М.Туяа: 16 насанд НАНДИН, ДОГДОЛСОН ГЭНЭН ЦАГААХАН ҮЕРХЭЛ байхад л хангалттай


Т.Мөнхжин | YOLO.MN
2017-12-28

Бараг жаахан охид болгоны л бага насны хүсэл "мисс" болох байдаг билээ. Тэгвэл тэрхүү хүслээ биелүүлж чадсан, LITTLE MISS WORLD 2016 тэмцээний "Дэлхийн Өсвөрийн дэд мисс", "Ертөнцийн шилдгийн шилдэг гүнж" хэмээх тус тус титмийг хүртсэн, 12-р ангийн сурагч М.Туяатай та бүхнийг танилцуулъя.

YOLO: Сайн уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
- Сайн уу, намайг М.Туяа гэдэг. Би 16 настай. Анх 1-р ангиасаа хойш Нийслэлийн тэргүүний "Тольт" дунд сургуульд суралцсаар ирсэн ба одоо төгсөх ангийн сурагч.

YOLO: Та хэдийнээс моделийн гараагаа эхэлсэн бэ? Мисс, модель хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй гэж ихэнх хүмүүс шүүмжилдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
- Анх 14 настайгаасаа "Asian Model" агентлагт моделоор харьялагдаж байна. Би өөрөө багаасаа л мисс болох хүсэлтэй байсан. Үүний тулд эхлээд модел гэх тодорхойлолтоос эхэлсэн. Хүн өөрийгөө зөв зүйл рүүгээ жолоодоод, маш гоё мундаг хүнээс илүү ихийг сурах хэрэгтэй гэж бодоод Ч.Содтуяа багшийн доор анх суралцсан ба одоо би мисс гэх нэрийн дор явдаг.

YOLO: Хамгийн анхны тэмцээн?
- Анх 7 настайдаа "Барби" гэдэг тэмцээнд орж байсан. Уг тэмцээнд бүх орон нутгаас, хотоос маш олон хүүхдүүд оролцдог. Жоохон л байсан юм хойно "би л хөөрхөн байх ёстой, би л чадна" гээд бодчихсон байсан. Яг л галзуу хүн шиг л тэр олон хүүхдүүдийн дундуур өөрийн мэдэлгүй л алхаад орчихсон. Тэгээд энэ тэндээс гэрэл тусаад л дотроо бол инээх л ёстой гээд бодчихсон байсан. Тэгээд л би чадсан. Энэхүү анхныхаа тэмцээнээр л өөрийгөө хөглөсөн гэх юмуу даа гэж боддог.

YOLO: Сандарч тэвдэх, айх ч юм уу тийм тохиолдол бишгүй л гарч байсан байх. Тийм үеүдэд өөрийгөө яаж тайвшруулдаг вэ?
- Би ганц л хүний үгийг маш сайн авдаг байсан. Тэр бол Ч.Содтуяа багш. Багшийг л үг хэлэхээр түүний дагуу бүгдийг хийдэг байсан. Би бодохдоо ямарваа нэгэн юм хийхэд тухайн зүйлийн хамгийн гол хөдөлгөгч хүч нь би өөрөө гэж итгэдэг. Би өөрийнхөө л ухаанаар энэ зүйлийг хийх ёстой гээд бодчихдог байсан учраас ч тэр юм уу эсвэл маш эрэмгий шийдэмгий байдаг байсан учраас надад ямар нэгэн тийм айдас байдаггүй байсан.

"ТИТЭМ ХЭЗЭЭ Ч ХУУЧИРДАГГҮЙ" гэдгийг үргэлж санаж явдаг.

М.Туяа


YOLO: Бүх хүний хараа зөвхөн тань дээр байхад ямар мэдрэмж төрдөг вэ?
- Яг л дэлхийн од болчихсон юм шиг мэдрэж төрнө. Бараг л миний тайлан тоглолт болоод байгаа юм уу гэлтэй. Хүмүүсийн энерги шууд л мэдрэгддэг. Яг тухайн мөчид энэ л хүнээс маш гоё зүйлийг харахсан гэсэн үзэгчдийн хүлээлт, харц болон миний үзүүлэх зүйл хоёр нийлээд маш сайхан мэдрэмж төрүүлдэг дээ.

YOLO: Урлаг спортод хэр зэрэг авьяастай бол?
- Би төгөлдөр хуур тоглох маш их дуртай. Бас би дуулдаг. Латин америк бүжгээр хичээллэдэг. Спортын хувьд гэвэл усанд сэлнэ, гүйнэ /инээв/.smiley

YOLO:  Өөрийг тань унасан ч түшээд авах, хамгийн ихээр урамшуулж урам зориг өгдөг хүн хэн бэ?
- Миний ээж болон найзууд минь. Эхэнд байдаг 2 зүйл. Тэр хүмүүсийн үгээр би “амилдаг”. Гундаж яваа цэцгийг услахаар амь ордог доо, үүнтэй яг д адил. Намайг унаж байхад тэр хүмүүсийн хатуу ч бай зөөлөн ч хэлсэн үгс л намайг босгож чаддаг даа.

YOLO: Хэлэх дуртай ишлэл байдаг бол түүнээсээ хуваалцаач.
- "Итгэл алдах ёсгүй шүү" гэдэг энэ л үгийг өөрөө өөртөө байнга сануулдаг даа.

YOLO: "Цэцэг шиг нас" хэмээх кинонд тоглосон байсан. Киноныхоо талаар яриач?
- Агентлаг дээрээ зураг авалттай байх үед манай найруулагч маань намайг олж харсан юм байна лээ. Үүнээс хойш надтай холбогдсон. Түрүү жилийн зун найруулагч маань залгаад санал тавьсан юм. Тухайн үедээ гадаад руу тэмцээндээ явах гээд байдаг, кинондоо тогломоор байдаг гээд сайхан үйл явдлууд маань давхцчихсан.

Киноны хувьд гол дүрын Саран гээд охины дүрийг бүтээсэн. Киноны нээлтийн хувьд гэвэл 2018 оны 2 юмуу 3 сард нээлтээ хийнэ дээ.



Зүрхэнд минь байдаг ганц зүйл гэх юмуу даа, надад үргэлж бодол болж явдаг нэг хүсэл бол Монголын Үндэсний Телевизед нэвтрүүлэгч болно гэж боддог.

М.Туяа

YOLO: Маш олон авьяастай юм аа. Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
- Зүрхэнд минь байдаг ганц зүйл гэх юмуу даа, надад үргэлж бодол болж явдаг нэг хүсэл бол Монголын Үндэсний Телевизед нэвтрүүлэгч болно гэж боддог. Яг Ч. Ичинхорлоо эгч шиг. Тэр хүнээс үлгэр дуурайлал авч, яг тэр хүний мэргэжлийг өвлөж авахыг хүсдэг дээ.

YOLO: Хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцсон бэ?
- Хамгийн сүүлд LITTLE MISS WORLD 2016 буюу Туркийн Бодрум хотноо 70 гаруй орны 120 миссүүд оролцсон тэмцээн юм. Би чинь Монгол улсаа төлөөлөөд явж байгаа учраас заавал амжилт үзүүлнэ гэж бодоод итгэл дүүрэн явсан. Анх удаа л тийм том тэмцээнд орсон минь энэ юм. Монгол хүний нэг тийм зан байдаг даа, "Би л биш юм бол өөр хэн юм бэ" гэж.

Олон цаг нисээд буудалдаа очоод орой нь ганцаараа хүлээлгийн өрөөнд "Содура" киноны дууг дуулаад сууж байхад зохион байгуулагч намайг харчихсан "Чи хаанаас ирсэн охин бэ? Үнэхээр гоё дууллаа" гэж хэлээд л надад эхний өдрөөсөө л маш их урам зоригийг өгсөн. Тэмцээндээ маш амжилттай оролцоод "Дэлхийн Өсвөрийн дэд мисс", "Ертөнцийн шилдэгийн шилдэг гүнж" хэмээх титэм авсан.

Миний амьдралдаа авсан хамгийн том шагнал байсан. Үүнээс гадна шилдэг хоёр орныг шалгаруулах байсан. Үүнд нэг нь Африк, нэг нь Монгол болж чадсан. Өмнө минь Монголын далбаа томоор гараад ирэхээр хүн өөрийн ирэхгүй уйлдаг юм байна лээ. Нулимс асгараад л, надад энэ байхад л хангалттай гэж бодсон доо.



Эмэгтэй хүн аливаад хандах хандлага, өгөх хариулт, харьцах харилцаанаасаа авахуулаад бүхий л зүйлийг бодож ухаантай л хийх хэрэгтэй.

М.Туяа

YOLO: Өөрийн тань хувьд мисс гэхээсээ илүүтэй эмэгтэй хүн ямар байх хэрэгтэй гэж боддог вэ?
- Эмэгтэй хүний хувьд тэвчиж бус тэсэж өнгөрөөх үеүд асар олон байна. Ямар ч үед ухаантай л байх хэрэгтэй. Аливаа зүйлд хандах хандлага, өгөх хариулт, харьцах зангаасаа авахуулаад бүхий л зүйлийг бодож ухаантай л хийх хэрэгтэй.

YOLO: Найз залуутай эсэхийг чинь мэдэх гэсэн хүмүүс цөөнгүй байгаа байх?
- Би найз залуутай. 16 нас гэдэг өсвөр нас гэдэг ямар байдаг билээ. Нандин, догдолсон өдөр бүр гэгэлзсэн тийм л гэнэн цагаахан үерхэл 16 насанд байхад хангалттай гэж боддог. Тийм ч учраас одоо бид яг тэгж үерхдэг.

YOLO: Ирээдүйн алсын хараа мөрөөдөл чинь юу вэ?
-Би өөрөө миссийн холбооны ерөнхийлөгч нь болоод өөрөө тэмцээнийг удирдаад тэмцээн зохиолн байгуулахын хүсдэг. Тухайн үеийн тэмцээнээс авсан мэдрэмж намайг 60, 70 хүрсэн ч гэсэн анхных шигээ л байх болно.

YOLO: Манай сайтыг уншдаг өсвөрийн нийт охид хөвгүүдэд хандаж үг хэлээч?
- Хэрэв чамд мөрөөдөл, зорилго байгаа л бол түүнийгээ амжилт болгоорой. Миний хувьд 99% дэмжлэг, 1% чадварын үр дүнд амжилт ирдэг гэж боддог. Амжилттай яваа хүний шинжүүд бусад хүнийхээс өөр байдаг шүү. Бусдаас нэг алхам дээгүүр алхаарай. Өнөөдөр хэлсэн нэг үг нэг үйлдэл тань ирээдүйг чинь тусгаж өгдөг шүү.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

Нандин, догдолсон өдөр бүр гэгэлзсэн тийм л гэнэн цагаахан үерхэл 16 насанд байхад хангалттай гэж боддог.

М.Туяа

#Model #Mongolia #Girl