Холливудын кино ертөнцөд цойлон гарч ирж байгаа залуу эмэгтэй жүжигчин бол Хлое Грейс Моретц юм. Мөн тэрээр өсвөр насны од Бруклин Бекхэмтэй болзож байгаа гэдгээрээ сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа. Эршүүд ч гэлээ ялдамхан, дэггүй бүсгүйн ертөнцөөр хамтдаа аялцгаая.
A photo posted by Chloe Grace Moretz (@chloegmoretz) on
Түүний эршүүд зан ОЛОН АХТАЙ өссөнтэй нь холбоотой
Тэрээр өөрийгөө Хлое Грейс гэж дуудуулах дуртай. Америкийн залуу жүжигчин Хлое Моретц 1997 оны хоёрдугаар сарын 10-нд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод мэндэлжээ.
Хлоегийн аав МакКой Моретц гоо сайхны мэс засалч харин түүний ээж Тери Моретц сувилагчийн мэргэжилтэй. Тэрээр дээрээ Брендон, Тревор, Колин, Итан гэх дөрвөн ахтай.
Түүний ах Тревор Нью- Йорк хотын Professional Performing Art School (Жүжгийн Урлагийн мэргэжлийн сургууль)-д тэнцэж, Хлое ээж ах хоёртойгоо Нью-Йорк хот руу нүүснээр түүний жүжигчин болох эхлэл тавигджээ.
Тавхан настай Хлое ахынхаа хичээлд туслан ахтайгаа хамт кино жүжгийн хэсгүүдээс уншин хамтдаа жүжиглэдэг байв. Тревор ч түүнд сургууль дээрээ сурсан зүйлсээ харамгүй зааж өгдөг байж.
Хлоед энэ нь ямар их таалагдаж түүнд ямар их баяр баяслыг авчирч байгааг анзаарсан аав ээж нь түүний энэ сонирхлыг дэмжихээр шийдэж, охиноо дагуулж жүжигчний шалгаруулалтуудад дагуулж явдаг болсон байна.
Одоог хүртэл Хлоег буруу зүйл хийсэн тохиолдолд ээж аав нь түүнийг гэрийн хорионд байлгаж шийтгэдэг гэнэ.
Тэрээр сургуульд яваагүй бөгөөд гэрээр сурч ахлах сургуулиа төгсчээ. Хлое гимнастик, балет, сагсан бөмбөг, усан сэлэлтээр хичээллэдэг.
Кино ертөнцийн гараа
Түүний ах Тревор нэг ёсондоо түүний жүжиглэх урлагийн багш болж 2004 онд Хлое CBS телевизийн “The Guardian” олон ангит киноны хоёр ангид нь тоглож анхны дүрээ бүтээжээ. Удалгүй “Heart of the Beholder” нэртэй анхны бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон байна. Гэхдээ түүнийг олонд таниулсан дүр бол яахын аргагүй 2005 онд гарсан “The Amityville Horror” аймшгийн кино юм.
Наймхан настай охины жүжиглэх авьяасыг кино шүүмжлэгчид үнэлж, тэрээр анх удаагаа Young Artist Award (Шилдэг Залуу Жүжигчний шагнал)-д нэр дэвшжээ. Киноны нээлтийг тохиолдуулж Хлое бусад жүжигчидтэй улаан хивсний ёслолд оролцсон ч тус кинонд насны хязгаар заасан байсан учир киногоо үзэж чадаагүй юм.
“The Amityville Horror” киноны араас тэрээр “Big Momma’s House”, “Desperate Housewives”, “Dirty Sexy Money” зэрэг кинонуудад тоглож “My friends Tigger and Pooh” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан юм.
Амжилт авчирсан “ӨГЗӨГ ӨШИГЛӨГЧ” кино
2010 онд Хлоегийн тоглосон “Kick-Ass” кино нээлтээ хийсэн нь чамгүй амжилт олсон юм. Нэр ижил комик номноос сэдэвлэсэн уг кинонд Хлое хүйтэн болон галт зэвсгийг бүрэн эзэмшиж тулааны урлагаар мэргэшсэн Hit- Girl хочтой охины дүрийг бүтээсэн.
Кино зураг авалт эхлэхээс гурван сарын өмнөөс 12-хон настай Хлое Моретц алдарт жүжигчин Жеки Чаны stunt team (киноны аюултай үзүүлбэрүүдийг хийдэг баг)–тай бэлтгэл хийсэн бөгөөд кинон дээр гардаг ихэнх осолтой үзүүлбэрүүдийг өөрийн биеэр хийж байжээ. Кино шүүмжлэгчид “Kick- Ass” кинонд хамгийн муу үнэлгээг тавьсан ч Хлое Моретцийн жүжиглэх чадварыг онцлон магтаж байсан юм.
2010 онд түүний тоглосон бас нэг кино нээлтээ хийсэн нь “Let Me In” юм. Хлое уг кинонд Эбби хэмээх 12 настай цус сорогчийн дүрд тоглосон бөгөөд Хлое 2010 оны Хамгийн завгүй эмэгтэй жүжигчин хэмээх нэрийг зүүжээ.
2011 онд инээдмийн “Hick”, гэмт хэргийн “Texas Killing Fields”, адал явдалт түүхийн “Hugo” зэрэг кинонуудад тоглосон бөгөөд “Hugo” киноны найруулагч алдарт найруулагч дүрд зөвхөн англи жүжигчин авна гэсэн байсан учир Хлое шалгаруулалтын эхнээс дуустал англи аялгаар ярьж өөрийгөө англи гэж итгүүлэн нэртэй найруулагч болон бусад кино багийнхныг “хуурч” чаджээ.
Мөн 2012 онд Тим Бёртоны найруулсан “Dark Shadows” инээдмийн кинонд алдарт жүжигчид болох Жонни Деппийн хамт тоглосон бол 2013 онд тэрээр “Kick-Ass 2” кинонд болон Америкийн алдарт зохиолч Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн “Carrie” кинонд юмсыг алсын зайнаас удирдах чадвартай Кэрри Уайт охины дүрд тоглосон. Тэрээр тус кинонд түүний ээжийн дүрд тоглосон жүжигчин Жуллианн Мурыг хоёр дахь ээж шигээ бодож түүнээс үлгэр жишээ авдаг талаараа байнга дурддаг.
2014 онд тэрээр дөрвөн ч кинонд тоглосон юм. Жүжигчин Кира Найтлигийн хамт “Laggies”, жүжигчин Жульетт Бинош, Кристен Стюарт нарын хамт “Sils Maria”, жүжигчин Дензел Вашингтоны хамт “ The Equalizer”, “ If I Stay” зэрэг кинонуудад тогложээ.
2016 онд буюу саяхан Хлоегийн тоглосон “5th Wave” кино нээлтээ хийж манай кинотеатруудаар гарсан.
Хлое анх 7 настайдаа кинонд тоглосноосоо хойш дэлгэцээс буулгүй, үзэгчдийн нүдэн дээр өссөн гэж хэлж болно. Ямар ч жүжигчин түүн шиг дөнгөж 19 насандаа 30 гаруй кинонд тоглож, нэртэй олон найруулагч жүжигчидтэй хамтран ажиллахыг хүсэх байсан.
Багаасаа киноны нээлт, улаан хивсний ёслол, олон янзын арга хэмжээнд оролцох болсон Хлоег түүний эцэг эх болон Тревор ах нь байнга дагалдаж явсаар ирсэн байна. Түүний хэлснээр ах нар нь түүнийг байнга хамгаалж, эцэг эх нь түүнийг дагалдаж явах боломжгүй үед нь ах нарынх нэг нь заавал түүнийг дагаж явдаг гэнэ.
Тэрээр кинонд тоглохдоо ихэнх аюултай үзэгдлүүдийг өөрөө хийдэг. Түүний хэлснээр бусдын хийж чадаж байгаа зүйлсийг яагаад би хийж чадахгүй гэж гэсэн зарчмыг баримталдаг.
