Нохой таны нүүрний хувирлыг УНШИЖ ЧАДНА


М.Тэнгис | YOLO.MN
2018-07-02

Нохойд хүний нүүрний хувирлыг таньж, сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар байдаг ажээ. Жишээ нь, нохой толгойгоо зүүн тийш болговол тухайн хүний ууртай, айдастай эсвэл аз жаргалтай байгааг мэдэрсэн гэх бөгөөд харин гайхсан, цочирдсон хувирал олж үзвэл, ноход толгойгоо баруун тийш болгох хандлагатай байдаг байна. Мөн түүгээр зогсохгүй сэтгэл санаагаар гундуу яваа нэгнийг хараад нохойны зүрхний цохилт олширдог хэмээн Италийн Бари Алдо Морогийн Их сургууль (The University of Bari Aldo Moro)-ийн эрдэмтэд Маркело Синисалчи (Marcello Siniscalchi), Серенела Д’Ингио (Serenella d’Ingeo), Ангело Куаранта (Angelo Quaranta) нар хэлжээ. Хүн нохой хоёр хэрхэн холбогддог тухай хамгийн сүүлийн үеийн судалгаанууд “Learning and Behavio эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдээд байгаа бөгөөд нохой тархиныхаа өөр өөр хэсгүүдийг ашиглаж хүний сэтгэл хөдлөлийг таньдаг гэдгийг батласан туршилт үүнд багтсан байна.

Хүн төрөлхтөнтэй ойр дотно амьдарч ирснээр нохойнд хүмүүстэй хангалттай түвшинд харилцан ойлголцоход туслах чухал чадварууд бий болжээ. Сүүлийн үеийн судалгаагаар нохойны тархи хүний хоолойны өнгө, биеийн үнэр, байгаа байдал, нүүрний хувирал зэрэгт шингэсэн шинж тэмдгүүдийг таньж мэдэрч чаддагийг харуулаад байна.

Тус туршилтаар, эрдэмтэд хооллож буй 26 өөр нохойнд насанд хүрсэн хоёр хүний (нэг эрэгтэй, нэг эмэгтэй) нэг адил зургуудыг үзүүлж, хариу үйлдлийг нь ажиглажээ. Зургуудыг нохойны харааны түвшинд урьдчилан байрлуулсан ба, хүний үндсэн 6 сэтгэл хөдлөлийн аль нэгийг харуулсан байв: уур хилэн, айдас, аз жаргал, уйтгар гуниг, гайхшрал, дургүйцэл болон хэвийн байдал.

Ноход уур хилэн, айдас хүйдэс, эсвэл аз жаргал гэх мэт хүчтэй өдөөхүйц сэтгэл хөдлөл харуулсан зургуудад гайхалтай хариу үйлдэл үзүүлж, зүрхний цохилт нь өөрчлөгдөж байжээ. Мөн тэд зургийг харсныхаа дараа хоолоо үргэлжлүүлэн идэхдээ илүү удаан хугацаа зарцуулсан байна. Нохойны зүрхний цохилт өссөн нь тэд уг туршилтын үед их хэмжээний стресс (гадны нөлөө, дарамт) авсныг илтгэж байгаа аж.

Мөн төдийгүй ууртай, айдастай юмуу аз жаргалтай төрх үзүүлсэн зургуудыг хараад ноход толгойгоо зүүн тийш болгохыг эрмэлзэж байжээ. Харин гайхширсан дүр төрхийг хараад эсрэг зүгт болгож байсан, учир нь нохой илүү тайван, түгшүүргүй нүүрний хувирал хэмээн хүлээж авсан байх боломжтой. Улмаар энэ туршилт нь  хүний үндсэн сэтгэл хөдлөлүүдийг таних үед нохойны тархинд тэгш бус хэмт сэтгэл хөдлөл бий болдгийн баталгаа болов.

“Өдөөхүйц, цочрол өгөхүйц сөрөг сэтгэл хөдлөлүүдийг нохойны баруун тархи, харин илүү эерэг сэтгэл хөдлөлүүдийг зүүн тархи нь хариуцдаг бололтой” хэмээн эрдэмтэн Синисалчи хэлжээ.

Тус туршилт мөн нохойн дээр болон бусад хөхтөн амьтад дээр хийсэн бусад судалгааны үр дүнтэй нийцэж байгаа юм. Баруун тархи зүрх рүү симпатик мэдрэл дамжиж, цочроож өгөхөд чухал үүрэгтэй байдаг. Энэ бол тулалдах эсвэл зугтахыг шийддэг, амьд үлдэхэд чухал үүрэгтэй зан араншингийн хариу үйлдлийг удирддаг үндсэн эрхтэн юм.

Эх сурвалж: sciencedaily.com

 

#dog, #science