Дээрэлхэх буюу дээрэлхүү зан гэж юу вэ?
Дээрэлхэх буюу bullying гэдгийг өдгөө Монгол хэлнээ оноож буулгасан нь үгүй байна. Гэсэн ч хэвлэмэл ном сурах бичиг, гарын авлагад ихэвчлэн үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, дээрэлхэх явдал зэргээр орчуулсан байдаг.
Дээрэлхэлт гэж бусдыг санаатайгаар хохироох гэсэн сэдэлтэй, давтамжтай, нарийн зохион байгуулалттай үйлдлийг хэлнэ. Gladden (2014) “Дээрэлхэлт гэдэг нь хэн нэг залуу эсвэл бүлэг залуучуудын зүгээс тааламжгүй бусармаг зан үйлийг эрх мэдлийн тэнцвэрт бус харилцаанд удаа дараа үзүүлэх эсвэл гаргах магадлалтай байдлыг хэлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондын харилцаанд эрх мэдэл, давуу байдлаа хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор үйлдэж буй бүх сөрөг үйлдлийг хамруулдаг. Тэгэхээр сургуулийн шатаар бууж яваад санамсаргүй хэн нэгнийг түлхэн унагааж байгаа нь дээрэлхэх явдал хараахан биш юм. Харин хохироох гэсэн хүүхдийг эртнээс онилж, хичээл завсарлах, тарах цагийг отон хүлээж байгаад уг үйлдлийг хийсэн бол үүнийг дээрэлхэлт гэж үзнэ. Энэ нь олон өдрийн турш үргэлжилж, үйлдэл хэлбэрээ өөрчлөн явагдаж байвал мөн дээрэлхэлт гэж үзнэ.
Дээрэлхэлтийг хүүхдүүдийн дунд байдаг гэнэн шоглоомоос ялгах хэрэгтэй бөгөөд дээрэлхэлтийн бай болгож буй хэн нэгнийг зориудаар хорлох гэсэн (бие махбод, сэтгэл зүй, нэр хүндэд нь халдах) сэдлээр үйлдэгддэг.
Дээрэлхэлтийн хэлбэрүүд
Бусдыг дээрэлхэх нь олон хэлбэртэй байх ба шууд (дээрэлхэгч, дээрэлхүүлэгчийн хооронд шууд харилцаа үүссэн үед) болон шууд бус (худал цуу яриа тараах гэх мэт шууд бус харилцааны үед) гэж ангилдаг. Мөн бие махбодийн, үг хэлээр, харилцааны болон цахим дээрэлхэлт хэмээн ангилж үздэг.
■ Бие махбодийн дээрэлхэлт буюу цохих, түлхэх, нудрах, чимхэх, дэгээдэх гэх мэтээр илэрдэг. Хүүхдийг сургуулийн бие засах өрөөнд бүлэглэн дээрэлхэх, өмдийг нь шувтлах, хормойг нь сөхөх, зохимжгүйгээр биед нь хүрэх зэрэг тохиолдлыг тооцож болно. Хөвгүүд өсч том болохын хэрээр тэдний дунд гарах дээрэлхэлт нь илүү түрэмгий, хүчирхийллийн шинжтэй болдог.
■ Үг хэлээр дээрэлхэх нь нэр хоч өгөх, шоолох, шоглож дууриах, ёжлох, өөдөөс нь хашгичих, хараах, дорд үзэх зэргээр илэрнэ. Хүүхдүүд өсч том болохын хэрээр үг хэлээр дээрэлхэх нь ихэсч улмаар үзэн ядалтын шинжтэй үг хэлэх, басах, занах, бие махбод болон сэтгэцийн ялгаатай байдлыг дөвийлгох байдлаар даамжирдаг. Харин ахлах ангид орсон хүүхдүүд бие биенийхээ өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх байдалд сөргөөр нөлөөлдөг.
■ Дээрэлхэлтийн өөр нэгэн хэлбэр бол бусадтай харилцаах харилцааг нь хязгаарлах явдал юм. Энэ нь харилцаагаа таслах, хов хэлэх, худал цуу тараах, тоглоом хийх, олны өмнө ичгэвтэр, аюултай байдалд оруулах зэргээр ганцаардуулах байдлаар илэрнэ.
■ Цахим буюу мэдээлэл технологийн хэрэгслийн тусламжтай дээрэлхэх
нь сүүлийн үед олширч байна. Энэ нь электрон хзрэгслийн тусламжтай бусдыг дээрэлхэх бүх үйдлийг хамаатуулдаг. Тухайлбал текст мессэж, дуут шуудан, и-мейл, цахим хуудас, аудио болон видео бичлэг, чат ашиглан бусдыг дээрэлхэхийг хэлнэ. Хүний анхаарлыг онцгой татаж, тоохгүй орхиход хүндрэлтэй, сэтгэл зүйн хувьд асар их дарамттай байдаг. Насанд хүрэгсдийн зүгээс энэ хэлбэрийн дээрэлхэлтэд ихээхэн ач холбогдол өгч анхаарал хандуулах нь чухал.
YOLO.mn сайн болон Нээлттэй Нийгэм Форум байгууллага хамтран “Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт”-ын эсрэг мэдээ мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Бид өмнө нь өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдээс “Та хүүхэдтэйгээ хэр дотно вэ?” хэмээн асуусан бол энэ удаад өсвөр насны хүүхэд залуусаас “Хэн нэгэнд дээрэлхүүлэх тохиолдол гарч байсан болон тэр талаар эцэг эхтэйгээ хэрхэн ярилцдаг” талаар асууж сонирхлоо.
Үргэлжлэл бий...
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх