ЗАХИДАЛ: Тэр намайг үзэн яддаг байх


ССҮТөв | YOLO.MN
2018-11-12

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр намайг үзэн яддаг байх

Сайн байна уу?

Энэ өдрийн мэнд. Өмнө жилийн 9-р сард би нэгэн сургууль руу шилжсэн юм. Тэгээд ангийнхаа нэг хөвгүүнд сайн болчихсон. Зун түүнтэй хамт нэгэн сургалтад сууснаас хойш надтай нэг л хүйтэн хөндий харьцах болсон. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч өмнө нь зүгээр харьцдаг байсан мөртлөө одоо намайг л үл тоосон янзтай харьцдаг болчихсон. Тэр намайг өөрт нь сайн гэдгийг бараг мэдэж байгаа байх. Яагаад гэвэл би нэг найзтайгаа түүний талаар ярьж байхад тэр сонсчихсон байсан. Үүнээс болоод намайг үзэн ядаж байгаа байх. Тийм болохоор сэтгэлээ илчлэх хэцүүхэн л байна. Би яавал дээр вэ? Надад туслаач. 

Баярлалаа!

ЗӨВЛӨГӨӨ: Хичээсэн ч тэр огт өөрчлөгдөхгүй байвал түүнд орон зайг нь өгөөрэй

Сайн уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Яагаад үзэн ядаж байгаа байх гэж бодсон юм бэ? Тэр хөвгүүний талаар түүнд таалагдахгүй зүйлийн талаар ярилцаж байсан юм уу? Захианаас харахад чамд дургүй болсон гэдэг чиний таамаглал байх магадлалтай байна. Тиймээс эхлээд харилцаагаа сайжруулах оролдлого хийх хэрэгтэй. Эхлээд өглөө ангидаа орж ирээд мэндлэх, хичээлийн тухай ярилцах, мөн ойрын үед болж буй үйл явдлын талаар ярилцаж болно. Үүний дараагаар сонирхлоо хуваалцах, гэртээ хэдүүлээ амьдардаг гэх зэрэг хувийн чанартай асуулт асууж болно. Тэр хөвгүүн чиний үйлдлүүдэд ямар хариу үзүүлж байгаагаас хамаарч сэтгэлээ илчлэх эсэхээ шийдээрэй. Магадгүй чамайг хичээсэн ч тэр огт өөрчлөгдөхгүй байвал түүнийг хүндлээд орон зайг нь өгөөрэй. Хайр дурлалыг хүчилж болдоггүй шүү дээ.

Амжилт хүсье! 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love, #Letter