Ангийнхаа найзад 50 жилийн дараа бөөрөө бэлэглэжээ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-04-19

Чарль Болл, Кеннет Уолкер нар 50 жилийн өмнө нэг сургуульд сурч байсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хоёр өөр эрэг дээр амьдардаг. Гэсэн хэдий ч энэ их хугацаа, тэр хол зайнаас үл хамааран ангийн найзууд одоо сургуулийн дурсамжаас гадна нэг ижил бөөртэй болжээ.

Тэд 1969 онд Вашингтон дахь Керролл хамбын ахлах сургуулийг төгссөн аж. Хамгийн сонирхолтой нь тухайн үед тэд бие биетэйгээ бараг харилцдаггүй байсан бөгөөд өнөөдрийг хүртэл ямар ч холбоогүй байсан юм байна.

Харин Уолкер өвчний улмаас бөөр хэрэгтэй болсон тухайгаа ангийнхандаа цахим шуудангаар илгээж, Болл хариу бичсэн аж. Болл түүнд бичсэн зурвастаа “Хэрвээ тохирч байвал би бөөрөө бэлэглэхэд бэлэн байна” гэжээ.

Ингээд тэд өнгөрсөн хугацаанд бүх зүйлийг бэлтгэж, сая хагалгаандаа орсон аж. Үүний өмнө гуравдугаар сард хөвгүүд ангийнхантайгаа уулзаж, өнгөрсөн түүхээ ярилцжээ. Харин одоо тэд Жорж Вашингтоны их сургуулийн эмнэлэгт хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Өмнөд Африкт ажиллаж байхдаа Уолкерийн биеийн байдал мууджээ. Гэвч эмч нар түүнийг буруу оношилж, буруу эмчилгээ бичиж өгсөн учраас жил хагасын өмнө АНУ-д буцаж ирэхдээ биеийн байдал нь улам дордсон байна.

Тэд дунд сургуульд байхдаа. Зүүн гар талаас Чарли Болл, Кеннет Уолкер

Тиймээс бөөрөө солиулахаас өөр арга үлдээгүй болохоор бөөрний донор хайсан жагсаалт бүхэнд нэрээ бүртгүүлжээ. Харин ангийнх нь өөр нэг хүүхэд түүнд "Сургуулийнхнаасаа асуугаад үзээч" гэж зөвлөсөн аж.

Ингээд л Уолкер сургуулийнхандаа хандаж "Амьдрал бэлэглээч" гэсэн гарчигтай зурвас бичжээ.

Зурваст "Үнэндээ миний та бүхнээс гуйж буй зүйл бараг л боломжгүй юм. Боломжтой бол та бүхэн надад бөөр олж, амьдралаа үргэлжлүүлэхэд туслаарай" гэсэн аж.

Үүнийхээ дараа тэрээр бөөрний донор олоход ямар түвэгтэй байдгийг тайлбарлаад хэрвээ туслах боломжгүй бол бүрэн ойлгоно, гэхдээ энэ түүхийг бусадтай хуваалцаж, хүмүүст мэдүүлэхийг хүсчээ.

Тэрээр зурвастаа "Та бүхэн нас барсныхаа дараа донор болох тухай бодож үзээрэй. Бас миний түүхийг таньдаг хүмүүстэйгээ хуваалцаж тус болохыг хүсэж байна. Ядаж хүмүүст бөөрний донор ямар чухал болохыг ойлгуулахыг хүссэн юм" гэжээ.

Зурвас бичээд 15 минут болоогүй байхад Болл түүнд хариу бичсэн аж. Тэрээр "Би чамайг хүссэндээ хүрээсэй гэж залбирч байна. Яг одоо эмнэлэг рүү ярьж, цаг авлаа" гэсэн аж.

Харин энэ хариу Уолкерийг бүрэн гайхшруулжээ. Тэрээр "Шууд ийм хариу авна гэдэг дэндүү гайхмаар зүйл юм л даа. Би л хувьдаа энэ хүн чинь яачихсан юм бэ?" гэж бодсон хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа дурдсан аж.

Хэдийгээр эмч нар 60 болон түүнээс өндөр настай хүмүүсийг донор болохыг зөвшөөрдөггүй хэдий ч Боллын эрүүл мэнд тун сайн байсан учраас мэс засал хийхээр болжээ.

Ингээд Болл олон удаагийн шинжилгээ өгч бөөр нь эрүүл болон Уолкерт тохирох эсэхийг мэдэж авсан аж. Одоо тэд эмнэлэгт хагалгааны дараах эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр эмнэлгээс гарцгаах юм байна.

Болл "Олон сонин зүйлс тохиолдож байдаг. Гэхдээ би тохиолдол биш харин гайхамшиг байдаг гэдэгт итгэдэг. Би найздаа биеийнхээ хэсгээс л бэлэглэж байна. Тун энгийн зүйл шүү дээ. Бурхан надад хоёр бөөр хайрласан. Харин одоо бол яагаад гэдгийг нь огт гайхахгүй байна" гэжээ.

#Friend #Classmate #School