Б.Түвшинзаяа: БИ СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ЗУРГААР ИЛЭРХИЙЛДЭГ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-12-01

Уран зураг бол харах яруу найраг. Уран зураг бол сэтгэл засах урлаг. Энэ л урлагаар хичээллэн бага балчир нас, гэнэн цовоо өсвөр насаа зориулан яваа олон олон хүүхэд залуусын төлөөлөл болсон Б.Түвшинзаяа буюу Линдатай уулзаж ярилцлаа.

YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач
- Сайн байцгаана уу? Намайг Б.Түвшинзаяа гэдэг. Хүмүүс ихэвчлэн Линда гэдэг нэрээр маань намайг мэддэг. 1-р сургуулийн 12ё ангийн сурагч. Урлан бүтээх төвд 5 дахь жилдээ суралцаж байна.

YOLO: Хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ?
- Би анх хоёр настайдаа эгчийнхээ үзгэн балаар аав ээжийнхээ хөнжил дээр зураг зурж байсан. Тэр үед аав маань намайг их өмөөрч "Пикасогийн уран зураг шиг ямар гоё бөөрөнхийлж зурдаг юм бэ?" гэж өөгшүүлж билээ. Тэр үеэс л би зураг зурах их дуртай болсон. Аавын ажлаас үлдсэн цааснуудыг цуглуулан зураг зурж хавтсанд хийдэг байлаа. Цэцэрлэгт орох үед минь надад 100 өнгийн фломастер авч өгч байсан.

Тэр 100 өнгөөр зурж байсан тэр үеийн сайхан мэдрэмж надад одоо ч мэдрэгддэг. Сургуульд ороод хүүхдүүдийн зургийн хичээлийг хийж өгөөд түүгээрээ мөнгө олдог болсон. Томрох тусам хүний мөнгөний хэрэгцээ ихэсдэг. Иймээс надад чадвар байгаа юм чинь үүнийгээ ашиглаж мөнгө олъё гэсэн бодол төрснөөр чадвараа бизнестэй холбосон.

YOLO: Зурсан зургуудыг нь харахад зургаараа сэтгэл хөдлөлөө их илэрхийлдэг юм шиг санагдсан. Ямар үед их зурдаг вэ?
Би ноорог хоёр дэвтрээ өөрөөсөө огт салгадаггүй байнга авч явдаг. Уур уцаартай үедээ их зурдаг. Хүмүүс намайг их дуугүй хүн гэдэг л дээ. Би сэтгэл хөдлөлөө гаргахдаа ч муу. Иймээс тэр болгоноо зургаар илэрхийлдэг. Уурласан үедээ хүнд уураа гаргахгүйгээр нооргон дээрээ зураг зурж дараа нь түүнийгээ уран зураг болгодог.

YOLO: Зургаар авч байсан шагналуудаасаа дурьдвал?
- Зургаар авч байсан шагнал нэлээн их байдаг. Тэдгээрээс хамгийн хайртай шагнал минь "Япон-Монголын хамтарсан ОУ-н тэмцээн”-ий дэд байр. Уг тэмцээнд оролцон "Jenesys 2016" хөтөлбөрөөр 10 хоног Японоор аялсан. Чех, Солонгос, Германы хамтарсан зургийн уралдаанууд их болдог. Эдгээр тэмцээнүүдэд оролцон 1-3-р байрнуудад шалгардаг. Мөн "Урлан бүтээх төвийн шилдэг сурагч"-аар шалгарч мөнгөлөг титэмний хэлбэртэй медаль авч байсан. Тэр шагнал надад их үнэ цэнтэй санагддаг.

Тэр 100 өнгөөр зурж байсан тэр үеийн сайхан мэдрэмж надад одоо ч мэдрэгддэг.

Б.Түвшинзаяа










YOLO: Зохиолч хүнд хамгийн хайртай шүлэг гэж байдаг шиг зураач хүнд ч мөн хайртай зураг гэж байдаг байх. Чиний хамгийн хайртай зураг чинь ямар зураг вэ?
- Энэ зун зурж дуусгасан "Мянган жилийн ганцаардал" зургандаа их хайртай. Нэгэн охин нисдэг таваг нь эвдэрснээс болж дэлхий дээр гацан жижигхэн од гартаа бариад тэнгэр рүү харж байгаа тийм зураг. Яагаад ч юм тэр мэдрэмж надтай дэндүү ойр. Би тэр зурган дээр дотоод сэтгэлээ тэр чигт нь гаргасан юм болов уу гэж боддог.

YOLO: Зураг зурж хэрэглээнийхээ мөнгийг олдог гэсэн. Шинэ жил дөхөж байна. Захиалга их байна уу?
- Захиалга анхнаасаа орж ирээд л байна. Хайчилбар, хөрөг их захиалж байна. Гэхдээ би хоёр дугаар сард хамтарсан үзэсгэлэн, зургаа дугаар сард бие даасан үзэсгэлэнгээ гаргъя гэж зорисон учраас уран зурагтаа дийлэнх цагаа зарцуулах бодолтой байгаа. Мөн гоо сайхны газар болон арьс арчилгааны бүтээгдэхүүний интерьер, дизайнд нийцсэн уран зургийн захиалга их ирж байгаа учраас энэ зургууддаа анхаарлаа хандуулна.

YOLO: Зураг зурахын хамгийн сайхан зүйл юу юм бол?
- Найзууд маань "Чи зураг зурах үедээ их тайван харагддаг" гэж хэлдэг. Хүн болгон өөрийн гэсэн жижигхэн орон зайд тайван амгалан байх гэж дуртай зүйлээ хийдэг юм болов уу гэж би боддог. Миний хувьд тэр зүйл нь зураг.

YOLO: Чөлөөт цагаараа зураг зурахаас өөр юу хийдэг вэ?
- Шүлэг бичдэг. Нэг удаа бичсэн шүлгээрээ сургуулийнхаа урлагийн наадамд оролцсоноос хойш олон нийтэд уншиж өгөөгүй, уншуулаагүй. Миний дотоод ертөнц учраас хүмүүст уншуулаад байх дургүй. Ном унших их дуртай. Ер нь суугаа ажил л хийдэг юм байна /инээв/. Гэхдээ энэ зунаас гүйдэг болсон. Гүйхэд бас их тайвширдаг юм билээ. Би ер нь тайвшралыг олох гэж л их юм хийдэг дээ.

YOLO: Сүүлд ямар ном уншсан бэ?
- Сүүлд Мая Фоксын "Начало" номыг уншсан. Би Монгол хэл дээр бараг ном уншдаггүй дандаа Орос хэл дээр уншдаг. Сурсан нэг хэлээ мартахгүй тулд Орос хэл дээрх ном их уншдаг. Л.Толстой, С.Пушкины зохиолууд гээд л. Намайг бага байхад Мир номын санд Орос ном их зардаг байсан. Харин одоо бол Орос ном нэг их байхаа больсон.

Бид зүгээр ч нэг хүүхэд залуус биш, Монголын охид хөвгүүд шүү дээ.

Б.Түвшинзаяа







YOLO: Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
- Ирээдүйн мэргэжлээ сайтар бодож үзсэний эцэст график дизайныг сонгосон.

YOLO: Ирээдүйн мэргэжил, сонирхлыг чинь гэр бүлийнхэн чинь дэмждэг үү?
- Гэр бүлийнхэн маань анхандаа дэмждэг байсан гэж яг ч хэлж болохгүй ээ. Манай гэрийнхэн бүгд л дуулвал дуулчихдаг, зурчихдаг, бүжиглэчихдэг, жүжиглэвэл жүжиглэчихдэг хүмүүс. Гэхдээ эмч, эдийн засагч нар. Надад анхандаа тийм ч их итгэлтэй байгаагүй. Би нэг удаа хэрэг тарихад "Чамайг ийм болохоор л СУИС-д оруулдаггүй юм" гэж зэмлэж байсан.

Би анхандаа энэ зэмлэлд нь дургүй байсан ч яваандаа би яаж ийж байгаад аав ээжийнхээ үзэл бодлыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодсоны эцэст илүү хөдөлмөрлөж эхэлсэн. Ингэж хэдэн жил явсны эцэст энэ зун ярилцаж үзэн график дизайныг сонгосон.

Аав ээжийг нь өөрсдийг нь ойлгохгүй байх асуудал хүүхэд бүрт тулгардаг юм шиг санагддаг. Гэхдээ аав ээж чинь чамд санаа зовсондоо л тэгдэг юм. Иймээс аав ээжтэйгээ муудалцаж муухай үг хэлж болохгүй. Бид зүгээр ч нэг охид хөвгүүд биш. Монгол охид хөвгүүд шүү дээ. Иймээс аав ээжийгээ гомдоож болохгүй.

YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?
- Би сургуулийнхаа макетыг хийж байлаа. Тэгсэн нэг хүүхэд над дээр ирээд "Танай сургуульд ийм макет заадаг юм уу? Яасан гоё юм бэ? Би архитектурч болохыг хүсдэг. Даанч надад хэн ч зааж өгдөггүй юм" гэж хэлж билээ. Тэр үед миний бага зэрэг бухимдал төрсөн.

Манай Монголын ихэнх хүүхдүүд ийм. Өөрөө хийнэ гэж байхгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй. Өөрийгөө яаж олох уу гээд зүгээр л дээшээ хараад суугаад байдаг. Юм хийсэн хүн л өөрийгөө олно шүү дээ. Манай зураг зүйн хичээл дээр ч макет заагаагүй. Би сургуульдаа бэлэг үлдээхийн тулд ШУТИС-иар хэд хоног гүйж хүмүүсээс асууж лавлан хийсэн. Хэн нэгэн чам дээр ирж юм зааж өгөхийг битгий хүлээ. Өөрөө гүйгээд суралц гэж хэлмээр байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

#Painting #Girl