Ойрын үед хөгжилтэй, сонирхолтой, мөн танин мэдэхүйн бичлэгүүдээрээ олонд танигдаж яваа влог хөтлөгч (Vlogger) “Bilgunss” буюу Билгүүнийг влог сонирхогч залуучууд маань андахгүй. Япон улсад суугаа түүнтэй интернэтээр тухтай ярилцах завшаан тохиосон юм. Шинийг туршиж үзэх дуртай, эерэг энерги цацарсан бүсгүйтэй хийсэн энэ удаагийн ярилцлага маань уншигч та бүхэнд сонирхолтой санагдана гэж найдаж байна.
YOLO: Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
-Сайн байна уу? Юуны түрүүнд надаас ярилцлага авах санал тавьсанд маш их баярлалаа.
Намайг Билгүүн гэдэг. 23 настай. Айлын дунд охин, дээрээ нэг ахтай бас нэг эмэгтэй дүүтэй. Орос хэлний сургалттай Эрэл дунд сургуулийг төгсөөд англид University of Birmingham-г English Literature with Creative Writing мэргэжлээр төгсөж байсан. Дараагаар нь CELTA (Certificate in Teaching English to Speakers of Other Languages) гээд багшлах эрх олгодог дамжааг төгссөн. Монголд англи хэлний багш болон нэг их дэлгүүрийн маркетингийн менежерээр зэрэг ажиллаж байгаад сая Японд амьдрахаар ирсэн.
YOLO: Анх яагаад влог хийхээр болсон бэ?
-Би ахлах ангид байхаасаа л влог хийдэг болох юмсан гэж боддог байсан. Тэр үед яг англи хэл дээр влог хийдэг хүмүүсийн давалгаа эхэлж байсан юм. Жишээ нь Zoella, Danisnotonfire, Jacksgap, Marcus Butler гэх зэрэг хүмүүсийн влогийг үзээд их шинэ зүйлүүдийг мэдэж авч бас дээрээс нь миний англи хэлний мэдлэгт ч их нэмэр болдог байсан юм. Тэд нарыг үзээд л яг ингэж бичлэг хийгээд, амьдралаасаа болон мэддэг чаддаг зүйлүүдээ хүмүүстэй хуваалцах юмсан гэж их боддог байсан. Гэхдээ яг тэр үедээ бэлэн биш байсан учраас бага багаар бэлдсээр байгаад л өнгөрсөн тавдугаар сард анхны бичлэгээ тавьсан юм.
YOLO: Влогууд чинь их сонирхолтой, мөн өсвөр үеийнхэнд нэлээн өгөөжтэй санагддаг. Санааг нь яаж бодож олдог вэ?
-Баярлалаа. Ер нь бол сонирхолтой, бас дээрээс нь хүнд хэрэгтэй бичлэг хийхийг зорьдог. Анх бичлэгээ хийж эхлэхээсээ өмнө хэрэгжүүлж болох санаануудын урт жагсаалт биччихсэн байсан. Тэгээд л хамгийн гайгүй гэсэн санааг нь сонгож аваад бичлэгээ хийж эхэлсэн юм. Манай дүү надад маш олон санаа дэвшүүлж, зөвлөгөө өгч, их тусалдаг. Одоо бол хүмүүс өөрсдөө санал тавиад, тийм бичлэг хийгээд өгөөч, ийм юмны талаар байвал ямар вэ? гэж асуудаг. Сонирхолтой санагдсаныг нь сонгож аваад л бичлэгээ хийж байна.
YOLO: Влог хийхээс өөр хобби бий юу?
-Би дуулах их дуртай. Бага сургуулиасаа найрал дуунд дуулсан. Заримдаа гэртээ дуртай дуугаа хальт дуулж бичиж өөрийгөө баясгадаг. Бас өвөрмөц орчинтой ресторан, кафе орж хоол болон амттанаас нь амтлаад зургийг нь дарах дуртай. Мөн жижигхэн дүүтэйгээ тоглох дуртай. Цэцгээр янз бүрийн зохиомж хийх дуртай. Маш гоё энергитэй ажил юм шиг санагддаг.
YOLO: Хэл сурах их сонирхолтой гэж сонссон. Нийт хэдэн хэл мэддэг вэ?
-Тийм ээ, хэл сурах ер нь миний хамгийн сайн хийж чаддаг зүйл юм шиг санагдаад байдаг. Одоогоор яг сайн ярьдаг хэл нь дөрөв, ойр зуур ойлгодог хэл нь хоёр .
YOLO: Яагаад гадаад хэлийг шимтэн суралцах болсон бэ?
-Шинэ хэл сурахаар миний өмнө шинэ ертөнц нээгдэж байгаа юм шиг санагддаг. Бичиг үсэггүй хүнийг ёгтолж "Харанхуй цээжтэй хүн" гэдэг гэж нэг газраас уншиж байсан юм . Яг түүн шиг, хэл усгүй байвал нэг тийм харанхуй орчинд амьдарч байгаа юм шиг санагддаг. Шинэ хэл сурах болгонд дэлхий ертөнц миний хувьд илүү уужуу том болж, илүү гэгээлэг болдог юм.
Гадаад хэл шимтэн суралцахыг хүсэж буй залуучуудад хэрэг болох Влог
YOLO: Одоо үед хүн бүр л гадаад хэлийг шимтэн суралцах гэж хичээх болсон. Хэл сурч буй залуучуудад зориулан зөвлөгөө өгвөл?
-Миний хэл сурахдаа барьдаг хамгийн гол зарчим бол сурч буй хэлээ заавал сурах ёстой зүйл гээд өөртөө тулгалгүй, хоббигоо болгож сурах юм. Тэгэх юм бол аяндаа сурах явц амархан болоод ирнэ.
