ЗАХИДАЛ: Өөрийгөө ирээдүйд сайн мэргэжилтэн болно гэж боддог ч...


ССҮТөв | YOLO.MN
2018-08-30

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Өөрийгөө ирээдүйд сайн мэргэжилтэн гэж боддог ч...

Сайн байна уу? Би одоо 11-р ангид орно. Өөрийгөө ирээдүйд сайн мэргэжилтэн болох хүүхэд гэж боддог. Гэвч би ирээдүйн мэргэжлээ хараахан сонгож амжаагүй. Өөрийн юу хийх дуртай, юу хийх дургүйгээ тодорхойлоод, энэ болох болов уу гэсэн мэргэжлээ хардаг ч гэсэн тэр нь сэтгэлд нийцэхгүй байгаа. Уг нь цагдаа болох сонирхол байгаа ч эцэг эх зөвшөөрөхгүй байгаа. Энэ тохиолдолд яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Нухацтай ярилцах хэрэгтэй

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Мэргэжлээ сонгохдоо: Ирээдүйд чи хэн болохыг хүсч байгаа вэ? Чамд ямар чадвар байгаа вэ? Мөн нийгэмд ямар мэргэжил хэрэгтэй байгаа вэ зэрэг зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй байдаг. Эсвэл мэргэжлийн хүмүүст буюу ажил мэргэжлийн зөвлөгч болон сэтгэл судлаачид хандан мэргэжил сонголтын оношилгоо хийлгэн зөвлөгөө авч болно. Мөн гэр бүлийнхэн нь чиний хүссэн мэргэжлийг эсэргүүцэж байгаа гэсэн байна. Тиймээс гэрийнхэнтэйгээ яг яагаад, ямар шалтгааны улмаас эсэргүүцэж байгаа вэ? Мөн чи өөрөө яг ямар шалтгааны улмаас сонгох гээд байгаа вэ? гэх мэт зүйлсийг нухацтайгаар ярилцах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд ажил мэргэжил гэдэг нь хүний амьдралтай салшгүй холбоотой байдаг. Түүнчлэн гэр бүл, найз нөхдөөс ч ялгаагүй чухал зүйл. Тиймээс хэн нэгний хүсэлтээр болон зөвхөн эрэлт ихтэй гэх мэт шалтгаанаас болж хүсээгүй мэргэжлээ сонгохгүй байхыг хүсье. Чамд амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Ц. Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love, #Letter