Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би ч бас мэргэжлээ сонгох гээд хэцүү л байна шүү дээ
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Би одоо 9-р ангийн сурагч болохоор улсын шалгалт дүн гээд санаа зовох зүйл их байна. Манай эгч одоо 12-р ангиа төгсөж байгаа, харин би 9-р ангиа гэсэн ч ээж аав маань надад биш манай эгчид тэгээд бүр эгчийн хонхны баярт нь санаа зовоод байгаа хэрнээ надад ерөөсөө анхаарал хандуулахгүй байна.
Уг нь би аав ээжийг зүгээр л намайг урсгалаар минь явуулаасай гэж хүсдэг л дээ надаас олон юм асуугаад байхгүй байх нь надад амар байдаг. Тэглээ ч гэсэн миний улсын шалгалт болсоныг хүртэл мэдэхгүй байна гэж бас байж болох уу? Надад ерөөсөө анхаарахгүй байна. 9-р ангид сүүлийн улирал их хэцүү байх юм аа, тэрийг нь ч аав ээж хоёр маань мэддэггүй. Мэргэжлээ сонгоод хичээлүүдээ мэргэжилдээ тулгуурлан сонгодог учраас би ээжтэй ярилцаж ямар мэргэжил сонгохоо ярилцаж үзсэн л дээ. Тэгтэл ээж надаас “Ямар хичээлдээ дуртай вэ?” гэж асуухад би “Дуртай хичээл байхгүй ээ” гээд хэлсэн чинь “За ер нь чи тогооч бол” гэж хэлээд л яваад өгсөн.
Би ч бас мэргэжлээ сонгох гээд хэцүү л байна шүү дээ, тэрийг ч мэдэхгүй тэгээд би мэргэжлийн хичээлүүдээ ч ганцаараа сонгосон. Ээж тогооч бол гэж хэлэхийнхээ оронд ядаж надтай жоохон ч болов ярилцаж ойлголцож "яагаад дуртай хичээл байхгүй байгаа юм бэ?" гэж асуусан ч болоосой, тэр зүгээр л орхиод явчихсан. Надад яг ямар асуудал байгаа вэ гэвэл та энийг уншаад ээжтэйгээ ярилцаад үз гэж хэлэх байх. Гэхдээ би ярилцаж чадахгүй ээ, би багаасаа л ичимхий хүүхэд байсан аав ээжийнхээ дэргэд нэг их үг яриад байдаггүй хэрнээ ангидаа бол үнэхээр их ярьдаг. Яагаад гэдгээ мэдэхгүй л юм... Бас ойрд ээж үргэлж л сонин сонин юм яриад миний уур хүрээд ээжтэй хэрэлдчих гээд байгаа болохоор их яриад баймааргүй байна би яах ёстой юм бэ? Та надад зөвлөгөө өгөөч гуйж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Намайг ярьсан ч тоохгүй гээд хүлээгээд л байвал юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ
Сайн уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээж дунд ангиа төгсөж ахлах ангид шилжин орох шилжилт амаргүй. Амьдралынхаа туршид ямар ажил хийх, ямар мэргэжилтэй болох, юунд сонирхолтой гэдгээ мэдэхэд цаг хугацаа шаардлагатай. Гэвч энэ бүхэн эцэг эхийн чинь хийх сонголт бус, чиний л хийх сонголт.
- Чи ямар хичээлд сонирхолтой байдаг,
- дэлхий дээр ямар ямар мэргэжлүүд байдаг (7000 гаруй мэргэжил бий),
- ойрын 10 жилд ямар мэргэжилүүд илүү эрэлт ихтэй байх,
- чиний өөрийн онцлог, чадвар юу болох гэх мэтийг чи өөрөө мэддэг байх
- үүнтэй тохирох ямар мэргэжлүүд байж болох вэ
гэх мэт маш олон хүчин зүйлсээс хамааран оновчтой шийдвэр гаргана шүү дээ. Энэ бүхнийг чи өөрөө мэддэг байх хэрэгтэй. Чи өөрөө сайн хэлж мэдэхгүй бол эцэг эх чинь чамд туслахад ч төвөгтэй байна шүү дээ. Тэгэхээр дараагийн удаа эцэг эхтэйгээ зөвлөлдөхөөр бол хэд хэдэн хувилбарууд санал болгоод яагаад вэ гэдгээ тайлбарлаж өгвөл тэдний хариулт ч гэсэн өөр байх болов уу. Мөн “тэд эгчийг л гэдэг”, “намайг ярьсан ч угаасаа тоохгүй” зэрэг бодлын алдаагаа даван туулахыг зөвлөе. Үнэхээр чиний хэлснээр тэд эгчийг гэдэг байж болно, тэгвэл яагаад? магадгүй эгч нь чамаас түрүүлж төгсөх гэж байгаа учир түүнд анхаарал илүү хэрэгтэй байгаа байх. Намайг ярьсан ч тоохгүй гээд хүлээгээд л байвал юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тиймээс зоригтой байж өөрийнхөө мэдэрч байгааг хэлж ойлгуулаарай. Хүн хэлэхэээс нааш гэдэг.
Эцэг эхдээ одоо байгаа байдлаа ойлгуулж чадвал бид чамайг эцэг эхтэйгээ хамт сэтгэл зүйн аль нэг төв дээр очин мэргэжил сонгох тест өгч өөрийн давуу тал, онцлог чанар, таарах мэргэжлүүд гэх мэт оновчтой мэдээллийг аваасай гэж зөвлөж байна. Хэрвээ чи англи хэлтэй бол интернетэд мэргэжил сонголтын маш олон үнэгүй тестүүд байгаа, тэдгээрийг ч хэрэглэж болно. Чамд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С.Цолмон
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх