Бид гимнастикаар ТЭСВЭР ТЭВЧЭЭР, УЯН ХАТАН БАЙДАЛ зэрэг олон давуу тал олж авсан


YOLO.mn | YOLO.MN
2018-10-23

Манай оронд Уран сайхны гимнастикийн Ази тивийн анхны цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ сарын 26-28-нд гурван өдөр үргэлжлэх уг тэмцээнд оролцох монголын баг тамирчдын төлөөлөл болгон бид авьяаслаг, цоглог ихэр охидтой яриа дэлгэлээ. Тэд энэ спортоор харьцангуй орой хичээллэж эхэлсэн ч хүссэн л бол юуг ч хийж бүтээж болдгийн үлгэр жишээг үеийнхэндээ харуулж яваа охид. Гимнастикийн тухай ярихаар нүд нь улам сэргэх тэднийг Баярмагнайн Хишигзаяа, Хишигбуян гэдэг.

YOLO: Та хоёр хэдэн настайдаа энэ спортод орсон бэ?

-Бид 11 настайдаа хичээллэж эхэлсэн. Энэ жил 17-той. Тасралтгүй зургаан жил хичээллээд байна.

YOLO: Анх яагаад гимнастикаар хичээллэх болсон юм бэ?

Хишигзаяа: Бид хоёр нугаралт, бүжиг хоёрт маш сонирхолтой байсан ч хичээллэх боломж таараагүй л байлаа. Нэг өдөр аав маань "Гимнастикаар хичээллэх үү?" гэж асуухад нь шийдээд л явж эхэлсэн.

Хишигбуян: Аав, ээж тухайн үед ажил ихтэй байсан болохоор бид тэр бүр сонирхсон зүйлдээ явж амждаггүй байсан юм. Спортын төв ордонд ажилладаг нэг танил нь таараад аавд “уран сайхны гимнастик” гэж эмэгтэй хүнд их тохиромжтой, сайхан спорт байдаг тухай яриад, охидоо явуулбал зүгээр гэж зөвлөсөн гэсэн. Тэгээд бид Болормаа багшийнхаа шавь нь болсон.

Хишигзаяа: Спорт цогцолбор гимнастикийн дөрвөн дасгалжуулагчтай. Болормаа, Булган, Халиун, Эрдэнэзаяа гэдэг багш нар бий.

YOLO: Тэсвэр тэвчээр шаардсан спортоор тууштай хичээллэхэд тусалдаг дасгалжуулагч багш нарын чадвар бас мундаг.

Хишигбуян: Энэ спорт маань эмэгтэй хүний гоо сайхан, тэсвэр тэвчээр бүхнийг цогцлоодог. Ялангуяа сунгалт маш их хийдэг болохоор үүн дээр бүр их тэвчээр шалгадаг. Манай ихэр намайг бодвол их уян байсан л даа. /инээв/ Би болохоор их шахуулах үедээ заримдаа уйлдаг байсан.

Хишигзаяа: Би 6, 7 наснаасаа л нугаралтын элдэв дасгал хийсээр байгаад гайгүй уян болчихсон. Буяка болохоор хөл нь минийхээс илүү уян л даа.

Хишигбуян: Бид хоёр төрөлхийн уян биш болохоор илүү их хичээх хэрэгтэй болдог байсан. Тэгээд ч бид хоёр 11 настайгаасаа хичээллэж эхэлсэн гэхээр харьцангуй орой эхэлсэн гэсэн үг. Одоо хүүхдүүд 4 настайгаасаа анхлан хичээллэж байна. Бид хоёрыг анх эхэлж байхад 6 настайгаасаа хичээллэж эхлэх ёстой гэдэг байсан л даа. Бид хоёр оройтож орсон ч гэсэн гоё сайхан охидыг хараад хурдан ийм болох юмсан гэж улам их хүснэ. Тэгээд илүү их хичээж байж л тэднийг гүйцэх юм байна гэдгээ ойлгосон. Тухайн үед манай ангид уран сайхны гимнастикийн маш мундаг тамирчин охин байсан болохоор тэр бас бид хоёрыг улам бүр дуртай болоход нөлөөлсөн байх.

Хичээлээ таруутаа хоолоо ч идэлгүй бэлтгэл дээрээ очоод янз бүрийн дасгал хийгээд байж байдаг байлаа.

Хишигзаяа: Дургүйд хүчгүй гэдгийн эсрэгээр бид хоёр маш их дуртай байсан болохоор арай хурдан ахисан ч байж магадгүй. Одоо бид хоёр спортын мастер цолтой.

Манай Болормаа багш ч бидэнд “Хэрэгтэй гэсэн бүх зүйлээ амжуулж сурах хэрэгтэй” гэж сургадаг.

YOLO: Дуртай зүйлдээ цаг гаргах гээд бусад зүйлээ чамбай хурдан амжуулна биз?

Хишигзаяа: Манай багш бидэнд “Хожуу орсон юм чинь аль болох хурдан өсөж дэвших хэрэгтэй” гэж цаг үргэлж захиж хэлдэг байлаа.

Бид хоёр өглөө хичээлдээ яваад шууд бэлтгэлдээ ороод, орой 5 цаг гэж бэлтгэлээ тардаг ч гэртээ хариад үргэлжлүүлээд л хийдэг байсан. Өвөл, зун хичээл амарсан, амраагүй алинд ч бэлтгэлээ бол өдөр шөнөгүй л хийхийг хичээнэ. Хэрэв аль нэг маань залхуурвал нөгөө нь шаардана. Тамирчдын бичлэгийг Youtube-ээс их үздэг. Тэндээсээ бас зарим зүйлийг сурна. Бас тэмцээнд яваад гадны мундаг тамирчдын үзүүлбэрийг ажиглаж аваад дуурайж үздэг.

Хишигбуян: Монголд Азийн цомын аваргын тэмцээн анх удаа зохиогдох гэж байна. Энэ тэмцээнд бид хоёр насанд хүрэгчдийн төрөлд оролцоно.

YOLO: Хэдэн наснаас дээш насанд хүрэгчдийн ангилалд ордог юм бэ?

Хишигзаяа: 16 наснаас дээш насанд хүрэгчдийн ангилалд, 13 наснаас дээш өсвөр үед ордог. Одоо болох гэж байгаа тэмцээнд оролцох манай ихэнх тамирчид Азийн аваргад 2-3 удаа оролцсон туршлагатай тамирчид байгаа. Бид хоёрын хувьд өнгөрсөн хавар болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн бид хоёрын хувьд хоёр дахь нь байсан. Аль алинд нь багийн төрөлд оролцсон.

YOLO: Та хоёр улсын шигшээ багийн тамирчид болохоор хичээл номоо яаж зохицуулдаг вэ?

Хишигзаяа: Хичээлдээ өглөө яваад, өдөр бэлтгэлээ хийж байгаад тэмцээн дөхөөд нэг сарын хугацаа үлдсэн үед Гимнастикийн холбооноос бидэнд өгдөг чөлөөний бичгийн дагуу хичээлээсээ чөлөө авдаг.

YOLO: Хичээлийн хоцролт гарах уу?

Хишигзаяа: Мэдээж хоцролт гарна л даа. Бид хоёр аль болох нөхөөд, гүйцээд явдаг. Манай Болормаа багш ч бидэнд “Хэрэгтэй гэсэн бүх зүйлээ амжуулж сурах хэрэгтэй” гэж зааж сургадаг. Хүн угаасаа ямар нэгэн зүйлийг болгоно гэж зүтгэсэн л бол бүтдэг юм чинь гээд л зүтгэдэг.

YOLO: Та хоёр ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

Хишигзаяа: Манай гимнастикийн спорт насны хувьд их залуу спорт. Энэ спортоор хамгийн удаан явсан гадаад тамирчин 30 настай гэж байсан. Ихэнх нь 20 гаруй насандаа спортоо орхидог. Мэдээж хувь хүний онцлогоос болдог байх.

Хишигбуян: Бид хоёр дунд сургуулиа төгсөөд гадаад явлаа ч тэндээ очоод хичээллэх болно. Ямар нэг байдлаар үзүүлбэрээ хийсээр байх болно л гэж бодож байна.

YOLO: Энэ спорт та хоёрыг хэр их өөрчилсөн бэ?

Хишигзаяа: Энэ спортоор хичээллэснээр бүжгийн эвсэлтэй болж, нугаралтын хүнд техникүүдийг сурсан. Хувь хүн талаасаа ч их өөр болсон. Жишээ нь бүх л зүйлийг хийхэд амархан болчихсон.

Хишигбуян: Болохгүй гэсэн зүйл байсан ч болгоё, хэцүү хүнд зүйл тохиолдсон ч хийе гэж бодоод хийж чаддаг болсон байна лээ. Жишээ нь бүжгээр хичээллэх үед хийхэд амархан, эвсэлтэй болсон байдаг. Ер нь ямар ч үед тэвчээр гаргаж чадна. Жирийн хүмүүс халшираад болих зүйлийг тоохгүй хийчихдэг. Энэ спортоор тэсвэр тэвчээр, уян хатан байдал гээд маш олон давуу талыг олж авсан. Заримдаа баяр ёслол, төрсөн өдрөө ч тэмдэглэж амжихгүй үе гардаг. Үеийн хүүхдүүдээсээ энэ талаараа дутуу юм шиг боловч дараа, хэзээ ч үүнд цаг гарна шүү дээ.

Хишигзаяа: Ийм олон зүйл мэддэг, чаддаг болсон юм байна гэдгээ бид нар том болсон хойноо л мэддэг. Спортод цаг барина гэдэг маш чухал. Бид цаг сайн барьдаг болчихсон байдаг. Бас хүнийг хүндэлж сурдаг. Хүүхдүүд бие биенийгээ хүндлэх, багш нараа, бусдыг хүндлэх нь чухал гэж боддог. “Уучлаарай, баярлалаа” гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлдэг болчихсон. Ер нь дэвжээгээ, хийж буй аливаа зүйлээ хайрлах хэрэгтэй. Өөрийнхөө биеийг ч гэсэн хайрлаж байж л амжилт гаргана.

Багштайгаа бид үе үе их дотно ярилцдаг. Бид өвдөх үе гарна. Ялангуяа эхэн үедээ бид хоёрт шантармаар хэцүү үе олон байсан. Бид хоёрыг орж байх үед бидний насны тамирчид хэдийнэ мундаг зэрэгт хүрчихсэн байлаа. Тэгэхэд багш маань бид хоёрт “Хичээгээд л байвал заавал чадна” гэж үргэлж хэлдэг байсан. Биднийг спортын мастер болоход багш маань мэдээж хамгийн их тусалсан хүн. Гэрийнхэн маань ч биднийг их дэмждэг. Бид хоёр хоёр эгч, нэг дүүтэй. Аав ээжтэйгээ долуулаа. Өглөө гараад л орой ороод гэрийн ажил хийж амжихгүй байхад ч хоёр эгч маань наанаа “Та хоёр олдохгүй юм аа” гэж байсан ч бүхнийг амжуулж бид хоёрт тусалдаг. Бэлтгэлээсээ ядраад ирсэн үед ийм гэр бүлтэй гоё байдаг.

Хишигбуян: Манай гимнастикийн багш нар бүгдээрээ энэ спортыг хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулдаг хүмүүс. Тийм ч болохоор энэ удаагийн томоохон тэмцээнд бид нар бүгдээрээ хичээнгүйлэн бэлдэж сайн оролцох гэж хичээж байна. Манай Болороо багш л гэхэд ямар ч ачаалалтай байсан бидний бэлтгэлийг сайн хангуулахад маш их хичээдэг. Бидний төлөө, эх орныхоо төлөө ийм мундаг багш нар байдаг. Бид ч гэсэн өөрсдөө хичээхээс өөр аргагүй юм байна гээд хичээж байгаа. /инээв/


 

YOLO: Энэ удаагийн тэмцээн их томоохон хэмжээнд зохион байгуулагдаж байх шиг байна.

Хишигбуян: Тийм. Маш олон байгууллага тусалж дэмжиж байгаа. Монголд урьд өмнө нь гимнастикийн спортыг ингэж олон газар дэмжсэн тохиолдол бараг байхгүй гэсэн. Хэвлэл мэдээллээр шууд дамжуулна. Энэ утгаараа Монголд урьд өмнө болж байсан тэмцээнүүдээс хамгийн том нь байх.

Ийм том тэмцээнд Монголоо төлөөлөөд орж байгаа юм чинь хичээхээс өөр аргагүй. Тийм болохоор бид нар өдөр болгон л бэлтгэлээ маш их хичээж хийж байгаа. Тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдсэн болохоор бүгд л хичээж байна.

YOLO: Та хоёр гаргасан амжилтуусаасаа дурдвал?

Хишигбуян: 2016 онд Азийн аваргад Монголоос анх удаа баг тамирчид оролцсон. Бид финальд үлдэнэ гэдэг зорилгоо биелүүлсэн. Туршлагатай тамирчидтай анх удаагаа өрсөлдөн. Бид туршлагагүй гэж өөрсдийгөө гололгүй хичээвэл болох юм байна гэдэг итгэл төрөөд ирж байлаа. Тэр тэмцээнээс хойш манай спорт илүү сайн дэмжигдэж эхэлсэн. Бид хоёр хожуу эхэлсэн болохоор өөр олон тэмцээн уралдаанд гадагш явж байгаагүй ч гэсэн улс, хотын аварга шалгаруулах тэмцээнд олон удаа оролцож алт, мөнгөн медалиудыг сөөлжиж авч байсан. Бид хоёр хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан. Яагаад гэвэл зэрэг оролцоод нэг нь алт авахад нөгөө нь мөнгө авах жишээтэй. Бас Улаан-Үүд, Новосибирскээс хүрэл, алт, Манжуурт болсон тэмцээнээс алт, мөнгөн медаль авсан зэрэг өөрсдийнхөө хэмжээнд зөндөө олон тэмцээнд оролцсон байна лээ.

Хишигзаяа: Одоо энэ удаагийн тэмцээндээ бид нар маш их ач холбогдол өгөөд нойр хоолгүй гэдэг шиг бэлтгэж байна. Багш нар маань бараг унтаж чадахгүй догдолж байгаа байх. Нутгийнхаа дэвжээнд дээр зөндөө мундаг тамирчидтай өрсөлдөнө гэхээр өөрийн эрхгүй догдлоод байна.

YOLO: Хамгийн сайхан санагдаж байгаа нь гимнастикийн спортыг Монголд Засгийн газрын хэмжээнд ингэж дэмжиж байгаа нь сайхан хэрэг.

Хишигзаяа: UB group гэдэг ерөнхий ивээн тэтгэгч болон бусад бүх ивээн тэтгэгчиддээ бид ч гэсэн маш их баярлаж байгаа. Бас БСШУЯ-нд хандан маш их баярлалаа гэж хэлье.

Хишигбуян: Бас бусад зөндөө олон ивээн тэтгэгчдэд ч гэсэн баярлалаа. Би анх тийм болон газар ивээн тэтгэхээр болсныг сонсоод их гайхсан. Бага насны тамирчдын эцэг эх хүртэл биднийг маш их дэмжиж, чадах бүхнээрээ тусалж байгаа.

YOLO: Шаргуу бэлтгэлийнхээ хажуугаар цаг гарган ярилцсанд баярлалаа. YOLO-гийн уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье!

Хишигзаяа, Хишигбуян: Баярлалаа.

#Sports