“ШИНЭ СУРГУУЛЬД шилжиж ороход хэд хэдэн давуу тал байдаг”


ССҮТөв | YOLO.MN
2018-04-04

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би найзуудаа орхиж явмааргүй байна

Сайхан боломж боловч цаашдаа төлбөртэй сурах байх.

Сайн уу! Намайг А гэдэг. Би энэ жил 14 хүрнэ. Улсын нэгэн сургуулийн 8-р ангид суралцдаг. Саяхан би шалгалтанд орж нэгэн хувийн дунд сургуульд орохоор болчихлоо. Гэхдээ би найзуудаа орхиж явмааргүй байна. Шинэ ангид яаж уусахаа мэдэхгүй л байна. Сайхан боломж боловч цаашдаа төлбөртэй сурах байх л даа. Шинэ сургуульд орсон дээр үү? Мөнгөө хадгалж найзуудтайгаа үлдсэн дээр үү? Зөвлөгөө өгөөч?

ЗӨВЛӨГӨӨ: Сонголт болгонд өөрийн давуу, сул тал байдаг

 Гэхдээ нөгөө талаасаа чамд илүү сайн сургалт, боловсрол мөн шинэ найз нөхөдтэй болох боломж байж болох юм. 

Сайн байна уу. Бидэнд захиа илгээсэнд баярлалаа. Хүмүүс алхам тутам бүртээ л сонголт хийж амьдардаг. Үүний жишгээр чиний өмнө ч бас сонголт ирсэн байна. Мэдээж дассан сургууль, найз нөхдөө орхиж шинэ орчинд дасах гэдэг бол амаргүй сонголт. Гэхдээ нөгөө талаасаа чамд илүү сайн сургалт, боловсрол мөн шинэ найз нөхөдтэй болох боломж байж болох юм. Тиймээс сонголт болгонд өөрийн давуу, сул тал байдаг учраас өөрийн урт хугацааны сэтгэл ханамжийг харгалзан авч үзээрэй. Тэгэхээр хоёулаа сул болон давуу талыг нь жагсаан бичье.

Шинэ сургуульд орсноор чамд очих давуу талууд нь:

·  Илүү сайн сургалттай учир ахлах сургуулиа төгсөхдөө ЭЕШ-н оноо өндөр байх магадлал их.
·  Хичээлдээ улам сайжрах, цаашлаад хүссэн мэргэжлээ сонгоход дөхөм болох.
·  Төлбөр төлж байгаа учраас өөрийгөө дайчлан, хичээж сурах нь ихсэх боловуу.
·  Шинэ найз нөхөд, шинэ хүрээлэлтэй болж туршлага нэмэгдэнэ

Сул тал:

·  Найзуудаа санаж, үгүйлэх
·  Шинэ анги хамт олонд дасах шалгууртай нүүр тулах
· Мөнгөө хадгалж чадахгүй сургуулийнхаа төлбөрт өгөх

Найзуудтайгаа үлдсэнээр чамд очих давуу талууд нь:

· Найзуудтайгаа хамт байх боломжтой
· Дассан сургуульдаа байх ба нэгэн хэвийн бөгөөд шинэ орчинд дасах шаардлагагүй
· Мөнгөө хадгалах боломжтой

Сул тал:

· Илүү чанартай сургалт, боловсрол олох боломжоо алдах
· Шинэ найз нөхөд, хүрээлэлтэй болохгүй гэх мэтээр үргэлжлүүлэн жагсааж бичээд өөрөө сонголтоо хийгээрэй. Сонголт хийхээс бүү ай. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г.Ундрал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#New #School #Teenagers