Ш.Мөнхбаяр: Би СЭТГҮҮЛЧ мэргэжлийг сонгосон ч ДУУ ХӨГЖМӨӨ ХЭЗЭЭ Ч ОРХИХГҮЙ


Долоо хоног бүрийн Ням гарагт цэнхэр дэлгэцнээ биднийг уяж байсан “Voice of Mongolia шоу” ялагчаа тодруулаад долоо хоног өнгөрчээ. Жил орчим үргэлжилсэн энэхүү шоунд олон авьяаслаг залуучууд оролцсоноос ялагчийн шагналыг 17 настай өсвөр насны охин гардан авсан. Харин шоуны явцад шилдэг оролцогчдын дийлэнх нь өсвөр насныхан, залуучууд байсан нь шинэ үеийнхэн маань авьяаслаг, чадвартай, зоримог байгааг баталсан үйл явдал байлаа. Тэдгээр залуучууд дундаас дуулалт, хоолойноосоо гаргаж буй ая эгшиг бүрээрээ охидын зүрх сэтгэлийг уяраагч, ичимхий, эелдэг дөлгөөн ааштай Ш.Мөнхбаярыгаа энэ удаа ярилцлагынхаа зочноор урьсан юм. 

“Оддын өвчин битгий тусаарай. Ааш зан нь эвдрээгүй хүүхдээрээ байгаа энэ чигээрээ байгаарай. Цааш цаашид нь амжилт хүсье” гэсэн байсан. 

                                                                              Ш.Мөнхбаяр

 

YOLO.mn сайтын сэтгүүлч О.Оюун-Эрдэнэ болон VOICE шоуны оролцогч Ш.Мөнхбаяр

 

YOLOӨдрийн мэнд.  Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?
Намайг Шинэтуяагийн Мөнхбаяр гэдэг. 18 настай. СУИС-ын Радио телевиз, медиа урлагийн сургуулийн 1-р курсийн оюутан. Айлын том бөгөөд Дорнод аймагт төрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа СУИС-ын харьяа Бадмаараг ахлах сургуульд хөгжмийн ангиар төгссөн.

YOLOЯагаад сэтгүүлч мэргэжлээр суралцах болсон юм бэ? Өмнө нь дуучин болох талаар бодож байсан байх даа?
Дуучин давхар мэргэжил байж болох юм болов уу гэж бодсон. Ямартай ч ажилтай, мэргэжилтэй болъё гэсэн дүгнэлтээр сэтгүүлчийг сонгосон. Дууг бол мэдээж хэзээ ч орхихгүй. Дуутай уялдаа холбоотой, хоорондоо ойр байх бас илүү сонирхолтой байх ажил. Насаараа оффис өрөөнд ширээний ард суугаад тоо бодоод амьдрахаар уйтгартай гэж боддог. Арай илүү хүмүүстэй харилцаж, нийгмээс тасрахгүй, идэвхтэй байх юм болов уу гэж бодсон.

YOLOVoice шоунд орох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ? Чамайг орооч гэж хэн нэгэн зөвлөсөн үү?
Voice-ийн рекламыг нь үзээд эхлээд орохгүй гэж бодож байсан. “Чадахгүй байх” гэсэн айдас их байсан. Анх удаа зохиогдож байгаа том шоунд мэдээж маш олон хүн орно. Таньж мэддэг, биширч хүндэлдэг олон ч хүмүүс орж байсан. Тэгсээр байгаад бүртгэл нь дуусчихсан. “Ингээд л өнгөрсөн” гээд бодож байтал хаалтын шалгаруулалт нэмж зарлаад. Тэр үед нь  орсон. Хоёр хаалттай шалгаруулалтад ороод тэнцсэн гэсэн мэдээг 8-р сард сонссон.

YOLO“Blind audition” дээр чам дээр гурван шүүгч эргэж харсан шүү дээ. Гэхдээ яагаад Болд шүүгчийг сонгосон юм бэ?
Зурагтаар миний яриа гараагүй л дээ. “Blind audition”-д орохоос өмнөх хамгийн анхны ярилцлага байсан юм. Анхнаасаа л Болд ахыг сонгоно гэсэн бодолтой байснаа хэлсэн. Болд ахыг сонгосон учир нь Монгол поп гэсэн урсгалыг бий болгосон, адилхан эрэгтэй хүмүүс, дуулах төрөл, арга барил нь бага зэрэг ойролцоо байсан болохоор энэ хүнээс “Voice”-оор зогсохгүй  цаашдаа илүү их зүйл сураад, хөгжөөд явах боломжтой гэж бодсоны үндсэн дээр сонгоно гэж ярьсан.  

 

YOLOBattle дээр Билгүүнтэй өрсөлдсөн. Шоуны үеэрх ярилцлага дээрээ та хоёр бие биетэйгээ таарна гэдгээ мэдэж байсан тухайгаа ярьсан шүү дээ. Энэ талаар?
Билгүүн “Blind audition” дээр надаас таван хүний өмнө дуулсан. Дуулаад, тэнцээд Болд ахын багт орсон. Хэрвээ би Болд ахын багт орвол Билгүүнтэй таарна гэдгээ мэдэж байсан.  Нуулгүй хэлэхэд Билгүүнээс жаахан эмээсэн. Тэгээд ямартайч Болд ахынхаа багт оръё, үзээд алдъя гэж шийдсэн. Battle дуулалтын хувьд ялж, ялагдахын тухай яригдахгүй. Хоёулаа л бүх зүйлээ дайчилж хангалттай хэмжээнд үзүүлбэрээ үзүүлсэн. Бас бага зэргийн аз, од байсан байх.

YOLOБилгүүнээс яагаад эмээсэн гэж?

Дуулалт, чадвар, хоолойгоороо хүнийг татдаг увидас Билгүүнд байдаг. Би ч хүртэл сонсоод “Билгүүн шиг болох юмсан” гэсэн бодол байдаг байсан. Нас ч ойролцоо, дуулалт нь ч ойролцоо байсан болохоор таарна гэдгээ мэдэж байсан.

YOLOШүүгч чамайг сонгоход юу мэдрэгдэж байсан бэ?

Маш их хүссэн зүйлээ өөрийн болгоод авч байгаа тэр мэдрэмж үнэхээр гоё. Тэр үед би их уйлсан. Тэр нь зурагтаар гараагүй ч ер нь их уйлсан.

YOLOЖил орчим үргэлжилсэн шоунд нэг баг болсон багийнхантайгаа хэр найзууд болцгоосон бэ? Тэр дундаас хэнтэй нь илүү дотно болов?
Бүх багийнхан маш их цагийг хамтдаа өнгөрөөсөн. Манай баг бусад багийг бодвол арай илүү нийтэч хамт олон байсан байх. Бие биенийхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй. Тэр дундаас Бүжинлхам, Бямбахишиг, Сайнбилэг ах бид дөрөв  их нийлдэг байсан. Бэлтгэлээ ярьж байгаад хамтдаа хийдэг, орой нь Сайнаа ахаар хүргүүлдэг, хамт хоол ундаа иддэг. Манай баг их гоё баг байсан.

YOLOИх цаг хугацаа зарцуулсан гэж байна. 1-р курс гэхээр оюутан хүний хувьд бүх зүйл шинэ, суралцах зүйл их байсан байх. Хичээлээ яаж зохицуулж байв, цагаа яаж төлөвлөж байсан бэ?
Яг үнэнийг хэлэхэд хичээлээ жаахан хаясан. Түрүүлчих юмсан гэсэн бодол хүн бүрт л байдаг шүү дээ. Ямартай ч маш их хичээсэн. Зав гарвал хичээлдээ явахыг их эрмэлзсэн, шалгалт, бие даалтаа өгөөд дүнгүүдээ гаргаж байсан. Сургуулийнхан маань их дэмжсэн шүү.

YOLOЭнэхүү тэмцээнд ороод чиний амьдралд хэр өөрчлөлт гарсан бэ?
Voice-д ороод амьдралд маань их өөрчлөлт гарсан. Заавал тэмцээнд түрүүлж, ялагдахдаа биш хүмүүст өөрийгөө мэдүүлээд үлдээж байна гэдэг надад бол маш том зүйл. Гадуур хүмүүс бага зэрэг таньдаг болсноос гадна өөр олон зүйлийн үүд хаалга нээгдсэн. Бас Yolo.mn-д өсвөрийн сэтгүүлчээр ажиллахаар болсондоо мөн баяртай байгаа

YOLO Чамайг маш олон охид нийгмийн сүлжээгээр ч тэр, мессэж саналаар их дэмжсэн болох нь анзаарагдаж байсан. Бүр “Ихэнх охидын хатан нуруу нь Мөнхбаяр дээр хугарчээ” гэх үг хүртэл гарсан.
Хатан нуруу хугарсан гэдэг үг бол хаанаас гаралтайг би сайн мэдэхгүй байна. Ямартай ч нэг мэдэхэд гараад ирсэн. Олон хүн дэмжиж байсан нь мэдэгдэж байсан. Дан ганц охид бол биш байх. Юу гэмээр ч юм бэ дээ (инээв). Намайг дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа.

 

 

 

YOLOНайз охин байхгүй гэсэн. Ойрын үед үерхэх бодол байгаа юу? Охидоос хэр их захиа ирж байна.

Үгүй ээ. Захиа бол аваагүй ээ. Ер нь хүнтэй үерхэх бодол ойрын төлөвлөгөөнд алга байна. Гэхдээ зүрх сэтгэл маань, хэзээ, хаана, хэнд, яаж алдрахыг би таашгүй шүү дээ.

YOLOШинэ уран бүтээлийн төлөвлөгөө байгаа юу?
Дуу хуураас одоохондоо жаахан хөндийрөх бодолтой байна. Өөрийгөө боловсруулъя, ахиж, дэвшье, илүү олон зүйл сурч мэдье. Тэртэй тэргүй надад нас байна. Ямартай ч шинэ уран бүтээлийн санаа бол алга.

YOLOЯмар төрлийн дуу сонсдог вэ? Дуртай уран бүтээлчээсээ хуваалцаач. Миний ажигласнаар Ариане Грандийн фен юм шиг байна тийм үү?
Тиймээ Ариана Грандийг сонсдог. Намуухан дуу илүү их сонсдог. Хэмнэлтэй дуу сонсоод байдаггүй. Илүү уянгын, аялгуулаг дуу сонсохыг эрмэлздэг. Дууныхаа жагсаалтыг тийм ч их шинэчлээд байдаггүй. Яг сонсдог хорин дуу байлаа гэхэд тэрийгээ сонсоод л байж байдаг. Дуртай хэдэн дуутай тэднээсээ салж хагацаж чаддаггүй. Ер нь таалагдсанаа л сонсдог доо. 

 

 

Түүний дуртай дуу...

 

YOLOДуртай дуучин гэснээс танай гэрээс дуулдаг, дуучин хүн байдаг уу?
Байхгүй ээ. Би анхных нь. Багаасаа л ах, эгч нарыгаа дагаад зохиолын дуу сонсдог байлаа. Жавхланг хүртэл сонсдог байснаа юуг нь нуухав (инээв). Жавхлангийн тоглолтыг багадаа үзээд гоё л санагддаг байсан. Дуучин болъё гэж  8-р ангиасаа хойш шийдчихсэн байсан юм. Гэхдээ давхар мэргэжилтэй байх нь зүгээр юм байна гэж бодоод дуулаачаар сураагүй. Цэцэрлэгийнхээ ахлах бүлэгт байх үедээ дуулж байсан зураг байдаг. Тэгэхээр тэр үеэс л эхэлж дуулж эхэлсэн дээ.

YOLOЧөлөөт цагаараа юу хийдэг вэ? 
Гитар, төгөлдөр хуур тоглодог. Бас дота тоглоно. Ихэнхдээ амарч л өнгөрөөдөг дөө.

YOLOХүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач?
Бүжиглэдэг байсан. Цэцэрлэгт байхдаа жаахан дуулж байгаад, бүжиглээд, буцаад дуулсан. Цэнгээнт бүжиг бүжиглэдэг жижигхэн хөөрхөн бондгор улаан хацартай хүү байлаа.

YOLOИрээдүйн зорилго, мөрөөдөл чинь юу вэ?

Элэг бүтэн амьдрал. Тийм л зүйлийг мөрөөддөг. Хүнээс илүү гарахгүй, хүнээс дор орохгүй.

 




YOLOVoice-ийн талаар үзэгчдийн мэдэхгүй сонирхолтой баримт байвал хуваалцаач?
Сүүлд Монгол телевизийн захирал Номин эгч өөрийн постон дээр “Бид нэг цагийн live шоу хийхийн тулд бэлтгэлийн 50 цаг зарцуулдаг” гэж бичсэн байсан. Нэг live шоунд орохынхоо өмнөх долоо хоногт бид нар өдөржин, шөнөжин бэлддэг. Биднээс бүх сэтгэл зүрхээ Voice-доо зарцуулахыг шаарддаг, бэлтгэл маш их. Хамгийн их бэлдсэн шат нь 3-р шат. Олон цагийг багийнхантайгаа, шүүгч, дасгалжуулагчтайгаа хамт өнгөрөөж байгаа болохоор их дасдаг. Хасагдсаны дараа хүүхдийн зуслангаас ирэхээр чих чив чимээгүй болоод юу хийх билээ гэж боддог доо яг тийм мэдрэмж авсан. Гэр бүлийн шоу гэдэг утгаараа хүмүүсийг нэгтгэж чаддаг.

YOLOМаш олон урмын үгс үзэгчдээс авсан байх. Тэр дундаас хамгийн сэтгэлд хүрсэн үгнээс хуваалцаач?
“Оддын өвчин битгий тусаарай. Ааш зан нь эвдрээгүй хүүхдээрээ байгаа энэ чигээрээ байгаарай. Цааш цаашид нь амжилт хүсье” гэсэн байсан.

YOLOЯрилцсанд маш их баярлалаа.
Баярлалаа. wink

 

#Voice #Teenager #Celebrity