"Халуун пийшин дээр гараа нэг хором тавь, бүхэл бүтэн нэг цаг өнгөрсөн мэт урт удаан санагдана. Харин сайхан бүсгүйтэй нэг цаг хөгжилтэй яриа дэлгэн суу, ганцхан хором өнгөрсөн мэт санагдах болно" гэж А.Эйнштейн харьцангуйн онолыг тайлбарласан байдаг.
Үүний адилаар монголын бүжгийн урлагийн салбарт цахиур хагалахаар бэлтгэгдэж буй залуу бүжигчин А.Аминатай уулзаж ярилцахад нэг хором өнгөрсөн мэт санагдлаа. Ийнхүү авьяаслаг бүжигчин охины ярилцлагыг хүргэж байна.
Хүн өөрөө өөрийнхөө гол хөгжөөн дэмжигч байснаар ямар ч салбарт амжилт гаргаж чадна
А. Амина
YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач
- Сайн байна уу? Намайг А.Амина гэдэг. Одоо 15 настай. "Номун Далай" дунд сургуулийн төгсөх ангийн сурагч.
YOLO: Бүжгийн урлагт хөл тавиад хэр удаж байна вэ?
-2015 оны нэгдүгээр сараас бүжиглэж эхэлсэн. Бүжиглэж эхлээд бараг гурван жил болж байна.
YOLO: Бүжгийн маш олон төрлүүд байдаг. Гэвч тэдгээрээс яагаад чөлөөт бүжгийг сонгож хичээллэсэн бэ?
- Бүжиг болгон хүн хүний сонирхолд нийцсэн байдаг. Тухайн хүн өөрийн сонирхлоос шалтгаалж бүжгээ сонгож хичээллэдэг. Миний хувьд надад хамгийн их таалагддаг нь чөлөөт бүжиг.
YOLO: Бүжиглэж эхлэхэд чинь хамгийн их урам өгч дэмжиж байсан хүн хэн бэ?
- Мэдээж гэр бүлийнхэн. Гэр бүлийнхэн маань намайг маш их дэмждэг. Гэхдээ хамгийн их дэмждэг хүн маань би өөрөө. Би өөрөө өөртөө найз нь байж чаддаг. Өөрөө өөрийгөө хурцалж, дэмжиж урам өгч байдаг. Ер нь хүн өөрөө өөрийнхөө номер нэг хөгжөөн дэмжигч байж чадсанаар ямар ч салбарт амжилт гаргаж чадна гэж боддог.
YOLO: Чөлөөт бүжиг бусад бүжгийн төрлүүдээс юугаараа онцлог вэ?
- Чөлөөт бүжиг гээд хэлэхэд л эрх чөлөө мэдрэгддэг. Мэдээж бусад бүжгээс ялгарах хамгийн том онцлог нь чөлөөт бүжиг яг нэрэндээ тохирсон чөлөөтэй байдаг. Бусдад эрх чөлөөг мэдрүүлдэг.
Бүжиглэдэггүй Амина үнэхээр дуугүй, хүнтэй яриад байдаггүй, хамгийн аймар нь гадаа гарахаас ч айдаг байсан
А. Амина
YOLO: Бүжиглэж эхлэхээс өмнөх Амина болон бүжгээр хичээллэж буй Аминаг харьцуулбал?
- Бүжиг надад маш том нээлт хийж өгсөн. Өөрөө өөрийгөө илүү ихээр таньж мэдэхэд тусласан нэгэн хүчин зүйл. Бүжиглэдэггүй Амина үнэхээр дуугүй, хүнтэй яриад байдаггүй, хамгийн аймар нь гадаа гарахаас ч айдаг байсан.
Тэр үед дэлгүүр гарна гэдэг ч миний хувьд хамгийн том асуудал байсан. Бүжиглэж эхэлснээс хойш өөрийгөө бага багаар өөрчлөгдөж буйг анзаарч эхэлсэн. Илүү нээлттэй болж, хүнтэй бага багаар ярьж сурч байгаа. Анх бүжгийн заал руу ортлоо доошоо харж чимээгүй явсаар байгаад Төөгөө ахыг бүжгээ зааж эхлэнгүүт хамгийн урд очоод яг хажууд нь бүжиглэдэг байсан. Хүмүүсийн хувьд хамгийн урд зогсоод бүжиглэнэ гэдэг маш том асуудал байсан бол миний хувьд огт тийм байгаагүй.
Би яг тэр үед л өөртөө хамгийн итгэлтэй болдог байлаа. Хичээл дуусаад л буцаад доошоо хараад хэн нэгэн анзаарахаас өмнө гялс гараад явчихдаг байв. Хүнтэй харилцахаас, хэн нэгэнтэй ярихаас их айдаг байсан. Одоо бол нэлээн нээлттэй нийтэч болсон.
YOLO: Бүжиг бүжиглэхийн яг юу нь өөрийг чинь тэгж их татдаг юм бэ?
- Би бодож байгаа зүйлээ амаараа зөв илэрхийлж гаргаж чаддагүй. Иймээс бүжгээрээ өөрийгөө илэрхийлдэг. Дуу тавиад бүжиглэх үедээ "Амина яг ямар хүн бэ?" гэдгийг таньж мэддэг.
YOLO: Бүжгээр хичээллэснээр хувь хүн өөртөө яг юуг олж авч чадах вэ?
- Өөртөө итгэх итгэлийг мөн цоо шинэ гэр бүлтэй болно л гэсэн үг.
Би бодож байгаа зүйлээ амаараа зөв илэрхийлж гаргаж чаддагүй. Иймээс бүжгээрээ өөрийгөө илэрхийлдэг
А. Амина
YOLO: Бүжиглэхээс өөр хобби бий юу?
- Сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглодог. Ер нь спортод их дуртай. Мөн судалгаа хийх их дуртай. Дэлхий ертөнц дээр яг юу болж байна гээд л судлах дуртай. Нэлээн хэрэгт дуртай сониуч хүн дээ.
YOLO: Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
- Хоёр мэргэжлийг хослуулж явна гэж боддог. Мэдээж ирээдүйд урлагийн хүн болно. Үүний хажуугаар урлагт хэрэгтэй мэргэжлийг эзэмшинэ. Жишээлбэл маркетингаар суралцана гэж боддог.
YOLO: Анх "Aim4r production"-д хэрхэн нэгдэж байсан бэ?
- Анх "Aim4r production"-ы бүжгийн сургалт явагдана гэсэн арга хэмжээг фэйсбүүкээр хараад бүртгүүлж байсан. Бүртгүүлчээд очих гэсэн заалаа олдоггүй ээ. Дугаар руу нь залгаад байдаг утсаа авдаггүй. Тэгээд хайж хайж байгаад “больё доо” гээд харих гэж байгаад "За за ер нь яавал ч яаг" гэж бодон хүмүүсээс асууж нэг газраа хэдэн удаа тойрч байж олж байсан. Тэр бол хамгийн зөв шийдвэр байсан юм. Тэр үед би зүгээр гэр рүүгээ харьж болох л байсан. Гэвч зориглоод буцсан маань их зөв шийдвэр байсан.
YOLO: "Aim4r production"-ы сургалтанд хамрагдах хүсэлтэй олон хүүхэд залуус байдаг байх. Тэдэнд хандаж мэдээлэл өгөхгүй юу?
- Манай сургалтанд явснаар дан ганц бүжиглэж сурах биш сэтгэхүйгээ ч мөн хөгжүүлэх болно. Манай сургалтны хүүхдүүд "Би бүжиглэж эхэлснээс хойш сэтгэхүй маань огт өөр болж байна. Математикаа бодоход хүртэл бодлогуудыг яг бүжиг шиг төсөөлж бүжигтэйгээ холбож бодоход амархан байдаг болсон" гэж их ярьцгаадаг. Тэгэхээр аливаа зүйлийг харах өнцөг, үзэл бодол нь ч дагаад өөрчлөгддөг. Хамгийн гол нь манай сургалтанд хамрагдсанаар нэг зорилготой өөртэйгөө адил хүсэл мөрөөдөлтэй залуустай нэгдэн нэг гэр бүл болно.
Ээж маань өөрөө урлагийн хүн биш хэдий ч хэзээ ч “Чи энэ мэргэжлээр сур. Энийг хий” гэж шаарддаггүй. Би юунд дуртай байна, түүнийг маань их дэмждэг.
А. Амина
YOLO: Продакшиндаа нэгдэхээс өмнө өөрөө бие даан бүжиглэж байсан уу?
- Үгүй. Гэхдээ багаасаа урлагт элэгтэй, нугардаг хүүхэд байсан.
YOLO: Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?
- Байхгүй. Гэхдээ намайг маш их дэмждэг. Намайг бага байхад ээж маань аягүй хөөрхөн дуу тавьчихаад "Алив Амина бүжиглээрэй бүжиглээрэй. Нэг хоёр гурав..." гээд бүжиглүүлдэг байсан. Ээж маань өөрөө урлагийн хүн биш хэдий ч хэзээ ч "Чи энэ мэргэжлээр сур. Энийг хий" гэж шаарддаггүй. Би юунд дуртай байна. Түүнийг маань их дэмждэг.
