Тархи ГАШИЛГАСАН 10 онол


М.Тэнгис | YOLO.MN
2018-07-17

Бидний бодит байдал хэмээн хүлээж авдаг бүхэн мөн чанартаа тийм ч энгийн, ойлгомжтой байдаггүй. Заримдаа үнэн гэж бодсон зүйлс худлаа болж таарах нь бий. Он удаан хугацааны турш философичид, шинжлэх ухаанч хүн бүрийн үнэн хэмээн итгэж, магадгүй хоосон итгэл бишрэлээр сүсэглэж асан зүйлсийг орвонгоор нь эргэтэл няцааж, эсвэл баталж ирсэн тэдний ертөнцийг тэс өөр нүдээр хардаг болгох, эс бөгөөс бодолд автуулам 10 онолыг сонирхуулъя

  1. Их мөстлөг

Их мөстлөгийн онол нь огторгуй ертөнц мөнхөд оршин байхгүйг батладаг. Огторгуй дахь дулааны энергийн нөөц хязгаартай. Уг онолын дагуу, бүх дулаан зарцуулагдаж дуусмагц бүхий л орчлон ертөнц мөстөж хөлдөх болно. Огторгуй дахь жижиг хэсгүүдийн хөдөлгөөнөөр дулааны энерги бий болж байдаг бөгөөд дулаан алдах байгалийн хуулийн дагуу нэг л өдөр дуусч, бүх зүйл зогсоно.

  1. Солипсизм

Солипсизм нь философийн онол бөгөөд, оюун ухаанаас өөр юу ч оршин байдаггүй хэмээдэг. Эхэндээ хөгжилтэй санагдах вий. Хэн хүрээлэн буй бодит орчлонг байдаггүй, байхгүй байсаар ч ирсэн гэж мэлзээд, зөвхөн миний ухаан л бодитой гэж зоригтой хэлж чадах бол?

Гэсэн хэдий ч, тийм байх тунчиг магадтай. Бид зүүд зүүдлээд, дараа нь бодит биш гэж боддог. Тэдгээр зүүднүүдийг бодит биш гэж хүлээж авах нь орчлон ертөнцийг ч бас бодит биш хэмээхтэй агаар нэг. Бага зэрэг ялгаатай мэт санагдах биз ээ, огтхон ч эргэлзэхийн аргагүй бодитой хүмүүс, эд зүйлс биднийг тойроод оршиж байна шүү дээ. Учир нь бид тэднийг харж, үнэрлэж, сонсч, амталж, хүрэлцэж чадна. Гэвч тийм, бас үгүй.

LSD /мансууруулах бодис/ хэрэглэсэн хүмүүст мөн адил эргэлзэхийн учиргүй бодит үзэгдлүүд үзэгддэг, харин бид зүгээр л хий юм харсанд тооцоод орхидог. Яг үнэндээ зүүд болон бодит байдлын хоорондох ялгааг тархи бараг л мэдэхгүй. Бодит байдлаас авдаг мэдрэхүй, зүүднээс авдаг мэдрэхүй хоёул тархины нэг хэсэгт боловсруулагддаг төдийгүй, эцсийн эцэст чиний харж байгаа бүхэн тархины аль нэгэн хэсгийн л үр дүн.  Тиймээс бидний бодит байдал хэмээн итгэдэг бүхэн тархины нэгэн томоохон зүүд байх онолын хувьд боломжтой. Улмаар оюун ухаанаас өөр юу ч бодит биш.

  1. Идеалист философи

Идеализмын эцэг гэгддэг Жорж Берклей, бүх зүйлс ухаан дотор идей хэлбэрээр оршдог хэмээсэн. /Идей – философийн нэр томьёо бөгөөд бодол санаа, ойлголт гэсэн утгатай/. Түүний онолыг нэг найз нь тэнэг, утгагүй гэж хүлээж авчээ. Бас нэгэн атаач эр Ж.Берклейг нүдээ аньсан байхад нь чулуу шидэж орхиод, “ингээд би няцаачихлаа” гэсэн түүх ч бий.

Хэрэв чулуу үнэхээр зөвхөн ухаан дотор нь идей маягаар байгаа юм бол, нүдээ аньчихсан байхад чулуу ирж онох учиргүй гэсэн аж л дээ. Ж.Берклейн няцаалт ойлгоход яггүй. Тэрбээр бүхнийг чадагч, хаа сайгүй бядан явагч Бурхан байдаг гэсэн бөгөөд тэр нь бүхнийг нэг дор харах чадвартай.

  1. Платон ба Логос

Дэлхийн түүхнээ хамгийн алдартай философич Платоны тухай хүн бүр л ямар нэг зүйл сонсч дуулсан байх нь бий. Бусад философичдын адилаар түүнд ч бас бодит байдлын тухай хэлэх зүйлс байсан юм.  Тэрбээр бидний бодит байдал хэмээн хүлээж авагч бүхний цаана тэдний “төгс” хэлбэрүүд оршдог гэсэн онол гаргасан юм. Бидний харж буй бүх зүйлс туйлын үнэн “төгс” тэр хэлбэрийнхээ ердөө тусгал, сүүдэр төдий ажээ. Тэр философид суралцана гэвээс ердөө тэр л “төгс” хэлбэрийн гялбааг барьж авах боломжоос цааш хэтрэхгүй гэж үзсэн.

Уг үзэл санаан дээр нэмээд дурьдахад, тэрбээр монист хүн байсан бөгөөд, бүх зүйлс цорын ганц бодисоос тогтдог гэсэн онол гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл алмаз эрдэнэ, эсвэл нохойн жогорхой бүгд нэгэн адил суурь материалыг өөр хэлбэрээр агуулдаг гэсэн утгатай. Харин энэ нь хожмоо атом, молекулын онол гарснаар батлагдсан билээ.

  1. Презентизм

Цаг хугацаа гэдэг хүмүүс бидний чухал ач холбогдол өгдөг зүйл мөнөөс мөн. Ихэвчлэн бид түүнийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт хуваадаг. Харин презентизм үүний эсрэг зогсдог агаад, өнгөрсөн болон ирээдүй нь зөвхөн төсөөллийн ойлголт төдийгүй “одоо” л бодит гэх үзэл онолыг баримталдаг.

Энэхүү нийтлэлийн үг үсэг бүр таныг унших хүртэл “оршихоо” хүлээн зогссоор байх болно. Гэгээн Августины хэлснээр ирээдүй зөвхөн төсөөллөөр амилж чадна, учир нь цаг хугацаа “болохоосоо” өмнө, эсвэл дараа орших боломжгүй.

  1. Этернализм

Этернализм нь презентизмийн онхи эсрэг зогсдог бөгөөд цаг хугацаа бол олон давхар бүтэцтэй гэсэн философийн онол юм. Бүх цаг хугацаа нэгэн зэрэг оршиж, урагшилсаар байдаг бөгөөд, түүнийг туулж яваа тухайн ажиглагчаас хэмжүүр нь шалтгаална.

Ийнхүү динозаврууд, Дэлхийн 2-р дайн, эсвэл Жастин Бибер бүгд нэгэн зэрэг оршиж байгаа бөгөөд ажиглагч хүний оршин байгаа цаг хугацаанаас бусад нь шалтгаалах болж байна. Хэсэгхэн хугацаанд этерналист байгаад үзвэл ирээдүй гэдэг юу болох нь аль хэдийнэ шийдэгдчихсэн, гэнэтийн бус эд болж хувираад, аливаа бүхний араас хэт их хүсч тэмүүлэхийн утгагүй санагдаж мэдэх юм.

  1. Шилэнд буй тархи

Шилэнд буй тархины тухай онол олон онолч, бодогч хүмүүсийн дунд маргаан мэтгэлцээн дагуулдаг. Тэдний дийлэнхи нь дараах өгүүлбэрт итгэдэг ажээ: хүний бодит байдлын тухай ойлголт түүний субьектив мэдрэмж, сэтгэгдлээс шууд хамааралтай.

Та өөрийгөө харь гарагийнхан, эсвэл галзуу шинжлэх ухаанчийн туршилтад хэрэглэгдэж буй шилэн доторх тархи гээд төсөөл дөө. Ямар ч мэдрэлийн эрхтэн үгүй, ердөө тархи л ажиллана. Тэгвэл хаана, чухам юу хийж яваагаа та буюу тэр тархи хэрхэн мэдэж, зураглах бол? Шилэн дотор байгаагаа мэдэж таних боломж тунчиг бага, тиймээс үнэн бодит байдлыг субьектив мэдрэмжээсээ шалтгаалан буруу ойлгох өндөр магадлалтай биш гэж үү?

Энэ туршилтын тухай хачирхалтай бодрол эцэстээ нэг л дүгнэлтэд хүрдэг: Бид өөрсдийн ухаанаас бусад юуг ч жинхэнээсээ байгаа эсэхийг баттай мэдэх боломжгүй. Тус онолыг үндэслэгч, нэрт математикч, философич Рене Декартын алдартай ишлэлийг дурьдвал: "Би бодож байна, тийм учраас л оршиж байна."

  1. Мултиверсийн онол

Элсэн цөлд сүүлийн 10 жилээ өнгөрүүлчихээгүй хүн бүр ядаж ганц удаа мултиверс эсвэл параллель ертөнц гэсэн үгсийг сонсч байсан байх учиртай. Бидний байгаатай усны дусал шиг адилхан хэдий ч зарим нэг жижиг хэсгээрээ ялгаатай ертөнцүүдийн тухай онол. Мултиверсийн онол ёсоор, тэдгээр олон ялгаатай бодит байдлууд хязгааргүй тоогоор зэрэгцэн оршиж байгаа.

Гол санаа нь юу юм бэ? Параллель нэгэн ертөнцөд та динозавруудыг алж устгачихаад газар доор амьдарч байж мэднэ. Бас нэгэн ертөнцөд хүчирхэг удирдагчийн дүрээр явж байх вий. Мөн эцэг эх хоёр чинь хоорондоо огтоос уулзалдаагүй ертөнцөд та төрөө ч үгүй байх боломжтой.

  1. Уран зөгнөлийн реализм

Энэ бол мултиверсийн онолын хамгийн гоё салаа мөчир. Супермен бол жинхэнэ. Тийм ээ, та нар арай өөр түүхийг сонгомоор байж мэдэх юм. За яахав, Харри Поттер ч бас жинхэнээсээ байдаг. Энэхүү салбарлаж үүссэн онол ёсоор, нэгэнтээ хязгааргүй олон адил ертөнцүүд оршдог учир энд байхгүй зүйл тэнд байж болно. Тиймээс бидний дуртай уран зөгнөлт зохиомол түүхүүд өөр нэгэн ертөнцийн бодит байдал агаад тэндээ амьдарсаар, үргэлжилсээр байх боломжийг үгүйсгэхгүй.

  1. Феноменализм

Та ширээн дээрх алимыг харж байгаад, яваад өглөө гэж төсөөлье. Ард хоцорсон тэр алим одоо хүртэл тэр янзаараа байсаар байгаа гэдгийг та яаж мэдэх юм бэ?

Шинжлэх ухаанчид болон философичид энэ асуудлыг маш нарийн судалж үзсэн бөгөөд  тэдний зарим нь хачирхалтай дүгнэлтэд хүрсэн байдаг. Тэр алим таныг харахаа болимогц үгүй болно. Ер бид аливаа зүйлийг хараагүй үед, тэд байхгүй болдог. Жинхэнэ феноменализм яг  ч ийм хялбархан биш.

Феноменалист философичид аливаа зүйлийг зөвхөн ухамсар доторх үзэгдэл маягаар оршдог гэж үздэг.  Ширээн дээрх алим таныг харж байгаа үед оршиж байна, та түүний оршихуйд эргэлзэхгүй. Харин та өөр тийш явж одвол, өөр хэн нэгэн ирж харилцтал тэр алим оршихоо болино. Хүртэхүйгээс ангид оршихуй гэж үгүй. Энэ бол феноменализмын үндэс юм.

Эх сурвалж: thinkinghumanity.com

#theory, #science