Улсын хэмжээнд насанд хүрэгчдийн цусны эмгэг, цусны хавдар өвчний оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлдэг ганц газар нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төв.
Тус төв нь 2014 оноос өргөжин Цусны эмгэг судлал, ясны чөмөг шилжүүлэн суулгах төв нэрийн дор цусны эмгэг судлалын клиник, ясны чөмөг шилжүүлэн суулгах нэгж, амбулатори, аферез гэсэн хэсгүүдтэйгээр, 10 эмч, 11 сувилагч, 4 туслах сувилагч, 40 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Сүүлийн жилүүдэд цусны эмгэг, цусны хавдар өвчний тоо нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор тус тасгаар эмчлүүлж буй өвчтөнүүдэд нэн шаардлагатай эмчилгээний нэг болох цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өссөөр байна.
Тус төвийн их эмч, АУ-ны доктор Б.Хишигжаргалтай ярилцлаа.
-Цусны эмгэг гэж ямар өвчин болох талаар яриагаа эхэлье.
-Цусны эмгэг нь дотроо цус багадалт, цусны хавдар, цус гоожимтгой гэсэн гурван том бүлэгт хуваагдах бөгөөд дотроо олон төрлийн өвчин бий. Манай тасаг цусны эмгэгтэй насанд хүрэгчдэд улсын хэмжээнд үйлчилдэг. Бид хөнгөн хэлбэрийн цус багадалт, тууралтын үед хэвтүүлэн эмчилдэггүй. Эмчилгээг нь бичиж өгөөд дүүрэг, хөдөө орон нутгийн эмч рүү илгээж, давхар хянадаг.
1990-ээд оны эхээр цусны хавдартай хүн маш цөөхөн байсан. Харин өнөөдөр цусны хавдар оношлогдохгүй өдөргүй болчихсон
-Сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байна гэдэг. Шалтгаан нь юу байна вэ?
-Өвчлөл сүүлийн жилүүдэд огцом ихсэж байна. Энэ нь манай төвөөс хийсэн судалгаа болон бусад судалгаагаар ч батлагддаг. 1990-ээд оны эхээр цусны хавдартай хүн маш цөөхөн байсан. Харин өнөөдөр цусны хавдар оношлогдохгүй өдөр байхаа больжээ.
Үүнийг бид хоёр шалтгаантай гэж үзэж байна. Нэгдүгээрт нь бидний оношилгоо сайжирсантай холбоотойгоор өмнө нь оношилж чаддаггүй байсан эмгэгүүдийг илрүүлэх болсон. Хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна гэж үзэж байна. Хөдөө орон нутагт, бүр мал дээр байгаа хүмүүс ч цусны хавдраар өвчилдөг. Үүний шалтгаан нь тухайн орон нутагт алт олборлохдоо химийн бодис ашиглаж буйтай холбоотой. Олон улсын жишээнээс харахад хаана химийн үйлдвэр, химийн бодис илүү хэрэглэж байна, тэнд энэ өвчний тохиолдол их байдаг.
-Ямар, ямар эмчилгээг хийж байна вэ?
-Цусны хавдартай, цус гоожимтгой, цус багадалттай хүмүүст хийж буй гол эмчилгээний нэг нь цус цусан бүтээгдэхүүн. Байнгын сэлбэлт хийдэг. Амбулаториор ч цус цусан бүтээгдэхүүн сэлбэдэг.
-Өдөртөө дунджаар хэдэн нэгж цус цусан бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэж байна вэ?
-Янз бүр. Зарим үед ганц нэг, заримдаа арван хэдэн хүнд хийнэ гээд бодохоор дунджаар өдөрт гурван литр гаруй улаан эсийн бэлдмэл, хөлдөөсөн шинэ сийвэн мөн ялтаст эсийн бэлдмэл хэрэглэгддэг.
Эмчилгээний арга техник сайжрах тусам цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Мөн тохиолдлын тоо ихэсч байгаатай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ байнга өсөж байна.
Эмчилгээний арга техник сайжрах тусам цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна
Манай Улсын нэгдүгээр төв эмнэлэг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс гаргаж байгаа бүтээгдэхүүний талаас дээш хувийг хэрэглэдэг хамгийн том хэрэглэгч. ЦССҮТ-ийн хүчин чадал сайжирч, цус цусан бүтээгдэхүүнийг хангалттай нийлүүлж байгаа ч, нөөц үүсгэх боломжгүй ялтаст эсийн бэлдмэл болон ховор бүлгийн цустай хүмүүст яаралтай, их хэмжээгээр цус сэлбэх үед цусны донорыг дуудах шаардлага гардаг.
-Өвчтөнүүдийн дундаж нас хэд байна вэ?
-Ид залуу, хөдөлмөрийн насны хүмүүсийн дунд өвчлөл нэмэгдэж байна. Ялангуяа цусны цочмог явцтай хавдар, цус төлжилгүйдлийн цус багадалт зэрэг эмгэг 20-40 насны хүмүүст илүү тохиолдож байна. Харин ахимаг насныхан түгмэл миеломын эмгэгээр өвддөг.
-Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүйгээс ихэнх өвчин сүүлийн, хүндэрсэн шатандаа оношлогдож байна гэж халагладаг. Танай төвд хандаж буй өвчтөнүүд ямар үе шатандаа оношлогдож байна вэ?
-Нийтлэгээрээ урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагддаггүй. Анхны шинж тэмдэг илрэхэд төдийлөн тоохгүй, эмчийн зааваргүй эм хэрэглэдэг нь хүндрүүлэх нөхцөл болдог. Манайд оношлогдож буй өвчтөнүүдийн дийлэнх нь хожуу буюу төгсгөлийн шатандаа эмнэлгийн байгууллагад ханддаг. Тухайн үед цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр, үр дүн бага байдаг. Тиймээс иргэдийг ямар нэг зовуурь, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаж, байх хэрэгтэй.
-Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй вэ?
-Цусны өвчин ямар шинж тэмдэг илрэх вэ гэхээр
-Төгсгөлд нь та уншигчдад хандаад юу гэж хэлэх вэ?
-Сүүлийн таван жилийн судалгаагаар цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд чөмөг, элэг, бөөр шилжүүлэн суулгаж байгаа тул энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээ өсөж байна. Тиймээс манай өвчтөнүүдэд амь нас хайрлаж, цусны доноруудын эгнээнд элсэн, цусаа бэлэглэхийг уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх