Өөрсдийгөө залуу гэж гололгүйгээр хийж бүтээж яваа шинэ үеийн төлөөллийн нэг, “Шилжилт”, “Байрны ах” кинонуудын ерөнхий найруулагч Б.Нямдаваатай уулзаж ярилцлаа. Дашрамд дуулгахад олон улсын кино наадмаас “Хүүхдийн кино төрөл”-д Шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн, өсвөр насныхны үзэх дуртай кино хэдийн болж чадсан “Шилжилт” уран сайхны киноны 2-р анги энэ намар нээлтээ хийх нь. Тэсэн ядан хүлээцгээе.
YOLO: Сайн байна уу? Юуны өмнө шинэ киногоо өлгийдөн авах гэж буйд нь баяр хүргэе. ND фильмийн талаар яриагаа эхлэх үү?
-ND фильм маань үүсгэн байгуулагдаад жил хагасын нүүр үзэж байна. Энэ хугацаанд хүүхдийн хоёр уран сайхны кино бүтээсэн бөгөөд одоо гурав дахь киногоо өлгийдөн авах гээд бэлдэж байна. Манайд хүүхэд, өсвөр насныханд зориулсан кино төдийлөн хийдэггүй. Үүнээс улбаалан хүүхдүүд буруу кино үзэж буруу үлгэр дуурайлал авдаг. Эсвэл хэт олон гадаад кино үзэж гадны соёлд уусаж байна. Иймээс манай фильмийн зүгээс хүүхдүүдэд нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах уран бүтээл хийх зорилготойгоор анх “Шилжилт” УСК-г хийж байсан.
YOLO: “Шилжилт 2” УСК өөрийн чинь оролцсон хэд дэхь уран бүтээл вэ? Энэ кинон дээр найруулагчаар ажиллаж байгаа юу?
-Миний ажилласан бүрэн хэмжээний кинонуудаас гэвэл зургаа дахь уран бүтээл маань. Энэ кинон дээр би зохиолч, гол дүр, продьюсерээр ажилласан. Ерөнхий найруулагчаар Э.Эрдэнэ-Очир ажилласан.
YOLO: Кино зохиолоо өөрөө бичдэг гэж сонссон.
-Би өөрөө Ирээдүй цогцолбор сургуулийг төгсөж, тэр орчинд байж үзсэн болохоор “Шилжилт”-ийн зохиолыг бичихэд дөхөм байсан. 2010-2012 оны хоорондох үйл явдал бол одооны хүүхдүүдийн амьдралаас өөр, бас бидний ах эгч нарын үеийн амьдралаас өөр цаг үе. Мөн би ахлах сургуулиа төгсөөд зургаан жил болж байна. Тэгэхээр арван жилийн сурагчдын сэтгэхүй, зан ааш, төсөөллөөс тийм ч айхавтар холдоогүй байгаа гэсэн үг. Тийм ч учраас хүүхдийн уран бүтээлийн зохиолыг бичихэд дөхөм байдаг.
YOLO: “Шилжилт 2”-оор дамжуулан хүүхдүүдэд юуг ойлгуулахыг зорьсон бэ?
-Нөхөрлөлийн үнэ цэнийг харуулахыг их хичээсэн.
YOLO: Өөрийн чинь кинонуудыг харахад адал явдалт, тулаант төрлийн кино их хийдэг. Яагаад вэ?
-Монголд зодоонтой кино гарахаар буруу үлгэр дуурайлал гаргалаа гэдэг болохоос гадаадад адал явдалт, зодоонтой кинонууд хэзээ ч хуучирдаггүй. Бид зодоон хийх хэрэгтэй гэдгийг биш, зодоон ямар буруу үр дагаварт хүргэдэг вэ гэдгийг харуулах гэж хичээдэг. Тэрийг зарим хүмүүс буруугаар ойлгодог.
YOLO: Хүний бичиж өгсөн зохиолоор кино хийх, өөрийнхөө зохиолоор кино хийх хоёрт ямар ялгаа байдаг вэ?
-Өөрийнхөө зохиолоор кино хийхэд анх зохиолоо бичихдээ л бүх зүйлийг төсөөлөөд бичдэг учраас зураг авалтаа хийхэд илүү дөхөм байдаг. Өөр хүний зохиолоор ажиллах үед асуудал их гардаг. Жишээ нь зохиолчийн дэвшүүлсэн санааг найруулагч өөрчлөх үед зохиолчид таалагдахгүй гэх мэт.
YOLO: “Шилжилт 2” 1-р ангиасаа юугаараа ялгаатай вэ?
-Өмнө нь зөвхөн сурагчдын тухай гарч байсан бол одоо нас ахисан шүү /инээв/. Хүүхэд багачууд гэлтгүй залуучуудад чиглэсэн уран бүтээл.
YOLO: Кинонд 1-р ангийн дүрүүдээс гадна үзэгчдэд гэнтийн бэлэг болж шинээр нэмэгдсэн дүрүүд бий юу? Нууц биш бол дурьдаач.
-Маш олон шинэ дүрүүд бий. 18-28 насны шинэ залуу уран бүтээлчид их оролцож байгаа. Жишээ нь “Ерөнхийлөгчийн туслах”, “Сайн аав” кинонуудад тоглосон И.Мөрөн, сошиалд хөгжилтэй влогоороо танигдсан Gremix, залуу уран бүтээлч Т. Пүрэвжаргал, Маск продакшны залуу жүжигчин үзэгчдийн мэдэхээр Бидо ах байна
YOLO: Кино хийхэд санхүү мөнгө их хэрэгтэй. Киноныхоо санхүүгийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Монголд залуу уран бүтээлчдэд санхүү олдох ер нь их хэцүү. Энэ удаагийн кино маань залуучуудын сэтгэлээс бүтэж байгаа. Сэтгэл байхад бүтэхгүй юм гэж үгүй.
YOLO: Таны хувьд уран бүтээлээрээ дамжуулж мөнгө олох нь чухал уу, аль эсвэл арай өөр зүйлийг нэгт тавьдаг уу?
-Анх кино хийж эхлэхдээ мөнгөний тухай ерөөсөө боддоггүй байлаа. Хүнд өгөөжтэй, хүнд таалагдахуйц кино хийж чадвал түүнээсээ л их сэтгэлийн таашаал авдаг байв. Гэхдээ кино бүтсэний дараа асуудлууд гарч эхэлнэ. Кино хийхэд зарцуулагдсан мөнгөн төсөв мөн нэг киноны ард л гэхэд асар олон хүн ажиллаж байгаа. Тэдгээр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн кино маань ашиг олох шаардлагатай. Хэрвээ кино ашиг олохгүй бол цаашлаад хамтарч ажиллах байгууллага олдохоо болино. Тиймээс ашгаа ч олох хэрэгтэй хүмүүст киногоо хүргэх ч хэрэгтэй. Бидний хийсэн киног үзэгчид үзсэнээр бидэнд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Энэ хөрөнгө оруулалтын тусламжтайгаар бид техник технологио сайжруулж хүмүүсээ цалинжуулна. Технологио сайжруулснаар үзэгчдийн хүсдэг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц киног бүтээнэ. Түүнээс биш үзэгчид үзэлгүйгээр интернетэд үнэгүй тавигдах үед нь үзнэ гэсэн ойлголттой байх юм бол бид хөдөлмөрлөх ямар ч шаардлага байхгүй. Иймээс үзэгчид биднийг дэмжих ёстой. Дэмжсэнийх нь хэрээр бид илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй.
YOLO: Монголд кино уран бүтээлийн студи их байдаг. ND фильм шинээр гарч ирж буй фильмийн хувьд зах зээлд орж ирэхэд ямар хүндрэлтэй асуудал тулгардаг вэ?
-Хэцүү шүү дээ /инээв/. Залуу уран бүтээлчид учраас их асуудал тулгарна. Адаглаад киногоо театрт гаргахад бусад том студийн кинонуудтай харьцуулахад харьцангуй үзэгч багатай. Бидний үзэгчид ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд. Тэдэнд үзэх хүсэл нь байвч төдийлөн мөнгө олддоггүй. Монгол улс 3 сая хүн амтай, үүнээс тогтмол кино театрт кино үздэг 100 мянган хүн байлаа гэж бодоход 10 мянга нь л хүүхэд байх жишээний. Киногоо бүтээсний дараа борлуулах ажил илүү ярвигтай.
YOLO: Өөрийн чинь бодлоор монголын кино урлаг ямар түвшинд байна вэ?
-Олон улсын тэмцээн уралдаанаас шагнал урамшуулал их авч буйг харахад амжилттай байна. Гэхдээ улсаас дэмжлэг хэрэгтэй юм шиг. Улсаас кино урлагаа сайн дэмжээд өгөх юм бол манай кино урлаг дэлхийн тавцанд гарч чадна. Гэвч тийм зүйл байхгүй. Бид бор зүрхээрээ ажиллаж байгаа учраас дутагдал ихтэй. Ерөнхийдөө бол кино урлаг дунд түвшинд л явж байна даа.
YOLO: Хайрын тухай кино хийхээр Америк кино дуурайсан, тулаантай кино хийхээр Хятад кино дуурайсан гэсэн үзэл бодолтой хүмүүс байдаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Давхцахгүй зүйл гэж байхгүй шүү дээ. У.Шексфир ганцаараа хайр дурлалын тухай “Ромео Жульета”-г биччихээгүй. Түүнээс өмнө түүнээс хойш ч маш олон хайр дурлалын тухай зохиол уран бүтээлүүд байсан, бас байсаар байна. Чингис хаан дэлхийн талыг эзэлж явсны дараа өөр олон хүн дэлхийг эзлэх оролдлого хийж л байсан. Тэглээ гээд үүнийг Чингис хааныг дуурайчихлаа гэж болохгүй. Үүнтэй адил бүх зүйл л давхцдаг. Холливудын хайр дурлалтай кино болгон хоорондоо адилхан байдаг шүү дээ. Жүжигчидийг нь солиод үйл явдлых нь байрыг өөрчлөхөд л өөр кино болчихдог.
YOLO: Дараа дараагийн удаа хийх уран бүтээл нь ямар төрөл жанрын бүтээл байх вэ?
-Сайн мэдэхгүй байна. Би дахиж хүүхдийн уран бүтээл хийхгүй гэж бодсон ч хийчихсэн. Би хийхгүй бол өөр хийх хүмүүс байгаа хэрнээ л хийдэггүй. Бусад нь хийлээ гэхэд хүүхдүүд рүү чиглэсэн биш насанд хүрсэн хүний сэтгэхүйгээр харж хийж буй учраас төдийлөн хүүхдүүдэд хүрдэггүй юм шиг. Иймээс хүүхдийн уран бүтээл дахиад хийнэ байх.
YOLO: Найруулагч хүний нүдээр харахад хамгийн сүүлд гарсан уран бүтээлүүдээс сайн уран бүтээл болжээ гэж дүгнэсэн ямар кино байна вэ?
-Би ойрд кино үзэж амжихгүй байгаа. Гэхдээ “Яллагч” УСК-г хамгийн сүүлд үзсэн. Энэ кино үнэхээр сайн уран бүтээл болсон. Яагаад тэгж санагдсан бэ гэвэл хүчирхийллийн эсрэг дуу хоолой болсон уран бүтээл мөн найруулга зохиолын хувьд их таалагдсан.
YOLO: Арван жилийн дараах ND-г төсөөлвөл?
-Арван жилийн дараа магадгүй аль хэдийн Оскар аваад дэлхийд үнэлэгдчихсэн байна байх. Хийх ёстойгоо хийчихсэн учраас тухай үед амралтын байдалтай байж магадгүй. Гэхдээ энэ бол бодол. Цаг хугацаа яаж эргэхийг хэн ч мэдэхгүй.
YOLO: Багаасаа найруулагч болохыг мөрөөддөг байсан уу?
-Үгүй ээ. Би анх зураач болно гэж боддог байлаа. Дунд ангид ороход минь гэр бүлийнхэн дургүйцсэний улмаас эмч болохоор шийдсэн ч яваандаа цагдаа болж өөрчлөгдөөд тэр нь сүүлдээ тогооч болсон. Гэтэл гэр бүлийнхэн маань бас л тогооч хэрэггүй гэж болиулсан даа. Аягүй хэцүү /инээв/. 2008 онд Н. Түвшинбаяр ах Бээжингийн олимпоос медаль авах үед гэнэт жүдогоор хичээллэх сонирхол төрөөд эрчимтэй хичээллэж эхэлсэн. Гэвч биеийн байдал муу байсан учраас бас л спортоо орхисон. Тэгээд юу ч болмоор юм бэ дээ гээд нэг хэсэг мөрөөдөл зорилгогүй явлаа /инээв/. Гэр бүлийнхэн нягтлан бол гэхээр нь гэрийнхний хүслээр хоёр жил амьдарсан. Төгсөхөөсөө хагас жилийн өмнө гэнэт жүжигчин болно гэж шийдэхэд минь гэр бүлийнхэн, найзууд гээд бүх хүмүүс намайг шоолсон. Тухайн үед үнэхээр хүмүүсийн өмнө нэрээ ч бүтэн хэлж чадахгүй гацдаг хүүхэд байсан юм л даа. Тэглээ гээд бууж өгөлгүйгээр СУИС дээр очиж мэдээлэл аван сургалтанд нь суусан. Эхний шалгалтандаа унасан ч намрын дахин элсэлтэнд нь тэнцсэн. Тэр үед 170 гаруй хүүхэд СУИС-д элсэн орсноос хамгийн сүүлд тэнцсэн нь би. Миний дээр 170 гаруй шилдэг хүүхдүүд байгаа тэднээс илүү болох хэрэгтэй гэсэн зорилгыг урдаа тавьж өөрийгөө цаг ямагт хөгжүүлж ирсэн. Гэвч яг элсэж ороход маань жүжигчний анги биш жүжигчин-найруулагчийн хосолсон анги байсан. Жүжигчин болж л байвал хамаагүй гэж бодон шалгалт өгөхөд найруулагчийн шалгалтандаа өндөр оноо авчихсан. 1-р дамжааныхаа зун нь Хувьсал продакшний “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд туслан явахдаа санаандгүй хөлийнхөө шагайг гэмтээснээс болж тайзан дээр гарч чадхааргүй болсон юм. Гэтэл багш маань намайг хүүхдийн жүжиг найруул гэснээр хамгийн анх найруулагч гэх мэргэжлийг ойлгосон. Ингэж л найруулагч болохоор шийдсэн дээ.
YOLO: “Шилжилт 2”-ынхоо баг бүрэлдэхүүнээс танилцуулаач
-“Шилжилт 1” болон “Байрны ах” кинонууд дээр ажиллаж байсан зураглаач Х.Өнөрбаясгалан, ерөнхий найруулагч Э.Эрдэнэ - Очир, дууны найруулагч Г. Батжаргал, дууны оператор Нямрагчаа, зургийн дарга С.Сүхбаатар, туслах найруулагч Д.Билгүүнболд, киноны зураач Э.Баясаа зэрэг залуу уран бүтээлчдээс кино маань бүтсэн.
YOLO: Энэ удаа яагаад киноныхоо найруулагчаар ажилсангүй вэ?
-Би энэ удаа киноныхоо гол дүрээр ажилласан. Миний дүр кино зохиолын 85 хувь дээр гардаг учраас хүндрэлтэй санагдсан. Мөн зохиол бичих гэж сарын турш ажилласан учраас тархи ядарчихсан. Тархи ядарсан тохиолдолд бие дагаад ядарна. Өөрөө камерний урд жүжиглэснийхээ дараа камерний араас дахин дахин харж дүрсээ үзвэл цаг маш их алдана. Иймээс энэ удаа найруулахаас татгалзсан.
YOLO: Залуу уран бүтээлчийн хувьд өөртөө байнга тавьдаг зарчим, шаардлага юу вэ?
-Асар их хариуцлагатай байх ёстой. Өмнө Б.Нямдаваа гээд хувь хүн байсан бол одоо ND гэх нэгэн фильмийн толгой болоод хүмүүсийг удирдаж байна. Тэр хүмүүс амжилтанд хүрэх эсэх нь надаас шалтгаална. Алдсан үедээ алдаагаа ойлгож, оносон үедээ амжилтандаа хахаж цадалгүй хүнээрээ байх хэрэгтэй.
YOLO: Анхны киногоо найруулахад хэр их шүүмжлэл ирж байсан бэ?
-Анх 21 настайдаа “Шилжилт 1” киног найруулж байсан. Шилжилт киногоо хийж байхдаа хэнд ч хэлээгүй чимээгүй байсан. 21 настай хүн кино найруулж байна гэвэл хүмүүс их басаж муугаар хүлээж авах байх гэсэндээ аль болох чимээгүй байсан. Гэвч тийм юм болоогүй. Киноны нээлт маань ч их чимээгүй болсон. Анхны уран бүтээлийг маань олон хүмүүс шүүмжилж байсан ч одоо “Шилжилт 1” хүмүүсийн дуртай кино болсон. Өсвөр насныханд зориулсан шилдэг бүтээл ч гэж тооцогдох болсон байна.
YOLO: Хэрвээ бурхан өөрийн чинь гурван хүслийг биелүүлье гэвэл юу хүсэх байсан бэ?
-Би аялахыг хүсэж байна. Хоёр дахь хүсэл маань дараагийн найруулсан киногоо маш сайн уран бүтээл болгохыг хүсэж байна. Гурав дахь хүсэл маань дэлхийн хэмжээнд гарахуйц жүжигчин болохыг хүсэж байна.
YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлээч
-“Шилжилт 1” киног маань үзэж шүүмжлэл болон урмын үгс хэлж байсан бүх үзэгчиддээ баярлалаа. “Шилжилт 2” маань энэ намар нээлтээ хийнэ. Шинэ уран бүтээлийг маань ч мөн дэмжиж үзнэ байх гэж найдаж байна. Мөн зүгээр л мөрөөдлөө дагаарай. Мөнгө биш мөрөөдлөө дага. Мөрөөдлөө дагасан тохиолдолд хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртэнэ. Нэг л өдөр нар гарна аа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх