Ерөнхийлөгч уран бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийг шагналаа


Сондор | YOLO.MN
2017-11-17

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой - Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд боллоо.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, найман шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлийг дэлгэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн уралдаанд амжилт үзүүлсэн шилдэг сурагчдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 13, 14 настай хүүхдүүд монгол бичгийг чадварлаг эзэмшиж, уран бүтээл туурвиж байгаад талархаж байгаагаа энэ үеэр хэллээ.

Уран бичлэгийн уралдааны

Тусгай байрын шагналыг

    - нийслэлийн Налайх дүүргийн лаборатори 119 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Түвшинбатын "Би монгол хүн" бүтээл,
    - Дорнод аймгийн Хэрлэн сумын Х.Чойбалсангийн нэрэмжит улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Энх-Учралын "Чойбалсан" бүтээл,

Гуравдугаар байрын шагналыг

    - нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Солонгын "Чингүнжавын өчил" бүтээл,

Хоёрдугаар байрын шагналыг

    - нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Жаргалмаагийн "Нүүдэлчин" бүтээл,

Тэргүүн байрын шагналыг

    - Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн 12 д ангийн сурагч Г.Оюунсүрэнгийн "Монголын нууц товчоон" бүтээл тус тус хүртлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 2017 онд дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан

    - Шатрын ДАШТ-ний алтан медальт Д.Мөнхзул,
    - Паралимпийн алтан медальт Н.Уянга,
    - даамын өсвөр үеийн ДАШТ-ний мөнгөн медальт Ц.Чинбилэг,
    - самбо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ний мөнгөн медальт Ц.Энхчимэг,
    - жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ний хүрэл медальт Б.Наранмандах,
    - олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны 2 дугаар байрын шагналт, мөнгөн медальт Б.Сувд, М.Заяа,
    - ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн, дэлхийн 9 рекорд эзэмшигч Д.Лхагвадулам,
    - физикийн олимпиадын мөнгө, хүрэл медальт Дөлгөөн,
    - олон улсын математикийн олимпиадын мөнгөн медальт Цэнд-Аюуш нарын сурагчид  оролцлоо.

Дашрамд дурдахад Ерөнхийлөгч Х.Баттулга Эх хэлний өдөртэй болох тухай зарлиг гаргаж байснаа үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцгойлон дурджээ.  Уг зарлигийн дагуу жил бүрийн есдүгээр сарын 1-ний Эрдмийн баярын өдрийг Эх хэлний өдөр болгож улс орон даяар тэмдэглэж эхэлсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэсний түүх, хэл, соёл, уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” хэмээн заасан байдаг. Үүнийг та бид чандлан мөрдөж, чармайн хэрэгжүүлж явах учиртай бөгөөд өнөөдрийн уран бичлэгийн үзэсгэлэн энэ үйлсэд нэгээхэн хувь нэмэр болох биз ээ. Мөнх тэнгэрийн ивээл дор Монголын бичиг соёл өнөд орших болтугай" гэв.

Тэрбээр энэ үеэр Хүүхдийн урлан бүтээх төвийн уран зураг, хүүхэлдэй, сүрлэн наамал, сүрлэн сүлжмэлийн ангийн сурагчдын хичээл, уран бүтээлтэй танилцлаа.

#Mongolia #Teenagers