С.Гантогоо: “ЗӨВ, ТУУШТАЙ, ХӨДӨЛМӨРЧ” байсан цагт амжилт аяандаа ирнэ


Б.Нямдарь | YOLO.MN
2018-04-13

“Монгол Контент” ХХК-ийн дуучин, "Над шиг мэдэр" шинэхэн дуугаа олонд хүргээд удаагүй байгаа уран бүтээлч С.Гантогоотой YOLO.mn уулзаж сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрээр энэхүү ярилцлагаар дамжуулан хүүхэд залууст үнэтэй зөвлөгөөг хүргэлээ. 

YOLO: Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
- Сүүлийн үед надад нэг өдрийн 24 цаг багадаад байна шүү. (инээв) Цомгийн ажил эхэлсэн учир ойрын үед хамаг анхаарлаа түүнд хандуулж байна. Түүнээс гадна гэр бүлийн зохицуулах ажил, найз нөхөдтэйгөө уулзах гээд завгүй өдрүүд минь хөвөрсөөр л байна даа. 

YOLO: Тэгэхээр чөлөөт цаг бараг гардаггүй гэсэн үг үү?
- Ер нь бол ховор доо. Найз нөхөдтэйгөө болзоод уулзах ч завдал заримдаа гарахгүй юм. Найзуудын уулзалдах цагтай миний зав ч тохирч өгөхгүй тохиолдол их. Гадуур гарах тийм ч их дуртай биш. Гэхдээ залуу хүн байна, найзуудтайгаа гарч ормоор санагдах үе байлгүй л яах вэ. Гэхдээ тийм үе их ховор. 

YOLO: “Болзоо” гэж хэлэхээр тань яагаад ч юм шууд л “Найз охинтой юм болов уу” гэсэн бодол төрлөө. 
- Аан үгүй ээ. Би одоогоор single (ганц бие). Ер нь найз охинд цаг зав, анхаарлаа хандуулах боломж одоогоор надад байхгүй байна. Энэ чухал цаг үед сайхан боломжуудыг ашиглаад хүссэн зүйлээ гүйцээхээр тултал нь ажиллаад үзье гэж бодож байна. Мөрөөдлөө биелүүлэхээр зогсолтгүй л хөдөлмөрлөх цаг юм. 60, 80 насалчихаад би харамсаж амьдрахыг хүсэхгүй байна.  

Амжилтад хүрэх ч бай, үгүй ч бай “Би хичээсэн, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чадсан” гэдгээ л мэдрэх нь чухал.  Магадгүй энэ их завгүй амьдралын завсар гэнэт нэг хүн гараад ирэхийг үгүйсгэхгүй юм. (инээв) Одоо бол хөдөлмөрлөж, хичээх л цаг үе минь ирчихээд байна. 

YOLO: Анх 11 жилийн тэртээ БНСУ-д хөл тавьж байсан тэр Гантогоо болон яг одоогийн Гантогоо хоёрын ялгаа юу вэ?
- Яг энэ асуултад хариулахаас урьтаад нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Би од болохыг хүсдэггүй, олны танил болох гэж хичээдэггүй. Миний хүсэл, мөрөөдөл дуу хөгжимтэй салшгүй холбоотой, харин дуу хөгжим нь өөрөө олны нүдэн дээр ил байдаг мэргэжил шүү дээ. 

Би 10 жилийн өмнө хүсэл мөрөөдлийнхөө төлөө яваа залуу байсан, өнөөдөр ч биелүүлэхээр тууштай явсаар л байна, 10 жилийн дараа ч мөн хүсэл мөрөөдлийнхээ нэг хэсгийг биелүүлсэн, амжилтад хүрсэн нэгэн байх болно. Хийж буй ажил маань л өөрчлөгдсөн ч одоо миний жанжин шугам болсон хандлага 10 жилийн өмнөх яг тэр үетэйгээ яг адилхан. 

“Миний хүү үнэхээр хичээжээ. Аав нь хүүгээрээ маш их бахархаж байна. Одоо аав нь санаа зовохооргүй боллоо” гэж хэлээд толгойг минь илсэн үе хэзээ ч санаанаас гардаггүй юм.

С.Гантогоо


YOLO: Өөрийн тань сошиал хуудаст нийтлэгдсэн зүйлсийг ажиглаад байх нь ээ, таныг ээжийн амин хүү юм болов уу даа гэсэн бодол төрсөн. 
- Ер нь бол тийм шүү. Ээжийн хүү. (инээв) Ээж минь багш хүн, би ч өөрөө багш мэргэжилтэй хүн шүү дээ. МУБИС-ийг газарзүйн байгаль шинжлэлээр төгссөн. Аав минь цэргийн хүн. Намайг бага байхын л аав цэргийн дарга хийдэг байсан. Урлагийн хүн болохыг ээж их дэмжинэ ээ, харин аав минь анх тийм ч дуртай байгаагүй. Гэхдээ нэг өдөр надаар бахархаж явдгаа надад хэлж байсан нь миний сэтгэлээс хэзээ ч гардаггүй юм. 

Тэр үеийг дурсвал, гурван жилийн өмнө Солонгост байхдаа би аавыгаа урьж аваачсан юм. Тухайн үед би олон орны дуучидтай хамтарсан тоглолт хийж байхад аав минь үзэж, миний ажлын байртай танилцаж, ажлын газрын хамт олон маань ч дотно сайхнаар хүлээж авсан. Тэгээд орой нь гэрийн ойролцоо байх цэцэрлэгт хүрээлэнд бид салхилаад сууж байхад “Миний хүү үнэхээр хичээжээ. Аав нь хүүгээрээ маш их бахархаж байна. Одоо аав нь санаа зовохооргүй боллоо” гэж хэлээд миний толгойг илсэн. Тэр үед маш сайхан санагдаж билээ. 

Аав минь эр хүнд байх ноён нуруу, зан чанарыг агуулсан хүн байсан. Би аавыгаа галтай, ээжийгээ устай зүйрлэх их дуртай. Аав минь бурхан болоод 3 жил болж байна, тиймдээ ч энэ цаг үед ээжийгээ жаргаах, баярлуулах нь их чухал санагддаг даа.  Урлагийн хүн болсонд минь ч гэр бүлийн нөлөөлөл бий. Гэхдээ эцэг эх бидний биеийг эрүүл саруул өсгөөд, сайхан хүмүүжүүлээд өгчихлөө. Үүнээс цаашхийг бид өөрсдөө бие даагаад аваад явах ёстой юм. Нэг үгээр ижий аавдаа талархаад, өөрийн хичээл зүтгэлээр өөрийгөө “бий болгох” нь л чухал. 

YOLO: Манай сайтын уншигчид ихэнх нь хүүхэд, залуус байдаг. Тэдэн дунд хүсэл мөрөөдлөө аль хэдийнэ олчихсон нь цөөнгүй байдаг ч зорилгоо тодорхойлоогүй нь ч бий. Тэгвэл тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?
- Хүн болгон адилгүй, хэт их битгий санаа зов. Хүн бүрт амжилтад хүрэх цаг хугацаа нь өөр өөр шүү дээ. Нэг үгээр амьдралыг ойлгох, дасан зохицох нь харилцан адилгүй гэсэн үг. Зорилгоо эрт тодорхойлоод тууштай хөдөлмөрлөн амжилтад хүрч байгаа хүмүүс үнэхээр гайхамшигтай. Гэхдээ тэднийг хараад шаналах хэрэггүй шүү дээ. Хэзээ нэгэн цагт аяндаа чиний үе ирнэ, “Аан, би ийм зүйлд дуртай байсан юм байна, надад яг энэ тохирох юм байна” гээд мэдэгдэнэ. 


Одоо бол хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээх л цаг үе минь ирчихээд байна.

С.Гантогоо

Гэхдээ мэдээж зүгээр суусан хүнд амжилт ирэхгүй нь тодорхой. Би гэхэд бага байхдаа л дуучин болно гэж бодож байсан болохоос багшаас авахуулаад хар ажил ч хийж үзлээ. Эцсийн дүнд хүсэж мөрөөдөж байсан дуучин хэмээх мэргэжлийг сонгосон. 18 настайдаа дэлхийн од болох нэгэн байхад 40, 60 настайдаа ч дэлхийд танигдах нь бий. Тэгэхээр хүн бүрийн амжилтад хүрэх хугацаа харилцан адилгүй юм. Тиймээс чи “зөв, тууштай, хөдөлмөрч” байсан цагт аяандаа чиний хүсэл мөрөөдөл юу вэ гэдэг нь тодорхой болохын сацуу амжилтыг дагуулаад ирнэ. 

Мөн миний ажигласнаар манай хүүхэд залуусын нэг хандлага байх шиг санагддаг. Тэр нь өөрөө хохирогч болсон мэт аливаад ханддаг. Жишээ нь, “Манай төр, нийгэм ийм байгаа учраас би ийм байна”, бүр цаашлаад “аав ээж минь боломжгүй учраас би чадахгүй байна” эсвэл бүр “Би Монголд төрсөн учраас…” гэх нэгэн ч бий. Би тэдэнд үнэхээр харамсдаг. Гэтэл ирээдүй чиний гарт байгаа гэдгийг л сайн ухаарах хэрэгтэй. Энэ улсыг авч явах чиний эрин үе ирнэ. Тиймээс саар зүйлсээс илүү сайн зүйлийг нь олж харах чадвар, хандлагатай байгаарай. 

Түүнээс гадна залуучуудыг хөгжүүлэх зөв голдирол хэрэгтэй байна. Монгол залуус аливаад дасан зохицох, шинэ зүйлийг хүлээж авч ойлгох чадвар маш сайтай. Монголчууд 3 сая хүн амтай хэр нь дэлхийд олон салбарт нэрээ дуурсгасаар байна. Өөрсдөдөө байгаа чадваруудаа сайн ашиглаад зөв л байвал Монгол улс хөгжихөд нэг их удахгүй дээ. 

YOLO: Саяхан шинэ уран бүтээлээ олонд хүргэсэн шүү дээ. Сонсогчдоос ирэх хандлага ямар байна?  Мөн дараагийн уран бүтээлийн ажилдаа орсон гэж сонссон. 
- Би уран бүтээлдээ аль болох л залуу, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дууриалал үзүүлсэн зүйлийг агуулахыг хүсдэггүй. Энэ нь ч миний уран бүтээлийн онцлог. Магадгүй өөрийн хувийн хэв маяг агуулагдаж болно. Анхны уран бүтээл гэдэг утгаараа сайн тал байх ч алдаж оносон зүйл мөн байлгүй л яахав. Гол нь дараагийн бүтээлдээ “аан энэ дээрээ ингэх ёстой юм байна” гэхчлэнгээр тусгах нь чухал. 

Хүмүүсээс гайхалтай урмын сайхан үгс олон ирсэн. Мөн нөгөөтэйгүүр заримд нь маш их хүлээлт үүсгэсэн байсан болоод ч тэр үү санаанд нь хүрсэнгүй гэх мэт сэтгэгдлээ хэлж байсан ч дараагийн уран бүтээлийг минь тэсэн ядан хүлээж буйгаа уламжилсан. Чин үнэнч дэмжигчид маань яг үнэнийг хэлдэг. Олон хүний хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон мөн анхны уран бүтээл гэдэг утгаараа би “Над шиг мэдэр” дуундаа, клипэндээ хайртай. 

Хоёр дахь сингл маань өөртөө итгэлтэй нэгэн залуугийн тухай дуу л даа. Өмнөхөөсөө арай өөр жанрын хэр нь гоё хэмнэлттэй дуу. Энэ ондоо багтаагаад хийх маш олон зүйл төлөвлөсөн. Яг санаснаар болох юм бол сайхан л байна. 

YOLO: Шүтэн бишрэгч, дэмжигч гэснээс танд хэн нэгнээс ирж байсан сюрприз эсвэл гэнэтийн үйл явдал тохиолдож байсан уу?

- Ер нь бол их олон тохиолддог ш дээ (инээв). Ялангуяа “Яг түүн шиг” шоу гарч байх үеэр гадуур явахад “Жимми ах аа” “Үнэг ах аа” гэх мэтээр их дуудна. Тэр дундаа хүүхдүүд, өсвөр үеийнхнээс их хөөрхөн санал, санаачлага ирнэ. Жишээ нь манай 4-р ангийн охин дүү ангийнхаа дөрвөн найздаа өгнө гээд дөрвөн цаасан дээр надаар гарын үсэг зуруулаад явсан юм. Гэтэл маргааш нь 40 цаасан дээр гарын үсэг зурах хэрэг гарсан даа. (инээв)smiley

Хүүхэд залуус гэлтгүй хөгшин, ахмад насны хүмүүс хүртэл дэмжиж явдгаа илэрхийлдэг.  

YOLO: Та удахгүй цомгоо гаргана. Ер нь цаашид Солонгосын хөгжмийн зах зээлд уран бүтээлээ хийх бодолтой байна уу?
- Өө мэдээж, тэгэлгүй яахав. Анх Солонгос улсад уран бүтээлийн гараагаа эхэлсэн давуу талаа ашиглах болно. Эхлээд цомгоо гаргаад түүндээ багтсан тодорхой хэдэн дуугаа солонгос хэл дээр дуулах бодолтой байна. Эсвэл солонгос хэл дээр дуулсан дуу ч цомогт маань багтаж магадгүй. Цаг хугацаа л ер нь харуулах байх даа. Эхлээд ямар ч байсан эх орондоо уран бүтээлээ хийхийг хүсч байна. 

YOLO: Өсвөр үеийнхэн маань Kпоп хөгжмийн урсгалыг сонсох, Солонгос драм үзэх дуртай байдгийг та юу гэж боддог вэ? Эцэг эх, томчуудын зарим нь дургүй байдаг шүү дээ.
- Учир нь хүн яг энэ насан дээрээ бүжиг, дуунд маш их дурладаг үе. Харин тэр хүслийг нь Kпоп хөгжмийн урсгал хангадаг байх. Kпоп бол зөвхөн дуунаас илүү бүжиг, өнгөлөг байдал, зүс царай гээд олон зүйлийг агуулж байдаг. Тэр бүгд нь хүүхэд залуусын сонирхлыг татаж байдаг. Гэхдээ дуу хөгжим өөрөө маш гайхалтай зүйл шүү дээ. Дэлхий дээрх аливаа улсын хэл, ёс заншил, соёл, хүний арьсны өнгө зэргийг үл хамааран хооронд нь холбож чаддаг ганц зүйл бол дуу хөгжим юм. Солонгос орон нь газар нутгийн хувьд жижиг, том нөөц баялаг гээд байх зүйлгүй ч хүнээ гол баялагаа болгож чадсан улс. 


Би өөртөө байнга сануулдаг үг байдаг юм. “Хэр удаан амьдрах нь сонин биш, хэрхэн яаж амьдарсан минь л чухал болж үлдэнэ” гэж.

С.Гантогоо

Тэд Грэммийн шагнал аваад, AMA буюу Америкийн хөгжмийн наадам дээр Kпоп хамтлаг ая дуугаа өргөж байна. Европын хэн нэгэн хүнээс БНСУ-ыг юугаар нь сайн мэдэх вэ гэвэл, кимчи дараагаар нь “Ганнам Стайл” гэдэг. Тэгэхээр нь энэ нь зөвхөн манай улсын хүүхэд залуус ч бус дэлхий даяар л сонсож байна шүү дээ. Мөн Kпоп хөгжмийн урсгалын нэг давуу тал нь ямар ч хүчирхийлэл, садар самуун сурталчилдаггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ Солонгосын дуу хөгжим сонсож байгаад санаа зовохоос илүүтэй сошиал хэрэглээний сөрөг үр дагавар, зөв амьдрах хэв маяг зэргийг ойлгоход нь туслах хэрэгтэй болов уу гэж бодож байна. 

YOLO: Та өөрийгөө хэр азтай хүн гэж боддог вэ?
- Би өөрийгөө маш их азтай хүн гэж боддог. Гэхдээ энэ аз гэдэг зүйл над дээр ирэх болсон шалтгааныг би өөрөө хийсэн гэж боддог. Тэр нь юу вэ гэвэл “хөдөлмөр, тууштай байдал, эерэг хандлага” юм. Эдгээр нь л хүнийг амжилтад хүрч аз од нь гийх үндэс суурь нь болдог байх. Хүн тууштай хөдөлмөрлөж байхад хүсэл мөрөөдөл нь биелэх ч бай, үгүй ч бай маш олон зүйлийг сурсан байдаг. Тухайн мөрөөдлөө биелүүлж чадахгүй байлаа ч дараагийн мөрөөдлөө олох, түүндээ хүрэх чадвартай болсон байдаг гэсэн үг. Зүгээр сууж байгаа хүнд миний яриад байгаа шиг аз бол хэзээ ирэхгүй. Магадгүй сугалааны л аз ирэх байх, гэхдээ тэр бол мэдээж магадлал маш бага шүү дээ. 

YOLO: Та түрүүнд жанжин шугам гэж дурдлаа. Тэгвэл “Таны жанжин шугам юу вэ?” гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе. 
- Би өөртөө байнга сануулдаг үг байдаг юм. “Хэр удаан амьдрах нь сонин биш, хэрхэн яаж амьдарсан минь л чухал болж үлдэнэ” гэж. YOLO- You Only Live Once буюу чи нэг л амьдарна. Нэг үгээр харамсахгүй амьдрахыг хүсдэг. Нэгэнт өтлөөд хөгширсөн хойноо “Би үүнийг л хийх байж дээ” гэж бодолгүй л суух болно. 

Удаан ч бай, хурдан ч бай урагшилсаар л байх болно. Би одоо ч суралцсаар байна, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зориод явж байна. 

Өчигдөртөө битгий санаа зовоорой, учир нь өчигдөр бол өнгөрчихсөн. Харин өчигдрөөс авахаа аваад, хаяхаа хаяад өнөөдрөөрөө амьдарцгаая. Бас ирээдүй рүү битгий их яараарай. Тодорхой цаг хугацааны дараа ирээдүй бидэнд ирнэ. Тиймээс өнөөдрөөрөө амьдарч, өнөөдөр хийж байгаа бүх зүйлдээ анхаарлаа хандуулж, хөдөлмөрлөж амьдраарай. 

Мөн аав ээжийгээ хайрлаарай. Учир нь тэд чамайг эрүүл саруул сайхан өсгөөд өглөө. Түүнээс цаашхийг чи хийж бүтээнэ. Магадгүй аав ээжийнхээ хийснээс илүүг бүтээхийг зорих хэрэгтэй. Аав ээж чинь чамайг амжилт гаргах бүрт баярлаж болох ч өдөр тутамд хэлэх гоё сайхан үг, үйлдлээрээ тэднийг бас баярлуулж болдог. Аз жаргал гэдэг зүйл зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй, энэ нь өөрөө маш энгийн жижиг зүйлс ч байж болно. 

YOLO: Ярилцсанд баярлалаа. 

#Author #Conversation