Гана улсын нэгэн дунд сургуулийн мэдээлэлзүйн багш Овура Квадво компьютер байхгүй гэж хойш суулгүй компьютерын дэлгэцийг самбар дээр зурж мэдээлэлзүйн хичээл ордог аж.
Хүүхдүүддээ ийн хичээл заадаг тухайгаа фэйсбүүкт нийтэлснээр мянга мянган хүмүүсийн талархлыг хүлээж тусламжийн гараа сунгах хүслийг нь өдөөж чаджээ.
Харин энэ тухайгаа тэрээр "Багш болгон л өөрийн гэсэн заах арга барилтай. Миний хувьд энэ л болчихоод байна. Би сурагчдаа миний хичээлээс ядаж компьютерын ард суухад юу харагддаг түүнийг юунд яаж ашигладаг талаар жаахан ч гэсэн төсөөлөлтэй болоосой л гэж хүсдэг" гэжээ.
Уг хичээлд сурагчид маш их дуртай байдаг бөгөөд компьютер гэдгийг багшийнхаа зурснаар л төсөөлдөг аж. Овура багш одоо сурагчдадаа "Microsoft Word" програмын хичээлүүдийг зааж байгаа гэнэ.
Техник технологи хөгжсөн энэ эрин зуунд яагаад Гана улсын сургуулиуд компьютергүй байгаа тухай багшаас асуухад "Энэ нь манай улсын хөгжилтэй шууд хамаатай. Манай сургуультай адилхан асуудалтай сургууль энд маш олон бий. Гэхдээ би үүнд төр засгаа буруутгаж зүгээр суухыг хүсээгүй. Тэд мэдээлэлзүйн хичээлийг багш нарт болон сурагчдад хүртээлтэй байх тал дээр ажиллаж байгаа гэдэгт би итгэдэг." хэмээжээ.
Сэтгэл байвал сэрээгээр шөл ууна гэдэг шиг сургая гэсэн чин хүсэлтэй багшийн хөдөлмөрийг сайн санаатай хүмүүс үнэлж буяны гараа сунгаж сургуульд нь компьютер хандивлахаар болжээ. Тус сургуулийн багш, сурагчид хэчнээн их баяртай байгаа бол...
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх