"Ширээний теннис тоглосноор хурдан сэтгэж, ХИЧЭЭЛДЭЭ Ч САЙЖИРДАГ"


Үжин | YOLO.MN
2016-05-13

Хобби, сонирхол цаашдаа амьдралынх нь томоохон зорилго болох тохиолдол олонтаа. "Миний хувьд теннисээр хожуу хичээллэж эхэлсэн" гэж ярих энэ залуу анх 15 настайдаа ширээний теннисээр хичээллэж эхэлжээ. Өөрийн сонирхлоо мэргэжил болгочихсон тэрбээр өдгөө спортын дэд мастер цолтой. Бэлтгэлээ хийж, тэмцээн уралдаанд оролцохын зэрэгцээ дасгалжуулагчаар ажилладаг.

Ширээний теннисний "New star" клубын тамирчин, спортын дэд мастер Г.Алтаншагайтай ярилцсаныг хүлээн авна уу. wink

YOLO: Одоо ширээний теннисний дасгалжуулагчаар ажилладаг ч эзэмшсэн мэргэжил нь өөр гэж сонссон?
Би ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуулийг интерьер дизайнераар төгссөн. Дунд сургуульд байхдаа теннисийг зурагтаар анх үзэж байлаа. 10 жилийн өмнөөс клубүүдэд хичээллэсээр эргэлт буцалтгүй дуртай болсон доо.

YOLO: Багш дасгалжуулагч болоод хэчнээн жил болж байна вэ?
Дөрвөн жил болж байна. Өөрөө дур сонирхолтой болохоор эндээсээ холдчихгүй юмсан гэсэндээ сурсан юмаа хүмүүст зааж өгдөг.

YOLO: Олон улсын тэмцээнүүдэд хэзээнээс оролцож эхэлсэн бэ?
Олон улсын тэмцээнүүдэд 2009 оноос оролцож эхэлсэн. Хөх хот руу анх тавуулаа явж байлаа. Гадагшаа ч явж үзээгүй, гадаад паспорт ч байхгүй жаахан хүүхдүүд хоорондоо ярилцаад, зориг гаргаад анхны тэмцээндээ явж байсан. Тэмцээн их сонирхолтой болсон шүү. Тэр тэмцээнд нэг хожсон бол хүрэл медалийн төлөө тоглох байсан. Бүгд санаанд хүрэхээр сайн тоглосон гэж боддог. Тэрнээс хойш 2010 онд Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд явж байлаа.  Тэнд Хонконгийн багтай багаараа хүрэл медалийн төлөө тоглож байсан юм.  Тэр бол олон улсын хэмжээний миний оролцсон анхны том тэмцээн.

Түүнээс хойш 2015 онд Хятадын Сүжоу  ДАШТ-рүү явж байсан. Тийшээ  анх удаа явсан болохоор бэлтгэл хийж, тэмцээний уур амьсгалтай танилцаж байлаа. Энэ оны гуравдугаар сарын эхээр Кувейт, Катар улсуудад хоёр тэмцээнд оролцсон. Би өөрөө эртнээс ийм том тэмцээнд оролцож үзэх юмсан гэж хүсэж мөрөөдөж бэлдэж байлаа. Ингээд хувиасаа зардлаа гаргаад, таньдаг хүмүүсээсээ туслалцаа гуйж яваад оролцоод ирсэн.  Анхны том тэмцээндээ оролцож, дэлхийн шилдгүүдтэй хамт бэлтгэл хийж их юм сураад ирсэндээ.

YOLO: Дэлхийн мундгуудаас юу сурч ирэв?
Өглөө босоод бие халаалт хийх,  тоглохоос өмнө бэлтгэл хийх нь өөр санагдсан.  Өндөр зэрэглэлийн дэлхийн хэмжээний  түвшинг хажуунаас нь харж, зарим нэгтэй нь харилцаж бэлтгэл хийж үзсэн шүү.

YOLO: Монгол тамирчдын онцлог давуу тал юу байдаг вэ?
Монгол тамирчид юмыг маш хурдан сурдаг. Гадаадын тамирчид гурав, дөрвөн наснаасаа энэ спортоор хичээллэдэг юм билээ. Монголчууд бүр хожуу 10 орчим наснаас эхэлдэг. Харин би 15 наснаасаа тоглож эхэлсэн. Хятад, Солонгос зэрэг теннисний дэлхийн томоохон улсууд  ийм наснаас теннис тоглоод амжилт үзүүлнэ гэж бараг байхгүй, үлгэр гэж ярих байх. Гэхдээ би өөрөө тэгж боддоггүй. Монгол хүн юмыг хурдан сурдаг, энэ онцлогоороо түвшин хурдан ахидаг байх гэж бодож байна.

YOLO: Солонгос, Хятадад жаахан хүүхдүүд л маш мундаг тоглож байгаа харагддаг шүү.
Тэр тамирчдын багын зургуудыг нь харахад толгой, ракет хоёр нь ширээнээсээ дөнгөж цухуйж байгаа л харагддаг. Царайг нь харахаар  таньдаг дэлхийн аварга байдаг.

YOLO: Монголд хэдэн настай хүүхдүүдэд зааж байна вэ?
Аав ээж нар нь тав, зургаан настай хүүхдүүдээ  авчирч өгдөг. Зарим хүүхдийн  хөл нь хөдлөхгүй  ч юм уу хатуу чанга биетэй байх тохиолдол бий. Теннис өөрөө уян хатан, мэдрэмжийн спорт болохоор сураад ирэхээр хүүхдүүд  их ахидаг. Хичээл номдоо ч давхар сайжирдаг. Хурдан сэтгэдэг, нүд хурдан хөдөлдөг, ой санамж  нэлээд ахидаг. Ямар ч хөдөлгөөний дутагдалд орохгүй.  Эрүүл чийрэг байдаг.             

YOLO: Одоо дасгалжуулж байгаа хүүхдүүд нь тэмцээн уралдаанд оролцож байна уу?
Улсдаа өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож байна. Долоо, найман жилээс дээш хичээллэсэн хүүхдүүд л амжилт гаргаж эхэлдэг. Ер нь тэмцээн уралдаанд оролцож байж туршлага суудаг даа.


 

YOLO: Теннисийг хобби болгох талаас нь зөвлөгөө өгөхгүй юу?
Теннисийг хаана ч тоглож болно. Клуб дээр хүмүүс гэр бүлээрээ ирдэг. Ажлын бус цагаар аав ээж нар хүүхдүүдээ дагуулаад хамтдаа цагийг сайхан өнгөрөөнө. Хөдөлгөөний дутагдал гэхгүй, эрүүл мэнддээ анхаарч, бүгд л хобби, дур сонирхлоо дагаж ирж тоглодог.  Долоо хоногтоо тогтмол нэгээс хоёр цаг хичээллэж болно.

Хобби бол хүний амьдралд баяр баясгалан авчирдаг. Баяр баясгалан авчраад зогсохгүй эрүүл мэндэд тустай. Дур сонирхлоороо эрүүл байна гэсэн үг. Их цаг зав зарцуулаад байх шаардлагагүй. Өдөрт нэг цаг байсан ч болно.

YOLO: Чадахгүй гээд шантардаг хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Хүмүүс тоглож байгаад чадахгүй юм байна гээд шантраад хаячихдаг. Суръя гэсэн хүмүүс хичээж байгаа нь харагддаг.  Эрмэлзэлтэй хүмүүс сайн тамирчинтай уулзаж, "яаж сайжрах вэ?" гэж асууж зөвлөгөө авдаг. Тухайн салбартаа байгаа хүмүүстэй уулзаж, яаж дур сонирхолтой болох, яаж хурдан ахих вэ гэх мэтчилэн заалгаж зөвлөгөө авч харагддаг.

YOLO: Анх сурч байгаа хүүхдүүд ямар дасгалууд хийвэл зүгээр байдаг вэ?
Анх сурч байгаа хүмүүс бөмбөгөө хүчтэй цохихын тулд биеийнхээ жинг баруун, зүүн хөл дээрээ шилжүүлж сурдаг. Би гадуур алхахдаа цээж гарын хүч ямар байх вэ гэх мэтчилэн бодож явдаг. Хурдтай хөдөлж байхдаа яаж хүчтэй цохих вэ, хүндийн төвөө хоёр хөл рүүгээ яаж шилжүүлэх вэ гэх мэтчилэн судалж байдаг.

YOLO: Таны цаашдын зорилго юу вэ?
Энэ спортыг барьж авсных улсынхаа өмнө гаргаагүй амжилтыг дэлхийд гаргахыг хүсэж зорьж явдаг.
 

Теннисийг хаана ч тоглож болно. Клуб дээр хүмүүс гэр бүлээрээ ирдэг. Ажлын бус цагаар аав ээж нар хүүхдүүдээ дагуулаад хамтдаа цагийг сайхан өнгөрөөнө. Хөдөлгөөний дутагдал гэхгүй, эрүүл мэнддээ анхаарч, бүгд л хобби, дур сонирхлоо дагаж ирж тоглодог.


YOLO: Монгол теннисчдийн хувьд дээд амжилт ямар байдаг вэ. Олон улсын тэмцээнүүдэд хэр сайн оролцдог юм бол?
-Монголоос олон улсын тэмцээнүүдэд оролцоод туршлага судлаад ирдэг. Багийн дэлхийн аварга нь хэсэг хэсэгт хуваагаад  тоглуулдаг. Манайх 2012 онд Дортмундэд болсон ДАШТ-нд манай баг 36 багаас D zone-д  хэсэгтээ түрүүлээд алтан медаль авч байсан.

YOLO: Амжилт гаргахад тохиолддог саад бэрхшээл юу вэ?
Энэ спорт хөгжихөд дутуу зүйл нь "анхаарал" юм даа. Жаахан хүүхдийг эцэг эх нь сайн анхаарахгүй бол сурч боловсорч, мэдлэг авах нь ховор шүү дээ. Тэрэнтэй ижил аав ээж нь сайн анхаарахгүй, тусалж дэмждэггүйтэй холбож болох байх. Санхүү маш чухал байдаг. Дэмжлэг багатай болохоор монголчууд бараг цайны цагаараа шахуу бэлтгэл хийдэг. Харин Хятад, Солонгосын хүүхдүүд өглөөнөөс орой болтол бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд ороод улсаасаа цалинждаг. Монголчууд бол жинхэнэ хоббигоороо явдаг даа. Тэр дундаас чин эрмэлзэлтэй хүмүүс цаашдын зорилгоо болгодог. Зардлын асуудлыг шийдвэл Монголоос мундаг тамирчин олон төрөх байх гэж бодож байна.

YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье.
Баярлалаа. wink


 

#Sport #Спорт #Freetime #Hobby