Охидын шигшээ эхний өрсөлдөгчөө 8:0-ээр БУУЛГАН АВЛАА


YOLO.mn | YOLO.MN
2018-09-17

Монголын шигшээ баг охидын Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эхний тоглолтоо өнгөрсөн бямба гарагт Пакистаны шигшээ багтай хийлээ.

Ики Ёжи дасгалжуулагчтай манай охидын баг үндсэн цагийн туршид эсрэг багт довтлох боломж олгосонгүй. Тасралтгүй үзүүштэй довтолгоо зохион байгуулсны үр дүнд Г.Тэмүүлэн (26', 43'), Д.Солонго (29') нарын гоолоор 3:0-ийн харьцаатай өндөрлөсөн.

Тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд Монголын Үндэсний шигшээ багт багтан тоглосон С.Удвал (57'), Г.Цолмон (54') нар тооны самбарт нэрээ гаргаж тоог 5:0 болгожээ. Эцэст нь 78 дахь минутад Э.Энхмаргад гоолдож, С.Удвал хоёр дахь гоолоо бүртгүүлсэн бөгөөд эцсийн цэгийг Г.Отгонжаргал шүүгчийн мэдлийн цагт тавьснаар Монголын 16 хүртэлх насны охидын шигшээ баг 8:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа.

Япон дасгалжуулагч Ики Ёжи хоёр жил хагасын хөдөлмөрийнхөө үр дүнг үзэж, энэ амжилт цор ганц шигшээ багийн амжилт бус Монголын Хөлбөмбөгийн Холбооны бодлого, түүний хэрэгжилтийн үр дүн гэдгийг онцолжээ.

Охидын шигшээ өнөөдөр 17.00 цагаас Хонг Конгийн шигшээ багтай хоёр дахь тоглолтоо хийнэ.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

#ОхидынШигшээ