Цусан бүтээгдэхүүний хэрэглээ буурсан нь зохистой хэрэглээ сайжирсантай холбоотой


YOLO.mn | YOLO.MN
2018-10-18

ТОМИЛОЛТ: Орхон аймгийн Цусны салбар төв

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 5 төсөл”-ийн ажилтай танилцахаар бид Орхон аймгийг зорьсон юм.

Жишээлбэл 2016 онд 1200 ширхэг цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэж байсан бол 2017 онд 950 ширхгийг хэрэглэсэн цусны зохистой хэрэглээ сайжирсантай холбоотой хэмээн эрхлэгч С.Бадрал хэлж байсан юм

Энэхүү төслийн хүрээнд гурван үндсэн ажил хийж буйгаас Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр ЦССҮТ, аймаг, сумын 26 цусны салбар төвүүдийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, дэд бүтцийг сайжруулах, боловсон хүчнийг сургах зэрэг ажлыг хийжээ.

Орхон аймгийн хувьд улсын хэмжээнд байгаа 26 цусны салбар төвүүдийн дунд үйлдвэрлэл болон хэрэглээний тоогоор эхний тавд ордог том төв аж.

Тус аймгийн цусны салбар төвийн эрхлэгч С.Бадралын хэлснээр “Урьд нь бид долоон төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлснээр 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон.

Орхон аймгийн Цусны салбар төвийн эрхлэгч С.Бадрал

Нийт 67 сая төгрөгөөр салбар төвдөө засвар хийж, 584 сая төгрөгийн үнэ бүхий 32 нэр төрлийн 64 ширхэг тоног төхөөрөмжтэй боллоо. Гүний хөлдөөгч, цус хадгалах тусгай зориулалтын хөргөгч зэрэг нэмэгдсэнээр бид нөөцөө хангалттай авч, шаардлагатай үед нь санаа зоволтгүй ашиглах боломжтой болсон юм.

Төсөл хэрэгжихээс өмнө бид ердөө 20 орчим хөлдүү сийвэн хадгалж, үйл ажиллагаандаа ашигладаг байсан бол одоо 100 гаруй нэгж хөлдүү сийвэн хадгалж байна. Гурван сарын хэрэгцээг хангах боломжтой гэсэн үг юм” гэж байв.

Энэ зэргээр үйл ажиллагаа сайжрахаас гадна цусны донорын эгнээ өргөжих болжээ. 2017 онд тус төв нийт 593 уут цус цуглуулж, жилийнхээ хэрэгцээг бүрэн хангасан байна.

Аймгийн хэмжээнд өнөөдөр нийт 1500 гаруй донор бүртгэлтэй байгаагаа учраас дахиад 60 гаруй хувийн нөөц байна гэсэн үг аж.

“Эрүүл мэндийн хөгжил, хөтөлбөр 5 төсөл”-ийн хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг сургах олон удаагийн ажил хийгдэж, цусны зохистой хэрэглээ мөн сайжирсан байна.

Жишээлбэл 2016 онд 1200 ширхэг цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэж байсан бол 2017 онд 950 ширхгийг хэрэглэсэн цусны зохистой хэрэглээ сайжирсантай холбоотой хэмээн эрхлэгч С.Бадрал хэлж байсан юм.

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Б.Батсүх

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү төслийн ачаар бидэнд дутагддаг байсан үйл ажиллагааг явуулдаг боллоо

Тийм ч учраас Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв /БОЭТ/-ийн захирал Б.Батсүх Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн төслийг “Цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлсон сайн төсөл” хэмээн сайшааж байв.

Тэрээр “Манай БОЭТ-ийн хувьд жилдээ 160 мянган хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж, 3500-4000 мэс ажилбар гүйцэтгэдэг. Зөвхөн Орхон аймгийн иргэдээс гадна Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн сумдын хүн амд хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Харин энэ явцад цус болон цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч ирдэг учраас хэрэгцээгээ хангах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийлүүлэхэд цусны салбар төв голлох үүрэгтэй юм.

Тиймээс Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү төслийн ачаар цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүний чанарыг шалгах, доноруудын цусанд шинжилгээ хийх зэрэг чухал шаардлагатай, бидэнд дутагддаг байсан үйл ажиллагааг явуулдаг боллоо” гэсэн юм.

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг “Энэхүү төслийн хүрээнд эмнэлгээр үйлчлүүлж байгаа болон тэнд ажиллагсдын аюулгүй байдлыг хангах хүрээнд үндсэн гурван ажлыг хэрэгжүүлж байна.

Нэгдүгээр зорилт буюу Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бэхжүүлэх ажил амжилттай хэрэгжиж дууссан. Түүнчлэн бодлогын түвшинд шаардлагатай байсан дүрэм, журмуудыг сайдын тушаалаар батлуулж тодорхой болголоо.

Үүний нэг жишээ нь, 2016 оны Эрүүл мэндийн сайдын 01 тушаалаар Цусны салбар төвүүдийн үйл ажиллагааны дүрэм, цусны аюулгүй байдлын талаар хяналт, үнэлгээ хийх журам, мөн 2016 оны Эрүүл мэндийн сайдын 02 тоот тушаалаар донороос шинжилгээ, сорьц авах, мэдээллийн сан бүрдүүлэх, донороос хэрхэн шинжилгээ авах тухай, цуглуулсан цусандаа яаж үнэлгээ хийх зэргийг тусгасан журмуудыг батлуулсан.

2017 оны 03 тушаалаар бидний өдөр тутмын үйл ажиллагаанд чухал хэрэгтэй, зонхилон тохиолдох өвчний үед цусан бүтээгдэхүүнийг сэлбэх аргачлалыг гаргасан журмыг баталсан. Энэ журам нь эмч нарын үйл ажиллагааг ойлгомжтой болгосноороо давуу талтай” гэсэн юм.

#BloodDonation