"ХҮҮДЭЭ/ОХИНДОО ИЛГЭЭХ МИНИЙ ЗАХИДАЛ" уралдаанд ирсэн ЗАХИДЛУУД


Сондор | YOLO.MN
2017-12-20

YOLO.mn болон Нээлттэй Нийгэм Форум байгууллага хамтран өсвөр насны хүүхэдтэй ээж аавуудын дунд "Хүүдээ/охиндоо илгээх захидал" хэмээх захидлын уралдааныг зарласан билээ. Тэгвэл уг уралдааны ялагчид тодорсон бөгөөд мөн нэмэлтээр, шалгаруулалтын багынхны шийдвэрээр ТУСГАЙ БАЙРАНД ОРСОН 4 ОРОЛЦОГЧДОД “Гэгээнтэн” кинотеатрт хосоороо кино үзэх эрхийн бичгийг олгохоор боллоо.

ЗАХИДАЛ №1:

“ААВЫНХАА ОРОНД ААВ БОЛЖ, ЭЭЖИЙНХЭЭ ОРОНД ЭЭЖ БОЛСОН ХАЙРТ ОХИН МИНЬ”

Хожуу ухаарлаа үсгээр сийлж
Хонгорхон охин “Номин”-доо бичив.

Энхрий сайхан охиндоо энэ захидал очих өдрийн мэнд хүргэе! Үгүйлэн санагалзах сэтгэлийн аргамж алдарч, үнэн сэтгэлийн үгээ чамдаа бичиж сууна.
Алаг хорвоод аав гэж дуудуулах алдрын дууг ижийгээс чинь сонсоод амьдралд тэмүүлэх итгэлийн очийг анх удаа мэдэрч билээ. Хүний ертөнцөд үр минь чи төрж хувь муут эцгээ хамгийн жаргалтай  нэгэн болгосон юм. Гундуу амьдралд гэрэл нэмж, гутарсан сэтгэлд гал асааж, гарт эс баригдан нүдэнд үл үзэгдэх гайхалтай хайрыг чи л надад бэлэглэсэн юм.  Үрийнхээ дуунаар омогшиж, үдшийн бүрийг ч хайхралгүй зүтгэсээр өнтэй хэдэн жилийг үдэв. Өөдөсхөн охин минь ч өсч торнив.

Он цаг улиран өнгөрч охин  үр минь гурван дүүтэй болов. Орчлонд хөлчүү явах эрх хасагдаж олноос олон хариуцлага тулгарав. Хөрст дэлхийд хөг эгшиг нэмсэн  хөөрхөн үрсээ хүний олноос  “дутчихвий” гэж эргэх цагийн өөрчлөлтийг үл тоон ихэд хөдөлмөрлөсөн билээ. Өөрөөсөө илүү хайртай өрөвгөр жаахан үрсээ өөр бусдаас “хоцорчихвий” гэж  өдөр шөнөгүй зүтгэсэн билээ. Амьд сэрүүндээ та нарыгаа айлын хүүхдээс “дордуулахгүй юмсан” гэж ажлын шар шиг явсаар арваад жил өнгөрчээ. Аяа үүний цаана алагхан үр “Номин” минь чи л байлаа. Аавынхаа оронд аав болж, ээжийнхээ оронд ээж болж  ар гэрээ авч явсныг  аргагүй ихээр  мэддэг  ч урмын үг урсгаж  байсан   удаа тохиолдол надад  үгүйсэн. Өршөөгөөрэй .

Бүхий л зүйлээс үнэтэй бүлтгэр жоохон охиноо бүр мартаж орхижээ. Бүрэн ярилцаж ойлголцолгүй буурал хорвоог туулжээ. Хаврын яргуй шиг хонгор охин минь харцаараа гомдол нэхэн хоцорно. Хамгийн сүүлд хэзээ чамайгаа үнэрлэснээ ч санахгүй  юм. Хар муу толгой харамсаад би чинь барахгүй юм.  Хүлцэж эцгээ уучлаарай  хүний дээд үр минь.

Айлын том гэсэн айхтар ачааг чамд үүрүүлчихээд адаг сүүлд нь нэргүй зарц болгочихов уу даа. Аав ээж нь чинийхээ л хүчинд алба ажлаа асуудалгүй хийдэг юм шүү. Ажилсаг ухаант охин минь.

Ахиц амжилт,  алдаа онооны чинь дэргэд  аав нь тулж  түшсэнгүй ээ.Амьдралын харгуйгаас гарах алтан луужин ч байсангүй ээ. Адгаж аавыгаа хүссэнээрээ зүхэж болноо ачит охин чамдаа хэзээ ч харин гомдохгүй ээ...

Амин үр чамайгаа нүдний цөцгий мэт хайрладаг боловч, адаглаад үүнийгээ  ил гаргасан нь үгүй. Ангийн чинь хуралд суудаггүй, анд нөхдийг чинь мэддэггүй  аавыгаа уучлаарай.   Инээд хөөрөнд чинь элэг дэвтдэг, эрхэлж наадахад чинь өр зөөлөрдөг эцгийн дотоод сэтгэлийг энхрий үр минь ойлгоорой.
Нэхэж хөөгөөд өнгөрсөнд буцдаг бол  нэг мөр засрах байсанд минь итгээрэй.  Нээрээ л ээж аав нь чиний ирээдүйн төлөө нэг амьдралынхаа багагүй хугацаанд ажилласан юм шүү.

Гэнэтхэн өөрчлөгдөөд гайхалтай сайн аав болно гэж хэлэхгүй ч, гаргасан алдаагаа дахин давталгүй явахаа амлаж байна.Гагцхүү сайн охин чамайгаа гуаглан загинаж зовоохгүй ээ. Гарах орохыг чинь хорьж гэрийн мухар сахиулахгүй ээ. Ганцхан чи минь л намуун  төлөв байж ном эрдэмд шамдаарай.
Сэтгэлийн чанадад уяатай сэргэлэн сайхан охиндоо маш их хайртай шүү аав нь...

Аав А.Түвшинтөр 

2017 оны 12 дугаар сарын 12


ЗАХИДАЛ №2:

“ЧАМТАЙГАА ХАМТ БАЙХ ХАМГИЙН ГОЁ...”

Охин Г.Мягмарзаяадаа ээжээс нь...

Сайн байна уу?
Инээх шалтгаан заримдаа бас уйлах уярах хайрлахын эхлэл болсон жаахан охин минь ээ...
Чамайгаа ирсэн тэр өдрөөс хойшхи баяр баясгалангаа тоочиж барахгүй ээ, ээж нь.

Хүний амьдралд баяр хөөр, уйтгар гуниг, зовлон жаргал ээлжилдэг гэдэг ч уйтгарлах цагт инээлгэдэг, уйлах цагт нулимсыг минь арчдаг, зовох  \уурлах\ цагт тайтгаруулдаг жижигхэн охинтой болохоороо ээж нь амьдралдаа сэтгэл хангалуун явдаг  шүү.

Эжий нь охиноо сарнаас ирсэн гэж боддог. Тэгж зүүдлүүлж ирсэн болохоор тэр. Тийм болоод ч тэрүү чи багадаа байнга өвдөж эжийгээ зөндөө айлгасан.
Гэхдээ миний охин их мундаг, амьдралын төлөө зүтгэлтэй, бүр цаанаасаа нэг л өөр хүүхэд шиг санагддаг. Эмнэлгийн орон дээр алганд багтдаг жаахан хөлөө сойлгоод хэвтэж байхдаа “Би эдгэнээ, та битгий зов “ гээд байх шиг хөөрхөн алаг нүдээрээ их л сэргэлэн хардагсан.

Ээж нь охиноо өвдөхөөр аргаа бардаг байж билээ. Аргаа барахдаа бурханд залбирч, охиндоо хийсэн тарилгын цаасан дээр өөрт байсан  улаан балаараа ингэж бичиж байсан...
... Зөөлөн цагаан сарны жим
    Зүглээд ирэхдээ үлгэрийн биелэл
    Зүүдний асарт тухлан суух дагинасаас
    Зүтгэн зүслэн байж чамайг би авсан
    Чанад сарнаас бэлэглэсэн жаахан охин
    Чанагш явах л гэж сандаргах алдрай
    Үйзэн цэнхэр орчлонг аргадан уйлах
    Үйлтэй муу эжийдээ үлдэж хайрла бурхан минь...
    Ээждээ үлдэж, сайхан том охин болсонд баярлалаа үр минь...

Охиныг минь хажууд хань болгож илгээсэн бурханд, хувь заяанд, саранд баярлалаа...

Нэг л мэдэхэд цэцэрлэг, сургуульд орж, дуулж, бүжиглэж, уран уншиж, ээждээ аяга угааж өгч, аргал түлшээ оруулах, хоол хийх, хувцас угаах, юм оёх, морь унах, ямаа үхрээ саах гээд л бүх юмыг хурдан сурч, эжиийгээ тэр болгонд хүргэхээ байсан мундаг охин шүү чи минь...
Тэр бүх хугацаанд хоёулаа найзлаад, гоёо гоё. Чамтай хамт байх хамгийн гоё...

Аавынхаа морины уяа руу явах гээд хоёулаа яарч байсан тэр өдрийг санаж байна уу охин минь? Би үхрээ туугаад хойноос ирж байхад, чи үхрийнхээ аргал (нойтон баасыг) хатаагаад гүйгээд байгаа харагдсан. Ээжтэйгээ явахын тулд ажлаа хурдан амжуулж байгаа нь тэр... Ирээд хартал уяан луу явах гээд гоёсон ягаан цамц, цэнхэр жинсэн юбка нил үхрийн баас болчихсон байж билээ.

Харсан чинь охиноо  өрөвдөх ч шиг, өөрөөсөө ахадсан том модон дээр их ихээр нь хийсэн нойтон баасыг дааж ядан өргөөд гүйгээд байсан юм чинь аргагүй шүү дээ, жаахан амьтан гэж анх удаа бодож билээ. Түүнээс өмнө чи муу хийлээ, цэвэр бай, муухай хийж болохгүй, арчаатай бай гэж ирээд л сургаал, зэмлэл хослуулдаг байсан... Ээждээ энэ мэт олон ухаарал хайрласан охин минь билээ чи.

Зорилго тэмүүлэлтэй байхыг бас чамаасаа сурсан. Чи чадна гэж зүтгэдэг, чаддаг сайн хүүхэд.  Тийм болохоор чи бас ээжийнхээ бахархал болсон охин шүү.

Итгэлийг минь даадаг, сэтгэлийг минь ойлгодог, авьяастай чадварлаг, жаахан зөрүүд хөөрхөн охиндоо хайртай шүү ээж нь...
Зөрүүд байх тийм муу биш, өөрийн бодолтой л хүний зан. Гол нь учрыг нь олж зөрөх, зөрснийхөө утгыг үйлдлээрээ үзүүлдэг баталдаг л байх ёстой шүү охин минь.

Ээжийнхээ үргэлжлэл болсон сайхан охин минь ээ. Сарантуяа гэдэг ээжийнх л байх гэж ирсэн сарны охин минь ээ. Зөв хүн байж, хүнийг чин зүрхнээсээ хайрлаж, ажлыг үнэн сэтгэлээсээ хийж байгаарай.

Чамдаа үргэлж хайртай ээж нь ёслов.

С.Сарантуяа       
                                  
2017 оны 12 дугаар сарын 05

Говь-Алтай аймгийн Дарив сум


ЗАХИДАЛ №3:

“ХАЛУУН СЭТГЭЛЭЭРЭЭ ЧАМАЙГАА ҮНЭРЛЭЕ”

“Охиндоо илгээх миний захидал”

Сайн байна уу? Залуу насны минь дурсамж бүхнийг санагалзуулах энхрий жаахан охин минь ээ. Чамдаа энэ захидал хүрэх тэр өдрийн мэндийг  хүргэж, чанга тэврэн үнсье! Сургууль соёлын сонин хачин, хичээл ном ихтэй биз дээ. Аав нь хүний нутагт эрдэм өвөрлөж яваа жаахан охиндоо, хааяа ч болов хань болоосой гэсэндээ энэ захидлыг бичиж байна. Харилцаа холбоо хөгжөөд өдрийн хэдэн удаа ярих боломжтой ч гэлээ, тэгж бас амжихгүй л явна. Өвөл цаг ирж, гадаа хүйтэрч байна. Хувцас хунараа тохируулаарай. Ханиад томуу хүрч, даарч хөрөх вий сэргийлээрэй. Хүнд хамгийн чухал нь эрүүл мэнд шүү.  
Тэр жил яг л чамтай адилхан, анх удаа гадаад улс руу явж билээ. Гэхдээ чамайг бодвол эх орондоо их сургуулиа төгсчихөөд хоёр дахь удаагаа суралцахаар арлын орон зорьсон юм. Тэгэхэд чи ээжийнхээ хэвлийд зургаан сартай хоцорсон сон. Тэр үед намайг, та хоёроосоо салж чадахгүй хорогдон байсныг ээж сайн мэдэж байгаа. Намайг сонирхогчийн сумо үздэг тэр өдөр, арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт охин минь чи төрж, аавдаа улам их аз жаргалыг авчирч, амьдралын үнэ цэнийг мэдрүүлсэн.

Гурав хоногийн дараа ээжээс нь ирсэн захидалд хоёр гурван хуудас хүний нэр бичээд, охиндоо ямар нэр өгөх вэ гэж лавласан байж билээ. Аав нь тэр олон нэрсийг уншиж баралгүй, хариу захидал бичихдээ, охиноо нинжин сайхан сэтгэлтэй, цэцэн цэлмэг ухаантай, үзэсгэлэн гоо эрхэмсэг нэгэн болоосой гэсэндээ “Цэцэнзаяа” гэж нэрлэсэн юм. Хэдхэн сарын дараанаас гурвуул харийн түмний дунд нэг жилийг хамтдаа өнгөрөөсөн. Ой хүрээд хөлд орж байхдаа, өдөр бүр нойрмог чигээрээ инээсээр босож ирээд, ажилдаа явах аавдаа үнсүүлээд үлддэг байсан жаахан охиноо аав нь одоо ч гэсэн тодхон санаж байна.

Хүүхэд байхад нь өндөр төлбөртэй сургууль соёлд суралцуулж чадаагүй ч, дэлхийд чансаатай их сургуульд элсэн ороход чинь бахархаж байсан шүү, охин минь... Би чамд өөрийнхөө санаснаар хэлж зөвлөж, “гадаад хэл” заадаг байсныг санаж байна уу. Таван жилийн өмнөх зуслангийн байшингийн ханан дээгүүр өнгийн цаасан дээр гадаад үгнүүд бичээд нааж байсан нь одоо ч гэсэн хэвээрээ байна лээ. Чиний явсан газар бүрт орчин бүрдүүлэх гэж ядаж байсан минь тэр байх. Хэлийг боловсрол болгон эзэмшээрэй, миний охин. Хийж бүтээнэ гэж мөрөөдөж явтал, хоног хугацаа урсан өнгөрчихдөг тул аливаа бүхнийг бүү хойшлуулаарай. Юмыг сурах цагтаа сайн сураарай. Боломж бүхэн ганцхан тул цагийн юм, цагтаа гэсэн сайхан зарчимтай хичээж амьдраарай. Бас сурсан мэдснээ найз нөхдөдөө хуваалцах нь олон талын тустай тул буян болгож цаг гаргаарай. Хүнд байгаа чадлынхаа хэрээр сайхан сэтгэлтэй явахад сайхан байдаг. Мэдсэн зүйлээ бусдад хэлж ярих нь өөрт илүү сайн давтлага болдог. Заримдаа аав нь өөрөө мундаг амьтан шиг зүгээр шахуу байхад нь зэмлэж байсан бол уучлаарай. Хүний амьдралд дэмий үгс зүрх зүсэн шархлуулах тохиолдол зөндөө гардаг. Уйтгарт автуулж, сэтгэл эмзэглүүлэх тул тэр болгоныг гүнзгий хүлээж авах шаардлагагүй шүү. Олны төлөө сэтгэлтэй явж, дотоод мөн чанараараа өөрийгөө чимж яваасай гэсэндээ нэлээд сургаал нэмээд биччихлээ.

Одоо миний охин том болж, аливаа бүхнийг бие даан шийдвэрлэх хариуцлагатай насанд хэдийнээ хүрчээ. Гэвч арван найман нас гэдэг хүний оюун ухаан өсөж өндийхтэй харьцуулвал бас ч болоогүй, дөнгөж дэлбээгээ нээж байгаа хамгийн цэвэр ариун нас гэдгийг санаж, бартаа бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй хөдөлмөрлөөрэй. Энэ намар аав, ээж хоёр нь харийн нутагт чамайг хүргээд буцахдаа тэгтлээ их санаа зовоогүй шүү. Учир нь хажуунаасаа холдууж үзээгүй жаахан охиндоо дэндүү их итгэсэн минь тэр байх. Зарим үгийг үглээд байвал үнэгүй болдог шиг, юм цөөхөн байсан нь дээр тул энэ удаагийн захидлаа ингэсхийгээд өндөрлөе дөө. Аав нь уншихад сэтгэл уужирч, ухаарал хайрлах сайхан үгтэй захидал бичнэ гээд тогтож сууж чадалгүй зөндөө удчихлаа.

Алт мөнгөөр бялхуулж, амттангаар цатгаж яваагүй ч гэлээ миний охин, миний хүсэн хүлээсэн, хүндэтгэн үнэлдэг эрхэм хүн мөн тул зорьсондоо хүрдэг зүрхтэй, орчин цагийн шинэ хандлага, шинэ эрч хүч, урам зоригоор дүүрэн хүн болохыг хүсэн ерөөгөөд халуун сэтгэлээрээ чамайгаа үнэрлэе.

Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн аав Н.Чинзориг нь...
2017 оны 12 дугсаар сарын 14


ЗАХИДАЛ №4:

“ЦЭЦЭГ ШИГ УСЛАХ УРМЫН ҮГСИЙГ ЭЭЖ НЬ ЧАМДАА ХУВИН ХУВИНГААР АСГАХ БОЛНО ОО”

18 настай охиндоо илгээх захидал

Ямартай ч эхлээд охин минь чамдаа ээж нь ямар их хайртайгаа хэлэх нь зөв байх.
Дөнгөж цоморлогоо нээж орчлон ертөнцөд гоо үзэсгэлэнгээ харуулах гэж хичээнгүйлэн тэмүүлж буй 18настай хонгорхон охин үр минь хэдэн зүйлийг ойлгож аваасай хэмээн хүсэж байна.

Охин минь одоо чамтай хамт байгаа 18 насаа чамлах хэрэггүй ээ энэ бол  мөрөөдлөө биелүүлэхэд хэдий эрт ч гэсэн мөрөөдөж эхлэхэд яг тохирсон нас. Далавчаа дэлгэ , мөрөөдөл чинь энэ амьдралаас  чамд өгч буй бэлэг.  Чи минь 18 настай учраас өнөөдрийг энэ ертөнцийн сүүлчийн өдөр хэмээн бодож хэн нэгнийг хайрлаж, хэн нэгэнд дурлаж, гомдож, үзэн ядаж болно.

Энэ насанд их эмзэг бас чамтай учрах бүхэн тийм ч сайн нэгэн биш байдаг учраас сэтгэл чинь амархан шархлах боловч цаг хугацаа урсан өнгөрсний дараа бүдэрч унасан чамайг босгон цааш хамтдаа чамайг бүдрүүлэх бүхий л саад бартааг даван туулахад чинь туслах нэгнийг эрэн хайж олоход яг тохирсон нас юм шүү.

Сургууль бол хэцүү даваа чи минь чадахаараа хичээж байгаа гэдгийг сайн ойлгож байна. Муу дүн авсан ч хамаагүй ээ хааяа ч гэсэн гадуур гарч найзуудтайгаа хөгжилдөх эрх чамд байгаа учир нь чи минь юм бүхнийг туршиж үзэхийг хүссэн тийм л зоригтой  18 настай нэгэн шүү дээ. Чамайгаа би буруу зөвийг ялгаж чадах насандаа байгаа учир чамдаа би итгэдэг. Тийм болохоор хожим цаг хугацаа өнгөрсний дараа 18 нас минь хамгийн жаргалтай нас минь хэмээн бардам хэлж чадахаар өнгөрүүлээрэй.

18 хүрлээ гээд чи насанд хүрсэн нэгэн болсон гэсэн үг биш. Чи минь наддаа үргэлж нялхаараа санагддаг ч би ч гэсэн энэ насыг тойроод биш дайраад гарсан учир хааяа ч гэсэн надтай ээж гэдэг талаас минь биш өөрөөсөө 20 хэдэн насны зөрүүтэй найзыгаа хэмээн бодож ярилцаасай гэж хүсэж байна. Учир нь амьдралд олон сонголт гарч ирдэг. Тэр бүхий л сонголтоос зөвийг нь сонгоход ээжийнх нь 18 насны амьдралын туршлага хэрэг болох болно. Гэхдээ би чамд үргэлж  зааж зааварлахыг хүсэхгүй байна  учир нь чамайг гаргасан алдаанаасаа бага ч гэсэн суралцаасай гэж хүсэж байна энэ нь ч чамд хэрэгтэй.  Хэдий унахад өвдөг ч гэсэн буцаад хөл дээрээ босоход тусалдаг 100 аргыг суралцахад тохирсон нас юм шүү.

Энэ насанд их олон зүйлийг суралцдаг. Тэр бүхнээс  хамгийн чухал  нь  бусадтай нөхөрлөж , найзлах  явдал.. Сайн муу аль нь ч байсан хамаагүй хэрэв хэн нэгэн найз чинь уйлж байвал очоод тэрэнд гараа сунган “зүгээр ээ өвдсөн ч хамаагүй чи 18 настай юм чинь” хэмээн хэлээрэй. Чиний мөрөөдөл хаа хүрэхийг мэдэхгүй ч ганцаараа тэр бүхнийг төсөөлж хэрэггүй. Энэ бол чамд үлдэх хамгийн гоё зүйл болохоор найз нартайгаа эсвэл өөр хэн нэгэнтэй хуваалцаарай.
Чамайг би эрэгтэй найзтай байхыг зөвшөөрнө тэрийг хайрласан ч болно гэхдээ хэтэрхий их зүйл битгий бодоорой ирээдүй чинь дөнгөж эхэлж байна.

Ингээд бодоод суухад 18 настай би 18 настай чи энэ хоёрын хооронд ямар ч ялгаа алга. Заримдаа би хэтэрхий үглээ яншаа зан гаргадаг байх тэр болгонд минь намайг адалж зэмлэлгүй харин эсрэгээрээ 20-иод жилийн өмнөх 18 насыг минь сануулж байгаарай. Охин минь энэ цэцэг шиг насаа  цэцэг шиг л ургуулж өнгөрүүлэх зүйтэй. Харин тэр цэцгийг услах урмын үгсийг ээж нь чамдаа хувин хувингаар асгаж байх болохоор битгий санаа зовоорой. 

Энэ бүхний эцэст  18 настай хамгийн хөөрхөн охин минь нүдээ аниад инээгээрэй хүсэл мөрөөдөл чинь зорилго болж хувирдаг юм шүү.

Захиа бичсэн: Ээж Эрдэнэчимэг


ЗАХИДАЛ №5:

“ЭЭЖ НЬ ЧАМААСАА НЭГ Л ЗҮЙЛИЙГ АМИНЧЛАН ГУЙЯ”

Сайн уу, миний сайхан хүү?

Ээж гэдэг эрхэм алдрыг авчирч, эх хүн болохын жаргалыг мэдрүүлсэн сайхан хүүхдээ ээж нь сэтгэлийнхээ үгийг бичихээр шийдлээ. Чамайг хэвлийдээ байгааг мэдсэн тэр өдрөөс ээж нь огт өөр хүн болж билээ.

Анхны хүүхэд минь хүү л байгаасай гэж хүсэж байсанчлан томоос том духтай хүү ээж аавдаа ирсэнсэн. Миний хүү түшигтэй сайн эр хүн болно гэж билэгдэж Түшиг нэрийг сонгосон байсан ч Баттүшиг, Хантүшиг, Одтүшиг гээд ямар нэр өгөхөө сонгож чадалгүй их удаж билээ. Харин нэг өдөр ааваас нь  мэссэж ирсэн юм. Энэ нэрийг уншаад л дотроос нэг юм огшоод уйлах дөхсөн. Яг л бидний хүсч байсан тэр нэр. Миний хүү үргэлж азтай одтой, түшигтэй тулхтай явах болно гэж нэрийг чинь шивнэхдээ ерөөл айлдсан. Үнэхээр л миний хүү олон зүйлд азтай одтой байж одоо хүссэн сургуульдаа суралцаж байна. Бас араасаа 3 дүү дагуулж том ах болсон шүү дээ.

Ээж нь хүүхэд хэрхэн өсгөж хүмүүжүүлэх тухай мэдлэггүй, туршлагагүйгээсээ болоод өөрөө ч мэдэлгүй олон зүйлийг буруу хийсэн байж магадгүй. Хийсэн буруу зүйл болгондоо ээж нь уучлал гуйж байна. Жирэмсэн байхдаа хордлого ихтэй бас юу идэж болдог, болдоггүйгээ мэдэхгүй байсан болохоор ээжийнх нь буруу хооллолт чамайг харшилтай болгосон. Гадаадынхан шиг багаас нь бие даалгана гэж бодоод хүүтэйгээ хамт унталгүй , чамайгаа тусад нь унтуулдаг байсандаа харамсдаг . Гэтэл чи минь ямар их айдаг байсан бол оо. Айсандаа шөнө болгон уйлаад л, аавдаа загнуулаад буцаад унтдаг байсан. Үнэндээ хорь гаруйхан настай залуу ээж юуг яаж хийхээ мэддэггүй байсан. Тэгээд ч миний хүү чинь 18 сартайдаа ах болсон шүү дээ.

Нэг явдал аав ээжийнх нь санаанаас огт гардаггүй юм. Ээжээсээ огт салдаггүй байсан миний хүү нэг л өдөр ах болж, ээжийнх нь хүүдээ зориулж байсан тэр их хайр  дундрах шиг л болсон байхдаа. Дүүг нь төрсний дараа ээж нь хүүдээ анхаарал тавьж чадахгүй байсан болохоор эмээ өвөөгийнд нь чамайг аваачсан. Гэтэл миний  хүү хоол ундаа ч идэхээ больж, аавыгаа очих үед явья, гэртээ харья гэж гуйж  байсан гэдэг. Тэр бяцхан сэтгэлд нь орхигдсон мэт сэтгэгдэл төрж байсан байх даа. Магадгүй чи жоохон байсан болохоор санадагүй байх. Гэхдээ ээж нь энэ явдлыг бодохоор л өөртөө гэмшдэг юм.Томчууд бид өөрсдийнхөө ая тух амар тайвныг л боддогоос биш хүүхдийнхээ сэтгэлийг мэдэрдэггүй улс. Жоохон юм чинь юу мэддэг юм бэ гэсэн байр суурьнаас л хандаж өөрсдийнхөөрөө шийддэг. Магадгүй одоо ч зарим зүйл дээр ингэж ханддаг байх. Араасаа олон дүүтэй болсон миний хүү ээжийнхээ хайрыг, ээжийнхээ халамжийг үгүйлж байсныг ээж нь даанч хожуу ойлгосон. Ямар сайндаа л  Ээжээ та над руу хараад инээдээ гэхэд ээж нь хараад инээхэд бишээ дүү рүү харж инээдэг шигээ инээ гэж хэлж байсан. Бяцхан охин дүүг нь харахаараа ээж нь өөр болж, хүүгээ харин тээршааж хардаг байсан байхдаа тэр үед. Дүү нь унтаж байна чимээгүй бай ,яагаад сахилгагүйтээд байгаа юм бэ ядаргаатай юм бэ гээд л төвөгшөөж загнадаг байсан байх.Хэдий гаднаа тийм байсан боловч ээж нь хүүгээ үргэлж хайрласаар байсан. Одоо ч гэсэн хайртай гэж ил хэлдэггүй ч хүүгийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн тийм их хайраар хайрладаг юм шүү.

Хэвлийд байх үед чинь сайхан аязууд сонсож, гитар даран дуулж, төрсний чинь  дараа чамайгаа тэврээд үргэлж дуу аялан унтуулдаг байсан. Ээжийгээ дууриан ганганаж дуугарсаар байгаад унтдаг байж билээ миний хүү. Тиймдээ ч миний хүү өнөөдөр зөөлөн ааштай ,сайхан сэтгэлтэй, хөгжмийн мэдрэмжтэй хүн болж өссөн байх.

Багадаа миний хүү их мэдрэмжтэй бүх зүйлд сониучирхан гайхшран ханддаг байсансан. Томчууд бидэнд тийм ч сүртэй биш зүйлийг тэгж хүлээн авахад нь тоодоггүй байсандаа ээж нь бас харамсдаг. Ёстой л хүүхэд бүхэн багадаа Пикассо байдаг ч томчууд бид Пикассо биш болгодог гэж үнэн юм даа. Хүүхдийн тэр халгиа цалгиа, гэгээн ертөнцийг бид л өөрийн  хар бараанаар будаж сэтгэл хөдлөлгүй нухацтай болгох юм. Одоо чинийхээ дүү нартаа хандаж байгаа хандлагыг харахад бөөн үгүйсгэл л байдаг. Чи чадахгүй, битгий сонин юм яриад бай, ийм юм  мэддэггүй юмуу гэх мэтчилэн ярьдагаа чи анзаарсан уу. Ээж аав нь энэ хандлагыг суулгасан ч байж болох юм. Гэхдээ миний хүү өөрийнхөө үзэл бодлыг хэлэхээсээ өмнө бусад нь яаж хүлээж авах бол гэж бодож байгаарай. Магадгүй чиний санаандгүй хэлсэн нэг үг бусдын сэтгэлд мартагдахгүй толбо болон үлдэж болохыг санаарай.

Миний хүү бусдаас онцгой хүүхэд шүү. Магадгүй чи өөрийгөө яагаад ийм даруухан юм болоо. Яагаад олон зүйлийг хийж чаддаггүй юм болоо гэж боддог байж болох юм. Даруухан байна гэдэг олон сайн талтай. Аливаа зүйлийг сайн анзаардаг, анзаарч харсан зүйлээ бодож тунгааж чаддаг. Нэг зүйлд төвлөрөхөөрөө сайн хийдэг гээд олон давуу тал бий. Энэ бүгд миний хүүд байдаг. Гаднаа даруухан ч дотроо даацтай тийм л хүү шүү, миний хүү.
Өөрийнхөө чадахгүй гэж бодсон зүйлээ зориглоод хийж байгаарай. Нэг л тийм зүйлийн ард гарахад олон зүйлийг хийж чадах боломжтойгоо ойлгоно. Цаашид чадахгүй эдэхгүй гэсэн айдас чинь бага багаар алга болох болно.

Ээж нь чамаасаа нэг л зүйлийг аминчлан гуйя. Өөрийнхөө сэтгэл хөдлөлд эзэн нь болж байгаарай. Одоо миний хүү 13 настай бол чиний шилжилтийн нас эхэлж байна. Энэ үед олон зүйлд сэтгэл чинь тогтворгүй болж, бүх хүн чамайг ойлгохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Тийм үе ирвэл бусдад уурлаж гомдолгүй өөрийнхөө зан аашийг анхаарч юунаас болоод байгааг нь сайн бодож тунгаагаарай. Өдрийн тэмдэглэл бичсэн ч болно. Магадгүй ээж нь дүү нарт нь, ажил гэрийнхээ бусад асуудалд анхаарлаа хандуулаад хүүтэйгээ тухтай ярилцахгүй байгаа байх. Гэхдээ  ээжтэйгээ ярилцахыг хүсвэл ээж нь хүүдээ үргэлж цаг гаргаж байх болно оо.

Ирээдүйд алдар нэрээ дуурсгасан мундаг дуучин, хөгжимчин болно гэдэгт чинь үргэлж итгэдэг шүү ээж нь. Маш их хайртай шүү, хүүдээ.

Захидал бичсэн: Ээж Г.Энхчимэг


ЗАХИДАЛ №6:

“БОДЛОО ЦЭГЦЭЛЖ, ЭЭЖТЭЙГЭЭ НЭЭЛТТЭЙ БАЙГААРАЙ”

Охиндоо илгээх миний захидал

Өнөөдрөөс яг 16 жилийн өмнө өвлийн тэр нэгэн жавартай өдөр энэ үйл явдал тохиосон юм. Анхны хүүхдээ төрүүлэх гэж буй залуу эхийн хувьд чамайгаа эсэн мэнд төрүүлж, эрүүл энх өсгөхийн туйлын хүслэн болж байх тэр цаг мөчид чи ээждээ их л олон зүйлийг ухааруулж өгсөн юм шүү дээ. Одоо чи доороо олон дүүтэй болсон болохоор том эгчийн үүрэг хариуцлагыг маш сайн ойлгож, ээждээ үргэлж тусалж байгааг ээж нь тэр бүр сайшааж, урамшуулж байсан нь ховор. Энэ захиа бичиж байгаа завшааныг ашиглан ээж нь охиндоо бүхнээс илүү хайртай, тэр бүр ил гаргаад байдаггүй ч алагхан энэ хорвоо дээр амьдралын дөртэй болгох гэж хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байж өсгөх арга замыг баримтлан яваа минь энэ. Эргээд өчүүхэн босгонд өнхрөөд унагахгүйн тулд энэ бүх сургамж, захиас минь хэрэг болох буй за.

Гаргасан шийдвэр бүртээ эзэн нь байгаарай, харамсаж харуусах зүйлгүй сурах зүйл их байна.
Өдөр ирэх бүр өндийж том болж, удахгүй насанд хүрсэн бие хүн болох гэж буй чамдаа энэ орчлонд төрсөн хүн бүрт ижлээр олгогддог өөрийн амьдралын номоо хуудас, ширхэг бүрийг үнэ цэнэтэйгээр хүлээн авч бичихийг ээж нь хамгаас түрүүнд захихыг хүсэж байна. Өнөөдрийг хүртэлх 17 хавар, намар ээлжлэн ирэхдээ эргэх орчлонгийн хүмүүн бүрийн хуудас бүр өөр өөр өнгөөр бичигдэж, баяр хөөр, инээд наргиа, уйтгар гунигийг бүгдийг хослуулан байсан. Шинэ жилээр өгөх бэлэг, шинэхэн гацуурыг чинь чамд дахиж засаж өгөхгүй, хатуухан мэт сонсогдох боловч охин минь чи одоо өөрөө өөрийнхөө шийдвэрийг боловсруулж, гаргаж, өөрийнхөө шийдвэрт өөрөө хариуцлага хүлээх цаг чинь иржээ. Одооны энэ хүүхдүүд үү? Гэж бидний үеийн хөгшчүүд хэлэхэд тухайн үед бид гайхдаг байсан бол би өөрөө ч энэ үгийг хэлэхээр тийм цаг үед бид амьдарч байна. Үнэндээ, амьдралд бүх зүйл амар хялбар байдаг бол өчүүхэн төдий салхинд л хүмүүс үй олноороо өртөж, үгүйрэх байсан биз.

Бодлоо цэгцэлж, ээжтэйгээ нээлттэй байгаарай.
Ээж нь охиндоо бүхнээс илүү хайртай, чиний шийдвэрийг цаг ямагт хүндлэн, харилцан ярилцаж сайн найз шиг чинь байх болно.  Өөртөө тулгарсан өсвөр насны яагаад эсвэл би яах ёстой вэ? гэх асуулт нэхсэн тохиолдлууд, аливаа шийдэхэд хүндрэлтэй байгаа зүйл, охидын аминчхан яриа аль бүгдийг ээжтэйгээ хуваалцаарай. Тогмол ус булингартаж, өмхийрдөгтэй адил хүний бодол оюун санаа ч мөн адил нэг зүйлийн тухай удаан бодож, эргэцүүлэх нь тухайн зүйлдээ шийдэл олж чадахгүй хирнээ стресс үүсгэх, ядарч сульдах гээд олон хор уршигтай байдаг тул үргэлж урсгал ус шиг уужим тэнүүн сэтгэж, бодлоо үргэлж шинэчилж яваарай.

Инээж баярла, уйтгарлаж гунигла гэхдээ үргэлж ирээдүй рүүгээ тэмүүлж яваарай.
Сэтгэл хөдлөлөө зүрхний хөндийдөө тас түгжээд ил гаргаж чадахгүй, зүрхлэхгүй өнөөх л өмнөх нийгмийн сурсан зангаараа ээжий, аав бид чинь сэтгэл хөдлөлөө тэр бүр илэрхийлээд нээлттэй байгаад байж чаддаггүй. Иргэний үнэмлэхээ аваад баярлаад ирэхэд чинь, илтгэл тавиад багаа удирдаж хичээлдээ мундаг сайн байхад чинь ээж нь баяр хүргэе гэж инээмсэглэн хэлэхдээ дотроо охиноороо бахархаж тэр өдрийн бүхий л сайхан нарыг чи минь авчирсансан. Сэтгэл хөдлөлөө дотроо хадгалах, илэрхийлэхгүй байх нь бие махбодь болоод сэтгэл санааны хувьд сайнгүй болохоор охин минь энэ цаг мөчөөс эхлэн сэтгэл хөдлөлөө тухай бүртээ илэрхийлж инээх цагтаа инээж, уйлмаар санагдсан үед уйлаарай. Мөрлөөд түших дэр чинь, мөрөөдлийн чинь зорилгыг дэмжээд зогсох хүн нь ээж нь байх болно шүү.

Үерхэж нөхөрлө, харин том болох гэж битгий яараарай.
Чи мэднэ дээ, ээжийнх нь арван жилийн сургуулийн ангийн найз Алимааг. Өдий 40 гаран жилийн сайнтай, муутай бүхий л цаг хугацаанд хамт байна. Удахгүй эмээ болох цагтаа ч би найзыгаа манай ангийн охин, манай найз охин гэж дуудаад зогсолтгүй хөврөх он жилүүдийг дэнслэн суух биз. Яг л үүнтэй адилаар өөрийн үеийн найзуудтайгаа найзалж нөхөрлөн, биедээ зөв хандлагаар туслан дэмжиж яваарай. Найз нөхөд чинь буруу зуршилд автах гэвэл хориглож, буруутгаарай. Буцаад харин чамайг үгүйсгэвэл гомдох болон шаналах хэрэггүй. Бусдын ятгалганд автаагүй өөрийнхөөрөө үлдсэндээ хожим чи баярлана. Амьдралын зам урт болохоор цаг хугацааны дэнсэнд сайн муу нь ялгараад үлддэг юм. Орчин цагт буруу зам руу хөтлөх маш олон зүйлс байгааг чи харж байгаа байх. Тамхи татах нь сайхан харагдах, эсвэл бусдаас дээгүүрт тооцогдох зүйлсийн аль нь ч биш юм шүү. Согтууруулах ундаа ч мөн өөрийн үнэ цэнэтэй байдлаа хадгалж явах эмэгтэй хүний хувьд өсвөр насандаа хүртэх зүйл яагаад ч биш болохоор үүнээс хол байхыг аминчлан захимаар байна. Үргэлж өөрийн үнэ цэнээ хадгалж, өмнө тавьсан гэрэлт ирээдүй рүүгээ тэмүүлэх ёстой юм шүү, охин минь. Цаг нь болохоор охин минь ч гэсэн эх хүн болно, яарах хэрэггүй.

Ээж нь охиндоо захих захиасаа товчхон болгох гэж хичээлээ. Эндээс бусдыг ээж нь охинтойгоо ярилцан хүргэх болно. Охин минь харин ээжтэйгээ ярилцахдаа битгий эмээгээрэй. Хайртай шүү, чамдаа хамгаас дотно аав, ээж хоёр чинь.

А.Рас
2017 оны 12 дугаар сарын 14, УБ хот

 


 

ЗАХИДАЛ №7:

“ХҮНИЙ АМЬДРАЛД ЮУ Ч ТОХИОЛДОЖ БОЛНО. ГЭХДЭЭ ӨВДӨГ СӨХРӨХГҮЙ, СЭТГЭЛЭЭР УНАХГҮЙ, ЭРГЭЖ БУЦАХГҮЙ АМЬДРАХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ!”

Хүүдээ илгээж буй захидал

Сайн байна уу? Миний хүү. Хайртай хүүдээ энэ өдрийн мэнд хүргэе.
Аав ээжийгээ баярлуулан, алаг хорвоо дээр дуугаа хадаан мэндэлж байсан өдөр өчигдөрхөн мэт тов тод. Гэвч өнөөдөр хөөрхөн хүү минь сургуулийн дунд ангийн сурагч, аав ээжийн түшиг тулгуур, дүү нартаа хайртай ах нь болж, ээж нь ингээд хүн байх утга учир, амьдралын нарийн ширийний зах зухаас ярилцаж эхэлж байна гэж бодоход амьдрал маш баялаг бөгөөд цаг хугацаа асар хурдан өнгөрдөг санагдаж байна.

Ээж нь хүүгээ насанд хүрэхээр маш олон зүйлийг ярьж, ойлгуулж, зааж зөвлөх нь мэдээж. Гэхдээ хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж Монгол ардын зүйр үг байдаг. Аав, ээж хоёр нь юуны өмнө хүүгээ эрдэм боловсролтой, эрүүл саруул, зөв хүмүүжилтэй хүн болоосой гэж бүх л хүч чадал, зүрх сэтгэлээ зориулсаар ирсэн. Зарим үед хүүгийнхээ үзэл бодлыг сонсож ойлгохгүй, өөрсдийн санаа зорилгыг тулгаж байгаа мэт санагдаж байвал уучлаарай миний хүү. Аав, ээжийнх нь бүх л хандлага, үг үйлдэл болгон зөвхөн хүүгийнхээ сайн сайхны төлөө юм шүү. Бидний өссөн орчин, нийгэм, одоо миний хүүгийн өсөж буй орчин хоёр маш их ялгаатайг ээж нь ойлгож байгаа. Гэхдээ, амьдралын утга учир, зорилго, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэл нь аль ч нийгэмд адилхан байх болов уу.

Ээж нь хүүдээ бичиж буй энэ захидлын гол санаа нь хүн өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхойлон, тэр зорилгодоо хүрэх, түүнийхээ төлөө тэмцэж, чиг шугамтай, зарчимтай амьдрах ёстой гэдгийг л ойлгуулах гэсэн юмаа.

Хүний амьдралд юу ч тохиолдож болно, хүмүүс чиний талаар юу ч ярьж болно, ятгаж болно. Энэ бүх үед хэзээ ч өвдөг сөхрөхгүй, сэтгэлээр унахгүй, эргэж буцахгүй, үндсэн зорилгынхоо төлөө өөрийн бодол, зарчмаар л амьдрах ёстой юм шүү!

Ээж нь хүүгийнхээ насан дээр маш их юм боддог, мөрөөддөг хүүхэд байсан. Заримдаа гутрах үе ч олон байлаа. Элэг бүтэн, сайхан амьдрал дунд өсөж чадаагүйдээ зарим хүүхдүүдэд дотроо маш их атаархдаг байсан. Гэхдээ ийм сайхан амьдралыг бүрэн утгаар нь төсөөлөн харж, мөрөөдөж чаддаг байлаа. Үнэндээ ээжид нь ганцхан маш том сэтгэлийн хөшүүрэг байсан. Энэ бол өөртөө итгэх итгэл. Яагаад ч юм би өөрийн зорьсон зорилго, хүссэн амьдралдаа хүрч чадна гэсэн итгэл л 100-аас илүү хувь байдаг байсан юм. Тэгээд ч чадсан. Сайн хань, сайхан хүүхдүүд, сайн боловсрол, ажил мэргэжил, хамт олон бүгдийг бүтээж чадсан.

Хүн зорилгодоо үнэнч зүтгэн, уйгагүй өөрийгөө дайчлан хөдөлмөрлөвөл юунд ч хүрч чадна. Миний хүү ч гэсэн зорилгоо биелүүлэн, илүү их амжилтанд хүрч чадна гэдэгт ээж нь итгэж байгаа. Зорилгодоо хүрэх чиг шугамдаа үнэнч, мөн хүн чанараа гээхгүй, хүнлэг, хүнд сэтгэл, зүрхнээсээ тусалж чаддаг, аливаа юманд зүрх сэтгэлээсээ ханддаг байх хэрэгтэй. Тэгсэн цагт өөрийн хүссэн амьдрал, хүссэн өндөрлөгөөсөө өнгөрснөө дурсан мишээж зогсох үе ирдэг юмаа миний хүү.

Ээж нь хүүдээ маш их хайртай.    

Захиа бичсэн: ээж П.Уянга

2017 оны 12 дугаар сарын 13, УБ хот    

 


  ЗАХИДАЛ №8:

“ТӨРСӨН ЦАГААСАА ХОЙШ БИДНИЙГЭЭ БАЙНГА БАЯРЛУУЛЖ, АЗ ЖАРГАЛ АВЧИРЧ БАЙГААД БАЯРЛАЛАА”

Хайрт хүү Билгүүтэй минь

Хүү минь чи сар хагасын өмнө 15 нас хүрлээ. Анхны хүүхэд болон төрөөд аав, ээжийгээ баярлуулж, өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй цоо шинэ хайрыг мэдрүүлж байсан цаг саяхан. Ээжийнх нь төрсөн өдөр 11 сарын 1, аавынх нь 11 сарын 8, харин хүү минь чи яг дунд нь 11 сарын 5-нд 2 хилэнцээс (орд) хилэнц болон мэндэлсэн билээ.

Хоёр ойтойдоо орой унтахгүй гүйгээд байхаар чинь – Ээж нь өөр хүүхэд авлаа шүү гэхэд гүйгээд ирдэг байснаа тун удалгүй дэмий үг гэж ойлгоод – Ав, ав. Бүр хоёрыг ав гэсэн ёсоор хоёр дүүтэй том ах болсон.

Одоо хүү минь том болоод өөрийн гэсэн зан ааш, сонирхол, бодол санаа, хүсэл мөрөөдөлтэй болжээ. Өөр хэнтэй ч адилгүй, дахин давтагдашгүй нэгэн бодьгаль. Царайлаг сайхан хүү минь 10-р ангид ороод огцом өсч, өндөр залуу боллоо. Биемахбодийн болон сэтгэлзүйн их өөрчлөлт явагдаж байна. Дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагаа идэвхжиж, хэдхэн сарын өмнө цэв цэвэрхэн байсан нүүрэн дээр зөндөө батга гарсанд сэтгэл дундуур байгаа.  
Юуны өмнө төрсөн цагаас хойш биднийгээ байнга л баярлуулж, бахархуулж, аз жаргал авчирч байгаад баярлалаа. Чи минь бидний амьдралд утга учир, аз жаргалыг авчирдаг шүү. Гэр бүлийнхэн чинь чамд маш их хайртай. Үргэлж эрүүл энх, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Аав ээжийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлж, зөв сайн хүн болгохын төлөө хичээж байна.

Гэхдээ чи бидний анхны хүүхэд болохоор мэдэхгүй шинэ зүйл байсаар байна. Бага байхдаа бидэнтэй илүү ойр дотно, их ч ярилцдаг байлаа.  Үнэнийг хэлэхэд одоо том болоод аав, ээж нь чамтай хэрхэн ярилцах, юу зааж сургахаа сайн мэдэхгүй л байна даа. Нэг л эв хаваа олохгүй, туршлагагүйтээд байх шиг. Ихэнх гэр бүлийн адилаар аав нь нэг их юм ярихгүй, ээж нь үглэх маягтай. Энэ тал дээр дутагдалтай байгаагаа мэдэрч, санаа зовж явдаг.

Саяхан харин хүүхэдтэй харьцах, хүмүүжүүлэх тал дээр мэргэжлийн хүн хэмээн хүндэлж явдаг, хуучин зааж байсан багш чинь таарч, энэ талаар ярилцаад их зүйл ойлголоо. Хүүхэддээ зөндөө олон зүйлийн талаар хэлж ярьж, зөвлөж, ярилцах ёстой байдаг юм. Ингээд ээж нь юуны өмнө уншиж судалж эхэллээ.  31 хэл дээр орчуулагдаж, олон сая хүн уншсан Австралийн зохиолч Steve Biddulph-ын “Raising boys” номноос өмнө нь анзаарч мэдээгүй олон зүйлийг мэдэж авснаа аавтай нь хуваалцлаа. Мэдэж авснаа цаашид хэрэгжүүлж, хүүгээ зөв хүмүүжилтэй, өндөр боловсролтой, нийгэмд биеэ үлгэрлэн авч явах хүн болгохын төлөө явах болно.

Хүү минь өөрөө бүх талаар хичээж яваарай. Хамгийн сайн сайхныг хүсье.

Ээж Чимэгээс....

2017 оны 12 дугаар сарын 15


  ЗАХИДАЛ №9:

“ХОЛЫН ХОЛ ИРЭЭДҮЙ НЬ ГЭРЭЛТЭЙ БАЙГ ГЭЖ ӨДӨР БҮР ДЭЭЖ ӨРГӨЖ ЗАЛБИРДАГ ДАА”

Сайн байна уу
Хайрт охин минь ээ

Орчин цагт утсаар яриад л захидал гэдэг зүйл мартагдсан өнөө цагт ийм боломж олгосон хамт олонд маш их баярлалаа. Миний охин дуугаа хадаан аав ээждээ отгон охин болж мэндэлсэн тэр өдрөөс өнөөдрийг хүртэл охиндоо захиа бичиж үзээгүй юм байнаа. Миний охин хичээл номоо сайн хийж, дулаан хувцсаа өмсөж байгаа биздээ. Ээж аав хоёр нь охиндоо өнгөрсөн зуны бичсэн сэтгэл уярам захидлынх нь хариу болгон захиас бичиж сууна. Зуны амралтаар ирээд буцахдаа захиа бичээд шүүгээнд нуугаад явсныг аав ээж хоёр нь хэзээ хойно олж уншаад их уйлж билээ. Захиандаа аав ээж хоёр болоод ах эгч бүр зээ дүү нарынхаа талаар тэр жаахан биед баймааргүй их ухаан, утга төгөлдөр бичсэн байж билээ. Одоо ч тэр захиаг хадгалсаар л байгаа. Тэр үед л охиныгоо эд мөнгөөр элбэг хангалуун өсгөөгүй ч гэсэн зөв хүн болж хүмүүжжээ, ямар мундаг болж өсөө вэ гээд л баярлаж суусан юм. Миний охин бага байхын л тоглох завгүй хичээлээс бүжгийн бэлтгэл гээд явдаг, бусад хүүхэд тоглож байхад хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэнд хөлсөө дуслуулж хөдөлмөрлөсөн тийм мундаг хүүхэд байсан даа. Бэлтгэл их хийдэг болохоор бэлтгэлийн чишик нь амархан урагдаж ээж нь мөн ч олныг оёж нөхсөн дөө. Хүн нэг л амьдрах хорвоод дуудах нэрийг эцэг эх өгч дуурсах алдрыг өөрөө бүтээдэг гэдэг. Бид хоёр нь чамдаа Баяржаргал гэдэг нэрийг өгөхдөө бялхам их аз жаргал хүсэж өгсөн юм шүү. Харин дуурсагдах алдрыг хэрхэн авч явахыг чи өөрөө л мэдэх хэрэг. Аав ээж хоёр нь чамайгаа дандаа нялхаараа юм шиг санадаг ч чи минь одоо их сургуулийн босго алхсан мундаг оюунтан болжээ. Хүнд хэцүү урлагийг сонгон суралцаж, сурахынхаа хажуугаар хөдөлмөрлөж яваа охиноо хараад улам л их бахархах юм даа. Охин минь өөрийгөө хайрлаж, эрүүл мэндээ хамгаалж явах чухал шүү, сурч боловсрох насанд залхуу хойрго зан хүнийг амжилтаас ухраадаг жамтай. Цагийн юмыг цагт нь хийгээрэй, хамт олон найз нөхөдтэйгээ эвтэй найртай байгаарай гээд л бидний захиасыг эгнэгт санаж сэрж яваарай. Зорьсон зорилгодоо үнэнчээр зүтгэж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан мундаг бүжигчин болоод тайзан дээр бүжихийг чинь үзээд уярч сууна гэдэгт огтхон ч эргэлздэггүй шүү хайрт үр минь.

Хүсэл мөрөөдөлдөө хүрэх харгуй нь дардан байг

Холын хол ирээдүй нь гэрэлтэй байг гэж өдөр бүр дээж өргөж залбирдаг даа. Шинэ жилээр аав ээждээ ирээрэй. Хайртай шүү!
                                                                                       

Хүндэтгэн ёсолсон чиний аав ээж.

Захиа бичсэн: Ээж Д.Долгор


  ЗАХИДАЛ №10:

“ХҮҮГЭЭ БУРУУТГАН ЗЭМЛЭЖ БАЙСАН БОЛ УУЧЛААРАЙ”

Хүүдээ илгээх миний захидал

Сайн байна уу?
Эхээс төрөхдөө бяцхаан байсан хүү минь ийм том болсон байгааг харахад ээж нь өөртөө итгэж чадахгүй хүүгээ хараад бурханд их баярлах, гайхахыг үргэлж хослуулан бодол болдог. Хүний орчлонд  хүү минь хүн болон мэндлэхдээ эцэг эхдээ баяр хөөр, хайр энэрэл, сайн сайхан бүгдийг өвөртлөн ирсэн бөгөөд нэрийг нь хайрлахдаа хүн бүхэнд инээд хөөр, аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлэглэдэг байгаасаа гэж билэгдэн нэрийг чинь өгсөн. Аав, ээж нь хүүгээ төрүүлэхдээ дөнгөж их сургууль төгссөн байсан бөгөөд ажил хийж, өөрийн гэсэн гэр оронтой болох хэрэгцээ бий болж хонгор хөөрхөн үрээ таван сар хүртэл нь ангир уургаараа тэжээсэн. Амьдралын шаардлагаар ажил хийх болж хүүгээ жаахан тавхан сартай байхад нь хөхнөөсөө гаргаж эмээ өвөө рүү явуулсан. Эхний шөнө миний хүү ээж, аавыгаа үгүйлэн их уйлан хоносон тэгээд хоёр дох шөнөөс уйлахаа больсон гэж утсаар хэлэхэд ээжийнхэн сэтгэлд хүү дээрээ нисээд очих юм сан гэсэн хүсэл ямархан их байсныг миний хүү төсөөлөх ч үгүй байх. Хонгор хүүгийнхээ сууж сурч байгаа, мөлхөж сурч байгаа, алхаж сурч байгаа, хамгийн анхны хэлсэн үг  гэх мэт олон сайхан торгон агшинуудын  үед хамт аав, ээж хамт байгаагүй ч хурдан шиг хүүгээ авч хамт байх хүсэл хором бүр боддог байсан шүү. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч хүү минь 3 нас хүрч цэцэрлэгт орох боломжтой болоход аав, ээж нь хүүтэйгээ хамт байж анх цэцэрлэгт оруулж билээ. Тэр мөчөөс хойш ээж нь хүүгээ хамгийн аз жаргалтай гэр бүлд сайн хүн болж өсөөсэй гэж хүсэн үргэлж хүүдээ үлгэр уншиж, хамт тоглож, зугаалж зав гарвал хүүдээ бүх цагаа зориулахыг хичээж ирсэн. Цаашид ч бас хүүтэйгээ хамт өнгөрүүлэх боломж бүрийг алдахгүй байхыг хичээх болно.  Дүүгээс нь болж ээж, аав нь хүүгээ буруутган зэмлэж байсан бол уучлаарай. Хонгор хөөрхөн охин дүүгээ хорвоо дээр миний хүү харж хамгаалах үүрэгтэй ээж, аав нь үргэлж та хоёртойгоо хамт байхгүй хорвоогийн жамаар буцах л болно. Тиймээс миний хүү дүүтэйгээ амин нэгтэй, айл сахалт явж, баяр гунигийг нь хамт хуваалцаж яваарай. Ээж нь хүүдээ захиж хэлэхэд хүн байх нь орчлон дээрх хамгийн агуй зүйлүүдийг нэг. Хүн бүхэнд бурхан хүн чанар, оюун ухаан, сайхан сэтгэл, гоо сайхан, төгс биеийг дутаалгүйгээр адилхан хайрладаг.  Хүн чанар нь хүний сайхан сэтгэл, сайн үйл хөдлөлийн хэм хэмжээг хэлдэг. Тиймээс үргэлж хамт олондоо нийтэч,  сайхан сэтгэлээр хандаж тусалж яваарай. Дуудах нэрийг нь эцэг эх Дуурсах алдрыг өөрөө гэдэг монгол ардын зүйр цэцэн үг байдгийг миний хүү мэдэх байх. Миний хүү ирээдүйн амьдралдаа ямар хүн болж ямар үйл хөдлөл, бүтээлээрээ хожим бусдад дуурсагдахаа үргэлж бодон тэрнийнхээ төлөө хичээж яваарай.
Хайртай шүү ээжээсээ нь...

2017 оны 12 дугаар сарын 09
Захиа бичсэн: Ээж Г.Отгонтуяа 

#ННФ #Parents #Teenagers #Bullying #Letter