ЗАХИДАЛ: Би тэр ахыг мартах ёстой юу?


ССҮТөв | YOLO.MN
2018-09-06

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би тэр ахыг мартах ёстой юу?

Сайн байна уу? Би 17 настай жирийн нэгэн охин. Жилийн өмнөөс би өөрөөсөө хэдэн насаар ах хүнд сайн болсон юм. Тэгээд саяхан түүнд сэтгэлээ нээн бүх үнэнээ хэлтэл тэр тухайн үед би өөрт нь таалагдаж байсан ч намайг жаахан юм даа гэж бодоод больсон гэлээ. Надад яах ёстойг минь хэлж өгч туслаач. Би тэр ахыг мартах ёстой юу?

ЗӨВЛӨГӨӨ:  Сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг хичээгээрэй

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Хэдэн насаар ах гэдэг нь яг хэдэн настай гэсэн үг вэ? Чи үерхэлд насны зөрүүг хэрхэн ойлгож хүлээж авдаг вэ? Бидний зүгээс зөвлөхөд өсвөр насны үерхэлд нэг насны ялгаа ч их тод илэрдэг ба хоёр өөр хэлтэй хүн хоорондоо ойлголцох гэж оролдож байгаа юм шиг их асуудал гардаг. Та хоёрын туршлага өөр. Чиний мэдэхгүй, хэзээ ч даван туулж байгаагүй олон асуудлыг тэр хүн аль хэдийнэ өнгөрөөчихсөн байж болно. Дээрээс нь насаар ах хүнтэй үерхэх нь дан ганц сэтгэл зүйн насны зөрүүнээс гадна биологийн насны зөрүү гарах буюу чи хүсээгүй зүйлээ хийх эрсдэл гарч болзошгүй. Тийм учраас өөрийгөө аль болох эрсдэлд оруулахгүй байх шийдвэрийг чи өөрөө гаргах хэрэгтэй. Хэрвээ мартахаар шийдвэл шийдвэрдээ тогтвортой байж, сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг хичээгээрэй. Мартахад хугацаа шаардагддаг шүү дээ. Мөн чамд дан хайрын асуудлаас өөр санаа тавих олон асуудал, шалгуурууд байгаа байх. Тэдгээрт ч мөн цаг гаргаарай. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Ц. Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love, #Letter