"Юу бодсоноо шууд хэлдэг зан минь буруудаад байх шиг байна"


Сондор | YOLO.MN
2016-05-04

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Юу бодсоноо шууд хэлдэг зан минь буруудаад байх шиг байна

Би өөрөө ч их муухай зан гаргачихсан юм л даа. Тэрнээс хойш нэг л зай бариад байх болсон. Мөн намайг өөрсдөөс нь илүү байхад их дургүй, одоо бол бүгд надаас холдох юм шиг санагдаад их харамсаад байх юм. 21 настай С...

Сайн байна уу, Би 21 настай

Их сургуульд орсноос хойш 10 жилийн найзуудтайгаа тийм ч дотно байхаа больсон. Өмнө ч нэг их дотно байгаагүй. Гэхдээ л бүр хөндий болсон энэ жилээс эхлээд уулзахаар нэг л тийм танихгүй хүмүүстэй ярьж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх болсон, дээрээс нь үзэл бодол ярих юм нь санаа нийлэхээ больсон мэт санагдаж аль болох зугтахыг хичээх болсон. Гэтэл их сургуулийн найз нартайгаа өмнө нь ойлголцоод болоод л байдаг, нэг их асуудал үүсэхгүй харин ч бүр үзэл бодол нийлдэг амар байсан мэт байсан юм. Гэтэл одоо бас намайг нэг л илүүд үзэн надтай өрсөлдөөд байгаа мэт санагддаг, бас би нэг их хүндлэгддэггүй мэт санагдаж байна.

Би өөрөө ч их муухай зан гаргачихсан юм л даа. Тэрнээс хойш нэг л зай бариад байх болсон. Мөн намайг өөрсдөөс нь илүү байхад их дургүй, одоо бол бүгд надаас холдох юм шиг санагдаад их харамсаад байх юм. Өөрийн муу тал үзэл бодлоо жаахан дарж тэр хүмүүсийн юу гэж бодохыг нь бодож байж харьцах ёстой юм шиг байна. Би их өөрийнхөөрөө, юу бодсоноо шууд хэлдэг зан минь маш буруу гэж бодох боллоо.

Би хүмүүстэй харилцахдаа хэрхэн харилцвал зүгээр вэ, ер нь жинхэнэ найз гэж хэн бэ, баярлалаа.

Зөвлөгөө: Зөвхөн яриад байх биш сайн сонсоход чиглээрэй

Ярихаасаа илүү бусдыг сонсож сурах хэрэгтэй. Сонсох техникийг эзэмшсэнээр бусдын мэдрэмжийг хуваалцахаас гадна найз нөхдийнхөө санаа бодлыг бүрэн гүйцэд ойлгож байна гэсэн мэдрэмжийг тэдэнд төрүүлж, бусадтай таатай байдлаар харилцаж чадна гэсэн үг. Сэтгэл судлаач Ц.Нямцэцэг


Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хүн бүр л өөрийн үзэл бодлоо хуваалцдаг найз нөхөд, дотны хүмүүстэй байдаг. Тэдгээр хүмүүстэй хамт байхад бид өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, нээлттэй харилцаж аз жаргалыг мэдэрдэг. Эмэгтэй хүмүүс бол хэн нэгэнтэй өөрийнхөө сэтгэл санаа, мэдрэмжийг хуваалцаж, ярилцах зэргээр тайвшралыг олж авдаг онцлогтой хүмүүс. Таны сайн найзууд таныг ямар ч нөхцөлд шүүмжлэлгүй дуустал чинь сонсож чаддаг, сонссоны дараа буюу эцсийн мөчид өөрийн бодол санааг хэлж зөвшилцдөг, мөн шүүмжлэлээ эелдэгээр илэрхийлдэг учраас сайн найз гэдэг тодотголыг авдаг юм.

Тэгэхээр хамгийн сайн найз гэж хамгийн сайн сонсогчийг л хэлдэг. “Юу бодсоноо шууд хэлдэг зан минь маш буруу гэж бодох боллоо” гэж бодож байгаа нь та өөрөө өөртөө өгч байгаа хамгийн том дүгнэлт. Иймд та ярихаасаа илүү бусдыг сонсож сурах хэрэгтэй. Сонсох техникийг эзэмшсэнээр бусдын мэдрэмжийг хуваалцахаас гадна найз нөхдийнхөө санаа бодлыг бүрэн гүйцэд ойлгож байна гэсэн мэдрэмжийг тэдэнд төрүүлж, бусадтай таатай байдлаар харилцаж чадна гэсэн үг.  Тиймээс зөвхөн яриад байх биш сайн сонсоход чиглээрэй.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Найз #Ганцаардал