Хүний амьдралд тохиох нэгэн чухал мөч бол ахлах сургуулийн төгсөлт байдаг билээ. Үеийнхнээ манлайлж элсэлтийн ерөнхий шалгалтандаа математик, физик хичээлүүд дээр 800 оноо авсан Г.Энх-Амарын туршлагаас хуваалцъя.
YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?
- Сайн байна уу? Намайг Ганбатын Энх-Амар гэдэг. Улаанбаатар бүрэн дунд сургуулийн Булгамаа багштай 12б ангийг энэ жил төгссөн.
YOLO: ЭЕШ-ын ямар ямар шалгалтуудыг хэр амжилттайгаар өгсөн бэ?
- Математик, физик, англи хэлний хичээлүүдээр өгсөн. Үүнээс математик, физик хоёр дээр 800 авсан.
YOLO: Физик математик хоёр 800 гэхээр маш сайн оноог авчээ. Ийм үзүүлэлтэнд хүрэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
- Би бага байхын л байгалийн ухааны хичээлүүдэд сонирхолттой хүүхэд байсан. Сонирхолтой зүйлдээ цаг зав аяндаа гаргадаг юм билээ. Үүнээс гадна, ээж аав болон багш нар минь үргэлж урам өгч дэмжсэн.
YOLO: Олон хүүхдэд сонирхлоо дагах эсэх асуудал тулгардаг шүү дээ. Жишээлбэл: Тухайн хүүхдийн сонирхол юм янзлах угсрах байлаа гэхэд эцэг эх нь түүнийг өмгөөлөгч хуулийн хүн болох хэрэгтэй гэх ч юмуу.
- Хүн дор хаяж гурван хоббитой байх нь зүйтэй гэж боддог. Нэгээр нь өөрийгөө хөгжүүлж, нөгөөгөөр нь өөрийгөө зугаацуулж, гурав дахь хоббигоороо мөнгө олно. Жишээлбэл: Компьютер тоглож өөрийгөө зугаацуулаад, сагс тоглож бие биелдраа хөгжүүлээд, зураг авах сонирхолтой бол тэрийгээ мэргэжил болгох ч юмуу.
Харин өөрийгөө төлөвшөөгүй, бэлэн болоогүй гэж бодож байвал эцэг эхийнхээ үгийг дагах нь зүйтэй байх.
YOLO: Хүн болгоны сурах арга барил мэдээж өөр өөр байна. Харин өөрийн тань хувьд хичээлийг яаж хийвэл илүү үр дүнтэй вэ?
- Миний хувьд урдаа зорилго тавин, өөрт сонирхолтой болгож хийхийг илүүд үздэг. Би жирийн үед бодлого бодохдоо тухайн бодлогыг олон үйлдлээр бас цөөхөн үйлдлээр гээд байж бүх арга замаар зөв шийдийг олохыг эрмэлздэг. Ингэх нь надад шинэ томьёо зохиочихож ч магадгүй гэсэн хүсэл төрүүлдэг. Товчхондоо, нэг бодлогыг олон янзаар боддог.
YOLO: Өөрийн тань бодлоор шалгалтанд бэлдэхэд хамгийн чухал зүйл нь юу вэ?
- Шалгалтын урьд орой нь сууж бэлдэлгүй8 харин сайн амрах хэрэгтэй. Ердийн өдрүүдэд хичээлээ тогтмол давтаж, даалгавраа цаг тухай бүрт нь сайн хийсэн байхад шалгалтанд айж сандрах нь бага, анхаарал төвлөрөх нь илүү санагддаг. Өдөр болгон бэлтгэл хийж алдаанаасаа их зүйлийг суралцаж чадсан.
YOLO: Хүнд хичээл зүтгэл байхаас гадна бас тухайн хүний ген, юм ойлгох чадвар гэх мэт зүйлс хэр нөлөөтэй гэж бодож байна вэ?
- Хүний ген нь тодорхой түвшинд чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин үлдсэн бусад зүйлс хувь хүн биднээс хамаарах болохоор хичээл зүтгэл чухал юм. Миний бодлоор, хичээл зүтгэлээс гадна сурах хүсэл эрмэлзэл, хүний төлөвшил гэх зүйлс амжилтанд хүрэхэд том нөлөө үзүүлдэг.
YOLO: Давтамж, дадал зуршилгүйгээр амжилтыг бий болгоно гэж мэдээж байхгүй. Өөрт тань байдаг дадал зуршил юу байна?
- Эрүүл биетэй хүн хаана ч алзахгүй. Тийм болохоор би нойрыг л сайн авах хэрэгтэй гэж боддог. Энэ нь гэхдээ өдөр олон цагаар унтахын нэр биш. Ер нь 7:00 гэж сэрээд 23 цаг гээд л унтдаг.
YOLO: Энэ оноонд хүрэхэд сонгосон мэргэжил тань ихээхэн нөлөөлсөн биз. Ирээдүйн мэргэжил тань юу вэ? Яагаад үүнийг сонгох болов?
- Миний сонгосон мэргэжил бол онолын физикч болон нано инженер. Дунд ангид байхад найзтайгаа хамт шинжлэх ухааны шинэ нээлт, бүтээлиийг сонирхдог байсан. Физик, математикийнхаа хичээлүүд дээр янз бүрийн зүйлсийг судлаад хувьдаа л томьёо зохиож байсан. Үүнээс л энэ бүх зүйлд дуртай болж, дурлаж, дуртай зүйлээ сонирхол болгоод, сонирхлоо мэргэжил болгосон доо. Энгийн зүйлсээс л гайхамшиг эхлэдэг гэдгийг мэдсэн.
YOLO: Залуу үеийнхнийг ямар байгаасай гэж боддог вэ?
- Бусдад л зөв үлгэр дуурайлал болохуйц хүн байгаасай. Хүнд хамгийн ихээр хүчтэй нөлөөлөх зүйл нь ердөө л бие биендээ хандах байдал байдаг.
YOLO: Өөрийг тань чиглүүлдэг хүн хэн бэ?
- Мэдээж эцэг эх, багш байх. Эцэг эх маань надад итгэл өгөхөд өөрийн эрхгүй хариуцлагыг өөр дээрээ хүлээдэг юм билээ. Итгэлээр л өөрийгөө цэнэглэж байна даа.
YOLO: Арван жил, магадгүй хорин жилийн дараах Г.Энх-амар ямар хүн байх бол?
- Их сонирхолтой асуулт байна. Цаашдаа их зүйлсийг сурч арван таван жилийн дараа эх орондоо, өөрийн лабораторио байгуулчихсан, цагаан халаадтай, туршилт хийгээд, онолоо бичээд л сууж байна даа.
YOLO: Урмын үг болгож залуу үеийнхэндээ хандаж юуг хэлмээр байна вэ?
- Алдаа гаргана гэж айх хэрэггүй. Магадгүй алдаа гаргасандаа баярлах болно. Та алдаанаасаа суралцаж амьдралдаа хэр их зүйл бүтээж чадахаа мэдэхгүй. Оролдоод үз. Атаархлыг бий болго. Гэхдээ цагаан атаархлыг бий болгоорой. Хүнд жаахан ч гэсэн цагаахнаар атаархаж бай. Хар буруу санаж биш. Энэ хүн яаж энэ бүх зүйлийг хийсэн юм бол. Хэрвээ би ингээд хийчихвэл бас бүтэх л байх даа гэсэн бодлыг өөрсөддөө суулгаарай. Хүн хийчихсэн юм чинь би ч яахав дээ гэж бодолгүй өөрийн биеэр хийх гэсэн зүйлээ хийж, үр дүнгийн амтыг нь өөрөө мэдэр.
YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд сурлагын амжилт, сайн сайхныг хүсье.
- Баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх