Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Одоо хүүхдүүдийн өмнө гайгүй харьцдаг ч жоохон л юм болвол их уурладаг болохоор би заримдаа айдаг
Сайн байна уу? Миний нэрийг С... гэдэг 17 настай охин. Энэ жил манай ангийг Б бүлгийн ангийхантайгаа нийлүүлж 10Б гэх нэртэй боллоо. Анги удирдсан багш маань хувийн асуудлаас болж надад тийм ч таатай байдаггүй. Энэ багш хэтэрхий хор шартай учир ээжтэй маань одоо болтол эв түнжингүй. Хүүхдүүдийн дэргэд гайгүй хандах гэж хичээдэг ч надад их муу. Эхний 2 улирлын хичээлийн дүнгээр би ангидаа нэгд орсон байсан боловч өнгөрсөн улиралд сэтгэл санааны байдлаас болж хэчнээн хийгээд ч 1,8℅ буурсан байв. Гэтэл нөгөө багш хүүхдүүдийн өмнө бүх хүүхдүүдийн дүнгийн өсөлт буурлыг чангаар хэлэхдээ намайг 2,5℅ буурсан гэж миний дүнг ширээн дээр шидсэн. Мөн би гадаадад суралцах шалгалтандаа тэнцээгүй, дүн буурсан, гэр бүл маань хэцүүхэн байгаа, найзууд гэх мэт шалтгаанаас болж сэтгэл санаа тогтворгүй байдалд хүрч мөн өмнөхөөсөө илүү өөрчлөгдсөөр байна.
Тэр багшийн авсан шалгалтан дээр хүртэл оноог минь дутуу тавьдаг учир ээж маань намар сургуулийн захиргаанд өргөдөл гаргаж дүнгийн асуудлыг хэлж сургуулиас сануулга авахуулсан. Одоо хүүхдүүдийн өмнө гайгүй харьцдаг ч жоохон л юм болвол их уурладаг болохоор би заримдаа айдаг. Манай найзуудыг зүгээр байхад нь шалтаг гаргаж загнадаг нь ч надтай холбоотой гэж боддог болсон. Одоо болтол аав ээжтэй минь тааламжгүй харьцдаг мөн хүүхдүүд ч хүүхэд ялгаж харьцдаг багш гэж ярьдаг. Бас би төгстлөө энэ ангидаа сурна. Санаа минь зовж байна өөр сургууль руу ч шилжих боломжгүй. Мөн би өмнөх шигээ дүндээ сэтгэл хангалуун, хатуу тэвчээртэй байхыг хүсч байна. Яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Чи бусдад биш өөртөө анхаарал хандуулж хэн болохоо харуулаарай
Сайн байна уу? Чамд захиагаа уншиж буй өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд үеийнхэндээ үлгэр дууриалал болж хичээлдээ амжилт гаргаж байгаа чамд баяр хүргье. Чи өөрөөрөө бахархах хэрэгтэй шүү. Энэ бол үнэхээр гэр бүлдээ чиний зүгээс оруулж байгаа маш том тус, хувь нэмэр гэдгийг ойлгоорой. Багшийн чинь хувьд магадгүй чи түүний хүссэн хүн биш байж болох юм. Харин чи загнасных нь тоогоор, уурлах болгонд нь өөрийгөө дорд үзэж, гуниглаж болохгүй. Тэр тусмаа дээшээ өндийх ёстой шүү. Чиний амьдралд энэ байтугай тохиол гарч ирэх учир тэр бүрт сэтгэлээр унаад байж болохгүй биздээ. Хүн бүрт тэвчиж гарсан бүхнээрээ эргээд бахархах цаг ирдэг болохоор би чамайг түүнийг тэвчиж давж гарч чадна гэдэгт итгэлтэй байна.
Мөн багштайгаа ярилцахыг хичээгээд үзээрэй. Хамгийн сайн нэг нэгнээ хүндлэх хүндлэл бий болгох, итгэлцэл үүсгэдэг зүйл бол харилцан ойлголцол байдаг юм. Чи одоо бага ангийн хүүхэд биш учир аав ээж багш гурвынхаа хооронд бий болсон үл ойлголцолд өөрийгөө хамаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Харин зарим үед үнэхээр өөр зүйлд сатаармаар тохиолдол байдаг. Чөлөөт цаг гаргаж дуртай зүйлээ хийх, найзуудтайгаа цагийг өнгөрөөх, өөрийн сонирхдог спортоор хичээллэх, мэдэхийг хүссэн бүх зүйлийг мэдэж болно гэхдээ үүнд өөртөө зориулах цаг хэрэгтэй. Ийм л үед чи бусдад биш өөртөө анхаарал хандуулж хэн болохоо харуулаарай.
Чамд амжилт хүсье. Бидэнтэй дахин холбогдоорой.
#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
А.Одонтуяа
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх