Гараа угаагаарай


А.Ихсанаа | YOLO.MN
2018-05-04

Өнөөдөр тохиож буй "Дэлхийн гар угаах өдөр-2018"-ийг "Амь насыг АВАРНА" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Дэлхий дээрх тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог суулгалт болон амьсгалын замын өвчин нь бохир гараар дамжин халдварладаг бөгөөд жил бүр 2,2 сая гаруй хүүхэд эдгээр өвчлөлүүдийн  улмаас нас барж байна.

Суулгалт халдварыг үүсгэгч эмгэг төрүүлэгч нянгууд нь хүний ялгадсаар бохирдсон гар, бохир ус, угаагаагүй хүнсний ногоо, сав суулга, хувцсаар дамжин халдварладаг.

Энэхүү суулгалт халдвараас гадна хүн амын дунд элбэг тохиолддог халдварт өвчин болох:

- ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчнүүд,
- вируст гепатит А, Е,
- цусан суулга, вирусийн гаралтай суулгалт халдварууд,
- балнад, иж балнад,
- булчин задрах тахал,
- хоолны хордлого,
- бэтэг,
- цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь, халдварт бус өвчин үүсгэгч химийн бохирдлын тодорхой хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна.

Бага насны хүүхдүүдийн өвчин эндэгдлийн голлох шалтгаан болсон дээрх өвчнүүдээс сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөр арга бол гараа савандаж угаах явдал юм.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхий дахины анхаарлын төвд байж, олон мянган хүний аминд хүрсэн Эбола болон бусад халдваруудаас өөрийгөө болон бусад хүмүүсийг урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь гараа савандаж угаах болохыг Эбола вируст халдвар бүртгэгдэж буй улс орнуудад ажилласан эмч, эмнэлгийн ажилтнууд нь нийт хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст гараа хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг тогтмол өгч, сургалт, сурталчилгаа хийж, зөв дадал хэвшилд суралцахыг зөвлөж, уриалсан байна.

Хүн бүр гараа ямар нэг хэмжээгээр угаадаг боловч маш цөөхөн хувь нь л гараа тогтмол савандаж угаадаг байна.

Угаалгүй 6 цаг болсон гарт 10х107–ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин цөөрдөг байна.

Гараа тогтмол савандаж угааснаар:

- суулгалт халдвараар өвдөх эрсдэлийг 31 хувиар,
- дархлалын систем суларснаас суулгалт халдвараар өвчлөх эрсдэлийг 58 хувиар,
- ханиад, томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлийг 21 хувиар тус тус бууруулах боломжтой гэж үздэг.

Түүнчлэн гараа савандаж угаах нь арьсны өвчнүүд, трахома зэрэг нүдний өвчин, хялгасан болон туузан хорхойн өвчнүүдээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг байна.

Хэрэв гараа савандаж угаах дадлыг хүн бүр эзэмшиж, ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал бохир гараар дамждаг олон өвчнөөр бид өвдөхгүй байх бүрэн боломжтой төдийгүй гараа савандаж угааснаар гурван хүүхэд тутмын нэг нь суулгалт халдвараас, зургаан хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын халдварт өвчин болох уушгины үрэвсэлт өвчнөөс өөрийгөө сэргийлэх боломжтой.

Гараа савандаж угаах хэвшлийг илүү олон хүнд төлөвшүүлснээр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг багасгахад тодорхой хувь нэмэр оруулах болно.

#Wash #Hand #Teenagers