Г.Дэлгэрдалай: Хийж буй зүйлдээ ДУРЛАЖ БҮТЭЭЛЭЭ УРЛАХ нь үнэхээр ГАЙХАЛТАЙ


Э.Энхбазар | YOLO.MN
2017-12-21

Загвар зохион бүтээгчид гэхээр бид эмэгтэй хүнийг л төсөөлдөг шүү дээ. Эрэгтэй хүн загвар зохион бүтээгч байх нь ховор. Тэгвэл энэ удаад бид хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай шаргуу хөдөлмөрлөж түүнийхээ үр шимийг хүртэж яваа загвар зохион бүтээх авьяастай чөлөөт уран бүтээлч, "Монгени" цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Дэлгэрдалай хүүтэй ярилцсаныг хүргэж байна. Тэрбээр өөрийн гаргасан загвараараа багагүй амжилтыг олон удаа хүртсэн авьяаслаг нэгэн юм.

YOLO: Зураг зурах, загвар зохион бүтээх авьяасаа хэдийнээс хөгжүүлж эхэлсэн бэ?
- Зураг зурах, загвар зохион бүтээх авьяас маань анх 7-р ангиасаа сургуулийнхаа зургийн дугуйлан болон хаврын гоёл загварын тэмцээнд оролцож шагнал авч амжилттай оролцоход илүү их тодорч тэр хэмжээгээрээ бүтээл урлах урам зориг өгч түүнийгээ хөгжүүлэх болсон. Харин хамгийн анх  миний багадаа зурах сонирхолтой дуртай сэдэв ихэнхдээ хүний царайны хувиралууд болон хувцас гутал гээд төрөл бүрийн моделиуд байсан. Тэр үед зурсан зургуудаа би одоо хүртэл хадгалдаг.

YOLO: Гаргасан амжилтуудаасаа дурдаач?
Гаргасан амжилтууд багагүй бий. Хамгийн том нь улсын болон олон улсын уралдаан тэмцээн "Үнсгэлжин 2017" хувцас загварын улсын уралдаанд Гранпри шагнал, "Үнсгэлжин 2018" Улсын уралдаан 1-р байр, Их Засаг олон улсын их сургуулиас зохион байгуулсан "Мөрөөдлийн зүг" бүтээлийн уралдаан 1-р байр, "Хүслэн 2017" нийслэлийн хувцас загварын тэмцээн 1-р байр, БНХАУ болсон олон улсын хүүхдийн бүтээлийн уралдаан шилдэг бүтээл, Нийслэлийн гар зургийн 8-р олимпиад 1-р байр гээд нэлээд шагналуудыг авч байсан.

YOLO: Гаргаж буй загварынхаа санааг хаанаас, хэрхэн олдог вэ?
-Би загваруудынхаа санааг өөр бренд болон загваруудаас хуулбарлах биш харин өөрийн сонссон дуу болон ая эсвэл сонин содон шийдэлтэй кино болон эртний ном зохиолоос сэдэвлэж бүтээхийг их эрмэлздэг. Загваруудаа хийхийн тулд их судалгаа шинжилгээ хийж явдаг. Мөн миний загваруудыг ажиглавал улс үндэстэн гүрнүүдийн соёл тэдгээрийн гайхамшгийг өнөөгийн хэв маягт оруулан өөрийн уран сэтгэмж тухайн хувцас хэрэглүүр юуг өгүүлэхийг хүссэн тэдгээрийг үргэлж бодон сүнстэй болтол нь амилуулахыг зорьдог.

Би бүх загвартаа их хайртай.

Г.Дэлгэрдалай







YOLO: Хувцас бүтээх үедээ мэдэрдэг хамгийн сайхан зүйл нь юу вэ?
- Хувцас бүтээнэ гэдэг их сайхан ч тухайн хүний хэрхэн харагдах, ямар зан араншинтай байх өмссөн хувцсаараа юуг илэрхийлэх вэ гээд дизайнер хүн үнэхээр их мэдрэмжтэй байх хэрэгтэй. Харин загварыг зохиох үедээ өөрийн дуртай дуу аялгуунуудыг сонсож, хийж буй зүйлдээ дурлаж хийх нь үнэхээр гайхалтай санагддаг.

YOLO: Загвар гаргаж байхдаа хөгжим сонсдог гэлээ. Ямар дуу хөгжим ихэвчлэн сонсдог вэ?
-Дуучин Виктор Цой болон Паров Стелар, Бодьхүүгийн уран бүтээлүүдийг сонсох зуураа сүүлд хийсэн цуглуулгаа бүтээсэн.

YOLO: Гадаад болон Монголын загвар зохион бүтээгчдээс хамгийн их хүндэлдэг нь хэн бэ? 
-Ихэвчлэн дэлхийд алдартай "Hautecouture brand" болон дизайнеруудыг их сонирхдог тэр дундаа Guo pei' Torgo' Roberto Cavalli' Versace' Michael cinco брендүүдийг их таалагддаг.

YOLO: Чиний ойрын төлөвлөгөө болон зорилго?
-Хамгийн ойрийн төлөвлөгөө гэвэл дунд сургуулиа амжилттай төгсөж Япон улсын Токио хотод  Урлагийн Их сургуульд элсэн суралцах юм.

YOLO: Чиний хамгийн хайртай загвар?
-7-р ангиасаа тасралтгүй жил болгон өөрийнхөө дотор буй зүйлсийг цаасан дээр буулган боловсруулж оёж эсгэн хамаг хүчээ дайчлан оролцсоор өдийг хүртэл 30 гаруй загварууд бүтсэн хамгийн хайртай загвар гэвэл бүх загвартаа их хайртай байдаг.

YOLO: Чиний бодлоор хүн амжилттай байхын тулд юуг эрхэмлэх хэрэгтэй вэ?
-Амжилттай байхын тулд хэрхэн ямар зан төлөвтэй байх талаар сайн мэдэхгүй ч өөрийнхөө хувьд баримталдаг зарчим гэвэл ямар ч үед хичээнгүй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Авьяас байлаа гээд хичээл зүтгэл байхгүй бол хэзээ ч урагшилж чадахгүй байх.

Хүнд авьяас байлаа гээд хичээл зүтгэл байхгүй бол хэзээ ч урагшилж чадахгүй.

Г.Дэлгэрдалай




YOLO: Чамайг хөдөлгөдөг хүч юу вэ?
- Найз нөхөд, гэр бүл, багш гээд бүгд л дэмжиж ойлгож тусалдаг нь намайг илүү хичээж их зүйлийг бүтээх хөшүүрэг болдог. Тэднийг энэ багахан амжилтад хүрэхэд минь гүүр болон хөтөлсөн хөдөлгөгч хүчин зүйлүүд минь гэж хэлж болно.

YOLO: Үеийнхэн дунд чинь өрсөлдөөн хэр их байна вэ?
-Өсвөр үеийн залуус бид нас бага ч маш хурдан боловсорч үнэхээр их хөдөлмөрлөж авьяастай мэдрэмжтэй болж хөгжиж байгаа харагдаж байна. Мөн хүсэл зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөж ганц загварын бус өөр оюун ухааны болон урлаг спортын салбарт гээд олон улсын тавцанд Монгол өсвөрийн сурагчид манлайлж яваа харагддаг.

YOLO: Монголын загварын ертөнцийн хөгжлийн талаарх чиний бодол?
- Дэлхийд Монгол хэмээх нэрээр гарч байгаа загвар цөөхөн ч гэсэн дэлхийн загварын ертөнцтэй хөл нийлүүлэн хөгжсөөр байгаа гэж бодож байна.

YOLO: Өөрийн ирээдүйн брэндийн талаар ямар нэгэн бодолтой л байдаг байлгүй?
- "От котюр" чиглэлийн буюу гар ажиллагаа илүү орсон үндэсний болон өдөр тутмын  гоёл гээд бүх л чиглэлээр хувцас урладаг дэлхийд нэртэй МОНГОЛ брэндийг бүтээхийг хүсдэг.

YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа! Амжилт хүсье
- Маш их Баярлалаа.

#Fashion #Designer #Boy