YOLO: Япон улсаар аялж буй влог тань их хөгжилтэй санагдсан. Яагаад Япон улсыг зорих болсон бэ?
-Ер нь бол манай дүү амьдардаг учраас хамгийн анх ээж аавтайгаа Япон улсыг зорьж байсан. Надад бүх талаараа л таалагдсан учир дараа нь илүү ихийг үзье гэж бодоод дүүтэйгээ ярьж байгаад хөтөлбөр зохиогоод гуравдугаар сарын үед ирсэн. Япон улсад ирэх болгонд л их гоё сэтгэгдэл төрүүлдэг.
Түүний япон улсаар аялаж буй влог
YOLO: Монгол хүүхэд залуучууд Япон улсын соёл, хөгжлийг ихээхэн сонирхдог шүү дээ. Та тэдэнд зориулан Япон улсын давуу тал болон сул талаас дурьдаач.
-Япончууд маш хөдөлмөрч, дэг журмыг их баримталдаг, зорьсондоо хүрдэг нь надад их бахархууштай санагддаг. Сул тал нь гэвэл арай л давчуу, жижиг юм уу. Амьдарч буй байшингууд нь маш жижигхэн юм байна лээ. Тийм үед Монголынхоо уудам тал, сэрүүхэн салхиа их санагалздаг.
YOLO: Өмнө нь ямар ямар улсад амьдарч байсан бэ?
-Англи, Орос, Солонгос улсуудад амьдарч байсан. Сарын өмнө Японд амьдрахаар ирсэн.
YOLO: Аялж, амьдарч байсан орнуудаас тань хамгийн их сэтгэлд нийцсэн нь аль нь байсан бэ? Яагаад?
-Англи бол надад маш их зүйлийг ухааруулж заасан орон. Мөн бас дээрээс нь маш баялаг түүх, өв соёл, уран зохиолтой улс учраас би их дуртай байдаг. Сургуулиа төгсчихөөд би Лондон хотод хэдэн сар амьдрахад өдөр бүр л тэр хотын сайхныг гайхан биширдэг байлаа. Яг нэг тийм дэлхийн бүх үндэстний цугларах газар шиг. Лондонд бүх төрлийн хүнтэй учирч болох юм шиг санагдсан. Бас би ОХУ-д их дуртай. Зүгээр л бүх юм нь маш дотно санагддаг. Англид байхдаа бас дандаа л Оросуудтайгаа нийлдэг байсан. Оросын хаана ч очсон намайг тосоод авах хүн байх юм шиг санагдаад байдаг аа (инээв).
YOLO: Багынхаа мөрөөдлөөс хуваалцаач. Тэрхүү мөрөөдөл тань биелсэн үү?
-Би ер нь дандаа ээж аавыгаа бахархуулж баярлуулсан хүн болох юмсан гэж мөрөөддөг байсан. Ер нь хүн зорилго тавиад түүнийхээ төлөө хөдөлмөрлөөд явбал яваандаа заавал биеллээ олдог юм шиг санагддаг. Миний мөрөөдлүүд ч бага багаар биелээд байгаа юм шиг санагдаж байгаа.
YOLO: Шинийг сэтгэж мөн туршиж үзэх дуртай хүн шиг санагдсан. Ирээдүйд туршиж үзэхийг хүсдэг сонирхолтой зүйл чинь юу вэ?
Харин тиймээ. Шинэ зүйлийг туршиж, сонирхолтой амьдаръя гэж боддог. Удахгүй Фүжи уул авирна гээд төлөвлөчихсөн байгаа.
YOLO: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Ихэнхдээ дуу сонсонгоо дууны үг цээжлэх, эссе бичих, ханз бичих, зураг зурах, шинэ бичлэгний санаа/скрипт бичих зэргийг хийдэг. Ер нь ганцаараа байж юм хийх их дуртай. Заримдаа гадуур гараад л Токио хотын хүмүүсийн тийм ч их очоод байдаггүй гудамжаар алхаад л, шинэ газрууд нээж олох дуртай болчихоод байгаа.
YOLO: Дуртай дуунаасаа уншигчдад маань хуваалцаач
Mono no aware – Tokyo
Overlord - Clattanoia
7 Oops! - Lovers
Panic at the Disco - Death of the Bachelor
Paramore - Hard times
YOLO: Дуртай влог хөтөлдөг хүмүүсийнхээ тухай хуваалцаач
-Марзиа бол миний хамгийн дуртай влоггер. Бичлэгүүд нь цэгцтэй, гоё хэв маягтай, бас маш хөөрхөн. Үргэлж шинийг туршиж, бусадтай санал бодлоо хуваалцаж байдаг учраас Safiya Nygaard-г их үздэг. Philip Defranco маш түргэн шуурхай байдлаар сонирхолтой мэдээ хүргэдэг. Шинжлэх ухааныг амархан байдлаар тайлбарладаг ASAPScience. Танин мэдэхүйн бичлэг хийдэг crashcourse
YOLO: Уншигчдад маань хандаж үг хэлээч
-Уншиж буй хүмүүстээ хандаж хэлэхэд хүн ямар ч зорилго урдаа тавиад түүнийхээ төлөө тасралтгүй хөдөлмөрлөхөд заавал биелдэг юм шүү. Тийм учраас зорилгоо биелүүлж чадахгүй гэж эргэлзэлгүй, шантралгүй хичээгээрэй.
YOLO: Ярилцсанд тань баярлалаа.
Түүний влогийг цаг алдахгүй үзэхийг хүсвэл ЭНД даран “Subscribe” хийгээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх