ЗАХИДАЛ: Гол нь миний нийтэч бусаас болдог байх


ССҮТөв | YOLO.MN
2018-08-20

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Гол учир нь миний нийтэч бусаас болдог байх гэж боддог

Би заримдаа үнэхээр хэцүү байдалд ордог. Үүнийгээ хэнд ч хэлж чадалгүй, бусдад аз жаргалтай харагдах гэж зовлонгоо нуудаг. Тэр зовлон гэх зүйл минь сэтгэл санааны байдал юм л даа. Одоо 17 настай, айлын ганц хүүхэд. Хүнтэй үерхэж үзээгүй. Яг үерхэхийн даваан дээр янз бүрийн асуудал гарч үерхэж чаддаггүй.

Гол учир нь миний нийтэч бусаас болдог байх гэж боддог. Тийм учраас миний араас гүйгээд байдаг хөвгүүд цөөхөн. Ер нь бараг л гүйж байгаагүй гэж болно. Гэтэл би царай зүс, биеэ авч яваа байдал бусдад гологдоод байх юм ер байхгүй. Надаас юм юмаараа дутуу охид өөрсдөөсөө илүү царайлаг банди нартай үеэрхээд, би тэдэнд их атаархдаг. Гэтэл найзууд минь хичээлээ хийх хэрэгтэй, үеэрхэл чухал биш гэдэг. Яг яахаа мэдэхгүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Эдгээрийг хэрэгжүүлээд ирэхээр чиний амьдралд ямар том өөрчлөлтүүд орохыг ажиглаарай

Сайн  байна уу?  Бидэнд захиа ирүүлсэнд баярлалаа. Үерхэх хэрэгтэй юу, үгүй юу гэдэгт бусдын хандлага бус, чи өөрөө хэр сэтгэл зүйн бэлтгэлтэй байна, хосын харилцааг юу гэж боддог зэрэг нь илүү чухал. Хосын харилцаа, найз нөхөд, гэр бүл, нийгмийн харилцаа гээд бүх төрлийн харилцаанд хүн хэзээ хамгийн сайн харилцагч байж чаддаг вэ гэхээр өөрийгөө сайн танин мэдсэн үедээ. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийгөө мэдэх хэрэгтэй. Уурласан, баярлаж хөөрсөн үедээ ямар байдалтай байдаг, юу мэдэрдэг түүнээсээ хэрхэн гарч өөрийгөө тайвшруулдаг гэх зэргээр өөрийгөө судлах хэрэгтэй. Түүнчлэн хүн болгон заавал нийтэч байх албагүй. Яагаад гэвэл энэ нь хувь хүний зан төлөвийн онцлогтой ихээхэн хамааралтай байдаг. Гэхдээ чи айлын ганц хүүхэд учир магадгүй ганцаараа байгаад сурчихсан учир бусдаас дөлөөд байдаг байж магадгүй. Хэрвээ тийм бол өөр дээрээ ажиллах хэрэгтэй. Сайхан царай зүс, бие хаанаас илүү бусдыг өөртөө татдаг зүйл бол сайхан харилцаа байдаг. Тиймээс одооноос харилцааны чадвараа хөгжүүлэх зорилго тавиарай. Харилцааны чадвараа хөгжүүлэх хамгийн энгийн алхам бол бусадтай мэндлэхээс эхлэх буюу түрүүлж мэндэлж сурах. Дараагаар нь бусдыг анхааралтай сонсож, би чамайг ингэж ойлголоо зөв үү? гэж асууж сурах. Эдгээрийг хэрэгжүүлээд ирэхээр чиний амьдралд ямар том өөрчлөлтүүд орохыг ажиглаарай. Товчхондоо, өөрийгөө таньж мэд, харилцааны чадвараа зориудаар хөгжүүл. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач

Т.Цэцэгбаяр

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Love, #Letter