Хлое хөөрхөн, гэмгүй, дунд сургуулийн од охины дүр бүтээхийг хүсдэггүй өөрийгөө янз бүрийн дүрд туршихыг хүсдэг талаараа ярьж байсан юм. Нээрээ ч түүний тоглосон дүрүүдийг харж байхад тэрээр ихэнхдээ биеэ даасан, хүчирхэг, өөрийн гэсэн бодолтой охидын дүрд тоглосон байдаг. Тэрээр “The Hunger Games” киноны гол дүр болох Кэтнисс Эвердины дүрд шалгуулсан ч түүнийг хэтэрхий жоохон хэмээн үзэж татгалзсан байна.
Найз нөхөд ба урвалт
Тэрээр багаасаа найзалсан цөөхөн хэдэн найзтай бөгөөд найзуудынхаа хүрээг тэлэх тал дээр маш болгоомжтой ханддаг гэнэ. Ихэнхдээ шинэ танилууд нь түүний урмыг хугалж байсан хэмээн ярьжээ. Хлое болон түүний найзууд шинээр танил болсон нэгийгээ шалгах нэг “арга”-тай гэнэ. Хлое найзуудтайгаа нийлэн шинэхэн танилдаа өөртэй нь тохиолдсон хэмээн худал түүх ярьж өгөн хэнд ч хэлэхгүй байхыг анхааруулдаг байна. Ингээд тэр түүх маргааш нь бүх шар сонин хэвлэлүүдээр гараагүй байвал шинэ найз нь үнэхээр итгэж болохоор хүн юм байна гэж дүгнэдэг аж.
Загварын ертөнц ба насандаа тохирсон төрх
Анхны дэлгэцийн дүрээрээ олонд танигдсанаас хойш түүний зураг загварын сэтгүүлүүдийн нүүрнээс салахгүй байгаа гэхэд хилсдэхгүй тэдний дотор TeenVogue, InStyle, Nylon, Glamour, Seventeen, W, Interview, Jalouse гэх мэт алдартай сэтгүүлүүд багтана.
Тэрээр наснаасаа эгчмэд харагдахыг хүсдэггүй. Үүнийгээ ч хувцаслалтаараа байнга баталж байдаг. Тэрээр албан ёсны арга хэмжээнд хоорондоо зохицохгүй гэмээр хувцаснуудыг сонгодог. Энэ нь түүнийг бусдаас онцгой харагдуулахаас гадна түүний эрч хүч, өөртөө итгэлтэй байдал, цог золбоог нь улам тодруулж өгдөг. Хлоед хувцсаа сонгоход нь мэдээж түүний ээж болон стилист тусалдаг. Make-up хувьд баяр ёслол ч тэр зүгээр үедээ ч тэрээр насандаа тохирсон энгийн байхыг эрмэлздэг.
Хувийн амьдрал ба НАЙЗ ХӨВГҮҮН
Түүнийг багын найз дуучин Грейсон Чэнс, жүжигчин Жимми Бенетт ( The Amityville Horror), жүжигчин Женсен Панеттьер, Колин Форд (We Bought A Zoo), Берти Гилберт (Harry Potter and Deathly Hallows: Part 2) зэрэг хөвгүүдтэй холбож байсан. 2013 оноос 2014 он хүртэл тэрээр жүжигчин Камерон Фуллэртэй үерхэн хамтдаа зугаалж сошиалд зургуудаа постлон төгс хосууд мэт байсан ч жил хагасын дараа салжээ.
2014 онд Хлое хөл бөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү Бруклинтэй хэдэн сарын турш чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөж, скейтээр гулгаж, хамтдаа концерт үзэж өөрсдийгөө сайн найзууд хэмээн зарлаж байсан. Гэсэн хэдий ч төд удалгүй Хлое өөр нэг хөвгүүнтэй хөтлөлцөн явж харагдсан нь Бруклин Хлое хоёр нээрээ л зүгээр найзууд бололтой гэсэн таамаг болоод үлдсэн. Тэгвэл Хлое Бруклин хоёр саяхнаас эхлэн зүгээр найзууд гэсэн статусаа больж жинхэнэ хосууд болсон бололтой. Үүнийг тэдний Instagram-д постлосон зургуудаас нь харж болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх