ЗАХИДАЛ: Тэр хүүгийн салсан НАЙЗ ОХИН миний сайн найз


ССҮТөв | YOLO.MN
2018-03-15

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр хүү ч гэсэн надад таалагддаг

Харин тэр охин нь надад итгэдэг сайн найз нарын минь нэг. ​

Сайн байна уу. Би 13 настай. Надад нэг хүү сайн болсон л доо. Гэвч тэр саяхан найз охиноосоо салсан. Харин тэр охин нь надад итгэдэг сайн найз нарын минь нэг. Бас тэр хүү ч гэсэн надад таалагддаг. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Найз чинь чамд итгэдэг гэж хэлсэн шүү дээ, тиймээс найзынхаа итгэлийг эвдэхгүй байхын тулд түүнээс битгий нуугаарай

Харин тэр хүүг гэх мэдрэмж түр зуурын сэтгэл хөдлөл төдий бол өчүүхэн зүйлээс болж нөхөрлөлдөө сэв суулгахгүйн тулд тэр хүүгээс татгалзаж болно.

Сайн байна уу. Бидэнд захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насны хүүхдүүдэд элбэг тохиолддог асуудал бол мэдээж үерхэл, нөхөрлөлийн асуудал байдаг. Чи өөрийн сайн найзаа гомдоохыг хүсэхгүй санаа зовниж байгаа чинь бусдын төлөө санаа тавьж буй сайн чанар юм.  Тэр хүү чамд таалагддаг гэж бичсэн байна. Өсвөр насанд бие биенээ сонирхож, шохоорхох нь элбэг харин сайн найз бол бие биендээ итгэл төрүүлж, илүү урт хугацааг хамтдаа өнгөрүүлдэг. Тиймээс тэр хүү үнэхээр чамд таалагддаг, чиний хувьд чухал хүн бол найздаа болж буй зүйлийг хэлээд юу гэж бодож байгааг нь асуугаарай. Найз чинь чамд итгэдэг гэж хэлсэн шүү дээ, тиймээс найзынхаа итгэлийг эвдэхгүй байхын тулд түүнээс битгий нуугаарай. Хэлэлгүйгээр тэр хүүтэй үерхвэл найз нь харин гомдох болно. Харин тэр хүүг гэх мэдрэмж түр зуурын сэтгэл хөдлөл төдий бол өчүүхэн зүйлээс болж нөхөрлөлдөө сэв суулгахгүйн тулд тэр хүүгээс татгалзаж болно. Өөрөөр хэлбэл чи эхлээд дотроо тэр хүү чиний хувьд найздаа хэлэх хэмжээнд хүртэл чухал хүн үү гэдгийг бодож шийднэ гэсэн үг. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г.Ундрал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Best friend #Teenagers