Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би кпопыг сонсны дараа солонгос хэл сурахыг маш их хүсдэг болсон
Сайн байна уу. Намайг Г... гэдэг 16 тэй эмэгтэй. Би одоо гадаадад сурдаг, гэхдээ Солонгост биш. Би кпопыг сонсны дараа солонгос хэл сурахыг маш их хүсдэг болсон. Эцэг эхдээ энэ талаар хэлэх гэхээр зориг минь хүрэхгүй юм. Заримдаа би өөрөөсөө "Энд сурахыг хүсдэг хүүхдүүд олон байхад яагаад заавал солонгос хэл гэж...” хэмээн асуудаг. Надад зөвлөгөө өгөөч. Баярлалаа
ЗӨВЛӨГӨӨ: Солонгос хэл эсвэл өөр хэл сурах эсэх чинь чиний л сонголт гэдгийг ойлгоорой
Сайн байна уу, бидэнд хандаж зөвлөгөө хүссэнд баярлалаа. Кпоп сонсож эхэлснээр дуртай хамтлаг дуучдынхаа төрөлх хэлийг сурахыг хүссэн юм байна. Сонирхол чинь өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлийг чамд төрүүлж байгааг сонсоход үнэхээр таатай байна. Чи Солонгос улсад сурах гээгүй, Солонгос хэлийг л сурахыг хүсч байгаа юм байна тийм үү? Одоо үед хоёр ба түүнээс дээш хэлтэй байх нь маш давуу чанар болж байгаа бөгөөд чи л өөрөө цаг заваа зохицуулж чадвал Солонгос хэл эсвэл өөр хэл сурах эсэх чинь чиний л сонголт гэдгийг ойлгоорой. Гэхдээ чи үнэхээр хүсч байна уу эсвэл түр зуурын сэтгэл хөдлөлдөө автаж байна уу гэдгээ бодоод үзээрэй. Мөн гэр бүлийнхэндээ хэлэхээс эмээж байгаа бол биднээс өгөх зөвлөгөө бол:
1. Эцэг эхээсээ Солонгос хэл сурах сургалтын төлбөр авах шаардлагагүйгээр эхний ээлжинд бие даан сурах гээд оролдоод үзээрэй. Солонгос хэл нь Монгол хэлтэй төстэй байдаг учир бие даан сурахад илүү хялбар байдаг. Бие даан үсгээ уншиж бичиж сураад дээрээс нь чи өөрөө кпоп сонсдог юм чинь дуртай хамтлаг дуучдынхаа орсон нэвтрүүлгүүдийг солонгос хэл дээр нь үзэж орчуулах гэж оролдох гэх мэт өөрт сурахад сонирхолтой аргуудыг сонгоорой.
2. Захидлаас чамайг одоо Орос хэл сурж байгаа гэж ойлголоо. Хэрвээ тийм бол нэг дор хоёр хэл сурах нь чамд бага зэрэг хүнд байж магадгүй. Тиймээс үнэхээр оюуланг нь сурмаар байвал яаж ямар аргаар хоёр хэл нэг дор сурах вэ гэдгийг гадаад хэлний багш нараасаа асуугаарай. Амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах Сэтгэл Судлаач
С.Цолмон
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх