Орон орны МЭНДЧИЛГЭЭНИЙ ЁС ЗАНШИЛ ямар байдаг вэ?


Т.Тэргэл | YOLO.MN
2018-03-22

Хэрвээ чи аялах гэж байгаа бол очих гэж байгаа газрынхаа мэнд мэдэх ёс заншлыг нь мэдэх хэрэгтэй. Хэн нэгэнтэй мэндчилнэ гэдэг нь өөрийгөө болон бусдыг хүндэлж байгаа нэг хэлбэр юм шүү. Зарим улс орнуудын мэндчилгээний өвөрмөц ёс заншлуудтай танилцацгаая.

ШИНЭ ЗЕЛАНД

Нутгийн уугуул иргэд болох маори буюу хонги үндэстнүүд нь хамраараа шүргэлцэж мэндэлдэг уламжлалтай. Энэ нь ха буюу “амьдралын амьсгал”-д хүрч буй бэлгэ тэмдгийн шинжтэй үйлдэл бөгөөд ингэж мэндчилсний дараа манухири буюу зочин нь тангата венуа буюу “дэлхийн хүн” болдог аж. Мэндчилж байхдаа нүдээ нээдэг гэнэ шүү.


ТҮВД

Хэн нэг рүү хэлээ гаргахыг ихэнх оронд зохимжгүй үйлдэлд тооцдог бол Түвдэд энэ нь мэндчилж байгаа хэрэг гэнэ. Түвдийн уугуул иргэдийн энэ заншил нь IX зуунд буюу Ландарм гэдэг хараалч хар хэлтэй хааны үед дэлгэрчээ. Түвдүүд Ландармын сүнс биед нь шингэхээс айж, хорон муу санаатай биш гэдгээ батлахын тулд мэндчилэхдээ бие бие рүүгээ хэлээ гаргадаг болсон гэдэг. Хэрвээ хэлийг хар өнгөтэй болгодог бохь зажилсан эсвэл хоол хүнс хэрэглэсэн тохиолдолд түвдүүдтэй уламжлалт заншлаар нь мэндчилэхээс зайлсхийгээрэй.


ЯПОН

Толгойгоо үл ялиг дохихоос эхлээд бэлхүүсээ хүртэл тонгойн мэндчилэх нь мэндчилгээний соёлын салшгүй нэг хэсэн юм. Хэрэв Татами дэвжээ дээр мэндчилэх бол эхлээд өвдөг дээрээ сөхөрч дараа нь бөхийх ёстой. Хэдий чинээ удаан бөгөөд доош тонгойн бөхийнө төдий чинээ хүндэтгэж байна гэж үзнэ.


ХЯТАД

Хятадад Коутоу гэдэг мэндчилгээний ёс бий. Энэ нь гурван удаа өвдөг сөхөрч, есөн удаа мэхийн ёслохыг хэлдэг бөгөөд энэ уламжлал нь Хуандийн /Шар хаан/ засаглалын үеээс улбаатай. Эхэндээ хаантай уулзахдаа эсвэл хурим найр баяр ёслолын үеээр ингэж мэндчилдэг байсан бол хожим нь ард олны дунд өргөн тархжээ. Энэ заншлыг дагахдаа тогтсон жаягаас нь хэтрүүлж болохгүй. Хэтрүүлвэл танд ямар нэгэн хүндэтгэл үзүүлэхгүй байж мэднэ.


ТАЙЛАНД

Алга хавсран мэхийн мэндчилэх ёсыг Вай гэж нэрлэдэг. Хоёр гар нүүрэнд хэдий чинээ ойр байна мэндчилж буй хүнээ төдий чинээ хүндэлж буй хэрэг мөн. Анх энэ заншлыг зэвсэггүй гэдгээ харуулхын тулд хэрэглэдэг байсан бол хожим нь дээд зэргээр хүндэтгэж байгаа хэрэг болсон.

#Complimentary #Exercise