“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ” гэдэгчлэн Монгол залуус маань хээрийн шувуудын үл хүрэх тэр л газраас эрдэм өвөртөлж ирсээр л...
2018 оны наймдугаар сарын 18-ны өдөр We Can Do байгууллагаас зохион байгуулсан “Бид гадаадад суралцаж чадна” арга хэмжээ урьд урьдныхаа арга хэмжээг давна уу гэхээс дутахааргүй сайхан болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээ TALK SHOW хэлбэрээр явагдсанаараа онцлог билээ. Үндсэн таван хэсэгтэй байсан бөгөөд хэсэг тус бүрийн илтгэгчид гадаадад суралцдаг, суралцаж төгссөн, хэд хэдэн орны хэлтэй чадварлаг, ухаалаг залуучууд байв. Ингээд илтгэгчдийн онцлох зөвлөмж болон эшлэлээс сонирхуулъя.
Бид яагаад гадаад хэл сурах ёстой вэ?
Гансүхийн Бодь-Эрдэнэ
Г.Бодь-Эрдэнэ нь Хятад улсын хамгийн шилдэг их сургууль болох “Tsinghua University”-д засгийн газрын 100%-ийн тэтгэлэгээр суралцдаг бөгөөд Англи, Орос, Хятад, Турк хэлтэй.
“Хувь хүний хэлний түвшин тухайн хүний байх ёстой орон зайг илэрхийлдэг. Хэрвээ чи зөвхөн Монгол хэлтэй бол Монголдоо л байна шүү дээ.”
“Хийж буй үйлдэл, бодож буй бодлоо ч тэр улсын хүн шиг болгох хэрэгтэй. Англи хэл дээр зүүд зүүдэлж байвал чи тэр хэлэнд дурлажээ гэсэн үг.”
“Хятад хэлийг хөгтэй хэл гэдэг. Нэг хөг алдаад хэлчих юм бол тэр хүнийг доромжилсон үг ч хэлж мэднэ.”
“Англи хэл өөрөө хэцүү хэл. Миний хувьд Англи хэл сурахаасаа өмнө Солонгос хэл сурсан бол арай өөр байх байлаа.”
“Төлөвлөгөөгөө гаргахдаа төрсөн өдрөөрөө баримжаалдаг. Төрсөн өдөр болоход “Би энэ жил ийм зүйлс сурлаа. Дараагийн төрсөн өдрөөрөө ийм зүйлс сурчихсан байх болно” гэж төлөвлөдөг”
“Хүн их сонин. Хүний магтаад байгаа зүйлсэд дуртай болчихдог. “Чи энийг ямар сайн хийдэг юм бэ? Чи ямар сайн юм бэ?” гэж магтуулах үед илүү сайн болохыг хичээдэг.”
Дашмягмаржавын ТАЯА
Д.Таяа нь Солонгосын Нисэхийн Их Сургууль (Korea Aerospace University)-д "Агаарын хөдөлгөөний удирдагч" мэргэжлээр суралцаж төгссөн. Одоогоор БНСУ-ын Монгол Оюутны Холбооны дэд тэргүүнээр ажилладаг. Монгол хэлээс гадна Орос, Англи, Солонгос хэлтэй.
“Анх хэл сурахдаа дуу сонсоод үгийг нь бичдэг байсан. Эхлээд буруу бичнэ. Гэхдээ олон сонсоод бичээд байхаар сүүлдээ алдахаа болиод дуугаа ч ойлгодог болчихдог.”
“Солонгосчууд Монголоор ярих гэж зовдог. Хоолойн “г”, хэлний “г” хоёрыг ялгаж дуудаж чаддаггүй. Жишээ нь “байнга” гэдгийг “байнг” гэж хэлдэг. Харин Монголчууд ямар ч хэлээр цэвэрхэн ярьдаг. Бид хэл сурах авьяастай ард түмэн. Сурч чадахгүй байгаа бол авьяасгүй биш залхуу л байна.”
“Яаж ч залхуурсан хүн дуртай юмандаа цаг гаргадаг”
“Залуучууд маань сураад төгсөхөд ажилд орох гэж буй хүмүүсийн 80-90 хувь нь гадаад хэлтэй байх болно. Хүн тоондоо сайн байж болно. Тэглээ гээд тоогоор өөрийгөө илэрхийлэхгүй. Хүн хэлээр харилцдаг юм. Ажилд орлоо гэхэд чи Англи хэлтэй байсан ч чиний өрсөлдөгч Англи, Орос хэлтэй байвал түүнийг л сонгоно”
Төмөр-Очирын БАЯРМАА
Т. Баярмаа нь FLEX сурагч солилцооны хөтөлбөрөөр 2017-2018 онд АНУ-д суралцаад ирсэн билээ.
“Англи хэл сурснаар гадаадад суралцах ердөө мөрөөдөл төдий байсан бол илүү ойртсон”
“Хүн залхуураад л байвал залхуураад л байдаг. Зорилготой байвал залхуурахыг ч хүсдэггүй.”
GAP YEAR болон TOEFL, IELTS, SAT
Болдбатын БАТЖИН
Б. Батжин нь АНУ-ын “Williams” коллежийн төгсөгч бөгөөд АНУ-ын шилдэг их сургуулиудад тэтгэлэгтэй суралцахад хөтөч болж өгдөг “TOMUJIN Academy”-ийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр 200 гаруй сурагчдад АНУ руу өргөдөл гаргах заавар зөвлөгөөг өгч байсан бөгөөд, зөвхөн өнгөрсөн жил гэхэд АНУ-ын Их Сургуулиудаас 20 орчим залуусийг 100 хувийн тэтгэлэг хүртэхэд тус дэм болж, зүг чигийг нь зааж, “GAP YEAR”-ийн давуу талуудыг маш олон залуучуудад ойлгуулсан билээ.
“Ажилд ороход чиний ямар ямар ном уншсан чинь хамаагүй. Ажилд ороход туршлага л хэрэгтэй.”
“Амьдралд найралт гэж нэг чухал зүйл байдаг. Би өнөө өглөө энэ арга хэмжээнд ирэхдээ ч эхнэрээ найрах жишээний. Хэрвээ чи ээж аавтайгаа ойлголцохгүй байвал найр. Чи ойлголцох гэж оролдохгүй л бол “ээж аавыгаа солих” гэсэн ямар ч боломжгүй гаргалгаатай л нүүр тулна”
Лхагважавын ЭНХЖАРГАЛ
Л. Энхжаргал нь 2010 онд Нийслэлийн 1-р сургууль болон 2015 онд АНУ-н Мичиганы Их Сургуулийг төгссөн. Дунд сургуулиа төгсөөд ердөө 8 жил болж байгаа ч одоо Бостон Их Сургуульд “Эдийн Засагч” мэргэжлээр Докторантын 4-р курс-д суралцдаг. Тэрээр маш богино хугацаанд гадаадын Их Сургуулийн эрдмийн зэргүүдийг хамгаалсан.
“Дүн бол цаасан дээрх нэг мэдээлэл. Чи 3,8 голчтой байлаа гэхэд энэнээс илүү нь байж л байдаг. Чи тэр сургуульд ямар дүнтэй сурсан нь биш юу сурсан нь чухал.”
“35 нас хүртлээ өөрийгөө хөгжүүлчих, улс мулс яахав. Амиа л бод. Харин дараа нь улсаа хөгжүүл.”
Батбүрэнгийн ЭНХ-АМГАЛАН
Б. Энх-Амгалан нь энэ наймдугаар сард АНУ-ын “Fairfield University”-д Эдийн Засаг, Статистик Математик гэсэн давхар мэргэжлээр суралцахаар явах бөгөөд 10-р ангидаа БНХАУ-д 100 хувийн тэтгэлэгтэй суралцан Монголд ирснийхээ дараа АНУ руу сурахаар бэлдэж эхэлсэн. 2017 оны “Монбушо”-гийн тэтгэлэгт хөтөлбөрийн бичгийн шалгалтанд тэнцсэн ч Gap Year авч АНУ руу өргөдөл гарган, АНУ-ын нэр хүндтэй долоон Их сургуульд 90-100 хувийн тэтгэлэг авчээ.
“- GAP YEAR авлаа гээд цаг алдана гэсэн үг биш. Нийгмийнхээ хичээлд сайн байлаа гээд хуульч болох албагүй. ЭЕШ-ын оноондоо баригдаж мэргэжлээ сонгож хэрхэвч болохгүй.”
Биднийг юу хүлээж байна вэ?
Билгүүний АНУ-ҮЖИН
Б.Ану-Үжин нь Испани улсад жүжигчний мэргэжлээр суралцдаг ба Барсалеоны Урлагийн Их Сургуулийн оюутан. Тэрбээр “Хамгийн хөөрхөн охин” УСК-ны гол дүрд тоглосон.
“Испанид очоод хэл мэдэхгүйн улмаас эвгүй байдалд их ордог байсан. Хүүхдүүд “Чи энэ үгийг хэл дээ” гээд хараалын үг ч хэлүүлэх тохиолдол бий. Испани хэлээс хамгийн түрүүнд сурсан нь хараалын үг байсан. Үеийнхнээсээ хоцрохгүйн тулд шамдаж сурах хэрэгтэй гэдгийг тэгэхэд ойлгосон.”
Төгсбаярын ТЭМҮҮЛЭН
Т.Тэмүүлэн нь Япон улсын “Амамонкай” болон “Ёомиүри коллеж”-үүдийг ХУВИЙН ЗАРДЛААР төгссөн бөгөөд “Temintokyo” нэрээр влог хийдэг. Япон улсад амьдарч, суралцаж, мөн влог хийдэг тэрбээр япон, англи, орос хэлтэй.
“Япон явхаасаа өмнө Японыг их өөрөөр, нэг ёсондоо буруугаар төсөөлдөг байсан. Гэвч яг орчинд нь очвол огт өөр юм билээ. Юм бүхэн харагдсан шигээ байдаггүй. Том зорилготой бай. Мөрөөдөлгүй бол юу ч хамаагүй хийж үз. Тэгээд чи мөрөөдлөө олох болно. Би Японд байхдаа мөрөөдлөө бичдэг байсан. Нэг л мэдэхэд бичсэн мөрөөдлүүд маань бүгд биелчихсэн байсан даа.”
Бэлэгдэмбэрэлийн УУГАНБАЯР
Б. Ууганбаяр нь Солонгосын хамгийн шилдэг их сургууль болох "Сөүлийн Их Сургууль"-ийн шилдэг төгсөгч бөгөөд анх гадаадад суралцах ямар ч ерөнхий ойлголтгүй байсан тэрбээр өөрийн хөдөлмөрөөр Сөүлийн Их Сургуульд хувийн зардлаар суралцаж, монгол залуусын нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу юм.
“Монголчууд гадаадад сурахаар очихдоо хамгийн түрүүнд ажил хайдаг. Гэхдээ бидний тэнд очсон эхний зорилго суралцах. Хэрэгцээнийхээ мөнгийг олсон ч мөнгөнд шунаж илүү их ажил хийсээр байгаад хичээлээ хаячихдаг. Чи гадаадаас машинтай болоод буцах нь чухал биш. Мэдлэгтэй болох нь чухал.”
Бид хэрхэн тэтгэлэг авах вэ?
Зоригоогийн АРИУНТЭНГЭР
З.Ариунтэнгэр нь Хятадын Төв Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг “Бизнесийн удирдлага”-аар 2013 онд, Хятадын Ардын Их Сургуулийг “Төрийн Удардлага”-аар 2017 онд төгссөн. Тэрбээр “БНХАУ-д Төгсөгчдийн Нэгдсэн Холбоо”-ны үүсгэн байгуулагч, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд өдгөө “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл”-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг мөн гүйцэтгэж байна.
“Зөвлөгөө авдаг хүнтэй болох хэрэгтэй. Энэ хүн магадгүй багш нараас чинь ч илүү ихийг хэлж өгнө.”
“Хүмүүс Хятад хэлний түшинг 6-р түвшингөөр төгсдөг гэж боддог. Намайг анх Хятадад очиход хятад хэлний 12 түвшин байсан. Одоогийн 6-р түвшин тэр үеийн 4-р түвшин л гэсэн үг. Тэгэхээр түвшингөөр хязгаарлагдалгүй судлаад л байх хэрэгтэй.”
Энэ мэтчилэн илтгэгчид маань олон хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэж, чөлөөтэй ярилцан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн билээ. Ирээгүй нэгэн нь харамсахаар ийм нэгэн гайхалтай арга хэмжээнд өглөөний нойроо үл харамлан хүрэлцэн ирсэн үзэгчид маань ч сэтгэл гонсгор буцсангүй, бүгд л ам сайтай байлаа.
Ц. Хулан /15 настай/: Сэтгэгдэл маш өндөр байна. Цаашдын ирээдүйнхээ тодорхойгүй байсан зүйлсийг ойлгож авлаа. Илүү их хичээх урам зоригийг өгсөнд баярлалаа WE CAN DO.
Б.Ариунтөгс /20 настай/: Арга хэмжээ их таалагдлаа. Олон мундаг илтгэгчдийн туршлага, үзэл бодлыг сонслоо. Өөртөө шинэчлэлт хийх үе ирсэн юм байна гэдгийг сайн ойлголоо. Надад “Хэрхэн тэтгэлэгтэй суралцах вэ?”, “Карьер төлөвлөлт” гэсэн хоёр хэсэг таалагдсан.
Э.Эрдэнэбат /18 настай/: TALK SHOW хэлбэрээр явагдсан болохоор үзэгчдийн хүссэн зүйлийг илүү ухаж гаргаж ирэх шиг боллоо. Надад “GAP YEAR болон IELTS, TOEFL, SAT” хэсэг таалагдлаа.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕИЙН ЗУРГУУД
Гадаадад суралцах хүсэлтэй олон залуучуудад хариулт болж өгдөг We Can Do байгууллагын дараагийн арга хэмжээ юу байх бол? Хэн ирэх бол?
Мэдлэг бол таны шинэ гоо сайхан.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх