Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан оюутны ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА


О.Номуншүр | YOLO.MN
2018-08-27

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөөр зөвхөн сургалтын тэтгэлэг олгоод зогсохгүй шалгарсан оюутнуудыг хувь хүний хөгжлийн сургалтанд хамруулж, бичил төсөл хэрэгжүүлэх боломж олгодгоороо онцлог юм. Ингээд тус тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг танд хүргэж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
 Сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвхи оролцоог хөхиүлэн дэмжих замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой юм.

Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2018 оны 9 сарын 12-ны 14 цаг

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:

  1. Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалавр зэргээр хоёр болон түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх
  2. Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
  3. Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
  4. Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжинд хамрагдаагүй байх
  5. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах аливаа арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцох боломжтой байх.

Бүртгэл:

  • 2018 оны 09 сарын 12-ний 13 цагаас өмнө цахим өргөдлийн маягт бөглөнө.
  • Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудасны хуулбар, бусад амжилтуудыг батлах аливаа баримт бичиг, зураг зэргийг хавсаргана.
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай хүн өөрийн гараар бичсэн өргөдөл /өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ/ -ийг хавсаргах юм.

Жич: Бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд Зориг сангийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.

Шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалтыг цахим өргөдлийн маягтын үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлагыг 9 сарын 19-21-нд Зориг сангийн байранд явуулна. Ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд ярилцлаганд ирэхдээ:

  • Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудас эх хувиар
  • Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харъяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодорхойлолт)
  • Нийгмийн идэвхи оролцоог тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ авч ирнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC-ийн ажилтнуудаас бүрдсэн баг зохион байгуулна.

Эх сурвалж: Тэтгэлэг аппликейшн

#Scholarship