YOLO: Б.Аминагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
- Би өдөр бүр эртэч байхыг эрхэмлэдэг. Мөн тухайн өдрийнхөө төлөвлөгөөг урьдчилаад гаргадаг учраас өдөр бүр төлөвлөгөөний дагуу өнгөрдөг дөө.
YOLO: Заримдаа юу ч хийсэн бүтдэггүй өдөр байдаг. Энэ үеийг чи яаж давдаг вэ?
- Хэцүү үеүдийг би өсөн дэвжиж, хөгжих шатнуудын нэг гэж боддог. Хэрвээ давж чадвал бэрхшээлийн цаана шагнал бий. Иймээс хүнд өдрүүдэд өөдрөг байхыг хичээж “Болно бүтнэ” гээд л явдаг.
YOLO: Саяхан "Aim4r production" Бүхнээс дээгүүр УСК-г бүтээсэн. Киноныхоо дурийг танилцуулаач.
- Би Мөөнөө гээд уйланхай охины дүрд тоглосон. Үнэхээр уйланхай /инээв/
YOLO: Амьдрал дээрх Амина кинон дээрх Мөөнөө хоёр хоорондоо хэр адилхан бэ?
- Бүр үнэхээр өөр байсан. Би хэзээ ч хүний өмнө уйлж байгаагүй. Хүнд хэцүү байгаагаа мэдэгдүүлэх дургүй. Гэтэл Мөөнөө бол үнэхээр уйланхай жоохон л юм болвол шууд уйлчихдаг. Байнга уйлах нь их хэцүү байсан.
YOLO: Уг киноны онцлог нь юу байсан бэ?
- Орчин үеийн залуусын хүсэл мөрөөдлийн талаар мөн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд бүгд нийлэн зүтгэж байгааг харуулсан кино. Түүнчлэн адал явдал маань бүжгээр өрнөдгөөрөө онцлог.
YOLO: Киноны зураг авалтын үед болсон хөгжилтэй явдлаасаа хуваалцаач
- "Бүхнээс дээгүүр" киноны хамгийн сүүлийн тэмцээний зураг авалт хамгийн хөгжилтэй бөгөөд хамгийн хэцүү нь байсан. Гадаа цас ороод хүйтэн болчихсон байхад бид нар зуны нимгэн хувцастай бүжиглэж байсан. Бүгд зураг дуусаад шууд юм нөмөрч хэвтээд, аарц цай оочлоод л. Зураг авалт эхлээд шууд нөгөө нөмөрсөн юмаа тайлаад зургандаа ороод л. Бүгдээрээ даараад чичирчихсэн хүмүүс байсан даа.
YOLO: Өөртэй тань ярилцаад суухад үнэхээр эгдүүтэй хөөрхөн юм гэх бодлыг төрүүлж байна. Найз хөвгүүн бий юу?
- Хүнтэй үерхдэг. Хамгийн гол нь зөв хүнээ сонгож үерхэх хэрэгтэй. Бие биенийхээ дутууг нөхөж, алдааг нь хэлж хамт засалцаж, тус дэм болохоос гадна хамгийн сайн дасгалжуулагч байх хэрэгтэй.
YOLO.mn сайтын өсвөрийн сэтгүүлч Б.Намуун болон бүжигчин А.Амина
YOLO.mn сайтын өсвөрийн сэтгүүлч Б.Намуун болон бүжигчин А.Амина
YOLO: Бүжиглэх авьяасгүй өөрөөр хэлбэл өөрсдийгөө тодорхойлсноор “мод” гэгддэг хүүхдүүд бүжиглэж сурдаг юм болов уу?
- Хүн болгон бүжиглэж чадна. Хүний биенээс шалтгаалахгүй. Гагцхүү чадна гээд хичээвэл хэн ч чадна. Манай зааланд 40 настай ах, 37 настай эгч бүжгээр хичээллэдэг. Би тэдгээр хүмүүсийг хараад маш их бахархдаг.
YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?
- Хэн нэгэн ирээд "Энэ олон сая хүмүүсээс чиний ялгарах зүйл чинь юу вэ? Чи яг хэн бэ?" гэж асуух үед нүүр бардам хариулах түвшинд хүртлээ хөдөлмөрлөөрэй гэж хэлмээр байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье
- Баярлалаа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх