Эрүүл үсний нууц: ШИЛДЭГ 5 АМИН ДЭМ


М.Тэнгис | YOLO.MN
2018-11-07

Бидний хувьд үснийхээ эрүүл ахуй, гоо сайхан байдалд санаа тавихын тулд өргөн худалдаалагддаг үс арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүн авч хэрэглэх нь элбэг. Гэвч тэдгээрийн дийлэнх олон нь үсийг зөөлрүүлэх, хөвсийлгөх, анхилуун үнэртэй болгох үйлчилгээтэй химийн бодисууд агуулсан байдгийг бид төдийлөн мэддэггүй. Тийм ч учраас орчин үед үс арчилгааны байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнийг хэрэглэх нь дэлхий нийтэд түгэхийн зэрэгцээ, эрүүл сайхан үстэй байхын тулд хоол тэжээлээрээ ямар амин дэм, шимт бодисуудыг авч байх нь чухал болохыг судалж мэдэх хэрэгтэй болжээ. Ингээд уншигч та бүхэнд үсний эрүүл ахуйд хамгийн чухал нөлөөтэй ШИЛДЭГ 5 АМИН ДЭМИЙН тухай мэдээлэл хүргэе.

Үсний эрүүл ахуйд хүчтэй нөлөөлдөг амин дэмүүд:

  1. А амин дэм: Үсийг чийгшүүлнэ

  2. В төрлийн амин дэмүүд: Үсний эрүүл ургалтад нөлөөлнө

  3. С амин дэм: Үсний өнгийг сэргээнэ, цайрах халцрахаас сэргийлнэ

  4. D амин дэм: Үсний уналтыг зогсооно

  5. Е амин дэм: Үсийг нарны хэт ягаан туяанаас хамгаална

Эдгээр амин дэмүүдийг өдөр тутамдаа хоол тэжээлээр дамжуулан авч байх нь зөвхөн үсний эрүүл ахуйд төдийгүй бүхий л бие махбодод онц чухал хэрэгцээтэй. Амин дэм агуулсан органик шампунь, ангижруулагч, үсний тос гэх мэт бүтээгдэхүүн ховор байдаг. Гэхдээ бид гэртээ байхдаа эдгээр амин дэмүүдийг хоол тэжээлээр авч, үснийхээ эрүүл ахуйд анхаарал тавьж чадна.

1. А амин дэм үсний чийгшлийг хадгалдаг

А амин дэм үсний чийгшилт байдлыг хадгалж байдгаараа онцлог ажээ. Өөрөөр хэлбэл бидний арьс, үсийг тослог чийглэг болгож байдаг себум гэх бодисын ялгаралтыг дэмжих үүрэгтэй гэнэ. Арьсны болон хуйхны өөхөн давхаргад байрлах себум ялгаруулдаг бүтэц нь хангалттай хэмжээний А амин дэмийн тусламжтай ямар ч хуурай, ширүүн нөхцөл байдалд арьс, үсийг тослог, чийглэг байлгадаг байна.

А амин дэмийн эх үүсвэрүүд:

-Жүрж

-Шар өнгийн жимс, хүнсний ногоонууд

-Хар ногоон өнгийн навчирхаг хүнсний ногоонууд

-Броколли

-Өндөг

-үр тариа болон сүүн бүтээгдэхүүнүүд

2. В амин дэмүүд үсний ургалтад нөлөөлдөг

Үсээ эрүүлээр ургуулахад В төрлийн амин дэмүүд чухал үүрэгтэй ажээ. Нөгөөтэйгүүр, уг амин дэмүүд дутагдахад үс ихээр унах, халцрах, цайх үндсэн шалтгаан болдог байна. Нэгэн судалгааны үр дүнд, В12 амин дэмээр дутагдсан хүүхдүүдийн үс халцарч, цайж байгааг тогтоосон байна.

В төрлийн амин дэмүүдийн эх үүсвэр:

-Сүү

-Өндөг

-Загасны мах

-Үр тариа

-Таван цулын мах

3. С амин дэм хөгшрөлттэй тэмцэх чадвартай

Олон тооны судалгааны үр дүнд батлагдсанаар С амин дэм нь коллаген буюу арьс, үсний эрүүл, чанга байдлыг хангадаг уургийн ялгарлыг дэмждэг байна. Коллаген уураг нь үсний бүтцийг яг л тоосго өрсөн мэт байдлаар бүрдүүлж өгдөг учраас зайлшгүй чухал шимт бодис юм. Мөн түүнчлэн С амин дэмийн анти-оксидант буюу үл исэлдүүлэгч чанар нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд, үсний эрт цайрах, унах гэх мэт асуудлуудын шийдэл болдог ажээ.

С амин дэмийн эх үүсвэр:

-Исгэлэн /цитрус/ төрлийн жимснүүд

-Шар болон улбар шар өнгийн хүнсний ногоонууд

-Шар төмс, амтат төмс

-Улаан лооль

-Ойн жимсгэнүүд

-Броколли

4. D амин дэм үсний уналтыг зогсоож чадна

Судлаачид хангалттай бус хэмжээний D амин дэмийн хэрэглээ болон үсний уналт, халцралт өвчний хамаарлыг судалсны үр дүнд, уг амин дэм нь дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй төдийгүй, шинэ эд эсүүдийн үүсэлд оролцдог гэдгийг нотложээ. Амьтад дээр хийсэн нэгэн туршилтын үр дүн D амин дэм үсний уналтыг зохицуулахад чухал үүрэгтэй байдаг нь мөн батлагдсан байна.

D амин дэмийн эх үүсвэрүүд:

-Тосорхог загасны мах /туна, яргай, амар/

-Бяслаг

-Өндөгний шар уураг

-үхрийн элэг

-мөн нарны хэт ягаан туяаны тусламжтай арьсан доор D витамин нийлэгждэг.

5. Е амин дэм хамгаалах үүрэгтэй

Маш олон гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг энэхүү Е амин дэм таны үсний эрүүл ахуйд тун чухал нөлөөтэй. Энэхүү амин дэм үсийг нарны гэрлийн хурц тусгал болон гадны механик гэмтлээс хамгаалж байдаг. Е амин дэмийг туршилтад оролцогч нэгэн бүсгүйд найман сурын турш нэмэлтээр хэрэглүүлсний дараа, үсний ургалт 34.5 хувиар сайжирсан, мөн үс унаж халцрах өвчний эрсдэл буурсан гэх үзүүлэлтийг гаргаж чаджээ. Е болон С амин дэмүүдийн маш сайн анти-оксидант үйлчилгээ нь хөгшрөлтийн үр дүнд үүсдэг халцралт болон үс цайхын эсрэг сайн нөлөө юм.

Е амин дэмийн эх үүсвэр:

-Үр тариа

-Ногоон навчит хүнсний ногоонууд

-Броколли

-Самар

#Vitamins