“Монгол улсад Олимп болж байсан уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “Болж байгаагүй, гэхдээ ирээдүйд болно” гэж маш итгэлтэйгээр хариулсан.
О.Ариунзаяа
“Пёнчан 2018” наадам буюу Өвлийн 23 дахь Олимпд сайн дурын ажилтнаар Монгол улсыг төлөөлөн амжилттай ажиллаад ирсэн МУИС-Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 4-р түвшний оюутан О.Ариунзаяа энэ удаагийн ярилцлагын маань зочин юм.
Тэрээр өвлийн хүйтэнд, өдрийн 10 цагийн турш гадаа ажиллаж, даарч, шантрах үе байсан боловч Монголоос ирсэн гэдэг нэр, хоёр жилийн турш бэлдсэн бэлтгэл, догдлолоор цэнэглэгдэж тамирчнаас дутуугүй эх орныхоо нэрийг гаргаад иржээ. Танд ч бас Токиогийн зуны олимпд ажиллах боломж байгааг дуулгахад таатай байлаа.
Монгол улсад сайн дурынхныгаа дэмждэг тогтолцоо бий болчихвол залуус бид сайн дурын ажлаар дадлагажиж, чадваржихаас гадна сайн дурын ажилд оролцох хүсэл эрмэлзлээр дүүрэн байдгийг энэ ярилцлага таньд ойлгуулах болно гэдэгт итгэлтэй байна.
YOLO: Олимпд сайн дураараа ажиллах боломж хүн бүрд олдохгүй. Харин чиний хувьд хэрхэн энэхүү түүхэн үйл явдлын нэг хэсэг болж чадсан бэ?
- Олимпийн сайн дурын ажилтныг олимп болохоос хоёр жилийн өмнө бүртгэдэг. Пёнчаны олимпийн бүртгэл нь 2016 оны 9-р сард эхлэхэд нь бүртгүүлээд, ярилцлага, шалгалт гэх мэт шатуудыг давж 2017 оны 5-р сард тэнцсэн гэсэн хариугаа авсан.
Өвлийн олимпд сайн дураар ажиллах хүсэлтэй нийт 90 мянган хүний материал ирснээс 20 мянган сайн дурын ажилтныг нь шалгаруулж авч үүний 1200 нь 62 орны гадаадын сайн дурын ажилтан байсан. Албан бус тоогоор Монголоос 4 хүн сайн дураар ажилласан. Шалгуур нь гэвэл өмнө нь сайн дурын ажил хийж байсан туршлагатай байхаас гадна, сайн дурын ажил хийх хүсэл эрмэлзэлтэй байх нь томоохон хүчин зүйлсүүдийн нэг. Мөн англи хэл, тухайн зохион байгуулагч орны хэлийг мэддэг бол давуу тал болдог.
Олон сайн дурын ажилтны хүсэлт байдаг учраас шалгаруулалтын явц нь удаан, маш нарийн явагддаг. Гадаадын сайн дурын ажилтанд олгосон нөхцөл нь онгоцны зардлыг нь даахгүй, харин хоол, байрлах газрыг зохион байгуулагч орны зүгээс бүрэн даасан. 17 өдрийн турш зохион байгуулагдсан олимпийн 12 өдөрт нь бүрэн ажиллаад, үлдсэн хоногуудад нь олимп үзэх, чөлөөт цагаа өнгөрөөх боломж олгосон.
YOLO: Анх удаа хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн наадмыг өөрийн нүдээр үзэхэд юу мэдрэгдэж байв? “Пёнчаны олимп”-ийн талаар сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Олимпыг зурагтаар үзэх, тухайн орчинд нь үзэх хоёр маш ялгаатай. Тухайн орныхоо тамирчдыг дэмжихээр ирсэн хөгжөөн дэмжигчдийг харах үнэхээр сонирхолтой байсан. Тамирчдад урам зориг өгдөг хамгийн чухал зүйл нь үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн алга ташилт байдаг. Бидэнд ч бас үзэгчид, хөгжөөн дэмжигчдээс “Сайн дурынхандаа баярлалаа” гэж талархлаа илэрхийлсэн нь сайхан байсан.
Шалгуур нь гэвэл өмнө нь сайн дурын ажил хийж байсан туршлагатай байхаас гадна, сайн дурын ажил хийх хүсэл эрмэлзэлтэй байх нь томоохон хүчин зүйлсүүдийн нэг.
О.Ариунзаяа
YOLO: Дурсамжтай, хөгжилтэй мөчүүд маш их тохиолдсон байх. Хамгийн хамгийнаас нь хуваалцаач?
- Өвлийн Олимп гэдэг утгаараа үнэхээр жихүүн хүйтэн нөхцөлд өдөр бүрийг дурсамж дүүрэн хөгжилтэйгээр өнгөрүүлсэн. Яг одоо санаанд бууж буй дурсамжтай явдлаас дурдвал Олимпын үеэр миний байрласан газрын маань нэг давхарт халуун гал зуух байдаг байсан. Сайн дурынхан орой бүр дулаан зуухыг тойрч суугаад өөрсдийнхөө улсын талаар мөн сайн дурын ажлын үр өгөөж, яагаад энэхүү ажилд дуртай зэрэг хөгжилтэй яриануудыг өрнүүлдэг байсан.
YOLO: Монголд маань хэзээ олимп болох бол гэж бодсон л байх даа?
- Надтай хамт ажилласан Япон сайн дурын ажилтан “Монгол улсад Олимп болж байсан уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “Болж байгаагүй, гэхдээ ирээдүйд болно” гэж маш итгэлтэй хариулсан. Монгол улсад зуны, өвлийн олимп зохион байгуулагдах бүрэн боломжтой гэж бодож байна.
YOLO: Чи өмнө нь Монголд зохиогдож байсан олон улсын спортын үйл ажиллагаануудад сайн дурын ажил хийж байсан туршлагатай шүү дээ. Энэ талаараа сонирхуулаач?
- Сайн дурын ажлыг өнгөрсөн гурван жилийн турш тасралтгүй хийж байна. 2015 оноос хойш Монгол улсад зохион байгуулагдсан олон улсын спортын тэмцээнүүдэд сайн дурын хөтөч, орчуулагчийн ажлыг хийсэн. Нийт арав орчим сайн дурын ажилд оролцсоноос хамгийн анх хийсэн ажил маань 2016 онд зохиогдсон Олимпийн эрх олгох Чөлөөт бөхийн тэмцээн байсан. Сайн дурын ажил хийж эхэлснээс хойш Монгол улсад олон тэмцээн зохион байгуулагддаг юм байна, тэр хэмжээгээрээ сайн дурын ажилтан хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
Хамгийн дурсамжтай ажил маань 2016 оны “Оюутны аварга шалгаруулах байт харвааны тэмцээн” байсан. Тухайн үед би хамгийн анх удаа Малайз улсын тамирчдыг дааж аваад ирсэн цагаас нь хойш онгоцны буудлаас тосч авах, буудалд нь хүргэж өгөх, явтал нь хөтөч хийх, мэдээллээр хангах гэх мэт үүрэг гүйцэтгэсэн. Долоо хоногийн хугацаанд гадаад найзуудтай болсноос гадна намайг өөрийн улсдаа зочлохыг урьсан шүү.
YOLO: Спортоор хичээллэдэг болохоор энэ чиглэлд илүү сайн дурын ажил хийгээд байна уу? эсвэл спортод дуртай болохоороо ажиллаад байна уу?
- Би спортоор хичээллэдэггүй боловч спортод маш их дуртай. Хамгийн дуртай спортын төрөл маань уран гулгалт болон гимнастик. Одоо ширээний теннисээр хичээллэхийг хүсч байна.
YOLO: Улс орон бүрийн дурсгалийн пин буюу тэмдэг цуглуулахад хамгийн тохиромжтой үе нь мэдээж Олимп. Хэр их пинтэй болсон бэ?
