Орноосоо зүгээр л СУГА ҮСЭР!


Сондор | YOLO.MN
2016-09-02

“За маргааш өглөө л яг эрт босно доо” гэж бодоод унтсан ч нэг л мэдэхэд сэрүүлгээ дарснаа ч саналгүй, сургуулийн гадаах хоцорсон сурагчдын эгнээнд зогсож байдаг үе чамд байдаг л байлгүй.

Нойрноос болж хүн “өнгөрдөггүйгээс” хойш өглөө эрт босч, өөртөө хэсэг цаг зав зарцуулахад (жишээ нь, охид нүүрээ хөнгөн будаж, хөвгүүд үсээ тухтай гельдэхэд) чинь туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.


Өглөөний хувцсаа урьд орой нь бэлд
Дүрэмт хувцсаа өглөө яарч тэвдэн олж, индүүдэж байхаар орой нь сайхан гэгч нь бэлдээд, цэмбийлгээд тавьчхаж бай. Эс тэгвэл хоцорч ядаж байхад л хувцас хайх, индүүдэх, сольж өмсөхөд хамаг цаг явчихдаг юм ш дээ.

Хийсэн болон хийх зүйлсийн жагсаалт гарга
Орондоо орохоос өмнө өнөөдөр юу хийснээ жагсаан бич (бичихээс залхуу чинь хүрээд байвал ядаж бод). Энэ нь чамд маш их урам өгөх болно. Мөн маргааш юу хийхээ бичээд тухайн өдрийн орой нь төлөвлөгөөгөө биелүүлж үү гэдгээ хараарай.

Хөшгөө нээ
Орой унтахаасаа өмнө хөшгөө нээлттэй унтаж бай. Ингэх нь өглөөний нарны гэрэлд нойр чинь сэргэх магадлалтай гэсэн үг. Ээж чинь чамайг сэрээх гэж өглөө бүр хөшиг нээгээд өгдөг бол бүр ч сайн. Нөгөөтэйгүүр хөшиг нээгээд өгөх ээжтэй байгаадаа мөн талархаж болох юм.

Тогтмол цагт унт
Өглөө бүр сургуулийн гадаа хоцорсон хүүхдийн эгнээнд жагсмааргүй л байгаа бол чи оройд тогтмол цагт буюу эрт унтаж бай. Нэг үгээр нүдээ чилтэл кино үзэж, тоглоом тоглож, интернетээр хэсэх цагаа хязгаарла гэсэн үг.

Бага багаар дасга
Хэвшил болсон цагаасаа гэнэт эрт босох нь өдөр хичээл дээрээ нойрмоглох сөрөг талтай учир өдөр бүр 10 минутаар сэрүүлгийн цагаа ухрааж дасга.

Сайхан зүйлд тэмүүлж сэр
Чиний хувьд ямар нэгэн чухал өдөрт чи сэрүүлэг дуугараагүй байхад л сэрчихдэг дээ, аягүй бол. Тэгвэл ямар нэгэн сайхан зүйлд тэмүүлж, тэсэн ядсан сэтгэлтэй өглөөг угтвал чамд сэрүүлэгний ч хэрэг байхгүй. Тиймээс өдөр бүрийг өөртөө сонирхолтой байлгаж, сайхан зүйлд тэмүүлж бос.

Орноосоо зүгээр л “СУГА ҮСЭР”
Сэрүүлэг дуугарлаа, хөнжлөө сөхлөө, суга үсэрлээ. Энэ үед нүд чинь бараг аниатай л байх вий. Босоод зогссон хойноо нүдээ алгуурхан нээж ариун цэврийн өрөө рүү алх. Маш энгийн байгаа биз. Энэ бол хатуу бөгөөд маш оновчтой арга юм шүү.

"Дуг хийх" гэдгийг март
Утасныхаа сэрүүлэгт snooze буюу хэдхэн минутын дуг хийлтийг тохируулсан байдаг бол одоо үүнийгээ боль. Энэ нь чамд тус болохгүй харин ч хоцрох магадлалыг нэмэгдүүлж байгааг чи мэдэхгүй байна.

Хүйтэн ус уу
Гэхдээ хоолой өвтгөм биш шүү, найзаа. Тасалгааны хэмд байсан уснаас хоёр аягыг уувал бүр ч сайн. Учир нь ус хүний биеийг сэргээж, эрүүлжүүлдэг давуу талтай юм. Мөн хүйтэн усаар нүүрээ угаасан ч болно.

Бясалга, бод
Чи бясалгал хийдэг бол бүүр ч сайн. Харин үгүй бол өглөө босож орон дээрээ хэсэг суугаад нүдээ аниад хэдхэн минут сайхан зүйлийн тухай нүдэндээ төсөөлөн бодоод төвлөр. Алгуурхан нүдээ нээхэд чамд маш их эрч хүч мэдрэгдэх болно.

Цусны эргэлтээ сайжруул
Өглөөний 10-хан минутыг хөнгөн дасгал хөдөлгөөн хийхэд зарцуул. Ингэснээр цусны эргэлт сайжирч чиний бие хөнгөн шингэн, гүйж хараймаар болж эрч хүч мэдрэгдэх болно. Чи нохойтой бол бүр ч сайн. Өглөө босоод түүнийгээ салхилуулах зуураа байшингаа нэг тойроод гүйчих.

Өглөөний цайгаа уу
Өглөөний цай уух хүртэл хүний тархи бүрэн сэргээгүй байдгийг чи мэдэх үү. Өөрөөр хэлбэл хооллосон гэсэн дохио хүлээн авсан хойноо чиний тархи “одоо юу хийх үү, би чамд юугаар туслах уу” гээд л сэргээд ирнэ гэсэн үг. Тиймээс өглөөний цайг заавал ууж занш.

Ашиг тусыг нь тунгаа
Амжилтад хүрсэн хүмүүсийн дийлэнх нь өглөөний эртэч хүмүүс байдаг юм шүү. Учир нь тэд хүмүүсийг унтаж байх зуур олон зүйлийг амжуулаад сурчихсан байдаг юм. Тиймээс чи ч бас тэднээс дутахгүй гэдгээ байнга санах хэрэгтэй.

Хүн ер нь аливаа үйлдлийг 21 хоног л хийгээд хэвчихвэл цаашид зуршил болж үлддэг гэдэг. Тиймээс чи 21-хэн хоног л өглөө босоод сурчихвал цаашдаа хоцролт гэдгийг мартана гэсэн үг юм. За хичээгээрэй, амжилт хүсье wink

#Өглөө #Хичээл