаар өндөр байна. Гэснээс энэ Брүүк Лопез арай л аймар шидэж байнаа. Тээр нэг жил Стеф ингэж галзуурч сагсан бөмбөгийг өөрчилж байсан даа.

Энэ долоо хоногт: vs MEM, vs CHI, vs DEN

3. Портланд Трэйл Блэйзерс (10-3) --- (+2)

W vs MIL
W vs LAC
W vs BOS

Өчигдөр чансаагаа гаргаж байхдаа л Блэйзерсийг 3-т бичихээс өөр аргагүй болсноо анзаараад ихэд гайхав. Ёстой чимээгүй ахиад л яваад байсан байна. Гэхдээ буцаад чансаа буурч мэднэ шүү. Учир нь тэд 11-р сарын 26 хүртэл дахиж талбайдаа тоглохгүй. Чанарыг нь тодорхойлох бас нэг статистик бол хожил нь хожигдлоосоо илүү яваа 15 багийн эсрэг энэ баг 6-1 амжилттай явж байна. Лиллардыг MVP-ийн ярианд оруулахаас өөр арга алга. Гэснээс удахгүй #MVPRace гэсэн нийтлэлийг бичиж эхэлнэ.

Энэ долоо хоногт: @ LAL, @ MIN, @ WAS

2.Голдэн Стэйт Уарриорс (11-3) --- (1)

L vs MIL
W vs BKN
L @ LAC

Аваргуудын задралыг бид улирал эхлэхийн өмнөөс л ярьж эхэлсэн. Энэ багийг бэртэл зогсооно гэж бас л би үглэсэн. Хоёулаа өнгөрсөн долоо хоногт биеллээ. Стеф, Грийний бэртэл талбай дээрх амжилтад сөргөөр нөлөөлж хоёр хожигдов. Хожигдсон тоглолтууд ирэх зун чөлөөт агент болох Дюрантын асуудлыг хөндөх шалтгаан болж, тэр Грийнтэй муудалцав. Керр дасгалжуулагч Грийнийг нэг тоглолтоор шийтгэж, асуудал бүр л хурцдав. Хүний мууд дурлана гэдэг шиг Уарриорсын мууд бид бүгд дуртай гэж.

Энэ долоо хоногт: vs ATL, @ HOU, @ DAL, @ SAS

1. Торонто Рапторс (12-2) --- (+1)

W @ SAC
W vs NYK
L vs NOP

Пэликансд хожигдсон баг яаж чансаа тэргүүлчихэв ээ гэж та гайхаж байж мэднэ. Шалтгаан нь Уарриорс хоёр хожигдоод доошилсонд л байгаа юм. Мэдээж Торонто чансаа тэргүүлэх хэмжээний баг мөн. Гол шалтгаануудын нэг нь Сөрж Ибакагийн тоглолт. Мань эр холын зайнаас шидэх дуртай болоод уджээ. Харин нэг тоглолтод гурваас шидэж байгаа тоо нь энэ улиралд эрс багассан ба таван жилийн өмнөх Ибака эргээд иржээ. Ник Нөрс дасгалжуулагчийн гаргасан хамгийн чухал шийдвэр бол Сөржийг төв дээр тоглуулж, Йонасыг сэлгээнээс тоглуулах байлаа. Бас нэг чухал стат бол Луари, Грийн, Леонард гэсэн гурвал талбай дээр энэ улиралд 200 минут хамт байжээ. Өөр ямар ч багийн гурвалаас илүү гэсэн үг.

Энэ долоо хоногт: vs DET, @ BOS, @ CHI

За ингээд чансаагаа танилцууллаа. Үйл явдал ихтэй долоо хоног байлаа. Дараагийн чансаагаар эргээд уулзтал түр баяртай. Санал зөрөлдөнө гэдэг дээр санал нэгдэцгээе J

Бэлтгэсэн Г.Идэр-Ууган

#Sports