- Сайн дурын ажил хийж байгаа хүмүүсийн хобби нь пин цуглуулах бас бахархал нь байдаг. Би ч бас сайн дурын ажил хийхдээ пин цуглуулах хоббитой болсон. Тэмцээн эхлэх үед хоосон байсан мандатны зүүлт, тэмцээн дуусах үед багтахгүй хэмжээний пинтэй болчихдог. Тийм хэмжээний пинтэй болоход тэмдгээ зүгээр өгдөг улс, тамирчид байхад, хоорондоо солилцохыг хүсдэг хүмүүс ч бий. Танихгүй хүнээс пин гуйх их хөгжилтэй. Чи энэ пингээ хаанаас авсан юм? Би очоод гуйчих уу? Танихгүй хүнээс санаа зовоод яаж асуух вэ? гэх мэтчилэн хөгжилтэй зүйл их гардаг. Одоо зуу орчим пинтэй болсон байна.
YOLO: Сайн дурын ажил хийхийн хамгийн гоё мөч нь юу байдаг вэ?
- Сайн дурын ажил хийж байхдаа шинэ найз нөхөдтэй болно, шинэ зүйлийг сурч мэднэ, бас юугаар ч үнэлшгүй туршлагатай болдог. Тухайн үедээ жижиг мэт санагдаж байвч эргээд бодоход маш их дурсамжаас гадна хэлний чадвараа сайжруулчихсан, бусадтай харилцахдаа хүртэл нээлттэй болчихсон байдаг. Энгийн зүйлд ч гэсэн хариуцлагатай хандах ёстой юм гэж боддог болчихсон. “Хэлний чадвар маань хүрэхгүй бол яана аа” гэж санаа зовоод, өөрийгөө голох үе байдаг ч тамирчдаас “Чи үнэхээр сайн ярьж байна” гэсэн үг сонсох нь их урам өгдөг бас өөртөө итгэх итгэл нэмэгддэг. “Энэ үгийг чинь ингэж хэлдэг ш дээ” гэх мэт мартсан зүйлээ сэргээнэ гээд маш их зүйл бий.
Сайн дурын ажил хийгээд ерөнхийлөгчөөс баярлалаа гэсэн үг, талархлын бичиг авна гэж төсөөлж байгаагүй.
О.Ариунзаяа
YOLO: Чиний бодлоор “Пёнчаны олимп”-ийн хамгийн гайхшруулсан зүйл нь юу байв?
- БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин сайн дурын ажилтнууддаа маш их дэмжлэг үзүүлсэн. “Өвлийн олимпийн хүйтнийг үл ажраад олимпыг сайн зохион байгуулахын тулд дотоодын болон гадаадын сайн дурын ажилтнууд ирж оролцож байгаад баяртай байна” гээд сайн дурын бүх ажилтандаа Мүн Жэ Иний гарын үсэгтэй ороолт, талархлын бичгийг бэлэглэсэн.
“Тухайн улсыг төлөөлөөд ирж байгаа тамирчид тухайн улсынхаа төлөөлөл. Түүнтэй адил тухайн улсаа төлөөлж ирж байгаа сайн дурын ажилтан тухайн улсын төлөөлөл юм” гэж хэлсэн нь маш их таалагдсан. Сайн дурын ажил хийснээрээ ерөнхийлөгчөөс баярлалаа гэсэн үг, талархлын бичиг авна гэж төсөөлж байгаагүй. Ийм зүйлийг олимпоос л мэдэрсэндээ маш их баяртай байна. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаа учраас өдөр бүрийг дурсамжтай, маргааш юу болох бол гэсэн догдлолтойгоор өнгөрөөж чадсан. Олимпыг үзэж байгаа болон олимпын зохион байгуулалтад оролцож байгаа хүний сэтгэгдлийг хоёуланг нь мэдэрч үзсэн нь маш гайхалтай.
YOLO: Нэг жил Солонгос улсад суралцаж амьдарч байсан болохоор орчин, хэл, соёл нь танил байсан байх. Гэхдээ олимпийн уур амьсгал мэддэг зүйлсээс чинь өөр байсан болов уу?
- Үзэж байгаа үзэгчид, оролцож байгаа тамирчин, олон улсын тэмцээнд ажиллаж байгаа хүн бүрийн царай нь гэрэлтэй, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан байсан шүү. Сонирхолтой зүйл нь Олимпийн нээлтэн дээр цагаан толгойн дарааллаар улс бүрийн тамирчид тугаа барьж алхдаг, харин хаалтан дээр тэгж алхдаггүй. Эв нэгдлийг харуулах зорилгоор бүх тамирчид зэрэг орж ирдэг. 17 өдрийн турш өрсөлдөөд, тэмцээд, хөлс хөдөлмөрөө үнэлүүлсэн тамирчид нэгэн зэрэг орж ирдэг нь сэтгэлд тод үлдсэн.
YOLO: Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач?
- Ирээдүйд сайн дурынхаа ажлыг орхилгүйгээр хөгжин дэвшиж, илүү ихийг хийж бүтээмээр байна.
2020 оны Токиогийн олимпд сайн дурын ажил хийх сонирхолтой хүмүүсийн өргөдлийг энэ зун авч эхэлнэ.
О.Ариунзаяа
YOLO: Монголд хамтдаа сайн дурын ажил хийдэг найзуудаараа SLO хэмээх сайн дурынхны холбоог байгуулсан. Холбооныхоо үйл ажиллагааны талаар хуваалцвал?
- Сайн дурын ажил хийх сонирхолтой хорь гаруй залуус нэгдэж SLO Volunteer Association сайн дурынхны холбоог байгуулсан. Бидний ойрын үеийн төлөвлөгөөнд энэ оны 4-р сард зохиогдох “Азийн бодибилдингийн аварга шалгаруулах” тэмцээнд сайн дурын ажилтнаар ажиллах мэдүүлгээ өгчхөөд байна. Мөн энэ 6-р сард зохиогдох 3х3 Сагсны тэмцээнд ажиллахаар бэлдэж байна. Байгуулагдаад хоёр жил болсон ч энэ хугацаанд шинэ гишүүн аваагүй. Гэхдээ ойрын хугацаанд шинэ гишүүн авах төлөвлөгөө бий.
YOLO: 2020 оны Токиогийн олимпд сайн дурын ажил хийх бодолтой байгаа гэж сонссон. Сайн дурын ажил хийх хүсэлтэй Монгол залууст маань хэр их боломж байгаа бол?
- Токиогийн олимпд сайн дураар ажиллахад “Пёнчан 2018” олимпд ямар үе шаттайгаар тэнцсэнтэй адил шалгаруулалт явагдана. 2018 оны зун Токиогийн олимпийн сайн дурын ажилтны хүсэлтийг авч эхэлнэ. Эхлээд өргөдлөө бөглөөд, шаардлагатай тохиолдолд хэлний мэдлэгийн тест өгсний дараагаар онлайнаар 15 минутын турш ярилцлага өгдөг. Ярилцлагын үед хэр өөрийгөө зөв илэрхийлнэ, хэр их энэ ажлыг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж чадна тэр хэмжээгээрээ давуу талтай болно гэсэн үг. Заавал тухайн орны хэлээр ярилгүй англиар ярьж чадна гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. Үүний дараагаар хариугаа хүлээнэ. Хүн бүрт боломж бий. Заавал оюутан гэлтгүй ажилладаг ч байж болно. Бас хичээл зүтгэл гаргах хэрэгтэй би гэхэд олимпд ажиллахын тулд сүүлийн хоёр жил Солонгос хэлийг эрчимтэй сурсан.
YOLO: Урилгыг маань хүлээн авч ярилцсанд маш их баярлалаа.
- Баярлалаа.
Олимпын зохион байгуулалтын үйл ажиллагаанд ажиллахын тулд сүүлийн хоёр жил Солонгос хэлийг эрчимтэй сурсан.
О.Ариунзаяа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх