ЗАХИДАЛ: Багш надад дургүй. Тэр надаас үргэлж өө хайдаг


ССҮТөв | YOLO.MN
2018-02-27

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

ЗАХИДАЛ: Багш надад дургүй. Тэр надаас үргэлж өө хайдаг

Хэрвээ багш намайг ганцаараа байхад дуудаж уулзаад зэмэлсэн бол би сайн сонсогч байж алдаагаа засаж чадах байсан.

Сайн байна уу? Би одоо 16 настай эмэгтэй. 1-9 хүртэл нэг сургуульд сурч байгаад орчноо сольж, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзэж хүсэж хүсэж энэ жил сургуулиа сольсон. Шинэ хамт олон шинэ найзууд гээд бүгд маш сайхан байна. Ангийн багш маань л жоохон хэцүүхэн хүн байдаг.

Ангийнхан маань ч мөн багшийн сонин ааштайд их дургүй байдаг. Хоёр сар гаруйн өмнө ангид нэг үйл ажиллагааг охидуудтайгаа нийлээд зохиосон юм. Гэвч санасанаар бодсон шиг сайн болж чадаагүй юм. Би үнэхээр хичээсэн боловч яагаад ч сайн болоогүй. Гэтэл тэр үеэс хойш багш минь надад их дургүй болсон.

Үг үйлдэл болгон дээр өө хайж байнга загнаж нэг юмаа дахин дахин давтаж зэмэлнэ. Өчигдөр ангийнхны өмнө нэлээн толгой түрүүгүй загнаж зэмлэсэн. Энэ нь надад үнэхээр муухай мөн гомдмоор санагдсан. Тэгээд багшийн өмнөөс зөрөөд маргасан.

Би өөрийгөө үнэхээр барьж чадаагүй. Хэрвээ багш намайг ганцаараа байхад дуудаж уулзаад зэмэлсэн бол би сайн сонсогч байж алдаагаа засаж чадах байсан. Гэвч ангийнхны дунд эвгүй байдалд оруулсан нь муухай санагдаж байна. Одоо дахиад л намайг загнах байх үзэн ядах байх би яах вэ? одоо дахиж миний хувьд анги сургуулиа солих гэдэг боломжгүй зүйл. Надад зөвлөгөө өгч туслаач баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч хүнд алдаа дутагдал байдаг гэдгийг санаарай

Чи хичээгээд ч байдал өөрчлөгдөхгүй, бас чамд дарамттай айдастай байвал эцэг эхдээ хэлж тусламж авахаа мартав аа.

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа. Шилжиж орсон ангийн хамт олонтойгоо дасч, эвсэг байгаад баяртай байна. Чамд тэр болгон хүн бүрт байдаггүй сайн талууд байна.

Нэгт чи өөрийнхөө төлөө үйлдэл хийдэг юм байна. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд шинэ сургуульд орсон, анги хамт олон болон багшдаа таалагдах, дотносохын тулд арга хэмжээ зохион байгуулсан байна. Хоёрт чи зөв буруу үйлдлүүдийг сайн ялгадаг юм байна.

Чиний хэлдэг зөв. Олон хүний өмнө хэн нэгнийг доромжлох, загнах, эвгүй байдалд оруулах эрх хэнд ч байхгүй. Тиймээс чи багшдаа өөрийгөө илэрхийлж үг хэлсэндээ битгий харамсаарай. Багшийн хувьд  ямар ч хүнд алдаа дутагдал байдаг. Тиймээс тэр болгонд ач холбогдол өгөхгүй байхыг хичээгээрэй.

Гэхдээ хүнтэй ойлголцохгүй, учир нь олдохгүй удаан үргэлжилбэл чиний сэтгэлд дарамт, хөндүүр болно. Тиймээс багштайгаа ярилцах боломж гарвал ярилцаж ойлголцохыг хичээгээрэй. Чи хичээгээд ч байдал өөрчлөгдөхгүй, бас чамд дарамттай айдастай байвал эцэг эхдээ хэлж тусламж авахаа мартав аа. Сургууль дээрээ дарамт, айдас мэдрэх нь хэвийн зүйл биш юм.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Ц.Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Teacher #Pupil #Advice