ЗАХИДАЛ: Би амьдралаа яаж өөрчлөх вэ?


ССҮТөв | YOLO.MN
2018-09-27

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би амьдралаа яаж өөрчлөх вэ?

Би өрөөсөн бөөртэй, бас уушигны бронхит, астамтай учраас гүйхээс эхлүүлээд хоолоо хүртэл маш их ялгаж иддэг байсан юм л даа. Хэдий одоо өвчин минь гайгүй болсон ч гэсэн гүйж болохгүй хэвээрээ л байгаа. Харин ойр дотныхондоо тийм ч нэр хүнд сайтай биш. Зөвхөн сурлага сайтай л гэж хэлэгддэг. Зарим хүүхдүүд намайг хичээлээс өөр юм мэдэхгүй ч гэж хэлдэг. Манай ангийн охид хөвгүүд бүгдээрээ спортоор хичээллэдэг. Сагсан болон гар бөмбөгийн багуудад харьяалагдсан байдаг. Мөн би одоо 18 настай мөртлөө 12-р ангид дөнгөж орж байгаа. Намайг 8 настайд сургуульд оруулчихсан гэсэн. Миний үеийнхэн маш чадварлаг бас ихэнх нь их сургуульд сурч байгаа учраас үүнд их эмзэглэх юм?

ЗӨВЛӨГӨӨ: Цаашид найз баймааргүй байгаагаа хэрхэн хэлэх вэ?

Сайн байна уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд хүн болгон өөрийн гэсэн цаг хугацаанд амьдардаг. Хэн нэгнээс хоцорсон юм бишээ. Тэд ч бас өөрсдийн цаг хугацаандаа л амьдарч байгаа. Мөн хичээлдээ сайн байна гэдэг нь чиний давуу тал. Хүн бүхэн үүнийг чаддаггүй шүү дээ. Чиний хийж чаддаг зүйлийг өөр нэгэн чаддаггүй байж болно. Чиний чаддаггүй зүйлийг өөр хэн нэгэн чаддаг байж болно. Өөрөөр хэлбэл өөрийнхөө чаддаг, мөн дуртай зүйлд илүү төвлөрөх хэрэгтэй. Спортын төрөл зөвхөн гүйх, хүнд хөдөлгөөн хийхээр хязгаарлагдахгүй шүүдээ. Йогаар хичээллэх, алхах зэрэг хөнгөн хэлбэрийн спортоор хичээллэж нийгмийн хүрээллээ тэлж болно шүүдээ. Мөн шатар гэх зэрэг оюуны спортоор ч хичээллэж болно. Сурлага сайтай байна гэдэг нь юманд анхаарлаа сайн төвлөрүүлдэг, тууштай, сууж сурсан, хичээл зүтгэлтэй гэх зэрэг олон сайн зан чанаруудыг илэрхийлнэ. Тиймээс зөвхөн би юу чадахгүй байна, надад юу байхгүй байна гэдгийг харж сэтгэлээр уналгүй өөрөөсөө сайн зан чанаруудаа олж хараарай. Амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Letter