Бүх цаг үеийн хамгийн ШИЛДЭГ 10 КИНО


О.Номуншүр | YOLO.MN
2018-03-16

Kино урлагаар дамжуулж хүн төрөлхтөн боловсрол, амьдралын ухааныг ойлгох боломжтой байдаг билээ. Тэгвэл энэ бүх цагийн үеийн хамгийн шилдэг гэсэн 10 киног хүргэж байна.

10. Долоон самурай (Seven Samurai) 1954 –Акира Куросава

Уг киног нэг амьсгаагаар үзэж дуусгадаг нь гайхалтай юм. Анхны кадраас эхлэн барууны хүн биш гэдэг нь харагдана.  Барууны үйл явдлын өрнөлийг уг кинотой харьцуулбал их тайван уужим эхэлж, бясалгал шиг үйл явдалдаа ордог нь мастер хүний онгод болон дотоод тамир нь харагдана. Куросава баатруудынхаа сэтгэл зүйг мэдэрч, мөн таниулахын тулд холдож нэг ажиглана, ойртож нэг ажиглана. Улмаар үзэгч бага багаар үйл явдлын эргүүлэгт сорогдож орно.

Үүнд Куросавагийн хүн ажиглах, таних авьяас нь харагдана. Тариачин, Самурай нар бүгд өөр өөрийн дотоод ертөнц, сэтгэл зүйн онцлогтой хүмүүс. Орчин үеийн кинонд олноор ажиглагддаг дутагдал бол үзэгчид гол дүрүүдийн тухай өөрийн гэсэн дүгнэлт гаргаж, өөрөөр нь бодуулахын оронд муу сайн хоёрыг зааж өгдөг тал бий. Гэвч “Долоон Самурай”-н үйл явдал эсэргээрээ эрдэм ухаан, зоригоор ялдаг баатрууд нь тэмцэгчид биш харин ажлаа сайн мэддэг алуурчид байсан. Акира Куросава хүн төрөлхтнийг хуваадаг хоёр заагийг харуулсан нь Хүчтэн ба Дорой юм.


9. Эрэл (The Searchers) 1956 –Жон Форд

Домогт Жон Фордын оргил бүтээл төдийгүй бүх вестерн киноны дээд оргил гэгдэх (Америкийн кино асуулгын саналаар уг шийдвэрийг гаргажээ) уг киноны зураглалд Америкийн Монумент хөндий хэмээх алдартай газар мөнхлөгдсөнөөс хойш Монумент хөндийд вестерн хийх нь Жон Фордыг шууд дуурайсан мэт сэтгэгдэл төрүүлэх болжээ. Кино нь үзэсгэлэнтэнй зураглалтай, үйл явдлын хувьд энгийн вестерн мэт харагдавч маш олон далд утга санаа нуугдаж байгааг кино шүүмжлэгчид хүлээн зөвшөөрдөг. Эдгээр олон утга санааг тайлбарлах түлхүүр ихэвчлэн дүрслэлийн чанартай байх нь бий.


8. Нар мандахуй: Хоёр хүмүүний дуун – Ф. В. Мурнау (Sunrise: A Song of Two Humans) 1927

"Нар мандахуй: Хоёр хүмүүний дуун" хэмээх энэхүү бүтээлийг ихэвчлэн бүх цаг үеийн хамгийн аугаа дуугүй кино гэдэг. Энэ кино анхны дуутай кино гарахаас хэдхэн долоо хоногийн өмнө нээлтээ хйиж байжээ. Германы их мастер Фридрих Вилхельм Мурнуагийн холливудад хийсэн урлагийн бүтээл нь үзэгдэх уянгын яруу найргийн бодит биелэл юм. Гэрэл сүүдэр, хослол зураг энэ кинонд хамгийн төгс байдлаар ашиглагдсан бөгөөд орчин үеийн ямар ч лут эффекттэй кино энэ киног гоо зүйн талаараа гүйцээгүй л байна.

Урлагийн энэхүү бүтээл цаг хугацаа, татах хүч, хязгаарлалтад захирагдаагүй өнө мөнхөд үлдэх бүтээл гэдэгтэй хэн ч үл маргана. Уг киноны гайхалтай дүрслэл, хүүрнэл эхнээсээ л хүмүүнийг автуулах чадалтай. Хэдий 1927 онд хийгдсэн ч энэ бүтээл урлагийн цоо шинэ мэдрэмж төрүүлэх бөгөөд өнөө цагийн кино урлагийн хөгжил гавихгүй байгааг баталж өгнө. Энэхүү бүтээл Шилдэг эмэгтэй гол дүр (Чарьлс Рошер, Карл Штрусс), Өвөрмөц, гоо зүйн шилдэг кино (дахин ийм номинацаар шагнал гардуулаагүй) гэсэн гурван номинацаар "Оскар" хүртжээ.


7. Загалмайлсан эцэг – Фрэнсис Форд Коппола (The Godfather) 1972

Мафийн тухай киноны ноён оргил яахын аргагүй “Загалмайлсан эцэг” билээ. Энэ киноноос санаа аван дуурайсан маш олон мафийн кинонууд шил шилээ даган төрсөн. Тэнгисийн явган цэргийн алба хаасан залуухан Майкл эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг үүрч буй тухай эхний ангид гардаг байна.


6. Токиогийн тууж – Ясүжиро Озү (Tokyo Monogatari) 1953

Далайн эргийн жижиг тосгон дахь гэрээсээ токио хотод суугаа хүүхдүүдийнхээ зочлохоор очсон хоёр буурлын тухай өгүүлэх минималист драм юм. Урт зам туулж ирсэн тэднийг том хотын амьдралдаа түүртсэн үр хүүхэд нь тийм ч найрсгаар угтахгүй. Үе хоорондын зайлшгүй зөрчил, тэдгээрийн сэтгэл санааны ялгаатай байдлыг дүрслэн харуулсан, хөнгөн гуниг төрүүлэх энэхүү кино Озугийн шилдэг бүтээл юм.

Уг киног Японы, тэр ч байтугай Ази тивээс төрсөн хамгийн шилдэг кино хэмээн кино шүүмжлэгч, судлаачид үздэг бөгөөд Акира Куросавагийн “Долоон Самурай”-тай өрсөлдүүлдэг байна. Мөн Британийн кино институтээс эрхлэн гаргадаг “Sight and Sound” сэтгүүлийн арван жил тутам кино мэргэжилтнүүд, найруулагчаас санал авч гаргадаг бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалд хоёр ч удаа багтжээ.


5. Найм хагас – Федерико Феллини (Eight and Half) 1963

Урлагийн түүхэн дэх цөөн хэдэн оргилын нэг уг кино нь зөвхөн Феллинигийн туурвилаас л авч болох өвөрмөц, гайхамшигт, торгомсог мэдрэмжийг төрүүлэх чадалтай. Амьдрал тогтсон голдрилгүй, юу ч тохиож болно. Амьдрал бол тэр чигтээ л самуурал. Энэ самуурал, будлиан дундаас бид амьдралын амтыг мэдэрч, таашаал авч байдаг нь үнэн. Нэгэн хэвийн амьдралд хэн ч дурлахгүй. Урлагийн хүн, кино найруулагч хүний самуурал хэчнээн үзэсгэлэнтэй байж болох вэ (Lg bella confusion). Энэ бол Феллинигийн ертөнц. Хүүхэд насны дурсамжийг тэр чигтээ гаргаж ирсэн үзэсгэлэнт самуурал юм.

Энэхүү феллинигийн илэрхийлэмжийн гоц гойд байдлаас бид зөвхөн урлагийн дээд түвшинд хүрч чадсан нэгний хийж чадах гайхалтай импровизаци маягт чанарыг олж харах болно. Киноны гол дүр найруулагч Гуидогийн дүрд Италийн од Марчелло Мастроянни тогложээ. Энэ кинон дээрээс та Клаудиа Кардинале, Анук Эме зэрэг маш олон үзэсгэлэнт эмэгтэй жүжигчдийг олж харах болно. Францийн алдарт найруулагч Франсуа Трюффо энэ киноны талаар хэлэхдээ “Феллинигийн “Найм хагас” нь Гуидогийн хийхийг хүсээд байгаа боловч хийж чаддаггүй энгийн, бүрэн бүтэн, үзэсгэлэнтэй, шулуун шударга кино юм” гэжээ.


4. Тоглоомын дүрэм – Жан Ренуар (The Rules of the Game) 1939

Тус киног Вишийн засгийн газраас хориглож байсан төдийгүй  Америкийн шүүмжлэгчдийн хараалыг хүртэж байсан ч урлагийн түүхэн дэх хамгийн чухал киноны нэгт заавал тооцогддог.


3. 2001: Сансрын Одиссей – Стэнли Кубрик (2001: A Space Odyssey) 1968

Энэхүү гүн ухааны, далд зүйрлэлт кино урлагт асар их хувь нэмэр оруулсан төдийгүй ихэнх кино шүүмжлэгчид Кубрикийн аугаа их бүтээл хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Алдарт зөгнөлт зохиолч Артур Кларкийн туужаас энэ киног сэдэвлэн бүтээсэн бөгөөд тайз засал, визуал эффект дээр Кубрик өөрөө удирдаж ажиллажээ. Энэ киногоороо  Кубрик бидэнд асар их асуултыг үлдээсэн билээ.


2. Уймраан – Альфред Хичкок (Vertigo) 1958

Хичкогийн хамгийн сор бүтээл гэж шүүмжлэгчид үздэг. Эцэс төгсгөлгүй мэт хууран мэхлэлт хэзээч дуусашгүй зовлонгийн тойрогт унасан хувийн мөрдөгч Фергусон өөрийн дурласан бүсгүйнхээ үхлийн нууцыг тайлахыг оролдоно. Орчин үеийн триллер киноны зарим найруулагчид Хичкокийг тахин шүтэж өөрсдийнх нь бүтээл түүний хаана ч хүрэхгүйг хүлээн зөвшөөрдөг байна. Энэ кино нь зөвхөн Кино урлагийн түүхэнд ч бус 20-р зууны урлагт том байр суурь эзэлнэ.


1. Иргэн Кейн – Орсон Уэллс (Citizen Kane) 1941

Дэлхий дахинаа аугаа их нэр хүндийг олж авч чадсан кино бүтээгч Орсон Уэллс зохион бүтээгч хүний хүүхэд байсан бөгөөд багадаа авьяаслаг, сэргэлэнгээрээ гайхагдахын зэрэгцээ уран зохиол сонирхож, шүлэг бичиж байсан гэдэг. Түүний бүтээсэн Иргэн Кейн кино тухайн үедээ ихээхэн шүүмжлэлд өртсөн атлаа хожим дэлхийн хамгийн шилдэг киногоор тодорсон юм. Шүүмжлэгчид, судлаачид уг бүтээлийг кино урлагт үүсэн бий болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл бүтээгдсэн дэлхийн хамгийн шилдэг кино хэмээн бүрнээ хүлээн зөвшөөрдөг.

#All time #Best #Cinema