ЗАХИДАЛ: Тэр намайг алдмааргүй байна гэсэн


ССҮТөв | YOLO.MN
2018-08-23

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр намайг алдмааргүй байна гэсэн

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэндийг хүргэе. Намайг Э гэдэг. 21 настай. Хэдий насанд хүрч оюутан болсон ч гэсэн надад хэн нэгний зөвлөгөө үнэхээр их хэрэгтэй болоод байна аа.

Олон зүйл нуршилгүй болсон зүйлсийг эхнээс нь ярья. Би сургуулийнхаа төгсөгч ахтай өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн харьцаж эхэлсэн. Тухайн үедээ хэн хэн нь зүгээр л яг ах дүүгийн хувиар бие биедээ хандаж байв. Уулзаж, ойр байх боломж их байдаг болохоор найзуудаараа тав дахийн орой болгон кино үзэж, "маазарч" өнгөрүүлдэг байлаа. Бидний ойртсон шалтгаан нь манай найз охиноос үүдэлтэй л дээ. Яг ингэж харьцаж эхэлж байх үед энэ ах маань найз охинтойгоо таарахаа болиод, хөндийрч эхэлж байсан юм билээ. Тэр охиныг нь би мэдэх болохоор эхэндээ надад найзуудынхаа талаар л ярихаас өөр ямар нэгэн бодол санаа ер байдаггүй байсан юм. Бид хоёр эхэндээ хоёр найзынхаа талаар л бага сага ярьдаг байснаа аажим аажмаар өөрсдийнхөө талаар ярьдаг болсон.

Сар орчмын дараа тэр надад найз охиноосоо болиод нилээн удаж байгаагаа хэлэхэд нь хэн хэндээ их дасчихсан, ямар нэг нууж хаах зүйлгүй, их энгийн эхэлсэн болохоор нөгөө хоёр найзаасаа ч илүү хурдацтай явчихсан. Нэг л мэдэхэд бие биесээ гэх сэтгэл, "хүслээ" нуухаа больж, давж болохгүй даваагаа давчихсан. Нэгэнт л хэн хэнээ ойлгож, цаашид яах тал дээр сэтгэл шулуудсан учраас би бүх сэтгэл зүрхээ зориулж, маш ихээр итгэж эхэлсэн. Тэр хүн маань ч өөрөө бүгдийг ухамсарласан учраас хариуцлагаа цаашид үргэлж үүрч явна гэдгээ надад хэлж ойлгуулдаг байв. Туулж давсан өнгөрсөн минь их адихан болоод ч тэр үү, бүх зүйл дээр нэг байж, амьдралыг нэг өнцгөөр харж, ижил зорилгод тэмүүлдэг байлаа.

Гэтэл гэнэт л нэг өдөр хуучин найз охин нь уучлалт гуйгаад гараад ирсэн. Надад үргэлж үнэнээ хэлдэг учраас энэ тухайгаа ч хэлэхэд нь аль болох чадлаараа ухаалгаар, буурь суурьтай хандахыг зорьж элдэв ааш гаргалгүй тэвчсэн. Энэ магадгүй тэр хүнд өгсөн итгэл сэтгэлээс, бас тэр хүний надад амласан хариуцлагаас болсон байх. Хэдий "ех" гэдэг асуудал бидний өмнө гарч ирсэн ч бид яг өмнөх шигээ л жаргалтай байсан. Мэдээж хааяа хааяа энэ зүйл сөхөгдөхөд бие биенээ дэмжээд, хамт нэг шийдэлд хүрээд ойлголцчихдог. Харин 10 орчим хоногийн өмнөөс нэг л өөр мэдрэгдэж, миний толгойд ч элдэв бодол төрөх болсон. Баталгаагүй энэ бодлоо өөрөөсөө холдуулж, өөрийгөө үгүйсгэж, түүндээ улам ихээр итгэхийг хүсч, хүслийнхээ дагуу итгээд л байлаа... Гэвч миний тэр их итгэлийг гишгэчих шиг... Тэр надад “Би яг одоо үнэхээр тэнэг байдалд орчихоод байна. Цаг хугацааг яаж ч чадахгүй нь. Гэхдээ чамайг бүр ч алдмааргүй байна. Яах ёстойгоо үнэхээр мэдэхээ байлаа" гэсэн. Би өөрт нь өөрөөсөө ч илүү их итгээд байхад шүү дээ. 

Уучилж, ойлгож, үргэлжлүүлэн итгэхийг үнэхэээр их хүссэн боловч дуусгая гэдгээ илэрхийлсэн. Над руу бичиж, залгаад хэрэггүй гэж хүртэл хэлсэн хэр нь өөрөө байнга утсаа хараад, хүлээгээд, бодож шаналаад, үгүйлээд байна. 

Одоо магадгүй нөгөө охинтойгоо харьцаж байгаа байх л даа. Болохгүй гэдгийг нь хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа ч намайг гээд ирвэл би уучлаад буцаж хэвэндээ орохыг илүүд үзэх байх. Анхнаасаа гадаад биш дотоод хүнд нь итгэлээ өгөөд эхэлчихсэн болохоор одоо шийдвэр гаргасан ч гэсэн элдвийг бодож өөрөө өөрийгөө албаар шахуу зовоогоод байх юм аа.

Тиймээс энэ жаахан утга муутай, ээдрээтэй явдлаа нэг тийш болгож, зөв шийдвэр гаргахад минь нэмэр болгож та бүхний зүгээс надад өгөх зөвлөгөөг хүсч байна аа. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Цаг хугацаа өнгөрөөд ирэхээр тэр хүнийг гэх мэдрэмж, хайрын даавар ялгарах нь багасна

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа. Чамайг тэр хүн хуураад, аргалаад өнгөрье гэхээсээ илүү бодит байдлыг буюу яг одоо өөрийн эргэлзэж байгаа байдлаа шударгаар илэрхийлсэн нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл чамайг тэр хэрээр хүндэлдэгээ илэрхийлсэн байна. Чи өөрөө харилцаагаа дуусгая гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл оюун ухаан, бодол чинь энэ байдлыг хурдан дуусгахыг хүсч байгаа ч сэтгэл, мэдрэмж чинь хараахан тэр хүнээс холдож амжаагүй байна. Бодол, мэдрэмжийнхээ дунд төөрөлдөөд байна гэсэн үг. Энэ бол байдаг зүйл. Чи цаашид мэдрэмжээ дагадаг хүн байх уу, эсвэл бодолдоо захирагддаг хүн байх уу гэдгээ шийдэж болно. Гэхдээ үнэхээр түүнийг алдмааргүй байна гэж шийдэх юм бол түүний өмнөөс бодож толгойгоо гашилгаж байхаар зүгээр л бүх асуултуудаа өөрөөс нь асуу. Асууж үзээд бүгдийг дуусгахаар шийдвэл өөр зүйл рүү илүү төвлөрөөд өдрийг аль болох идэвхитэйгээр буюу завгүй өнгөрөөхийг хичээгээд үзээрэй. Ерөнхийдөө цаг хугацаа өнгөрөөд ирэхээр тэр хүнийг гэх мэдрэмж, хайрын даавар ялгарах нь багасч, чи илүү бодитоор бодож дүгнэлт өгөх боломжтой болно. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Ц. Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love, #Letter