Сайн дурын үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд


О.Номуншүр | YOLO.MN
2018-09-21

Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах нэг гол шалгуур нь нийгмийн идэвхи, санаачлага байдаг шүү дээ. Тэгвэл бид энэ удаад та бүхэндээ сайн дурын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага /ТББ/-уудын мэдээллийг хүргэж байна.

  • САЙН ХҮН САЙН НИЙГЭМ ТББ

Тус байгууллагын зорилго нийгмийн сайн сайхны төлөө оюутан залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, тухайн бүс нутагт тулгамдаж байгаа асуудлыг иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлэхэд туслах болон дэмжлэг үзүүлэх юм. Мөн төр хувийн хэвшлийг байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чиглэгдэн хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд 2017 оны эхний улирлаас эхлээд улаанбаатар хотод зургаан сайн дурын үйл ажиллагааны төв байгуулан ажиллаж байна. Тус байгууллага нь :

  • Зорилтот бүлгийн хүүхдүүдийн боловсрол
  • Бүс нутгийн тулгамдсан асуудал
  • Хүрээлэн буй орчны асуудал гэсэн гурван үндсэн чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа явуулдаг.

Тус байгууллага нь тодорхой хугацааны туршид сайн дурын ажилтан бэлтгэх сургалтыг зарлан үнэ төлбөргүй зохион байгуулдаг бөгөөд тус байгууллагад нэгдэхийг хүсвэл дараах фэйсбүүк хаягаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

https://www.facebook.com/Mongolianvolunteercenter/

  • САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

2009 онд залуучуудын санаачилгаар байгуулагдсан бөгөөд нийгмийн бүхий л салбарт сайн дурынхны оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Сайн дурынхны хөгжлийн төвийн нэг үйл ажиллагаа нь бүртгэлтэй сайн дурын ажилтнуудаа бусад байгууллагуудтай холбож, хооронд нь гүүр болон ажилладаг. Тус байгууллага нь 2009 онд байгуулагдсан ч 2016 оноос идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус байгууллагын хэрэгжүүлж буй хөтөлбөр үйл ажиллагаануудаас дурьдвал:

  1. Хувь хүний хөгжлийн болон сайн дурын үйл ажиллагааны талаар зөв ойлголт өгөх сургалт, лекцүүд өдөр бүр явагддаг. Сонирхсон хүн бүрт нээлттэй.
  2. Олон улсын хурал семинар болон хөгжмийн арга хэмжээний зохион байгуулалтын ажилд бүртгэлтэй сайн дурын ажилтнуудаа оролцуулдаг. Бас сайн дурын ажилтан хэрэгцээтэй байгаа бусад байгууллагуудтай холбох (тогтмол)
  3. "Сайн дурынхан сайн дурынхандаа" хөтөлбөр - Анхан шатны Англи, Герман, Орос, Солонгос, Япон хэлний сургалтууд долдугаар сарын 23-наас эхлэсэн. Сонирхсон хүн бүрт нээлттэй. Одоо явагдаж байгаа.
  4. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгэн дунд сургууль дээр хийгдэх сайн дурын ажил долдугаар сарын 16-20 нд зохион байгуулагдсан. (хийгдсэн)
  5. 8-10 настай хүүхдүүдийн дунд "Би хэн бэ?" танин мэдэхүйн болон хүүхэд хөгжлийн сургалт эхлэсэн.
  6. Ахмадуудад чиглэсэн стресс бууруулах нийгмийн сэтгэл заслын хөтөлбөр
  7. Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, олон нийтийн хөгжил, хоол тэжээлийн чиглэлээр мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэх сонирхолтой сайн дурын ажилтнуудыг багтаа авч ажиллуулна.

Тус байгууллага нь шинэ гишүүдийн элсэлтийн мэдээллийг өөрсдийн албан ёсны фэйсбүүкт цаг тухай бүрт нийтэлдэг тул дараах хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. https://www.facebook.com/VolunteerDevelopmentCenter/

  • “MY CLUB” ТББ

Тус байгууллага 2006 оны 12-р сарын 17-ны өдөр оюутны сайн дурын клуб хэлбэрээр байгуулагдаж байсан бөгөөд одоо нийгэмдээ үйлчлэх ТББ болсон. “My club” байгууллага нь албан ёсны гишүүнчлэлгүй бөгөөд найман настай балчраас наян настай буурал хүртэл хэн бүхэнд үүд хаалга нь нээлттэй юм. Үндсэн үйл ажиллагаа 4-10 сард болдог ба долоо хоног бүрийн бямба гарагт мод усалдаг байна. Сүүлд “Мод тарих үндэсний өдөр”-өөр 2000 ширхэг хайлаас модыг Эрдэнийн талбайд тарьж суулгасан аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/miniiclub/ фэйсбүүк хуудаснаас авна уу.

  • МОНЭСТББ

Тус байгууллагын зрилго нь эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэн хамгаалж, тэднийг хүчирхэгжүүлэхдээ шудрага, эрх тэгш, ил тод зарчмын хэрэгжилтийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах, үүндээ эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэн манлайлах юм.

Та МОНЭС-ийн Сайн дурын ажилтан болсноор
• Хандив цуглуулах
• Кампанит ажил зохион байгуулах, оролцох
• Орчуулга хийх
• Төсөл бичих
• Хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах
• Өөр байгууллагаас зохиож буй ажилд МОНЭС-г төлөөлж оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг тус https://mones.org.mn/mn/ сайтаас авна уу.

  • YFU (YOUTH FOR UNDERSTANDING) MONGOLIA

YFU (Youth For Understanding) нь өсвөр үеийнхэнд өөрчлөгдөн шинэчлэгдэж, улс үндэстнүүдийн хоорондын харилцан хамаарал өдрөөс өдөрт нэмэгдэж буй дэлхий ертөнцөд өөрийгөө сорин амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд нь тус дэм болох үндсэн зорилготой. Энэ утгаараа YFU-гээс хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн зорилго зөвхөн өөр нэгэн улсад очиж тухайн орны соёл, заншилтай танилцан гадаад хэлний мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр хязгаарлахгүй, илүү өргөн утгыг агуулдаг.     

YFU  байгууллагын сайн дурын ажилтан болохын тулд та ердөө:

  1. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой,
  2. Сурагчдад туслах чин хүсэлтэй байхад л хангалттай.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.yfu.mn/ аваарай

  • PMI  MONGOLIA CHAPTER

“Пи Эм Ай Монгол Чаптэр” нь сайн дурын ажилтнуудтай үргэлж хамтран ажиллахыг эрэлхийлсээр иржээ. Төслийн удирдлагыг чиглэлээр тэргүүлэхийг хүсэгч хүн болгонд “Пи Эм Ай Монгол Чаптэр”-ийн хаалга нээлттэй тул та доор дурдсан үйл ажиллагаануудыг дэмжин ажиллах сайн дурын ажилтнуудын нэг болохыг хүсвэл тус байгууллагатай холбогдоорой.

  • Сар бүр зохион байгуулагддаг үйл ажиллагааны багийн гишүүн (зохион байгуулах, төлөвлөх)
  • Жил бүр зохион байгуулагддаг олон улсын бага хурлын багийн гишүүн (бага хурлын дараах багуудын үйл ажиллагаанд оролцох: маркетинг, спонсор, ложистиг, бүртгэл болон хөтөлбөр боловсруулах багууд)
  • Чаптерийн маркетинг үндсэн үйл ажиллагааны багийн гишүүн (албан ёсны веб хуудас хөтлөлт, мэдээ мэдээлэл бэлтгэл болон сошиал хуудаснуудын хөтлөлт)
  • Олон талт хамтын ажиллагааны багийн гишүүн
  • Чаптерийн гишүүнд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих багийн гишүүн
  • Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх үйл ажиллагааны багийн гишүүн (Чаптерийн сургалтыг төлөвлөх зохион байгуулах)

Төслийн удирдлагын чиглэлээр тэргүүлэхийг хүсэгч хүн бүрт тус байгууллагын үүд хаалга нээлттэй. Дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.facebook.com/PmiMongoliaChapter авна уу.

#Volunteer