ЗАХИДАЛ: Хэрхэн САЙН АНГИЙН ДАРГА байж, ангийн хүүхдүүдээ НЭГДМЭЛ болгох вэ?


ССҮТөв | YOLO.MN
2018-05-08

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Сурах ямар ч идэвхи чармайлт хүсэл зорилгогүй юм шиг санагдах юм

Түүнээсээ болдог уу бүү мэд нэг анги байж нэгнийгээ дэмжиж хүндлэх гэдэг зүйл огт байхгүй. 

Сайн байна уу? Би арван жилийн сургуулийн ахлах ангийн сурагч юм л даа. Би ангийнхаа ангийн дарга. Гэвч ангийнхан маань ихэнхи нь багаасаа сурсан хүүхдүүд биш ихэвчлэн 1, 2 жилийн өмнөөс манай ангид орж ирсэн сурагчид байдаг юм. Түүнээсээ болдог уу бүү мэд нэг анги байж нэгнийгээ дэмжиж хүндлэх гэдэг зүйл огт байхгүй. Сурах ямар ч идэвхи чармайлт хүсэл зорилгогүй юм шиг санагдах юм. Хэрхэн сайн ангийн дарга байх вэ? Юу хийвэл ангийнхан минь илүү дотно нэгдмэл болж чадах бол? Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Чи бусдаас илүү нэгнийгээ ойлгохыг хичээдэг байх хэрэгтэй шүү

Ангийхантайгаа цагийг зугаатай болон хоорондоо илүү ойрхон өнгөрөөх үйл ажиллагаанууд зохион байгуулаад үүний дараа уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаад үзээрэй. 

Сайн байна уу? Чамд захиагаа уншиж буй өдрийн мэнд хүргэе.

Юуны түрүүнд чамд бусдыгаа манлайлж, чиглүүлж, удирдах чадвар бий гэдгийг багш чинь ч бай хэн нэгэн харсан учраас чи ангийн дарга болсон байх гэж бодож байна. Тэгэхээр чамд нөөц боломж бий гэдэгт итгээрэй.

Чиний зөв, нэг ангийн сурагчид нэгдмэл бие биенээ гэсэн сэтгэлтэй, нэг баг байж чаддаг байх хэрэгтэй. Олон өөр хүүхдүүдийн дундаас, олон өөр орчноос нэг орчинд нэгдэж байгаа учраас хүн болгонд дасахад хэсэг хугацаа шаардагддаг. Харин ангийн дарга түүнийг дэмжихэд л хангалттай. Чи бусдаас илүү нэгнийгээ ойлгохыг хичээдэг байх хэрэгтэй шүү. Ангийхантайгаа цагийг зугаатай болон хоорондоо илүү ойрхон өнгөрөөх үйл ажиллагаанууд зохион байгуулаад үүний дараа уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаад үзээрэй. Хамтдаа ямар нэг зүйл хийсний дараа дурсамж, нөхөрлөл, ойлголцол, итгэл бий болдог. Мөн ямар ч уулзалт, үйл явдал болсон хүн болгоныг тодорхой үүрэгтэй, дүртэй байлгахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ нэг эрсдэл бол хүн болгон оролцохгүй байх эсвэл чамайг дэмжихгүй байх тохиолдол гардаг учраас битгий шантраарай. Мөн чи хийж чадах зүйлсээ хийгээд ч үр дүн гарахгүй байвал өөрийгөө үүнд буруутгаж сэтгэлээр унах хэрэггүй, тэднийг өөрсдийнх нь ямар байхыг хүсч байна тэр хэвэнд нь орхиорой. Ингээд чамд амжилт хүсье. 

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
А.Одонтуяа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Prefect #Children # Collectivity