Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын хуульчдын холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль хамтран ЕБС-ийн XI-XII ангийн сурагчдын дунд нийт хоёр сая төгрөгийн шагналын сантай “Монгол Улсын хөгжилд хүүхдүүд бидний оролцоо” сэдэвт сэдэмж бичлэгийн уралдааныг нэг сарын хугацаанд зарласан билээ.
Сэдэмж бичлэгийн уралдаан хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Тодруулбал, 20 аймгийн 48 сумын, нийслэлийн долоон дүүргийн нийт 126 сургуулийн 251 сурагч материал ирүүлснээс 20 сурагчийн сэдэмжийг II шатанд шалгаруулан хэлэлцүүллээ.
Тус уралдааныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, Билиг дээд сургуулийн Эрх зүйн тэнхимийн багш М.Нармандах, Монголын хуульчдын холбооны хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.Оюунбилэг нар шүүн явуулсан бөгөөд II шатанд шалгарсан 20 сурагч шүүгчид болон үе тэнгийнхэндээ өөрсдийн бичсэн сэдэмж бичлэгээрээ илтгэл тавин өрсөлдөв.
Уралдаанд оролцсон сурагчид өөрсдийн сэдэмжээрээ дамжуулан Монгол Улсаа хөгжүүлэхэд гэр бүлийн орчин, хүүхдийн хүмүүжил, нийгэм эдийн засгийн өөрчлөлт, сэтгэлгээний ядуурал, хүүхдийн эрх, түүх соёл, зан заншил гэх мэт маш олон асуудлыг хөндөн бичсэн боловч хүүхэд бүр өөрөө хүн байж, өөрийгөө хөгжүүлэх нь бидний эх орныхоо хөгжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм гэдгийг илэрхийлж байлаа.
Энэ жилийн илтгэлийн тэмцээний талаар Билиг дээд сургуулийн Эрх зүйн тэнхимийн багш М.Нармандах "Би энэхүү сэдэмж бичлэгийн уралдааныг хоёр дахь жилдээ шүүж байна. Энэ удаагийн уралдаанд ирүүлсэн материалыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад, хүүхдүүдийн илтгэх ур чадвар маш сайжирсан байна. Бид өнгөрсөн жил "Хүний эрх" гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Харин энэ жилийн хувьд хүүхдүүд өөрсдийнхөө оролцоог сайн сайхнаар илэрхийлээсэй гэсэн зорилгоор "Монгол Улсын хөгжилд хүүхдүүд бидний оролцоо" хэмээх сэдэв өгсөн.
2016 оны уралдаанд оролцсон хүүхдүүд ихэвчлэн шүүмжлэлтэй хандлагыг сэдэмждээ тусгасан байсан. Энэ жилийн хүүхдүүд улс орныхоо хөгжилд оруулах өөрсдийнхөө оролцоог нэлээд сайн тодорхойлсон нь ажиглагдлаа. Хүүхдүүд эх орныхоо хөгжилд оруулах оролцоогоо олон янзаар тодорхойлж байна. Бид хогоо хаяхгүй, хүмүүжилтэй, бусадтай эелдэг хүндлэлтэй харилцах ёстой гэх мэтчилэн өөр өөрсдийнхөөрөө оролцоогоо тодорхойлсон байна" гэв.
Тус уралдаан нь Үндсэн хуулийн мэдлэг, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, оролцоонд суурилсан хариуцлагатай манлайллыг төлөвшүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Ингээд уралдаанд байр эзэлсэн сурагчдыг танилцуулъя.
Тэргүүн байр: Б.Анхцэцэг /УБ, Сонгинохайрхан дүүрэг, 105-р сургууль/
Дэд байр: Н.Мөнхтуяа /Увс, Улаангом сум, 1-р сургууль/
Гутгаар байр: У. Угтахбаяр /УБ, Баянгол дүүрэг, 13-р сургууль/
Ц.Ойгонжаргал /Завхан, Түдэвтэй сумын сургууль/
Тусгай байр: М.Жавзандулам /УБ, Чингэлтэй дүүрэг, 5-р сургууль/
М.Номингэрэл /УБ, Баянзүрх дүүрэг, 33-р сургууль/
Э.Цолмон /Төв, Баянцогт сумын сургууль/
Зохион байгуулагчдын нэрэмжит шагнал:
Монголын Хуульчдын холбооны нэрэмжит шагнал
Н.Золбоо (УБ, Баянзүрх дүүрэг, Төгсдэлгэрэх сургууль)
МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэрэмжит шагнал:
Б.Цэлмэг (УБ, Сүхбаатар дүүрэг, 11-р сургууль)
Э.Энхжаргал (Булган, Гурванбулаг сумын сургууль) нар тус тус байр эзэллээ. Энэ үеэр уралдаанд оролцсон сурагчидтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Б.Анхцэцэг: Идсэн чихрийн цаас, уусан ундааныхаа савыг хогийн саванд хийхээс хүүхдүүд бидний оролцоо эхэлнэ
/ I байрын шагналт Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 12а ангийн сурагч, /
Миний илтгэлд агуу бүхэн энгийнээс эхэлдэг гэдэг санааг гаргаж өгсөн. Хүүхдүүд бидний хувьд одоохондоо том зүйлийг бүтээх цаг биш. Бид улам сурч, мэдлэг боловсролоо дээшлүүлж байж агуу зүйлийг бүтээнэ. Тиймээс оролцоогоо жижиг гэж битгий голоорой. Идсэн чихрийн цаас, уусан ундааныхаа савыг хогийн саванд хийх нь оролцооны хамгийн энгийн алхам.
Мөн бид машин байхгүй юм чинь гээд гарцгүй газраар зам хөндлөн гардаг. Энэ нь буруу үйлдэл. Энэ үйлдлийг дүү чинь, найз чинь, өөр хэн нэгэн хараад үлгэр дуурайлал авч байх боломжтой. Таны өдөр тутам хийж байгаа үйлдэл бүхэн эх орныхоо хөгжилд оруулж байгаа хувь нэмэр. Оролцооны нэг хэлбэр.
У.Угтахбаяр: Бид Монгол Улсын хөгжилд үүргээ биелүүлж оролцоно
/ III байрын шагналт, Баянгол дүүргийн 13-р сургуулийн 11б ангиийн сурагч,/
Хүүхдүүд бид шийдвэр гаргах түвшинд оролцож чадахгүй. Гэхдээ шударгаар хуулийн дагуу дуу хоолойгоо нэгтгэн шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц хэмжээгээр оролцож чадна. Энэ миний илгэлээрээ дамжуулан үе тэнгийнхэндээ хэлэхийг хүссэн санаа байлаа.
Тухайлбал, бид эрхээ мэддэг ч үүргээ биелүүлдэггүй. Хүүхдүүд бид үүнийг өөрчлөх ёстой. Бид бусдыг хүндлэх ёстой. Бүх зүйлд сэтгэлээсээ оролцдог байх ёстой. Өөрөөр хэлбэл, бид үүргээ биелүүлж байгаа нь Монгол Улсын хөгжилд оруулж байгаа нэг хувь нэмэр юм. Тиймээс бид энэ оролцооноос л эхлэх хэрэгтэй.
Э.Цолмон: Жижигхэн зүйлээс бидний эх орныхоо хөгжилд оруулах оролцоо эхэлнэ
/Тусгай байрын шагналт, Төв аймгийн Баянцогт сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч/
Миний хувьд илтгэлээрээ дамжуулан үе тэнгийнхэндээ нэг л зүйлийг ойлгуулахыг хүссэн. Хүүхдүүд бид хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээрээ Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг. Тиймээс хийж байгаа үйлдлээ цэгнэж, зөв зүйтэй болгоныг хийх ёстой.
Жижигхэн зүйлээс хүртэл бидний эх орныхоо хөгжилд оруулах оролцоо, алхам эхэлдэг юм шүү гэдгийг хамгийн түрүүнд ойлгуулахыг хүссэн.Үе тэнгийнхэндээ хэлэхэд, сайн сайхан үйлийг хийж байгаарай. Хэрвээ тэгвэл эх орон маань хөгжиж дэвшинэ шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх