Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Гол асуудал нь хөвгүүдтэй нээлттэй харилцаж чаддаггүй, нэг л эв хавгүй байгаад байдагт байгаа юм
Сайн байна уу, энэ захидал хүрэх өдрийн мэндийг хүргэе. Би 19 настай эмэгтэй. Өмнө нь хэн нэгэнтэй үерхэж байгаагүй мөн үерхэхийг маш их хүсдэг болохоор зөвлөгөө авахыг хүссэн юм.
Гол асуудал нь хөвгүүдтэй нээлттэй харилцаж чаддаггүй, нэг л эв хавгүй байгаад байдагт байгаа юм. Эргэн тойрны охид хүмүүстэй үерхээд л, хэд гурваараа салж нийлээд байхад яагаад надад тэр өдөр тохиохгүй байгааг гайхаад л байна. Цаг нь ирэхээр учирах л байлгүй гээд хойшлуулж болох ч надад асуудал байгаагаас болоод, би тэрийгээ засаж чадахгүй байгаа юм болов уу гэж бодох боллоо.
Хүмүүс хүнтэй үерхэж байгаагүй гэхээр гайхаад л байдаг. Бас олон охид өөрийн найз хөвгүүдээ надад алдчихна гэж ярьж байхыг сонссон. Гол нь би тэр хөвгүүдтэй нь ерөөсөө харьцаж чадахгүй, өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаагаа л гайхаад байна.
Надад харьцдаг эрэгтэй хэзээ ч байгаагүй, чатладаг ч үгүй, үерхэх хэмжээнд ч очиж байгаагүй. Хөвгүүд намайг сонирхоод эхлэхээр айгаад шууд зугтдаг, энэ байдалдаа ч ер нь дасчихсан. Яагаад нэг л айсан, эсвэл харьцаж чадахгүй байгаад байдаг юм бол оо. Энэ бүхний учир юу байна вэ? Та дэлгэрэнгүй хариултыг өгж туслаач. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Эрэгтэй хүн гэж чиний хувьд хэн бэ гэдгийг бодоод үзээрэй
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Захидал бичсэнд баярлалаа. Үерхэл гэдэг заавал бүх хүнд адил байх албагүй шүү дээ. Чамд зориулагдсан мэт чи түүний дэргэд нь байхдаа хэзээ хэзээнээсээ илүү чөлөөтэй байж чадах хэн нэгэн гарч ирж таараа. Яагаад эрэгтэй хүүхэдтэй үерхэж үзээгүй нь ойлгомжтой байна. Чиний өөрөө хэлсэн байна шүү дээ. Хэн нэгэн чамайг сонирхох үед зугтаачихдаг гэж. Харин яагаад зугтаагаад байгаагаа чи өөрөө ойлгохгүй байна гэсэн байна.
Хосын сэтгэл судлалын онолоор бол хайр дурлал, эсрэг хүйстнээсээ зугтаах нь өмнө нь тохиолдож байсан таагүй үйл явдлаас шалтгаалж байж болно. Чамд өмнө нь тохиолдсон эрэгтэй хүнтэй холбоотой таагүй дурсамж байгаа юу? Хэрвээ тийм бол яаж шийдвэрлэсэн бэ? Шийдвэрлээгүй таг дараад орхичихсон уу? Эсвэл огт тийм зүйл санахгүй, байхгүй байна уу? Аль ч тохиолдол байсан чи эрэгтэй хүнээс айгаад зугтаагаад байгаа нь өөрийгөө хамгаалах гэж оролдож байгаагийн илрэл.
Тэгэхээр чи эрэгтэй хүний талаар сөрөг итгэл үнэмшилтэй байна гэсэн үг. Эрэгтэй хүн гэж чиний хувьд хэн бэ гэдгийг бодоод үзээрэй. Бас өдийг хүртэл эрэгтэй хүмүүстэй харилцсан туршлагаа бодоод үзээрэй. Аав, ах, дүү, ангийн найз гээд хичнээн эрэгтэй хүн чиний эргэн тойронд байдаг вэ? Харилцааны туршлага бага байх тусмаа айж ичих, сандрах нь нэмэгдэнэ. Сагс тоглож сурч байгаатай л адил хүнтэй харилцаж сурах хэрэгтэй байдаг. Төгсгөлд нь, эрэгтэй, эмэгтэй эсвэл чамайг сонирхож байгаа эсэхээс үл хамаараад хүн гэдэг өнцгөөс нь харж сураарай. Яг үнэндээ эрэгтэй эмэгтэй хүний хооронд 1% ялгаа байдаг бол 99% адилхан гэж үздэг. 1% -д тийм их ач холбогдол өгөх хэрэг байна уу?
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Д.Сугармаа
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх